Sunday, November 6, 2011

Цэнхэр харамсал

Цэнхэр аяга их яршигтай байсан. Элдэв чимээ шуугиан тарьдаггүй, хаа нэгтээ хийчихвэл чимээгүйхэн тэндээ байдаг ч гэсэн тэр надад яршигтай санагддаг байлаа. Харах бүртээ л халцарсан будаг, кофе цайнд бохирдсон байхыг хараад “Солих юмсан” хэмээн яршиглан бодно. Нэг өдөр нөхөртэйгөө ижилсүүлэн авсан нарийхан өндөр, улбан шар, ногоон өнгийн нарийн хээ хуартай шаазангийн нэг нь хагарчихав. Баяртай. Ганцаараа үлдсэн нөгөө өрөөсөн нь гэрт байхад нэг л ёзгүй учраас тэр нөхрийг бас гэрээсээ зайлуулах сэдэл төрсөнсөн. Тийм ч муухай аяга байгаагүй болохоор шууд хаячихаж чадсангүй. Аан оллоо. Цэнхэр аяганы орыг залгуулж, харин халцархай будагтай шилэн аягыг хаа нэг тийш нь зайлуулах хэрэгтэй. Ганган цагаан шаазан аягаа цүнхлээд ажил дээрээ ирлээ. Ширээн дээрээ гаргаад тавих гэтэл шилэн цэнхэр аяга байраа тавьж өгөх царайгүй урд байсаар. Шууд хогын савруу шидчихэж зүрхлэхгүй болохоор солонгос драм дээр гардаг шиг “янаглан хорлох” аргаар замыг нь заахаар шийдэв. Хэргээр ширээ буландууласхийв. Түүнийг зайлуултал цагаан шаазанг цухуйлгаж болохгүй. Болно л доо, гэхдээ би хүсэхгүй байна. Энэ ширээ бол миний эрх чөлөөт “Америк”. Тиймээс би энд хүссэнээ хийх болно. Онцын шалтгаангүй атлаа сандруухан босохдоо цүнхээ шүүрлээ. Мэдээж цүнхнийхээ булангаар халцархай цэнхэр аягаа түлхэхээ мартсангүй. “Ээ э э э...” хэмээн уулаглах зуураа түүний бутран унахыг харж зүрхлэхгүйдээ харцаа бурууллаа. Тяррр.. няррх ... гэтэл байдаггүй, бөглүүхэн түк... гэх чимээ дуулдлаа. Шилэн цэнхэр хэдийгээр будаг нь халцарсан ч миний ажлын ширээн дээр байхыг хүсэж байгаа бололтой. Зэргэлдээ ширээний хажууд бөөрөөрөө газардсан шилэн цэнхэр ёжтойхон над руу инээмсэглэж байгаа юм шиг төсөөлөгдсөн юм. Тэр хүсэхгүй байна, харин би хүсэж байна. Гэхдээ тэр хүсэхгүй байна. Цагаан шаазангийн цаг болоогүй бололтой, цүнхнээсээ гаргалгүй аваад харихаас. Өдөр болгон цүнхлээд яваад байлтай биш. Гэртээ аваачиж, ээлж нь ирэх хүртэл хаа нэг тийш нь далдхан хураахаас...