Sunday, April 25, 2010

Охиндоо бичих захидал-1

Сайн уу хонгор үр минь
Ээж нь нэг тэмдэглэлийн дэвтэр дээр охиндоо зориулсан захидлуудаа бичиж байгаа. Энд бас биччихье. Чи өдөр өдрөөр том болоод л. Хоёр алган дээр багтдаг жижигхэн "амьтан" байснаа одоо бол гоёл чимэг булаацалддаг, ааваа гэж хошуу цорвойдог, хайртай гэж байгаад ээжийгээ аргалчихдаг эгдүүтэй хүүхэд болжээ. Ээж нь долоо хоногийн ихэнх хугацааг ажил дээрээ өнгөрөөдөг болохоор охинтойгоо тэр бүр хамт байж чадахгүй л юм. Харин амралтын өдрүүдээр хамт байхаараа ээж нь чамаас зугтаамаар болдог шүү. Дагаад уйлаад мээмээ нэхээд. Харин саяын амралтын өдрөөр ёстой хөөрхөн байсан. Ээжийгээ ер зовоогоогүй. Үнсүүлээч гэж гуйж байж "үма"-даад, тэврэлдье гэж хөөргөж байж тэвэрч байлаа. Аав нь гурван нохойгоо алдчихаад саяын амралтын өдрүүдээр их л таагүй байлаа. Ойрын хугацаанд олдохгүй бол хоёр гурван долоо хоногтоо таагүй л байх байхдаа. Миний охин "өв өв өв" гээд л нохой яриад, аав нь сонсохоороо нохойнуудаа санаад л жаахан хэцүү байх байхаа. Аавынх нь харамсаж, шаналж байгааг ээж нь хараад сэтгэл энэлээд байх юм. Гэхдээ гайгүй биз дээ. За за өнөөдөр нэг иймэрхүү л байна. Өөр зүйлгүй дээ. Ээж нь үрдээ хайртай шүү. Миний охин аавыгаа хайрлаж, хүндэтгэж байгаарай.

No comments:

Post a Comment