Sunday, April 25, 2010

Охиндоо бичих захидал-1

Сайн уу хонгор үр минь
Ээж нь нэг тэмдэглэлийн дэвтэр дээр охиндоо зориулсан захидлуудаа бичиж байгаа. Энд бас биччихье. Чи өдөр өдрөөр том болоод л. Хоёр алган дээр багтдаг жижигхэн "амьтан" байснаа одоо бол гоёл чимэг булаацалддаг, ааваа гэж хошуу цорвойдог, хайртай гэж байгаад ээжийгээ аргалчихдаг эгдүүтэй хүүхэд болжээ. Ээж нь долоо хоногийн ихэнх хугацааг ажил дээрээ өнгөрөөдөг болохоор охинтойгоо тэр бүр хамт байж чадахгүй л юм. Харин амралтын өдрүүдээр хамт байхаараа ээж нь чамаас зугтаамаар болдог шүү. Дагаад уйлаад мээмээ нэхээд. Харин саяын амралтын өдрөөр ёстой хөөрхөн байсан. Ээжийгээ ер зовоогоогүй. Үнсүүлээч гэж гуйж байж "үма"-даад, тэврэлдье гэж хөөргөж байж тэвэрч байлаа. Аав нь гурван нохойгоо алдчихаад саяын амралтын өдрүүдээр их л таагүй байлаа. Ойрын хугацаанд олдохгүй бол хоёр гурван долоо хоногтоо таагүй л байх байхдаа. Миний охин "өв өв өв" гээд л нохой яриад, аав нь сонсохоороо нохойнуудаа санаад л жаахан хэцүү байх байхаа. Аавынх нь харамсаж, шаналж байгааг ээж нь хараад сэтгэл энэлээд байх юм. Гэхдээ гайгүй биз дээ. За за өнөөдөр нэг иймэрхүү л байна. Өөр зүйлгүй дээ. Ээж нь үрдээ хайртай шүү. Миний охин аавыгаа хайрлаж, хүндэтгэж байгаарай.

Wednesday, April 21, 2010

Тэдний хайр яагаад бөхдөг вэ

Хүмүүс танилцаад таалагдвал болзож, бүтэлтэй болвол хайрлаж, үүнийгээ бататган гэрлээд үр хүүхдээ төрүүлж, өсгөн амьдралын урт замыг хамтдаа туулдаг. Харин зарим нь … салдаг. Олны танил хосын салалтын шалтгааныг зурхайн үүднээс тодорхойлжээ. Эдгээр хосын хувьд бүх зүйл сайхан, аз жаргалтай байсан. Энэ тэндэхийн ёслол дээр ирэхдээ гар гараасаа хөтлөлцөн, халуухан хос шиг байдаг атлаа нэг их удалгүй салж буйгаа дуулгадаг. Багагүй хугацааг хамтдаа өнгөрөөсөн тэд яагаад салдаг юм бол оо?

Аз жаргал дүүрэн байсан 10 гаруй жилийн хамтын амьдралынхаа дараа Круз гэнэтхэн салах хүсэлт гаргасан.
Том Круз (1962.07.03 Мэлхийн орд), Николь Кидман (1967.06.20 Ихрийн орд)
Есөн жил, 11 сар хамт амьдарсан
“Аянгат өдрүүд” (1990) киноны үеэр танилцах үед Николь Австралиас ирээд удаагүй шинэхэн жүжигчин байсан бол Том хэдийнэ од болсон байлаа. Николь түүнийг “Мөрөөдлийн маань залуу” хэмээн үнэлж, Том улбар үст залуухан бүсгүйтэй гар барихдаа “цахилгаанд цохиулах” мэт болсон гэдэг. Тэр жилийнхээ арванхоёрдугаар сарын 24-нд Колорадод болсон тэдний хуриманд гэр бүл, ойр дотнынхон л оролцжээ.
“Ингээд бид нэг бүхэл боллоо” хэмээн Том бахдаж байсан бол Ник “Амьдралд маань тохиосон хамгийн агуу баяр болж байна” гэж дуу алдаж байжээ.
Ингээд л тэд Холливудын хамгийн сайхан, хамгийн баян хос болж нэр хүндтэй сэтгүүлүүд дээр хайр дурлалыг магтан, хамтын амьдралаа шагшин ярилцлага өгдөг байв.
Хоёр жилийн дараа Изабелла нэртэй охин, 1995 онд Коннор хүүгээ өргөж авснаар хэвлэлээр “Залуу, сайхан гэр бүл атлаа яагаад хүүхэд өргөж авч байна вэ?” гэсэн асуулт бүхийн нийтлэлүүд гарахад хүргэсэн. Мэдээж тэд тоймтой хариу өгөөгүй. Үүнээс найман жилийн дараа 2000 онд Николь хөл хүндтэй болсон ч Томын үрийн зулай үнэрлэх хувь дутаж, үр зулбаснаар сайхан хайрын үлгэр төгсөж, аз жаргалтай нэгэн гэр бүлийн таагүй төгсгөл ирсэн юм. Никийн цагаан морьт ханхүү гэнэтхэн салах шийд гаргажээ. Тэдний салатын шалтгааныг хэвлэлүүд үр зулбалт, шашны зөрчил, хэдэн мянган бээрийн алсад хоёр тийш салан, зураг авалтад явдаг байсан ажил, Томын эзгүй үеэр Ник Австралийн тэрбумтантай уулзсан уулзалт хэмээн хэдэн янзаар таамаглаж байсан. Гэхдээ л тэд арваад жилийнхээ хамтын амьдралыг төгсгөл болгож буйгаа албан ёсоор зарласан юм.
Зурхайн тайлал
Мэлхийн ордны эрэгтэй
Тэдний хувьд хайр дурлал нь сэтгэлийн гэхээсээ биеийн таашаал өгч байх ёстой. Даруу, тайван, их зүйл шаарддаггүй эмэгтэй таалагддаг. Хайр дурлалын асуудал дээр санаачилга бараг гаргадаггүй. Гэрлэхээр шийдэх үедээ цаад хүнийхээ эрдэм боловролоос илүү биеийн чадлыг нь анхаардаг. Өндөр алба хашдаг бүсгүйчүүлийг барагтай тоохгүй. Ажил, амьдралд нь хөндлөнгөөс оролцох гэсэн хүнийг үл тэвчинэ. Ханилсаныхаа дараа үнэнч нөхөр болж чаддаг. Гэхдээ мэлхийнхэнтэй гэрлэсэн хүн хэрэгцээ шаардлагыг нь анхаарч, хайр сэтгэлийг жолооддог.
Ихрийн ордны эмэгтэй
Тэдний хувьд дурлах, дурлуулах нь туйлын чухал асуудал. Ганцаар байхыг тэвчдэггүй. Нөхөрлөх дуртай. Хатуу, ширүүн эрчүүд таалагддаг. Бусдыг татах урлагийг сайн эзэмшсэн гэж хэлж болно. Хамтрагчаа эргэлзэх, уурлах байдалд хялбархан оруулж чаддаг ч энэ нь төрөлх авир биш. Өөрийгөө үнэлж чаддаг, бусдаар ч үнэлүүлэхийг хүсдэг.
Ордны зохицол
Мэлхий маш хүчтэй мэдрэхүйтэй бол ихрүүд ухаантай байдаг. Тэд ямар нэг асуудал дээр зөвшилцөнө гэдэг бараг боломжгүй. Тэд бэлгийн харилцаанаас илүү нөхөрсөг, оюуны шинж чанараараа л нэг нэгнээ үнэлж, сонирхдог. Үүнээс гадна энэ холбоонд тэдний өөрсдийнх нь сэтгэл санааны байнгын өөрчлөлт, сэтгэлээр унах зэрэг нь саад болдоггүй. Ажил төрөл дээр хамтдаа үр бүтээлтэй байж болох ч гэр бүл, хайр сэтгэл нь тийм ч бүтэлтэй байхгүй. Бие биедээ хүндэтгэлтэй хандах боловч зохицохгүй гэдгийг од эрхсийн зурлагаас харж болно.


Дэми эгээ л бяцхан охин шиг, өөрийн ухаангүй болтлоо түүнд дурласан гэдэг

Брюс Уиллис (1955.03.19 Загасны орд), Дэми Мур (1962.11.11 Хилэнцийн орд)
13 жил хамт амьдарсан
Брюс Уиллистай учирхаасаа өмнө хар үстэй энэ бүсгүй хэдэн арван эрийн зүрхийг шархлуулж байсан нь лавтай. Харин “Хатуу самар” түүний зөрүүд занг номхотгон сая нэг жинхэнэ дурлалын мөн чанарыг мэдрүүлсэн гэнэ. Дэми хожим нь “Би яг л бяцхан охин шиг түүнд дурласан байсан” гэж ярьсан удаатай. Тэр “Хатуу самархан” болохын тулд юугаа ч өгөхөд бэлэн байж. Гэхдээ ямар нэг золиос хийх хэрэг байгаагүй. 1987 онд “Steakout” киноны үеэр тэд танилцаж, дөрвөн сарын турш өдөр бүр болзож халуухан романс эхлүүлж, Лас Вегаст хуримаа хийсэн. Дэндүү тансаг, содон болсон тэдний хуриманд тухайн үеийн Холливудын одод бүгд ирсэн юм. Он жилийн уртад Румер, Скоут, Таллула хэмээх гурван гүнжтэй болж, Холливудын хамгийн хүндтэй гэр бүл төдийгүй дэлхий дахинаа үлгэр жишээ хос болж байсныг бүгд мэднэ.
“Эд миний мөрөөдөж байсан бүхэн мөн. Ийм л гэр бүлтэй болохыг хүсдэг байсан” хэмээн Деми сэтгэл хангалуунаар инээмсэглэн хэлж байсан бол Брюс “Би Демиг үүрд хайрлана” хэмээн тунхагладаг байсан юм.
… гэнэт… Үнэндээ гэнэт биш ээ. 2000 оны аравдугаар сард алдарт хос салж, Брюс амлалтандаа хүрдэг жинхэнэ жентельмэн гэдгээ нотлох хэрэг гарсан юм. 13 жилийн хамтын амьдралаа төгсгөхдөө хэл ам хэрүүл шуугиангүй, дэндүү гэмээр эв найртайгаар салах өргөдөлд гарын үсэг зурцгаасан. Дэми тэр үед нөхрөөсөө 38 сая долларын хөрөнгө авч, тэдний хайр нөхөрлөл болон үлдсэн юм.
Брюс Дэмийг үүрд хайрлана гэсэн амлалтандаа хүрч, эхнэр асан үзэсгэлэнт бүсгүйгээ дахин хуримлах үед нь ёслолд нь оролцож, хариуд нь Дэми “Түүнд аз жаргал хүсэж байна” хэмээн цуцалтгүй хэлдэг болсон.
Зурхайн тайлал
Загасны ордын эрэгтэй
Хайр дурлалдаа үнэнч, уян зөөлөн хөдөлгөөнтэй, инээж, наргиж байдаг эмэгтэйг илүү таалдаг. Дурласан хүндээ хандахдаа ичимтгий, хулчгардуу, тэр даруйдаа холбоо тогтоохыг боддоггүй. Хайр дурлалд эмзэг. Зөөлөн, аядуу хандахыг хичээдэг. Гэр бүлийн амьдралаа баяр хөөртэй, тайван байлгахыг хүсдэг. Ханиасаа анхаарал халамж шаардана. Эхнэрээ ажилдаа оролцуулж, туслалцаа авахыг хүсдэг. Эхнэрийнхээ гараас хоол идэх, тэр ч байтугай архи уухыг хүсдэг. Хоол унд идэхдээ эхнэрээ дэргэдээ суулгана. Эхнэртээ зүрхнээсээ хайртай. Эхнэр болсон хүн нь үүнийг нь мэддэг байвал сайн.
Хилэнцийн ордын эмэгтэй
Жигтэйхэн их хүсэл мөрөөдөл, оюун билэгтэйн гадна бас сэтгэлийн хөдөлгөөн ихтэй. Их романтик учраас залуудаа хөдөлгөөнтэй уяхан байдаг. Гэхдээ хайр дурлал, бэлгийн харилцааны сайхныг амсаж байсан залуу насны романтик үедээ ч юманд хууртаж яваагүй ажээ. Үл ойлгогдох орооцолдсон зүйлийг таалдаг. Хэн нэгэн таалагдвал нийлээд гэрээсээ зугтаачихаж ч мэднэ. Зарим талаар их төвөгтэй хүн бөгөөд үүнийгээ бусдад мэдрүүлэх дуртай.
Ордны зохицол
Энэ хосууд сэтгэл догдлуулсан харьцаатай байх боловч хилэнцийн хэцүү ааш зангаас болж загас холдон явдаг. Иймээс тэд гэр бүл болох гэснээс амрагууд эсвэл найз нөхөд хэвээр үлдсэн нь дээр.

Албан ёсоор гэрлээгүй ч 13 жилийн хамтын амьдралаар нь жинхэнэ хайр, дурлал байсан гэдгийг мэдэж болно.

Хью Грант (1960.09.09 Охины орд), Лиз Херли (1965.06.10 Ихрийн орд)
Хамтдаа 13 жил амьдарсан
Энэ бүхнийг Лиз эхлүүлсэн гэхэд болно. 21 настай залуухан загвар өмсөгч байхдаа өөрөөсөө таван насаар ах алдартай жүжигчин Хью Грантыг олны өмнө тэвэрснээс тэдний романсын талаар ярилцах болжээ. Энэ хайр 13 жил үргэлжилсний эцэст, албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй байхдаа төгссөн юм.
Лизийг шоу бизнест ороход Хью тусалсан. Тэд хаа сайгүй янаг хосууд шиг тэврэлдэн явж, Лиз байнга л эрчүүдийн харцыг булаасан нимгэн, задгай даашинзаар гоёдог байв. Мэдээж Хьюд энэ таалаагдаагүй. Найз бүсгүйдээ хувцасных нь сонголтонд сэтгэл дундуур явдгаа нэг бус удаа хэлсэн ч Лиз энэ бүхэн түүний карьерт эерэгээр нөлөөлнө гэж тайлбар тавьдаг байв.
Алдартай залуутай болзсон сайхан бүсгүй амжилтад хүрсэн нь мэдээж. Estйe Lauder брэндийн онцгой барааг сурталчилж, хэд хэдэн кинонд тоглосон. Харин үүнийхээ хариуд Лиз хамтдаа байгуулсан продюссерийн компаниа Хьюд зориулан “Симиэн” хэмээн нэрлэжээ. Сармагчин гэсэн утгаар нь. “Яагаад сармагчин гэж?” хэмээн хэвлэлийнхэн сонирхоход “Хью шимпанзетэй төстэй шүү дээ. Гэхдээ би энэ яваа насандаа өөр хэнийг ч түүн шиг хайрлахгүй” хэмээн хариулсан юм.
Хью харин энэ тайлбарыг нь жинхэнэ англи эрийн ёсоор хүлээн авч, тоглоом болгон өнгөрөөжээ. Лиз алдартай жүжигчин эрд хайртай гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч яаран гэрлэх бодолгүй байгаагаа хэлсэн байна. Хүмүүс үүнд нь ихэд дургүйцэн “Лиз үнэндээ Хьюд хайргүй, ердөө л ашиглаж байна” хэмээн ярьж байжээ. Нэг их удалгүй Лиз энэ цуу яриаг няцааж, хайртай гэдгээ нотолжээ.
1995 онд “Empire” сэтгүүл Хью Грантыг “Дур булаам эрчүүд” жагсаалтын 43-т нэрлэсэн өгөөд тэр жил мань эр жинхэнэ тачаангуй гэдгээ батлах гэсэн мэт машиндаа биеэ үнэлэлэгчтэй секс хийж байгаад цагдаад баригдсан. Фэнүүд нь түүнд дур гутаж, Холливуд ёс зүйгүй эл үйлдийг нь буруушааж байсан юм. Шүүхээс хоёр жилийн тэнсэн харгалзах ял, багахан хэмжээний торгууль ногдуулан, бүгд түүнээс нүүр буруулахад Лиз түүнийг уучилсан. Үүнийгээ “Эр хүнийг уучилж чадахгүй л бол түүнтэй хамт байх хэрэггүй” хэмээн тайлбарлаж байсан юм. Гэхдээ л хосууд үүнээс таван жилийн дараа салсан. Тэд салж буйгаа гэнэтхэн зарлаж, хэн ч юу ч ойлгож амжаагүй байхад хоёр тийш болчихов.
Гэхдээ тэд сайн найзууд хэвээрээ үлдсэн. Лиз найз залуудаа хаягдаж, хөл хүнд үлдэхэд нь Хью үргэлж дэргэд нь байсан юм.
Зурхайн тайлал
Охины ордны эрэгтэй
Чөлөөт цагаа бүрэн дүүрэн ашиглахыг хичээдэг. Амьдралаа баясал цэнгэлээр дүүрэн өнгөрөөхийг хүсдэг. Тиймээс гадуур хоол идэх, кино үзэхийг ихэд таалдаг. Залуу хөөрхөн хүүхэнтэй нөхөрлөх дуртай. Ёс журмын урлагт авьяастай. Сэтгэлтэй хүндээ vнэт бэлэг авдаг. Оюун ухаанаас илүү бие бялдар нь хөгжсөн байдаг. Дурлалын асуудалд чигч шулуун. Амьдралдаа сэтгэл хангалуун явдаг боловч байнга нууцхан харилцааг хүсэмжилдэг.
Ихрийн ордны эмэгтэй
Тэдний хувьд дурлах, дурлуулах нь туйлын чухал асуудал. Ганцаар байхыг тэвчдэггүй. Нөхөрлөх дуртай. Хатуу, ширүүн эрчүүд таалагддаг. Бусдыг татах урлагийг сайн эзэмшсэн гэж хэлж болно. Хамтрагчаа эргэлзэх, уурлах байдалд хялбархан оруулж чаддаг ч энэ нь төрөлх авир биш. Өөрийгөө үнэлж чаддаг, бусдаар ч үнэлүүлэхийг хүсдэг.
Ордны зохицол
Энэ холбоо нь олон өнгөт, тод нүдэнд тусах эрвээхэй шиг онцгой бөгөөд ойлгомжгүй. Тэдний хооронд ашигтай, сайн нөхөрсөг харилцаа байж болно. Харин гэр бүл болоход дэндүү аз туршсан, эрсдэл ихтэй.