... Саяхан гэрлэсэн залуу эхчүүд хүүхдээ хоосон хонуулахгүйн тулд биеэ үнэлж эхлэв. Төлбөр нь хэдэн чихэртэй төмс, нэг уут гоймон төдийхэн...
Номоо уншиж байхад хамгийн их зүрх зүсэм санагдуулсан мөрүүд байлаа. Өөрөө хүүгээ төрүүлээд удаагүй байгаа болохоор тэр үү, эх хүний үүрэг гэдгийг ихэд хичээж бодож явдаг болоод тэр үү. Ямартай ч аймшигтай, тархинд ДИНННН гэсэн шунгинаан үүсэгсэн юм, эдгээр үг. Яагаад ч юм энэ бүхэн худал гэж бодогдохгүй байна.
Уншсандаа баярлах хэдий ч дахиж уншихыг үл хүсэх ном. Атаархах зүйл үгүй, үнэхээр Ким Чен Уны ард түмэнд атаархах зүйл алга. Дэлхий дахинаа Хойд Солонгос хэмээн нэрлэгдэх ч Кимийн гэр бүл гурван үеэрээ дарлан тамлаж буй хэсэг хүмүүсийн төлөөнөө энэлэн байна. Барбара Дэмикийн Атаархах зүйл үгүй номыг уншаад ийм л бодол төрлөө.
Би хэдхэн хоногийн өмнө Солонгос улс яагаад хоёр хуваагдсан юм бол доо гэж бодож байсан. “Жангүм” киног үзэж байсан ээж маань надаас энэ асуултыг асуухад би үнэндээ мэдэхгүй байсан учраас мөрөө хавчаад өнгөрсөнсөн. Харин дотроо нээрэн яагаад хоёр хуваагдсан юм бол доо гэж бодоод өнгөрсөн.
iPhone утасныхаа ibooks дээр Dropbox оор дамжуулан татаж авсан хэдэн номоо уншиж байгаа юм. “Атаархах зүйл үгүй” гэдэг сонирхол татах зүйлгүй нэртэй энэ номыг уншилгүй нэлээн тойрсон. Ороолонгууд, Оцелло баатар, Хойд насандаа учирна зэрэг сонирхолтой санагдсан номнуудаа уншиж дууссаны дараа гарчиг нь анхаарал татахааргүй зарим номыг нээж үзсэн юм. Хүн заяа ноогдоогүй нь гэдэг номд дэлхийн нэгдүгээр дайны үеийн еврейчүүдийн амьдрал, амьдрал ч юу байхав дарлал шорон лагерийн амьдралыг өгүүлсэн байсан. Харин дараагийн нь ном Барбара Дэмикийн “Атаархах зүйл үгүй”.
...Сансраас авсан зурган дээр хэдхэн зуун бээрийн дээхнэ гудамж, замын гэрэл, сурталчилгааны самбар, түргэн хоолны газруудын неон гэрлүүд хүмүүс хэрхэн ажлаа хийж ХХI зуунд цахилгаан эрчим хүчээр бялхан байгааг илтгэх мэт жижигхэн цагаан цэгүүд харагдана. Гэтэл гол дунд нь бараг Английн нутагтай тэнцэхүйц хэмжээний газар харлан нүүгэлтжээ. Тэнд 23 сая хүнтэй улс орон гялайж, гялтайх юу ч үгүйгээр далай шиг хов хоосон оргих ажээ. Хойд Солонгосыг зүгээр л хов хоосон гэж хэлж болно...
"Атаархах зүйл үгүй" номын эхний баримт үнэн ажээ гэж.
"Атаархах зүйл үгүй" номын эхний баримт үнэн ажээ гэж.
Хайртай дотнын хүмүүс нь харсаар байтал нүдний өмнө өлбөрч үхэн, өөрөө тэднийхээ төлөө гашуудах ч тэнхэлгүй байх эх хүн, нөхөр хүүхэд хоёроо алдсан хэрнээ хоолны савнууд хоргодлоо гэж хэнэг ч үгүй ярих ээж, хүүхдээ төрүүлэнгүүтээ түүнийгээ өлбөрүүлэхгүй гэсэндээ биеэ үнэлэх ээж, нэг нэгнээсээ эмээн дотроо бүхнийг хадгалах, болохгүй байгааг нь мэдсээр байж бухимдах эрхгүй, уурлаж хараах, уураа гаргах ч эрхгүй нийгэм. Аав нь хүүгээ, найз нь найзыгаа, хөрш нь хөршөө тагнуулдан баривчлуулах аймшигт амьдрал.
Хүүхдүүд ам руугаа хийж болох бүхнийг газраас түүж амиа зогоож эхэллээ.... Хүүхдүүдийг мансууруулан алаад иддэг хүмүүсийн тухай яриа ... нэгэн нүгэлт эцэг төрсөн үрээ алж идсэн гэнэ ... хүний мах идсэн нь нотлогдсон хоёр хүн ...юу дайралдсанаа авч ам руугаа хийж байдаг болохоор хүмүүс тэднийг тэнүүлч хогийн сав гэдэг ...
Энэ номыг уншихаас өмнө би үнэндээ хойд Солонгосын тухай ямар ч ойлголтгүй, ямартай ч социалист улс гэдгийг нь мэддэг байсан. Хоёр солонгос таардаггүй ч гэдгийг нь мэддэг байсан. Харин ийм аймшигтай амьдралтай, ийм аймшигтай нийгэм тэнд оршин тогтнодог гэж мэдээгүй. Хоёр жилийн өмнө Хойд Солонгосын жүжигчид манайд ирэх үеэр хэвлэлийн хуралд нь сууж байсан ч тэдний тухай юу ч мэддэггүй байсан болохоор анхаарч хараагүйсэн. Одоо бол тэднийг ихэд нарийн шинжиж, анхааралтай харахсан. Энэ номонд бичигдсэн зүйлс үнэн үү гэдгийг мэдэх гэж, тэдний нүдэнд юу харагдаж байгааг мэдэх гэж чухалчлан харах байсансан.