Авьяас чадалтай мэргэч, төлгөчийг тодруулах зорилготой “Зөн билгийн тулаан-2” нэвтрүүлгийн шилдэг оролцогч удахгүй тодорно. Сүүлийн шатанд үлдсэн зургаан хүнээс хамгийн залуу зөн билэгтэн Т.Мандухайгийн ярилцлагыг толилуулж байна.
-Үзэгчид өөрийг тань эчнээ танина. Тиймээс өөрийнхөө тухай тодорхой таницуулаач?
-Т.Мандухай гэдэг. Эрдэнэтээс ирээд гурван жил болж байна. Нөхөр, охины хамт амьдардаг. Зөн билэгтэй болоод хагас жил хэртэй болж байна. Нөхөр маань зөн билгийн тулаанд оролцооч гэж ятгасаар байгаад оруулсан. Тэмцээнд түрүүлье гэж бодоогүй, харин шилдэг оролцогчдынх нь нэг болох юмсан гэж бодсон.
-Өөрөө бөө юм уу, лам юм уу?
-Аль нь ч биш, үзмэрч ч биш. Индиго хүмүүс гэж байдаг даа, тийм л мэдрэмж гэж бодож байгаа.
-Энэ чадвараа судалж үзсэн хэрэг үү?
-Сонирхож, судалж үзэлгүй яахав. Хоёр жил хэртэй болж байгаа ч нэг их үр дүнд хүрэхгүй байна. Хүмүүсээс асууж, сураглахаар бага залуу хүн учраас ойшоохгүй, хүлээж авахгүй гээд бэрхшээл их тохиолддог юм байна лээ. Миний чадвар бол байгалиас заяасан, нэг өглөө босоод ирэхэд л байхгүй болчих магадлалтай юм шиг байна лээ. Хэрвээ би зөв ашиглаж, сайн хөгжүүлж чадвал өдөр өдрөөр өсөх ч, ингэж чадахгүй буруугаар ашиглах гэвэл алга болчих юм байна лээ. Хүмүүс танай удам сударт эрдэм чадалтай, зөн билэгтэй хүмүүс байсан уу гэж асуудаг. Байсан гэж сонсож байсан ч би сайн мэдэхгүй байна. Харин нэг нууц задлахад нөхөр маань бөө. Онгон шүтээн нь хүмүүсийн сайн сайхныг харж хамгаалж яваарай гэж надад ийм чадварыг өгсөн байх гэж боддог.
-Тийм үү, нэг гэрт онцгой чадвартай хүмүүс байхад ямар нэг асуудал гардаг уу?
-Бид чинь энгийн нэгэн залуу гэр бүл. Бусдаас ялгаа байхгүй. Харин ч нөхөр маань намайг улам хөгжүүлэхийг хичээж, дэмжиж байдаг юм.
-Залуу хүний хувьд зөн билэгтэй байх ямар байдаг вэ, энэ чадвараасаа айх, төвөгшөөх тохиолдол гарч байсан уу?
-Тантай л адилхан энгийн хүн шүү дээ би. Харин намайг зөн билэгтэй болсныг сонссон найз нөхөд маань хөндийрөөд, дөлөөд байдаг болсон. Тэмцээнээс өмнө хүмүүсээс нууцалж байсан ч, зурагтаар гарахаар хүмүүс мэдсэн байх. Би тэр бүр гэр бүлдээ туслаад байж чаддаггүй. Хүүхдээ өвдсөн үед би чадвараараа эмчилчихэж чаддаггүй юм. Ийм үед л хэцүү байдаг юм.
-Охиноо ийм чадвартай болохыг дэмжих үү?
-Охиноо ухаан орох үеэс нь энэ чадварыг нь хөгжүүлнэ гэж боддог.
-Чи ойр тойрныхондоо тусалж чаддаггүй гэхээр өөрийнхөө ирээдүйг ч гэсэн харж чаддаггүй гэсэн үг үү, хэзээ нэгэн цагт өөр үзмэрч дээр очиж байсан уу?
-Хааяа тэгэж боддог юм. Очиж байсан. Харин тэр хүмүүс маань намайг буруугаар ойлгоод “Мэдэж байж юу асуух гээд байгаа юм” гээд байдаг юм.
-Зөн билэгтнүүд юмыг гэрлээр, энергиэр мэдэрдэг гэдэг. Харин та хэрхэн мэдэрдэг вэ?
-Анх ийм чадвартай болчихоод хүмүүсийг их сонирхдог байлаа. Чадах хэмжээгээрээ хүмүүсийн мэдээллийг уншина, сонирхолтой байвал илүү зүйл мэдрэхийг хичээдэг байлаа. Одоо бол хүмүүсийн хувийн зүйлрүү орохоо больсон. Мэдрэмжийн тухайд, кино шиг харагддаг юм. Зүүдэнд зөн ирнэ. Бас энд тантай ярилцаад сууж байгаа хэрнээ танай гэрт очиж чадна. Хичээвэл танайхаас ямар нэгэн зүйлийг аваад ирж чадна. Гэхдээ энэ чадвар маань сайн хөгжөөгүй байгаа. Зөн билэгтэй хүмүүс нэг зүйлийг илүү сайн чаддаг, харин би болж өгвөл бүх чадвараа хөгжүүлэхийг хичээж байна.
-Тэмцээнд орсноор зөн билэгт чинь ямар нэг нөлөө үзүүлсэн үү?
-Байлгүй яахав. Чадвар маань анх оролцож байснаасаа хавьгүй илүү болсон. Тамирчин хүн байнгын дасгал сургууль хийхээр, хөгжимчин хүн тогтмол хичээллэхээр өсдөг шиг би тэмцээний олон шалгуурт оролцсоноор тодорхой хэмжээгээр дасгал хийж байлаа. Энергиэр мэдрэх, зарим зүйлийг өөр дээрээ мэдрэх гээд л чадваруудаа хөгжүүлсэн.
-Ялагч нь хэн байх бол, үүнийг мэдэх гэж оролдож үзсэн үү?
-Мэдээж үзсэн, зүүдэнд зөн ирсэн. Гэхдээ хэлэх хэрэггүй байх аа.
-Тэмцээний үеэр зөн билэгтэй хүмүүс нэг дор хамт байхаар харшлах, нэг нэгнийхээ чадварт нөлөөлөх гэсэн оролдлого байсан уу?
-Тиймэрхүү тохиолдол байсан. Гэхдээ би үүнийг нь анхаарахгүй байхыг хичээдэг. Алтангэрэл ах, Мягмаржав ах, Гэрэлээ эгч бид нар их дотно байсан. Бүгд л нэг зүйлийн төлөө зүтгэж байгаа хүмүүс юм чинь. Нөгөөтэйгүүр би өөрөө чадвартай учраас надад муу юм наалддаггүй байх гэж боддог.
-Үзэгчид өөрийг тань их дэмжиж байгаа юм билээ. Тэмцээнд оролцсоноос хойш чамайг зорих хүний тоо нэмэгдсэн үү?
-Тэгэлгүй яахав, Их дэлгүүрийн баруун талд “Зөв амьдрал” гээд хаягтай газар бий. Гэхдээ би өдөрт 7-8 хүн үздэг. Нэг өдөр олон хүн үзвэл мэдээлэл төөрөлдөнө, холилдоно. Үүнээсээ болоод буруу зөрүү ярих учраас эмээдэг. Тиймээс би нэг хүн үзчихээд цагийн дараа нөгөө хүнийг нь хүлээж авдаг. Ингэж ажиллах нь хэцүү байдаг юм. Ядрана, заримдаа хүүхдээ хүртэл төвөгшөөдөг юм. Тиймээс үе үе өөртөө чөлөө өгөөд, утсаа салгаад амарна даа. Нөгөөтэйгүүр, энэ бүхнээс өөрийгөө чөлөөлөх нэг арга бол мартах. Би багаасаа мартамхай хүүхэд байсан юм. Нэг хүн орж ирээд үзүүлнэ, олон зүйлийн тухай ярилцана, маш их мэдээлэл цуглуулна. Тэр хүнийг гараад явахад л бүх зүйлийг нь мартчихдаг юм. Энэ миний давуу тал.
-Чи оюутан, чадвараа хичээлдээ ашиглах тохиолдол байсан уу?
-Яг иймэрхүү зүйл дээр ашиглаж болдоггүй юм. Мөрийтэй тоглоом, хичээл гээд л буруу зүйлд ашиглах болохоор болдоггүй юм шиг байна лээ. Бас хүмүүс бусдад хэлж болохгүй нууцыг нь мэдчих вий, санаандгүй муудалцаад хараал хийх вий гэж болгоомжлоод байх шиг санагддаг. Хараал хийхийг би хувьдаа буруу гэж боддог. Хийж байгаагүй.
-Мөрийтэй тоглоомонд ашиглах гэж оролдож байсан хэрэг үү?
-Үгүй ээ, таны бодож байгаа шиг том мөрий биш. Гэртээ дүү нартайгаа тоглож байхдаа туршиж үзсэн. Нэг удаа хожсон ч “Ингэж болохгүй юм байна” гэж бодогдсон. Тэрнээс хойш дахиж оролдоогүй ээ.
-Онцгой чадвартай хүмүүст бидний мэддэггүй бүхэн нээлттэй байдаг байх. Та нарыг айлгадаг зүйл байдаг уу?
-Харж болохгүй зүйлийг харах гэж хичээвэл сохрох аюултай. Нэг удаа оролдож үзээд хэдэн өдөр нүд маань өвдсөн. Надад хэрэгтэй мэдээллүүд дуу хоолойгоор сонсогдох юм уу зүүдэнд ирдэг юм.
-Ирэх жилийн өнгийг хэрхэн тодорхойлох вэ?
-Үхэр жилээс бар жилд орох нь угаасаа их хатуу байдаг гэж эртнээсээ ярьдаг юм билээ. Хулгана хөеөгөө хураадаг шиг хүн бүр бар жилийг давахын тулд хоол хүнсээ нөөцлөх хэрэгтэй. Энэ жилээ даваад гарчихвал цаашдаа бүх зүйл тэгшрээд, сайхан болоод ирнэ. Монголчууд бусад үндэстнийг бодоход байгаль дэлхийтэй ойр байдаг учраас хурдан дэгжиж, дээшлэх болно.