Thursday, December 20, 2012

Баярын ширээ 2012-2013

 Мөөгөн зууш

ОРЦ:
• 20 ш жижиг улаан лооль
• 20 ш бөднө шувууны өндөг
• 2 х/х майонез
• 2/3 шилэн аяга йогурт (чихэргүй)
• Давс, нунтаг карри

ХИЙХ АРГА:
Хайруулын тавгаа зөөлөн гал дээр халаагаад бага зэргийн нунтаг карригаа хийж нэг минут хэртэй хутгаж халаана. Дараа нь йогурт, давс, майонез зэргээ хийж сайтар хольж хутгана. Бэлэн болсон сүмсээ хөргөгчинд хийж хоёр цаг байлгана.
Бөднө шувууны өндгөө буцалсан усанд хийж таван минут чанана. Чанасан өндөг нэг бүрийг халбагаар зөөлөн цохиж, хальсыг нь хагалаад, хүйтэн усанд сойгоорой. Ингэвэл өндөгний хальсыг цэвэрлэхэд илүү хялбар болно.
Дараа нь өндөг нэг бүрийг маш нямбай хальслаарай. Зуушаа илүү үзэмжтэй болгоё гэвэл өндөгнүүдийн зөв хэлбэрийг хадгалах нь хамгийн чухал.
Жижиг улаан лоолийг голоор хувааж, зөөлөн эдийг нь салгаж авна. Ийнхүү цэвэрлэсэн улаан лоолио өндөг бүр малгай шиг өмсүүлээд, урьдчилан бэлтгэсэн сүмснээсээ дусааж, бяцхан цагаан толбонууд хийж өгнө. Үүнийгээ яншуйны нэг ширхэг навчаар чимэглэн зуушны хатгуураар хатган, тавганд үзэмжтэйгээр өрж зоогийн ширээнд тавиарай.

Чинжүүтэй үхрийн махан ороомог

ОРЦ:

• 200 гр үхрийн мах
• 2 ц/х хүрэн элсэн чихэр
• 2 х/х бальзамтай уксус
• 1 ш шар өнгөтэй амтат чинжүү
• 1 ш улаан өнгөтэй амтат чинжүү
• 1 ш сонгино
• 2 х/х ургамлын тос
• Давс, укроп

ХИЙХ АРГА:
Үхрийн махаа бүхлээр нь давстай усанд хийж 40 минут чанана. Бүрэн болсных нь дараа бага зэрэг хөргөж байгаад нимгэн, хавтгай болгож хэрчээд хөргөгчинд хийгээрэй.  Амтат чинжүүгээ цэвэрлэж, нарийхан савхан хэлбэртэй, сонгиноо хагас цагариг хэлбэртэй хэрчинэ. Укропоо угаагаад, сэврээсний дараа 4-5 см урттай болгож хэрчинэ.
Шарах шүүгээндээ тос хийж халаагаад хэрчсэн сонгиноо хийж дөрвөн минут хэртэй зөөлөн гал дээр хуурна. Дараа нь чинжүүгээ нэмж хутгасаар дахин дөрвөн минут хуурна.
Шарсан ногоогоо өөр саванд хийж, тасалгааны хэмд хөргөөд хүрэн элсэн чихэр, уксус, давс, нунтаг хар перец хийж амталаарай.
Ийнхүү амталсан чинжүүгээ 30 минут хэртэй таглаж тавина. 
Эцэст нь цаг хэртэй хөргөгчинд байлгасан үхрийн махаа гаргаж ирээд, хэрчим бүр дээр нэг халбага амталсан чинжүү, жижигхэн багц укроп тавьж хуйлаад шүдний чигчлүүрээр ирмэгийг нь тогтоогоорой. Дээрх хэмжээгээр бэлтгэсэн үхрийн махан ороомог дөрвөн хүний оройн зоог болох болно.

Шарсан хан боргоцой

 ОРЦ:
• 800 гр хан боргоцой
• 2 х/х элсэн чихэр
• 1.5 х/х цөцгийн тос
• 4 х/х ром дарс
• Кремний орц:
• 200 мл цөцгий
• 4 х/х сүү
• 2 ш өндөг
• 2 х/х элсэн чихэр
• 1 ц/х ванилин

ХИЙХ АРГА:
Хан боргоцойгоо хальслаад, зөөлөн эдийг нь хэрчинэ. 1-1.5 см зузаантай дугираг хэлбэртэй хэрчим болгоод, хэрчим бүрийг найман хэсэг хуваагаарай.
Өндгөө шар, цагаанаар нь ялгаад ванилинаа хоёр хувааж хийнэ. Өндөгний шарыг сайтар хутгаж өтгөн зуурмаг болгоод, үүн дээрээ 60 хэм хүртэл халаасан сүү нэмж үргэлжлүүлэн хутгана. Зуурмагтай саваа устай тогоон дээр хийж, усыг нь буцалгах зуураа зуурмагаа хутгасаар байгаарай. Ийнхүү крем бэлэн болно.
Хайруулын тавганд цөцгийн тос хийж зөөлөн гал дээр хайлуулна. Дараа нь элсэн чихрээ хийж нэг минут хэртэй хутгаарай.
Ийнхүү бэлтгэсэн зуурмаг дээрээ ром дарсаа нэмж таван секундын дараа галыг нь нэмээд хэрчсэн хан боргоцойгоо хийнэ. Нэг минут хэртэй шарсн дараа гал дээрээс аваарай.
Өндөгний цагааныг хөөсөртөл нь хутгаад, өндөгний шараар бэлтгэсэн зуурмагаа нэмж хутгахад хөөсөрсөн өтгөн зуурмаг болно. Шарсан хан боргоцойн хэрчмээ таваглаад, бэлтгэсэн кремээрээ чимэглээрэй. Таны бэлтгэсэн хан боргоцойн амттан дөрвөн зочныг дайлахад элбэг хүрэлцэнэ.

Гахайн маханд ороосон үхрийн мах

ОРЦ:
• 1 кг үхрийн цул мах
• 250 гр бор мөөг
• 50 гр цөцгийн тос
• 100 мл цагаан дарс
• 12 хэрчим бекон
• 500 гр зуурсан гурил
• 2-3 х/х хуурай гурил
• Давс, перец

ХИЙХ АРГА:
Давс хутгасан ургамлын тосоор үхрийн махаа амталаад, 220 хэмд халаасан шарах шүүгээнд 20 минут жигнэнэ. Үүнийгээ тасалгааны хэмд 20 минут хөргөсний дараа хөргөгчинд хийгээрэй.
Мөөгөө хүйтэн усаар угааж, сэврээсний дараа нимгэн хэрчинэ. Хайруулын тавганд хоёр хоолны халбага ургамлын тос, мөн хэмжээний цөцгийн тос хийж халаагаад мөөгөө хийж шарна. 10 минут шарахдаа байнга хутгах ёстойг санаарай. Дараа нь давс, дарсаа нэмж хутгаад үргэлжлүүлэн хуурсаар 10 минутын дараа гал дээрээс аваарай.
Зуурсан гурилаа зузаавтар элдэж, дээр нь 12 хэрчим беконоо эгнүүлэн өрөөд, дээр нь хуурсан мөөгөө хийж, жигд тараана. Үүнийхээ голд жигнэсэн үхрийн махаа тавьж мөөгний шанзтай гахайн махаар ороож, дараа нь элдсэн гурилаар бооно. Гурилын илүү гарсан хэсгийг хутгаар зүсэж аваад, үүнийгээ хөргөгчинд хийж хоёр цаг байлгана. Дараа нь 200 хэмд халаасан шарах шүүгээнд хийж хагас цаг жигнээд, 10 минут хэртэй хөргөсний дараа ширээнд тавьснаар 10 хүний оройн хоол бэлэн болно.