Thursday, March 18, 2010
Сахиустай бугуйвч
Эртний египетчүүд муу сүнснээс өөрсдийгөө хамгаалан, аз дуудах гэж сахиустай бугуйвч зүүдэг байсан аж. Эзнээ нөгөө ертөнцөд очсон хойно ч сахиусууд ид шидээ алддаггүй, хамгаалсаар байдаг гэж үздэг байж. Дорнын ард түмний эл шүтлэгийг хатан хаан Виктория анх гоёл болгон зүүснээр муу бүхнээс хамгаалж, аз дагуулдаг бугуйвч бүсгүйчүүдийн гоёлын хайрцганд орох нь тэр. Дэлхийн хоёрдугаар дайны үед бүсгүйчүүд исгэрэх сумнаас хайртыгаа хамгаалах гэж өөрийн гараар хийсэн сахиустай бугуйвч бэлэглэдэг байсан бол 1950-1960-аад онд америкийн залуусын дунд ийм бугуйвч ид моодонд орсон юм. Харин 2006 онд “Карибын тэнгисийн дээрэмчин” киноны хувцасны зураачид жижигхэн загалмай, сэлэм, гавалын дүрс бүхий зүүлттэй бугуйвчаар дүрүүдээ гоёсноор мэргжилтнүүдийн анхаарлыг дахин татжээ.Уншигч Та сахиустай бугуйвч худалдаж авья гэхэд 925 сорьцтой, турк мөнгө нь 90.000 дээш, харин мөнгөөр бүрсэн нь хямдаар бодоход 35.000 төгрөг байх болно. Харин үүнээс хямд, өөрт таалагдах загвараар дэгжин бугуйвч хийх аргыг хүргэж байна.
Бэлтгэх зүйл:
• Сонгосон гинж эсвэл хэлхэх материал /би S хэлбэрийн нэхээстэй гинж ашиглана/
• 20 ширхэг мөнгөн хонх
• Өөрт таалагдсан мөнгөн зүүлт 5 ба түүнээс дээш
• Амтай, 4 мм-ийн мөнгөн цагаригууд
• Төмөр утас
• Нарийн хошуутай, хавтгай хошуутай бахьнууд
• Түгжээ
• 2-3 ширхэг бичгийн нарийн хадаас
Хийх арга
1. Бэлэн гинж сонгосон бол Та энэ хэсгийг алгасаж болно. Харин би S хэлбэртэй хэсгүүдээ төмөр утсаар хэлхэж гинж болголоо. Ойролцоогоор 1.3 см урттай 10 ширхэг бэлдэцээ төмөр гархиудаар хэлхэж 19 см урттай бугуйвч бэлэн болно.
2. Гинжнийхээ хоёр үзүүрт түгжээгээ бэхлэхээ мартуузай. Миний сонгосон S хэлбэрийн бэлдэц тусгай түгжээний шаардлагагүй, өөрөөр нь түгжээ хийж болдогоороо давуу талтай.
3. Үндсэн ажил дууссан болохоор одоо чимэглэлээ хийгээрэй. үүнийг өөрийн сонирхол, дурсамж, зөвхөн Танд л утга учиртай байхаар хийж болдогоороо давуу талтай. Ердийн нэг гоёл биш жинхэнэ шидтэй бугуйвч өөрийн гараар урлаж болно шүү дээ. Өмнө нь сонгосон байсан загас, далайн морь, дун, далайн одны дүрстэй таван зүүлтээ бугуйвчиндаа цагаригаар бэхлээрэй.
4. Дараа нь хүссэн зүйл, өөрт ээлтэй чулуу, гарын доорх материалаа /өрөөсөн ээмэг, хуучин зүүлт …/ ашиглан бугуйвчаа чимэглэж болно. Эсвэл бүр урлаачийн уран сэтгэмжийг илтгэх сонирхолтой загвар ч гаргаж болох юм. Миний хувьд шүр, сувс, чулуу, мөнгөлөг бөмбөлөгнүүд ашиглах бөгөөд урьдчилан бичгийн хадаасндаа хэлхэн, унжлага хэлбэртэй болгон бэлтгэсэн байгаа. Та ч гэсэн өөрийн сэтгэмжээр том, жижиг, өнгөлөг, сонирхолтой зүүлтүүдийг хэлхэж болно.
5. Зурагт харагдаж байгаачлан бэлтгэсэн зүүлтүүдээ нарийн үзүүртэй бахиар гинжинд бэхлэн, илүү хэсгийг нь таслаж авна. Гар урахгүй байх ёстой гэдгийг санаж зүүлтүүдийн үзүүрийг тун нямбай таслаж, цэвэрхэн дараарай. Үзүүрийг нь дарахын тулд хумсны өнгөгүй лак дусааж болно. Би таван үндсэн зүүлтний хооронд хоёр, хоёр чимэглэл байхаар бодож 10 ширхэг зүүлт хийсэн.
6. Бугуйвч дуусах дөхөж байна. Хамгийн сүүлийн ажил бол бяцхан хонхнуудаа бэхлэх. Хонхны жингэнээг төвөгшөөх хүнд бол энэ тохирохгүй. Гоёлдоо жаахан дуу чимээ оруулбал сонирхолтой байж болох юм гэсэндээ 20 ширхэг мөнгөн хонх бэлтгэсэн. Үүнийгээ амтай 4 мм-ийн цагаригандаа хоёр, хоёроор нь хэлхэж 10 ширхэг болгоод бугуйвчиндаа зүүнэ.
7. Ингээд би өөрийн гараар урласан сахиустай бугуйвчтай боллоо.
Subscribe to:
Post Comments (Atom)
сайнуу гоё хийсэн байна би ийм зүйлүүд их сонирхдог юмуу энэ хийх материалуудыг нь яаж хаанаас худалдаж авч болох бол
ReplyDeleteБөмбөгөрийн хажууд байдаг ОРОН ЗАЙ гээд дэлгүүр дотор хоёрдугаар давхарын хойд буланд KLMN билүү туслах материалын дэлгүүр бий. Тэнд ойр зуурын юм олон бий. Харин нарийн нандин зүйлийг ольё гэвэл нэг дороос авах боломжгүй байх аа. эмээгийнхээ товчны хайрцагнаас эхлээд, найзынхаа гоёлоос эвдэрсэн, салсан зүүлт зүүсгэлийг нь өөд татаж болох юм. Хийе гэвэл болно доо болно.
ReplyDelete