Monday, August 9, 2010
Анжелина Жоли: Охин маань эрэгтэй хүүхдийн нэртэй болохыг хүсч байгаа
Дэлхийн бүхий л хэвлэл, мэдээллийн хэрэгслээр түүний тухай мэдээ, мэдээлэл гарч байдаг болохоор Анжелина Жолиг манай үеийн хэвлэлийн баатар гэхэд хилсдэхгүй. Түүнийг Мексикт зураг авалтад оролцож байхад нь “7 Д” сэтгүүлийн сурвалжлагч ярилцжээ. Тэр энэ удаа дөрвөн хүүхэдтэйгээ яваа аж. Харин Вивьен Маршелин, Нокс Леон хоёр аавтайгаа гэртээ үлдсэн гэнэ. Түүнтэй ярилцахаар хүлээж байх зуураа гоо сайхан, авьяас билэг, нэр цуугаараа дэлхийд алдартай бүсгүйн эгэл жирийн эх хүний төрхийг харах ховор завшаан надад тохиосон билээ. Анжелина зураг авалтандаа явахдаа асрагч, зочид буудлын ажилчдад хүүхдүүдээ орхисон байв. Хүүхдүүд усан санд сэлж, хөвдөг гудасан дээр наадна. Бага насны дөрвөн хүүхэд тэнд тоглож байгаа гэхэд чимээ шуугиан, уйлаан, маргаан ер гарахгүй байсан юм. Харин ч нэгэндээ найр тавьж, эелдэг харилцаж байгааг харлаа. Хэсэг хугацааны дараа хүүхдүүд усан сангаас гарч, биеэ арчин далайн эрэг рүү цаасан шувуугаар тоглохоор явлаа. Тэдний дунд эрэгтэй хүүхдийн усны өмд, майк өмссөн Шило хамгийн хөгжилтэй харагдаж байсан бол хормойтой усны хувцас өмссөн Захар тун “дэгжин” харагдаж байсан юм. Хүүхдүүдийн ээжийг ажлаасаа ирэхийг нь хүлээх зуураа дэлхийн алдартай нэгэн гэр бүлийн амьдралыг харсан минь энэ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр авч байсан янз бүрийн мэдээллээс илүү тэдэнтэй хамт байсан энэ хэсэгхэн хугацаа тэдний талаар олон зүйлийг ойлгуулсан. Хэрвээ эмэгтэй хүн эх болохыг хүссэн л бол хэдэн хүүхэдтэй байх нь хамаагүй, хүүхдээ өргөж авсан байна уу, өөрөө төрүүлсэн үү гэдэг нь ч чухал биш. Энэ бол миний хүлээж байсан тэр эмэгтэйн хэлсэн үг.
— Анжелина, “Солт” киноны зарим хэсэгт оросоор ярьж байгаа. Жилийн өмнө та орос хэл сурч байгаа гэж байсан. Үр дүн хэр байна?
— Тийм. Гэхдээ орос хэл үнэхээр хэцүү юм билээ. Үүнийг биеэрээ мэдэрч байж л ойлгосон. Одоо бол ердөө гадарлах төдий, ярьж чадахгүй.
— Гэхдээ та Оросын сонгодог зохиолын баатар Анна Каринагийн дүрд тоглохыг хүсдэг гэсэн биз дээ?
— Тийм ээ, би бэлтгэж байгаа ч хэн нэг нь надад санал тавихгүй л юм (инээв)
— Яг одоо таны тоглож байгаа “Солт” киног анх Том Крузд зориулан бичсэн, тэр гол дүрд тоглох ёстой байсан гэж сонссон?
— Кино зохиолыг бичиж байхад л болсон эртний явдал шүү дээ. Тэр үед гол дүр нь Эдвин Солт гэдэг нэртэй, эхнэр хүүхэдтэй байсан. Харин продюсер нь гол дүрийг надад өгөх үедээ нэрийг нь Эвелин болгон өөрчилж, эрэгтэй дүрээсээ ялгаагүй гэр бүлтэй болгосон юм билээ. Харин хүүхэдгүй. Үүнийхээ учрыг ийм ажилтай эмэгтэйчүүд хүүхэд гаргадаггүй гэж надад тайлбарласан. Би дүрээ судлахын тулд Тагнуулын төв газрын офицер бүсгүйчүүдтэй уулзаж байхдаа учрыг ойлгосон. Удирдлага нь тэднийг гэрлэхийг зөвшөөрдөг ч хүүхэд гаргахыг хориглодог. Нөхөртэй эмэгтэй ажлаа хийдэг ч ээж болсон үед бүх зүйл эсрэгээрээ байдаг. Харин эрчүүд хэзээд ажилдаа бүхнээ зориулдаг. Хэн нэг нь түүнийг албадаагүй байсан ч тэр.
— Киноны найруулагч Филлип Нойс “Өнөө цагт адал явдалт кинонд тоглож чадах цор ганц эмэгтэй жүжигчин бол Анжелина” гэж хэлж байсныг уншсан юм байна?
— Тэр надтай уулзахдаа ч ингэж хэлж байсан. Гэхдээ хэн нэг нь ингэж хэллээ гээд би ганцхан хэлбэрт баригдмааргүй байна. Хүмүүс Брэдийн тоглосон галзуу, баатарлаг, хайр татам гээд олон дүрийг мэднэ. Би ч гэсэн тийм байхыг хүсдэг болохоор найруулагч Тимур Бекмамбетовтой хамтран “Wanted” кинонд тоглосон юм. Олон хувирч, адал явдлаас түүхэн сэдэв, инээдмийн киноноос сэтгэлзүйн төрөлд ээлжлэн тоглохыг хүсдэг. Хэдэн жилийн өмнө “Sony” компанийн Эми Паскаль надтай уулзаад “Бондын кинонд тоглох уу” гэж асуусан. Би наргиан болгон “Бондын дүрд бол болох л юм” гэж билээ. “Солт” кино миний тэр хүслийн биелэл болсон гэх үү дээ. Яг миний бодож байснаар адал явдалтай, өрнүүн кино. Ийм дүр бүтээх гэж маш их хүсч байсан, энэ хүслийг минь дэмжих хүн дэргэд байсан. Санал ирэх үед би дөнгөж төрчихөөд байсан ч үнэхээр хүсч байсан болохоор татгалзаагүй. Харин нөхөр маань хориглоогүй. Тэгээд л би Нокс, Вивьен хоёрыг төрүүлээд удаагүй байхдаа ажилдаа орж, бие галбираа засч, төрсний дараах ядаргаагаа тун богино хугацаанд тайлсан шүү.
— Төрсний дараахан адал явдалт киноны гол дүрд тоглоно гэдэг үнэхээр эрсдэлтэй шийдвэр байсан биз дээ, Брэд ерөөсөө дургүйцээгүй гэж үү?
— Мэдээж санаа нь зовж байсан. Гэхдээ яг одоо л үүнийг хийхгүй бол хөгшрөөд ч юм уу ямар нэг шалтгааны улмаас ийм боломж олдсон ч ажиллаж чадахгүй байх гэсэн совин татаад байсан юм. Тэгээд ч эрсдэл гаргахгүйгээр амжилт олохгүй. Би энэ дүрд мэргэжлийн түвшинд тоглож чадна гэдэгтээ итгэлтэй байсан, кино багийнхан аюулгүй байлгах үүднээс бүхнийг хийж байгаа. Би өндрөөс айдаггүй ч уулын орой дээр тулалдаж, дээвэр дамжин гүйж, 12 давхарт байшин дамжиж явах гээд хэцүү зураг авалтууд байсан. Байшингийн ханаар явах зураг авалт эхэндээ эвгүй байсан ч гутлаа тайлчихсан чинь илүү эвтэйхэн, амархан санагдсан. Нэг айдсаа ингэж давсан ч өөр бэрхшээл гарсан. Эвелин ямар спортоор хичээллэвэл тохирох вэ гэдгийг удаан бодсон. Эмэгтэй хүн, эрчүүдтэй тулалдаад ялах ёстой. Тэгээд өвдөгөөрөө тулалддаг Muay Thai гэдэг тун онцгой төрлийг арай өөрчлөн өвдөг, мөр, тохойгоо ашигладаг болгон хичээллэж үзсэн. Гэсэн ч энэ төгс хувилбар болоогүй. Тэгээд л Израйлын Тагнуулынхан хичээллэдэг Krav Maga гэдэг тулааны төрөл илүү зохимжтой гэж шийдсэн.
— Хамтран тоглогчдын чинь нэг польшийн жүжигчин Даниэль Ольбрыхскийгийн талаар юу хэлэх вэ? Та хоёр яаж ойлголцож байна вэ?
— Тун сонирхолтой хүн шүү. Эхэндээ түүнийг гаднын жүжигчин гэдгийг мэдээгүй. Эхний зураг авалт дуустал түүнтэй ер харилцаагүй, тэр ч бүхнийг өөрийнхөөрөө хийж байсан. Тэгэхэд л түүнийг ямар агуу сэтгэлтэй жүжигчин болохыг ойлгосон. Тэгээд ч Даниэль боксчин байсан болохоор архаг тулаанч гэж хэлж болно. Бараг жүжиглэх шаардлагагүй, дүр нь түүнд зохиж байсан.
— Киноны өрнөл нь сонирхол татаж байна, магадгүй эротик дүрслэл байх болов уу?
— Иймэрхүү зураг авахдаа жүжигчдийг шахаж, шаардах албагүй. Хэрвээ тийм шаардлага гарвал татгалзах бодол алга. Хэрвээ найруулагч заавар өгвөл түүний хүсснийг л гаргах ёстой. Гэхдээ заавал секс гэхгүйгээр нүцгэн байгаагаар зураг авах ч юм бил үү.
— Та үнэхээр тагнуулч байж чадах байсан болов уу?
— Би нууц хадгалж чадах байх аа (инээв). Гэхдээ тийм ч чамбай тагнуулч байхгүй болов уу. Би амьдралаа Брэдгүйгээр, хүүхдүүдгүй, гэр бүлгүйгээрээ төсөөлж чадахгүй нь. Ажлаасаа өмнө хүүхдүүдтэйгээ ганц цаг ч хамаагүй тоглож, Брэдтэй утсаар ярьна. Энэ бүхэн үгүй бол аз жаргал гэж юу вэ гэдгийг хэлж мэдэхгүй нь.
— Яг одоо тоглож байгаа киногоо хүүхдүүдээ хэзээ үзүүлэх вэ?
—Мэддокс, Пакс Тьен, Захар гээд арай томууд нь киноны постерийг харсан. Гэсэн ч яг киног үзэхээрээ ээж нь дээврээс үсэрч, эрчүүдтэй зодолдож, шаргал үстэй болчихсон байгааг хараад гайхах байх л даа. Миний хиймэл үс тэднийг хамгийн их цочирдуулах байх. Би нэг удаа ажлаасаа шууд гэртээ ирсэн. Мэддокс миний өмссөн хувцас, эршүүд төрхийг хараад нөгөө өрөөнүүдээр гүйж бусдыгаа дуудсан. Тэгээд буцаж ирээд намайг хараад л байсан. Харин би байнга тэдэнд хэлдэгээрээ “Хүүхдүүдээ би энд байна. Бүгдээрээ нааш ирээрээрэй” гэж дуудсан. Үүний дараа би хүүхдүүдийг зургийн талбайд аваачин ажлаа танилцуулсан. Хиймэл цус, дүр хувиргалт гээд нэлээд олон зүйлийг үзүүлсэн болохоор дахин тийм ноцтой хүлээж авахгүй байх. Тэгээд ч ингэсэн маань их зөв алхам болсон. Нэг зураг авалтын үеэр би бэртэж, толгой хамраа гэмтээсэн. Хүүхдүүдэд аймаар санагдаагүй. Харин тэр гэмлэлтэйгээ нүүр хувиргалт хийлгүй дараагийнхаа зураг авалтад орсон. Яг тэр хэсэг дээр Эвелин нэлээн гэмтсэн байх ёстой байсан. Бас эрэгтэй хүн болж хувирдаг хэсэг бий. Тэр үедээ Брэдэд “Би өнөөдөр эр хүн болно, чи үүнийг харахыг хүсэхгүй л байх даа” гэхэд тэр зургийн талбай дээр ирсэн. Нүүрэнд маань нэлээд хувиргалт хийсэн. Зургийн дараа нь эхнэрийн минь биед эр хүний толгой залгачихсан юм шиг санагдлаа гэж билээ. Энэ хувиргалтыг хараад Брэд миний бие, нүүр царайнд ямар их хайртайгаа мэдэрсэн гэсэн. (инээв)
— Эрэгтэй байсан бол сайн дүр бүтээх байсан байх даа гэж бодож байв уу?
— Өө үгүй, үгүй. Эмэгтэй байх надад хавьгүй сайхан санагддаг. Би байгаа бүхэндээ сэтгэл хангалуун байдаг. Хүүхдүүд маань Брэдэд дэндүү хайртай болохоор ингэж боддог байж болох. Шило өөрийгөө эрэгтэй хүүхэд гэж боддог болсон. Зөвхөн костюм, өмд өмсөнө. Гэзгээ тайрч, үсээ халимаг болгосон. Зөвхөн ингээд зогсохгүй нэрээ өөрчилж Жон гэж дуудуулхыг хүсч байгаа. (инээв) Бүр зөвхөн Мэддокс и Пакс хоёртой тоглож байхыг хүссэн. Гэхдээ би үүнд нэг их санаа зовохгүй байна. Хүүхэд угаасаа янз бүрийн юм сэтгэж, санаанд оромгүй үйлдэл хийдэг дүрсгүй амьтад шүү дээ. Шило их хөгжилтэй хүүхэд. Би бол хэзээ ч тийм алиа хошин яриатай, марзан байж үзээгүй. Хүүхдүүд маань бүгд өөр, өөрийн гэсэн онцлогтой, биеэ даасан хувь хүн болж төлөвшинө, үүнд нь би баяртай байдаг. Хэн нь ч давтагдашгүй, цор ганц хүмүүс байх болно. Брэдийн гэр зургаан супер хувь хүн төлөвшиж байна. (инээв) Захар шүлгийг гайхалтай уншина, үнэхээр сайхан хоолойтой. Тэр маш дэгжин, бяцхан хатагтай шүү. Мэддокс бол их ухаантай. Хичээлдээ сайн, түүх сонирхдог аялалд дуртай. Зохиолч болно гэж ярьдаг.
— Ихрүүдийн тухайд?
— Нокс бол их тайван, намуухан хүү. Харин Вивьен нэлээн хөдөлгөөнтэй, их эмэгтэйлэг. Вив намайг дуурайсан. Харин Нокс аавыгаа. Гэхдээ л тэд энгийн хүмүүс байгаасай гэж боддог шүү.
— Та хоёрыг дахиад хүүхэдтэй болох гэж байгаа гэсэн үнэн үү?
— Иймэрхүү яриа их сонин. Намайг жирэмсэн болоход Брэд салах гээд байгаа, эсвэл намайг жирэмсэн болсон болохоор Брэд салахаа больсон гээд л. Яг энэ сэдвээр олон янзын юм ярьцгаадаг. Бид дахиад хүүхэдтэй болж ч магад. Гэхдээ яг одоо үүнээс илүү хүүхдүүдээ эрүүл саруул, ухаантай, бие даасан хүмүүс болгон хүмүүжүүлэхэд анхаарал хандуулж байна. Тэднийг нэг бүрчлэн анхаарч, халамжилж, цаг гаргах ёстой гэдгийг эцэг, эхчүүд бүгд л мэднэ.
— Тэгээд ажлынхаа хажуугаар яаж хүүхддүүдээ халамжилж, анхаарч байгаа юм бэ?
— Ажлаа хийх хэрэгтэй ч хүүхдүүд илүү чухал. Кино гэдэг гайхалтай агуу ертөнц. Би яг одоо чадаж байгаа бүхнээ л хийнэ.
— Бас хүмүүнлэгийн ажил хийж байгаа шүү дээ?
— Гэр бүлдээ хайртай, тэдэнтэйгээ хамгийн их жаргалтай байдаг. Их ажлын дараа гэртээ ороод ирэхэд л хүүхдүүд шуугилдаад, бүжиглээд байж байдаг. Тэгэхээр нь хэчнээн ядарч байсан ч тэдэнтэй нийлж, бүжиглэнэ, дуулна. Би хүүхдүүдийнхээ өсч том болж байгааг харж, дэргэд нь дэмжиж, халамжилж байхыг хүсдэг. Гэсэн ч тэдний ирээдүй гэж бодохоор тайван байх аргагүй. Өвчин, эмгэг, байгалийн гамшиг, гэнэтийн осол эндэл гээд л санаа зовоох зүйл мундахгүй. Харин хойноос нь санаа зовох эцэг, эхгүй сая сая хүүхдүүд бий. Тэдний амьдарч буй хором бүр эрсдэлтэй. Тиймээс тэднийг хамгаалж, өвдөхөд нь эмнэлэгийн тусламж үзүүлж, шинэ гэр бүлтэй болоход нь хэн нэгэн туслах хэрэгтэй гэж бодоод тусламжийн төв байгуулсан. Одоогоор хэд, хэдэн оронд 500 гаруй төв ажиллаж байгаа. Би зөвхөн Гаитид очиж үзсэн. Гэхдээ Брэд бид хоёр Чад, Эфиоп, Камбожид “Sos Children’s Villages” төвд хандив өгсөн.
— Та өмнө нь ажлаар хол явахдаа хүүхдүүдээ авч явдаг байсан уу?
— Тиймээ, ихэнхдээ Захар, Пакс Тьен, Мэддокс гурвыг авч явдаг. Би хүүхдүүдээ дэлхий ертөнцтэй танилцуулмаар байна. Гэрийнхээ цонхоор харчихаад л хорвоо ертөнцийг төсөөлж болохгүй шүү дээ. Бид хоёр болж өгвөл хүүхдүүдээ авч явахыг боддог. Гэхдээ бид хэзээ ч зэрэг ажиллаж байгаагүй. Намайг ажилтай байхад Брэд гэртээ байдаг. Энэ зураг авалт бараг дөрвөн сарын өмнөөс эхэлсэн.
— Та хэр хатуу ээж вэ?
— Би тийм хатуу, ширүүн хүн шиг харагдаж байна уу? (инээв) Тоогүй юм. Би хүүхэд байхдаа амралтын өдрийн өглөө ээжийг унтаж байхад нь очоод л дэргэд сууж байгаад хэчнээн цагаар ч хамаагүй дэмий ярьдаг байсан. Энэ бүхнийг тэвчдэг байсных нь төлөө одоо би ээждээ талархаж явдаг юм. Ээжтэйгээ л ярилцаж байхдаа олон зүйлийг ойлгож, мэдэж, өөрөө өөрийгөө олж авсан гэж боддог.
— Та нэлээд хугацааны турш аавтайгаа таагүй харилцаатай байсан. Харин эвлрээд багагүй хугацаа өнгөрч ...?
— Энэ үнэн. Тэр бидний алдаа байсан юм. Одоо бол тэр зээ нартайгаа байх дуртай шүү.
— Аав, ээж хоёрын чинь харилцаа тийм ч таатай байгаагүй. Хосуудын хайр дурлал үүрдийнх байж болно гэж та боддог уу?
— Үгүй дээ! Би анх Брэдтэй уулзаж байхдаа хамт хөгширнө гэж бодохдоо ер айгаагүй. Заримдаа манай хүүхдүүд “Ээж, аав хоёр яг л дурлалт хосууд шиг байх юм” гэж шоолдог. (инээв)
— Хайр дурлалаа хамгаалах талаар хосуудад ямар зөвлөгөө өгөх вэ?
— Би сайн зөвлөгч биш. Миний бодлоор хосууд илэн далангүй, шударга байвал дээр. Ямар ч зүйл дээр худал дүр эсгэх хэрэггүй, өөрийнхөөрөө л байх хэрэгтэй. Нөгөөтэйгүүр өөрийгөө бүрэн таньж мэдээгүй тохиолдолд шударга харилцаа үүсгэнэ гэдэг амаргүй байх.
— Та өөрийгөө бүрэн таньсан гэж боддог уу?
— 60 хүрэх үедээ бол өөрийгөө бүрэн мэддэг болсон байх. Гэхдээ одоо бол үнэ цэнэ, сайн муу талаа мэднэ. Тийм ч их хүчтэй, тэвчээртэй, ухаантай гэж бодохгүй байна. Ер нь бол өөрийгөө мэднэ.
-Уламжлалт асуултаар ярилцлагаа төгсгөе. Та хоёр хэзээ хуримаа хийх вэ?
— Бид хэдийнэ эхнэр, нөхөр болсон шүү дээ. Хүүхдүүд гэдэг гэрлэлтээс илүү хосуудыг бат бөх холбоо болдог гэж би бодож байна. Хүүхэд гэдэг хүний амьдралын утга учир, тэдний төлөө маш их хариуцлага хүлээдэг.
Sunday, August 1, 2010
Эва Лонгориягийн байшин иймэрхүү
Ева Лонгория: Эд баялаг зарим хүн амьдарлыг удирддаг
Гурван жилийн өмнө Ева Лонгория сагсан бөмбөгийн алдартай тамирчин Тони Паркертай гэрлэсэн. Үзэсгэлэнтэй, ззалуухан, ид гялалзаж байгаа энэ хос бол шоу ертөнцийн тод гэрэлтэж буй одод юм. Хуримын дараа тэдний амьдралд бараг өөрчлөлт гараагүй гэхэд хилсдэхгүй. Ева ажлаа үргэлжлүүлэн зураг авалтандаа явж, L’Oreal брэндтэй хамтран ажилласаар, Тони “Сан Антонио Спюрис” багтаа тоглосон хэвээр. Гэхдээ тэд гэр бүлтэй болж, орон гэрээ төвхөнүүлсэн. Орон гэр гэснээс тэдэнд гурван гэр бий. Ева ихэнхдээ Лос-Анжелест ажилладаг болохоор тэнд байшин авсан бол Тони бэлтгэл, тоглолт гээд Техаст багагүй хугацааг өнгөрөөдөг учраас Техаст бас нэг гэр нь бий. Харин гурав дахь нь Малибуд байдаг. Хосууд хотын хөл үймээн, хүмүүсийн сониуч нүднээс хол амрах гэж энд байшин авчээ. Тэд эндээ байх юу юунаас илүү дуртай. Хаалган дээрх “Тавтай морил” гэсэн урилга нь ёс төдий зүйл биш гэдгийг тэднийхээр ороод гарсан хэн бүхэн батлах биз ээ. Ева, Тони хоёр үнэхээр зочиломтгой. Зочдоо гэртээ байгаа юм шиг тухлаарай гэж хэлдэг, тийм нөхцлийг ч бүрдүүлсэн байсан. Тохилог ч гэсэн энэ байшин алдартай хосынх гэхэд дэндүү энгийн харагддаг. Харин Ева “Лос-Анжелест ойрхон болохоор худалдаж авсан юм. Гаднаас нь харахад үлгэрт гардаг жижигхэн байшин шиг харагддаг ч цонхоор нь гайхамшгийг харж болдог юм. Бид энд байх дуртай” гэж ярьсан. Тэд илүү тохилог, том харш авч болох ч Ева энд байх дуртай. Үүнийгээ “Эд хогшил гэдэг онцгой анхаарал тавиад байхаар чухал зүйл биш шүү дээ. Заримдаа эдгээр нь хүний амьдралыг удирдаад байгаа юм шиг санагддаг. Энэ байшин хэдийгээр жижигхэн ч тохилог, ирж амархад яг тохиромжтой, арчилж, хамгаалахад ч амар” гэж тайлбарласан юм. Ева энэ удаа ээлжит зураг авалтынхаа өмнө эрч хүчээ сэлбэх гэж Малибуд амарч байгаа аж. -Зуныг яаж өнгөрүүлж байна вэ, амарч чадав уу?
-Амарч байгаа. Саяхан Мальдив, Ром, Сен-Тропе, Норманд, Парист гэсэн маршрутаар аялаад ирсэн. Тони бид хоёр хамт аялах дуртай. Нэг газар очоод амарч байна гээд зүгээр суух дургүй. Мальдивт өвлийн спорт, дайвингаар хичээллэж, Ромд очоод хотоор зөндөө явсан.
-Оддыг жуулчны маршрутаар аялдаг гэж мэдсэнгүй?
-Бид танхил хүмүүс биш. Би хөдөө өссөн. Бага байхад манайхан их аялдаг байсан. Тиймдээ ч замын тоос, аялал зугаалга гэдэг эртний танил маань л гэсэн үг. Тэгээд ч Тонитой хамт байхад сайхан байдаг юм.
-Аз жаргалтай гэр бүл байхын нууц нь юу юм бэ?
-Яахаар гэрлэлт бүтэлгүйтэж, ямар гэрлэлт асуудалгүй байдгийг ойлгоход их хэцүү. Биднийг аваад үзье л дээ. Эхэндээ нэг нэгэндээ таалагддаг, хамт байх дуртай найзууд байсан. Удалгүй бусдын адил дурлалцаж, хамт байхдаа аз жаргалыг мэдэрдэг болсон. Миний бодлоор аз жаргалтай гэр бүлийн гол нууц нь хоёулаа үүнийг хүсч, сайн сайхан байлгахын төлөө хичээдэгт байдаг байх. Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд бидэнд асуудал гарч байгаагүй. Хүмүүс итгэхгүй ч байж болох ч энэ үнэн. Хамгийн гол нь ухаалаг байж, нэгийгээ ойлгох хэрэгтэй юм болов уу.
-Нөхөр чинь танаас дүү. Насны зөрүү амьдралыг үзэх үзэлд нөлөөлдөг үү, та хоёр бүх талаар адилхан хариуцлага хүлээдэг үү?
-Үнэнийг хэлэхэд өөр. Би түүнээс эгчмэд ч гэлээ Тони амьдралд надаас илүү бодитой, нухацтай ханддаг.
-Та хоёр бие биедээ гэнэтийн бэлэг барих дуртай хэвээрээ биз дээ?
-Бид гэнэтийн бэлэгэнд дуртай. Хаанаас ч билээ, гэнэтийн бэлэг бол үггүйгээр хайраа илэрхийлэх сайхан арга гэж уншиж байсан юм. Үнэн шүү.
-Сүүлд авсан гэнэтийн бэлэгээ сонирхуулаач?
-Миний төрсөн өдрөөр Тони найзуудтайгаа Техасаас ирсэн. Би түүнийг ингэнэ гэж ер бодоогүй. Би Cluedo тоглох дуртай. Харин тэр компанитай нь ярьж байгаад энэ тоглоомыг бодитоор нь тоглох боломж өгсөн. Үнэхээр хөгжилтэй байж билээ. Бас хуримын ойгоороо Венецед очиж, романтик оройн зоог барьсан.
-Та хоёр гэрлээд гурван жил болсон байна шүү дээ …
-Гэсэн ч өчигдрийнх юм шиг санагдаж байна. Болдогсон бол дахиад хуримлахсан. Бидний хуримын ёслол хэвлэлийн шуугиан, сониучирхсан хүмүүсийн дунд жирэлзээд л өнгөрсөн. Одоо бодох нээ гэрлэх ёслолоо бид өөрсөндөө зориулж хийж чадаагүй юм шиг. Тиймээс дахин нэг удаа, ойр дотнынхоо хүмүүстэй нам гүмхэн хуримлах юмсан гэж боддог.
-Та хоёр ажлын шаардлагаар ихэнхдээ тусдаа байдаг. Ийм тохиолдолд итгэлцэл хамгийн чухал байдаг биз дээ?
-Бие биедээ бүрэн итгэж чаддагтаа бид их баяртай байдаг. Тэгээд ч нэгнийхээ хувийн орон зайг нь хүлээн зөвшөөрч, хүндэтгэдэг болохоор энэ тал дээр нэг их асуудал гардаггүй юм.
-Тони харддаггүй хэрэг үү?
-Үгүй гээд хэлчихвэл ёстой инээдтэй хэрэг. Гэхдээ тэр ………..
-Хүүхэдтэй болох талаар ямар бодолтой байна вэ?
-Бүх хосод хүүхэдтэй болох төлөвлөгөө байдаг шүү дээ. Харин бид тодорхой хугацаа товлоогүй. Цаг нь болохоор олон хүүхэдтэй, сайхан айл болох биз.
-Та хүүхэд үрчилж авах уу, энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?
-Хандив тусламжийн ажлаар явж байхдаа гэр бүлгүй, золгүй хувь тавилантай хүүхдүүтэй олон таарч байсан. Хэн ч харсан тэдний ирээдүй бүрхэг, хувь тавиланд нь санаа зовдохгүй байхын аргагүй. Гэсэн ч энэ асуултад яг одоо “тийм” эсвэл “үгүй” гээд хариулж чадахгүй нь.
-Та хандив, тусламжийн ажилд нэлээн их оролцдог байх аа?
-Том эгч маань төрөлхийн гажигтай. Тиймээс ч түүний ачаар би зарим зүйлийг арай өөрөөр хардаг болсон. Бага байхаас ээж бусдад туслахдаа тэвчээртэй, хүлээцтэй байхыг сургасан. Бусдад туслах нь миний үүрэг гэдгийг би багаасаа заалгасан.
-Лизатай хамт өссөн болохоор тэр үү?
-Тэр бол манай гэрийн хамгийн том нь. Зөвхөн ээж, аав хоёр ч биш манай гэрийнхэн бүгд л түүнд санаа тавьж, халамжилдаг. Тэр бол манай гэрийн гэрэл гэгээ болсон гайхалтай хүн. Лизаг бидэнтэй хамт байгаад баярладаг шүү.
-Хүүхэд насныхаа талаар дурсаач?
- Жилд ганцхан шинэ гутал авч, 365 хоног өмсдөг байсан ч бага нас маань сайхан байсан. Эцэг, эх маань чинээлэгү хүмүүс байгаагүй ч гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, хайр, хүндлэл гээд бидэнд.хэрэгтэй бүх зүйл байсан. Жүжигчин болоод анх удаа амьдралд хүрэлцэхүйц хэмжээний мөнгө авсан даруйдаа эцэг, эхдээ байшин авч өгч байсан. Одоо бол надад санхүүгийн хувьд асуудал байхгүй. Гэсэн ч би мөнгө үрэх дургүй. Дэгжин гоёл, цүнх, гуталд дуртай ч баруун солгойгүй мөнгө үрээд байх дургүй.
-Гарал үүсэл чинь танд хэр чухал вэ?
-Би саяхан Мексикийн нэгэн цувралд тоглосон. Энэ бол анх удаа испани хэлээр тоглосон кино. Би Испани оронд, хэл, соёлд нь дуртай. Миний дуртай хөл бөмбөгийн баг бол “Барселона”. Лонгория гэдэг овог маань Испанийн Астурияд байдаг газрын нэр. Ирэх арваннэгдүгээр сард эцэг, эхтэйгээ Астурид очно. Тэд маань уугуул нутагтаа очихсон гэж байнга ярьдаг.
– “Яахаас ч буцахгүй эзэгтэй” цуврал та нарын амьдралыг хэр өөрчилсөн бэ?
– Опрагийн шоунд уригдахдаа л алдартай болж байгаагаа мэдсэн. Тэр шоунд оролцоно гэдэг тун ховор боломж, тэр агшин бидний амжилт нэг шат ахисныг харуулсан.
-Та “Яахаас ч буцахгүй эзэгтэй нар” киноны хамтран тоглогчидтойгоо ямар харилцаатай байдаг вэ?
-Бид их ойр дотно байдаг. Марси Кросс бага насны хүүхэдтэй болохоор ойр ойрхон уулзаад байж чаддаггүй. Фелисити Хаффманы хүүхдүүд ч гэсэн жаахан болохоор завгүй. Гэхдээ тэр хэдийнэ хүүхдүүдийнхээ коллежийн тухай бодоод эхэлсэн байна лээ. Бид киног нэрд гарахаас өмнө дотнын найзууд болсон байсан. Хэдийгээр ажил дууссан ч бид сайхан харилцаатай хэвээрээ.
-Габриэль та хоёрын хооронд хэр их ялгаа байсан бэ?
-Эхэндээ би өөрийгөө түүнтэй харьцуулж боддог байсан. Гэхдээ бид тэс өөр болохоор нэг анхаарал хандуулаад байх зүйл биш. Би түүн шиг биш, зөвхөн ажил болохоор тайлбар хийгээд, олон зүйл бодоод байх хэрэггүй. Габриэль хүүхэдтэй болоод их өөрчлөгддөг тэр хэсэгт би ч гэсэн хүүхэдтэй болвоо их өөр болох болов уу гэж бодогдож байсан.
-Нээрэн цуврал дууссны дараа та илүүдэл жинтэйгээ тэмцэх гэж нэлээн юм болсон байх даа?
-Инээдтэй юм. Тэр ердөө л дүр хувиргалт байсан шүү дээ. Тэр дүрийг гаргахын тулд үсээ тайруулаад, тарган харагдах хэрэгтэй болсон. Бид дүр хувиргалтын тал дээр нэлээд их ярилцаж байж тэр төрхийг бий болгосон юм шүү. Үсээ богинсгоод, давхар эрүү хийлгэж, том гэдэстэй болсон. Би нөхөртэйгөө асуудалтай, хоёр хүүхэдтэй Габбигийн дүрд тоглож байсан. Киноны дараа хүмүүс намайг тун богино хугацаанд турсан, онцгой жортой гээд л хэвлэлээр бичээд байсан.
-Та жинхэнээсээ таргалчихвал яах вэ?
-Ямартай ч би байгаагаараа нөхөртөө таалагддаг гэдгээ мэднэ. Тэр хэзээд намайг хайрлах болно. Нөгөөтэйгүүр, би жингээ бүрэн хянаж чадахгүй болохоор тухайн үедээ л болох биз.
– Алдартай болоход ашиг орлого нэмэгдэхээс гадна сонирхолтой олон өөрчлөлт байдаг биз дээ?
– Хүн бүрийн хувьд өөр өөр байдаг байх. Жишээлбэл, анх удаа Оскарын шагнал гардуулах ёслолд оролцоод, дараа “Vanity Fair"-ийн уламжлалт үдэшлэгт уригдлаа. Тэнд алдартай хүмүүс нэг дор тийм олуулаа цугласан анх удаа харсан. Тэгээд маш и хсэтгэл хөдлөн “Бурхан минь, Клайв Оуэн өөрийн биеэр зогсож байна!”, хэд алхаад л “Тэнгэр минь! Энэ чинь Жонни Депп байна” гээд л дотроо үглээд явж билээ.
– Оддоос хэнийг нь царайлаг гэж хэлэх вэ?
– Жонни Депп. Би анх түүнтэй уулзаад юу ч ярьж чадаагүй. Бас Кейт Уинслетийг нэрлэх юм байна.
– Дэлгэцээр харахад та их дэгжин бүсгүй шиг харагддаг. Харин нүүр тулаад уулзсан чинь ...?
– Тэгэлгүй дээ, энгийн үед жинсэн өмд, богино ханцуйтай цамц л өмсдөг. Зундаа нарны малгайгаар гоёод, өвөл бол “Uggs” өмсөөд бусдын л адил хувцасладаг.
-Та Виктория Бэкхэмтэй найз. Яаж танилцсан юм бэ?
-Тони тамирчин гэдэг утгаараа нэлээд эртнээс таньдаг юм билээ. Тэгээд тэднийх Америкт ирэхэд бид гэр бүлээрээ танилцаж, нөхөрлөсөн. Вик бол авьяастай загвар зохион бүтээгч, эмэгтэй хүнийхээ хувьд гайхалтай бүсгүй. Түүний загваруудад би дуртай. Загварын ертөнцийн сонгодог загвар өмсөгч. Тэр бол хувцас загварын тал дээр харьцуулашгүй мэргэжилтэн гэдгийг би батлаж чадна. Сайн ээж, гайхалтай ажил хэрэгч бүсгүй.
-Үе тэнгийн, нөхрүүд чинь адилхан тамирчин, хоёулаа ид гялалзаж яваа алдартай, үзэсгэлэнтэй бүсгүйчүүд гээд та хоёрт төстэй зүйл олон байдаг байх?
-Бид тамирчдын эхнэр болохоор нийтлэг зүйл олон шүү. Тиймдээ ч нэгнийгээ ойлгож, дэмждэг юм.
Сайн уу шинэ долоо хоног!
Энд байгаа болохоор юм уу, ийм байгаа болохоор юм уу сэтгэлийн чинадад жаал уур бухимдал байгаад байх юм. Шинэ өглөө эхэлсэн ч гэлээ баяр баясал, эрч хүч гялалзахгүй юм. Өглөө охиндоо хоргодож, хоргодож гэрээсээ гараад BLUЕBUSS гэдэг супер унаандаа суулаа. Жолооч нь нисгэгч ээ нисгэгч. Өөрийнхөө овсгоо самбааг хэнд ч юм, автобус дүүрэн зорчигчдод гайхуулах гэдэг юм уу давхина гэж үзүүлээд өгнө шүү дээ. Зүв зүгээр ажлаа тараад автобусанд суугаад гэртээ харих замдаа савсаг жолоочийн уршигаар осол гарч би гэдэг хүн үхэх ч юм уу үгүйдээ бэртэж гэмтээд насны "юм"-тай үлдвэл яана аа гэдэг бодол үе үе зурсхийнэ. (Муу ёр, муу ёр түй түй). За тэгээд супер унааны маань зорчигчид ч гэж БИ гэсэн хүмүүс. Хэл ам ч гэж гүйцэгдэхгүй, хэрүүл шуугиан ч хааяагүй. Архичин, бөбөчингүүд чинь бүүр мундаг гээч. БОС гэж байгаад л мань мэтийн муусайн ядарсан охид эмэгтэйчүүдийг нь хөөж босгож байгаад л тухлана шүү дээ. Хэдэрлээд суугаад байвал бүх амьдралдаа сонсохооргүй тийм муухай хараал, бүдүүлэг үг яриа, сэжгийн доромжлол сонсох болно. Бушуухан босох минь. Тэгээд нүд хужирлаж, сонор "мялаасан" чимээ шуугиантайхан автобусаараа явсаар байгаад арай хийж ажилдаа ирнэ. Ороод ирнэ, гунигтай. ...............
Ажил тарна гэр лүгээ , охиндоо яарсаар супер BLUEBUS аа хүлээж байгаад л сууна шүү дээ Тийм болохоор би машинтай болмоор байна аа хөх тэнгэр минь гэж!!!!
Ажил тарна гэр лүгээ , охиндоо яарсаар супер BLUEBUS аа хүлээж байгаад л сууна шүү дээ Тийм болохоор би машинтай болмоор байна аа хөх тэнгэр минь гэж!!!!
Subscribe to:
Posts (Atom)