Monday, May 30, 2011

Аксессуар 2011

Дэгжин хээнцэр, халуухан тачаангуй, сэргэлэн дэггүй гээд бүсгүйчүүдийн төрхийг бүтээхэд аксессуар хамгийн гол ажлыг “нугалдаг”. Түүнээс гадна цүнх бүс, ээмэг зүүлт, бөгж, бугуйвч зэрэг жижиг чимэглэлүүд нь эзнийхээ ая зан, амьдралын хэв маягийг нь илэрхийлж байдаг. Олон зүйл нуршилгүй энэ зун бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэнгийн манаанд зогсох жижиг чимэглэлүүдийг танилцуулья.
Цүнх

Барьж буй цүнхний өнгө, загвар, хийц, чимэглэл нь эзнийхээ тухай олон зүйлийг “хэлж” чадна. Бас мэргэжилтнүүд танд ямар өнгийн юутай хослуулахыг, ямар хэмжээтэйг хэдийд барих талаар тогой эргэм зөвлөгөө өгөх болно. Тэр бүх зөвлөгөөг дэс дараагаар нь мөрдөх эсэх нь таны хэрэг. Ямартай ч бүсгүй хүн бүрийн хувцасны шүүгээд хүйтэн сэрүүнд барихад тохиромжтой төв загвартай, бараан өнгийн цүнх, зун намрын улиралд барих цайвар, өнгөлөг цүнх байх ёстой. Брэндийн дэлгүүр, булангийн лангуу гээд хаанаас ч цүнх авсан гялалзсан чимэглэл, өвөрмөц хийц, содон өнгөнөөс нь гадна он цагийн уртыг тантай хамт элээх сайн чанарын материалтайг сонгоорой. Үзэмж төдийгүй чанар нь таны илэрхийлэл болох учраас тэр. Мөн цаг үеэ анзаарч, загварын бурхадын зөвлөгөөг бага ч гэсэн анхаараарай.
ОРООЛТ

Зуны халуунд ороолтоор гоёно гэдэг байж боломгүй зүйл шиг сонсогдож магад. Гэхдээ стильтэй харагдъя гэвэл тэр зэргийн асуудлыг “зохицуулж” сурах хэрэгтэй. Хээнцэр даашинз өмссөн үедээ хүзүүндээ торгон ороолт зүүж болно, эсвэл хиппичүүд шиг толгойгоо боож, дэггүй охид шиг торгон ороолтоо тэлээнээсээ уях, эсвэл цүнхнийхээ оосроос зүүх гээд хэчнээн ч янзаар хэрэглэж болно. Аль ч тохиолдолд стильтэй, дэгжин харагдуулах болно.
БУГУЙН ЦАГ
Бугуйн цагны нэн тэргүүний үүрэг бол ... ойлгомжтой. Харин удаах үүрэг нь гоёл чимэглэл. Богино ханцуйтай цамц, мөргүй платье, сарафан, майк өмссөн гээд хөнгөн нимгэн хувцасласан үедээ бугуйн цаг зүүхээ мартав аа. Та хэн ч байлаа гэсэн гоёл чимэглэлийн чинь хайрцагт нэртэй брэндийн оригналь цаг байх ёстой шүү.
Зүүлт чимэг







Ээмэг, хүзүүний зүүлт, гинж, бугуйвч нь бүсгүйчүүдийг илүү эмэгтэйлэг харагдуулдаг. Алт, алмааз, платинум зэрэг ховор үнэт эдлэлээс эхлэн сувс, шил, хуванцар хүртэл энгийн эгэл эд аль нь ч байлаа гэсэн эзнийхээ хэв загвар, донж маягийг илэрхийлдэг. Сүүлийн үед охид, хүүхнүүд гоёл сонгохдоо үнэтэйг нь биш өөрт нь зохисон, хувцасанд нь зохицсон, өнгө хэлбэр нь шинэлэг, сонирхолтойг нь сонгодог болсон. Ялангуяа зуны улиралд хиймэл зүүлт, сондорыг өргөн хэрэглэдэг. Энэ зуны моодонд ороод байгаа шагай шүргэм хормойтой платийг цэцгэн хээтэй том ээмэг, өргөн, хавтгай бугуйвчтай хослуулаарай. Харин цагаан цамц, харандаа хэлбэрийн юбканаас салдаггүй оффисийн ажилтай бүсгүйчүүд үнэт чулуун шигтгээтэй жижиг ээмэг, цагаан алтан нарийн бөгж зүүвэл илүү тохиромжтой.
Үсний чимэглэл

Жижигхэн шигтгээнээс эхлээд том өд, тор, цэцэг, туузан чимэглэлтэй даруулгууд, гялалзсан хавчаар, толгойн боолт гээд үсний гоёл чимэглэл сонголт ихтэй. Урт, богино, хар, бор, шар гээд хүн бүрийн үс, нүүр царай өөр болохоор тогтсон жор байхгүй. Донжийг нь тааруулж зүүсэн жижигхэн хавчаар ч хамгийн дэгжин гоёл болж харагддаг гэдгийг санаарай.

НҮДНИЙ ШИЛ


Та нууцлаг нэгэн байхыг хүсч байна уу? Тэгвэл нүдний шил зүү. Нүдний шилийг хоёр зорилгоор зүүж болно. Эхнийх нь нарны хурц гэрлээс нүдээ хаах гэж, нөгөөх нь сэтгэлийн толь болсон нүдээ (нүүр царайгаа) бусдаас нуух гэж. Шар даашинз дээр ягаан шигтгээтэй, ногоон хүрээтэй шил зүүчихээгүй л бол нүдний шил хамгийн дэгжин гоёл байх нь дамжиггүй.
БҮС
Нарийхан, дунд зэргийн, өргөн, сүлжээстэй, том аралтай, даавуун, матар могойн арьсаар урласан гээд хэдэн мянган төрлийн бүс бий. Хувцасны шүүгээнд чинь байгаа торгон даашинз, шифон цамц, даавуун юбка, жинсэн өмд, хүрэм гээд бүх хувцастай зохицох гоёл бол бүс.