Sunday, January 29, 2017

МОНГОЛООР “ЧАРЛУУЛАХ” ХҮСЭЛ

Шил угаас гялгар, өнгөлөг материал болохоор орчиндоо сайн "чарладаг" гэж ярилцлагын зочин маань онцолсон. Герман улсад шилэн урлалын график дизайнер мэргэжил эзэмшсэн зураач, уран бичээч Б.Хишигсүрэнтэй уулзсан юм. Эртний египетчүүд үндэслүүлж, олон зууныг түүчээлэн хөгжиж ахуй шилэн урлалын соёлыг тал нутгийн эх орондоо богцолж ирсэн ч үндэсний өнгө, хэлбэр, үнэртэйгээр бүтээх хүслээсээ үүдэн богцоо задлаагүй яваа гэнэ билээ.

Би гурван мэргэжилтэй хүн. Монгол зургийн зураач, уран бичээч, шилэн урлалын график дизайнер. Эмээ намайг гурван настайгаасаа зураг зурж эхэлсэн гэж байсан. Долдугаар ангидаа Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн зургийн дугуйланд орж Д.Батбаяр багштайгаа анх танилцаж байлаа. Тэр үеэс хойш өдийг хүртэл багшаасаа суралцаад, зэрэгцээд ажиллаж явна. Наймдугаар ангиа төгсөөд ДУДуС-д орсон. Үргэлжлүүлэн ДУДэС-д монгол зургийн ангид элсэн 1995 онд төгссөн. 2001 онд Германд нэг жил хэлний бэлтгэлд суусны дараа Аллей хотын Бурги бихенштайн урлаг ба дизайн сургуульд долоон жил сураад 2009 онд төгсөн эх нутагтаа ирсэн.
Шилэн урлалын график дизайнер мэргэжлийг санаандгүй сонгосон. Би дэлгэцийн урлагт сонирхолтой, зураглаач болно гэсэн төлөвлөгөөтэйгөөр үзүүлэх харуулах бүтээлээ бэлтгээд очсон. Шалгалтын комисст материалаа үзүүлсний дараа шилэн урлалын график дизайнер болвол яасан юм бэ гэдэг санал тавьсан. Сонголтоо хийсэн. Сурч байхад Монголоос энэ мэргэжлээр 1980-аад оны үед нэг хүн төгссөн дуулсан. Өвгөн багш нарын дурсамжийн талаар сургуулийн архиваас мэдээлэл хайсан ч харамсалтай нь олоогүй.
Шилэн урлалын график дизайнерийн ажлаа тархиндаа хийгээд явж байна. Ирснээсээ хойш нэмж шилэн бүтээл гаргаагүй. Энэ төрөл нь тусгай нөхцөл, технологи шаарддаг. Харин манайд боломж алга. Шилэн урлалын урлан байгуулна гэвэл өртөг өндөртэй.
Монголоор "чарлуулах" хүсэлтэй. Шил бол ассан гялгар болохоор орчиндоо нэлээн "чарладаг" онцлогтой. Тэр "чарлаан"-ыг нь би монгол байлгамаар байна. Энэ урлагийн түүх баруундаа олон зуунаар яригдана. Нэгэнд тэнд түмэн янзын өнгө, дизайн, хэлбээр хийж байгаа юмыг энд шууд буулгах гэж яарахаасаа өмнө монгол үнэр, өнгө, амттай бүтээлүүдийг хийхсэн гэж бодсон. Тиймээс өнгөрсөн хугацаанд үндэсний түүх, уламжлал, соёлын өвийн талаар нухацтай судалж, үзэж харж байлаа. Би монгол зургийн зураач, уран бичээч. Үүнийгээ цаг үетэй хослуулж хольж болох хувилбарыг харсан. Шилэн урлалыг уламжлал, түүх, уран бичлэг, монгол зурагтай хольж, утга санаа, хамрах хүрээ өргөнтэй контенперари чиглэл рүү хандуулах бодол бий.
Германд байхдаа 20 гаруй үзэсгэлэнд оролцсон. Үүний нэг нь л шилэн урлал байсан. Монголд бол 2001 оноос хойш үзэсгэлэн гаргаагүй. Тэндээс авчирсан богцоо задлангаа уран бичлэг, зураг, чимэглэл гээд олон бүтээлээр гаргах төлөвлөгөө байна. Манай үндэсний соёл, өв, уламжлал үнэхээр баялаг, тансаг болохоор үүнийг хэрэгсэхгүй орхиж болохгүй юм. Шилэн урлалыг монгол хөрсөнд суулгах чухал ч гэлээ өөриймшүүлэн өвөрмөцөөр хийж болно. Үзэсгэлэндээ , монгол үнэртэй, уран бүтээлчийнхээ дотоод өнгө, хэлбэрийг гаргасан эскиз зургуудаа гаргачихсан байгаа.
Аяллыг соёлтой холбоод мөнгө хийнэ гэх юм. 2012 онд Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан “Мөнх тэнгэрийн бичиг” үзэсгэлэнд хоёр шилэн тамгаа тавьчихаад хүмүүсийн хандлагыг ажиглаж байлаа. Гэтэл соёлын салбартай тун ойрхон нэр бүхий хүн “Мөс үү” гэж асуугаад, мөсний баяр дээр аваачиж мөнгө болгож болох юм гэж хэлж билээ. Уг нь тэнд монгол хүний хийсэн анхны шилэн цутгууран бүтээл тавьчихаад байгаа. Гэтэл тэд материалд нь анхаарал хандуулаад, яаж мөнгө болгох вэ гэж ярихаар нь үнэндээ голсон шүү. Хувь уран бүтээлч миний бодлоор яаманд ажиллаж байгаа хүмүүс бодлогоо боловсруулаад, тэрийгээ бариад явах юм бол аяндаа өдөр нь бодож шөнө нь санааширч байгаа мөнгө нь ороод ирнэ. Аяллыг соёлтой холбож байгаад мөнгө болгоно гээд яриад байх юм. Урлаг, үндэсний өв соёл, уламжлалаа хэмжээнд нь гаргаж тавих юм бол тэрийг үзэх гэсэн жуулчид ирж л таараа. Бидэнд дэлхийн хаана ч байхгүй нүүдлийн соёл иргэншил байна. Гэтэл үүнийгээ тоохгүй, тордохгүй, өнөөдөр гэдэг хайрцаг дотроо технологийн дэвшил, тансаглал, үнэтэй машин, өндөр шавар тагзад сатаараад абсурд маягаар өдөр хоногийг элээгээд л явцгааж байна бид.

Уран бүтээлч гэдэг бол тавилан. "Найруулагч бол мэргэжил биш, хувь тавилан" гэдэг үнэн үг. Шилэн урлал гэдэг манайханы ирээдүйд чиглэсэн урлаг юм. Гэхдээ түүнээс өмнө олон мянган жилийн түүхтэй нутаг дээрээ түүх, соёл, уламжлалаа хэрэглэж чадахгүй байсаар бусдад алдаж байгаа нь харамсалтай. Тиймээс би уран бүтээлчийнхээ хувиар тэр баялаг түүх, уламжлал, соёл, өвөө чадах хэрээрээ хойч үедээ үлдээхэд хувь нэмэрээ оруулах нь чухал. Үнэнийг хэлэхэд бид ... 
/Ойролцоогоор 3-4 жилийн өмнөх бичвэр, төгсгөл нь хайчцын бүү мэд. Гэхдээ л бүрэн материал гаргасан юм даа. Сая юм ухаж байгаад ноорог олонгуутаа юу яачихлаа/

No comments:

Post a Comment