Friday, July 3, 2009

Ах дүү нараа юу, амин хувиа бодох уу?



Эцэг эх маань цаг үеийнхээ хоморгонд орж долоогийн долоон хүүхэд төрүүлсэн билээ. Тэгээд ороо бусгаа цагийн салхинд унаж тусаж явахдаа энэ долоон амыг яаж өлсгөхгүй, энэ долоон биеийг яаж хүний нүдэнд бүтэн харагдуулах вэ, яаж толгой хорогдох газартай байлгах вэ гэдгээс илүүг бодож чадаагүй юм. Боловсрол, ухамсар, нийгэмд эзлэх байр суурь, хувь хүний төлөвшил, хариуцлага энэ тэрийн талаар тэглтээ сайн бодож чадаагүй. Нийгмийн, хувь хүн хийх талаас нь биш харин ердөө л хүн гэдэг амьтан болгож чаджээ.Эгч нар маань амин хувиа аваад л явна. Гэхдээ дайчин, хэрсүү, хариуцлагатай ер нь л хаа ч газардахааргүй хүмүүс болсон. Харин ах, эрэгтэй дүү нар маань бөөн бөөн асуудал үүсгэгч этгээдүүд болчихоод эгч, дүү нараа чангаагаад, зовоогоод, бүр байчихаад архи ууж очиж агсан согтуу тавиад, эхнэр хүүхэд минь өлсч үхэх гээд байна аа гээд л ажил төрөл олоод өг, мөнгө санга илүүчил гээд байх юм. Цагдаа сэргийлэхэд асуудал үүсэгчихээд л авахгүй бол би шорон оронд орох гээд байна гээд л мөн л гарцаагүй байдалд олруулна.
Би энэ байдлаас нь үхэтлээ залхачихаад байна аа. Айлын дунд хүүхэд болохоор ч тэр үү бүх асуудал надаар дамжиж бусдад нь хүрдэг. Бүгд л энэ болохгүй байна тэр болохгүй байна, би үхэх гээд байна, тэр баларах гээд байна гээд л. Бүр нөхөр маань утасгүй болчихоод байна би өөрийнхөө утсыг нөхөртөө өгөөд чинийхийг хэд хоног барья ч гэх шиг. Эрэгтэй дүү маань надтай хоёр жил гаран хамт амьдарч байгаа. Сүүлийн үед үе үе хөлчүүхэн ирэх болсон, нөхөр маань уурлаад л мөнгө сангагүй болохоороо ирж суучихаад л тав арван мянгыг зээлээч гээд яваад байх мөртлөө хэдэн цаастай болохоороо үхэх гэж байгаа юм шиг архи дарс уугаад алга болчих юм гээд л үглээд сүүлд нь хэд хоногийн өмнө дүүг минь гэрээсээ хөөчихлөө. Дүү маань хэчнээн муу байсан ч, их бага асуудал тарьж байсан ч тэр маань миний төрсөн дүү маань юм шүү дээ. Нөхөр гэж нэг хүнээрээ дүүгээ хараалгаж загнуулаад хөөлгөж туулгаад байх нь их хэцүү байсан. Хэд хоног өнгөрчихөөд л байхад би тэр явдалыг мартах нь бүү хэл бүр асуудал болгож өөртөө тусгаж аваад байна. Хэрвээ би арчаагүй царайлж эрийн гар харж ингэж суугаагүй бол дүүгээ ийм байдалд оруулахгүй байсан шүү дээ. Бүх санхүүгээ нөхрөөрөө бариулдаггүй бол дүүгийн маань зээлсэн авсан тав арван цаас болгон асуудал болж энэ дандаа мөнгө авдаг гэсэн чипийг нөхрийнхөө толгойд асаахгүй байсан биз дээ. Бүр байгаад би өөрийн гэсэн орон гэртэй байсан бол дүүгээ хөөж явуулахгүй л байх байсан юм гээд л. Дөнгөж хорь гарч байгаа хүүхдэд сайн муу юм байдаг шүү дээ. Хүн бүхэн л зугаа цэнгэлээ түрүүнд бодно шүү дээ. Яагаад гэвэл хорин нас шүү дээ. Манай хүн өөрөө ч орцонд сууж архи ууж, гэрийнхээ ийм тиймийг авч зарж үрж зугааныхаа мөнгийг гаргаж авч, төлбөрийнхөө мөнгөөр наргиж ууж идэж байгаагүй байгаагүй юм шиг загнах юм. Би тэгээд нөхрийгөө ойлгох уу, дүүгээ ойлгох уу гэдгээ мэдэхээ байчихаад байна. Манай хүний гэр бүлээс ч гэсэн иймэрхүү асуудал гарч л байдаг. Гэхдээ үүнийг дэвэргээд, дэнслээд сууя гэж би боддоггүй болохоор энэ талаар ярихыг ч хүсдэггүй. Энэ маань буруу болж байх шиг байна аа. Тэгээд энэ бүхний эв зүйг нь олох гэж дунд нь хичээж гүйсээр миний мэдрэл хүрэхгүй нь ээ. Заримдаа бүр үхчихмээр санагдаад байх юм. Би яг галзуурах нь ээ. Урьд асуудлаа өөртөө шингээж, үүнийгээ чимээгүйхэн шийдэх гэж хичээдэг байсан бол одоо яалт ч үгүй дэвэрч оргилоод буцлаад халиад байх юм. Ингэж байгаад би гэж хүн хэн нь мэдэгдэхгүй хүн болгоны цэрэвдэг уймараа авгай болчих вий дээ. Явсаар явсаар хэн хэндээ ч үнэ цэнэгүй, ах дүүгээ асарч энэрч гавьсан юмгүй, нөхөртөө болохоор ах дүүгээ гэсээр гэр бүлээ тоодоггүй тэнэг эхнэр, өөртөө бол учраа олохоо больсон хагас галзуу хүн болж л үлдэх гээд байх шиг байна.