Monday, August 9, 2010
Анжелина Жоли: Охин маань эрэгтэй хүүхдийн нэртэй болохыг хүсч байгаа
Дэлхийн бүхий л хэвлэл, мэдээллийн хэрэгслээр түүний тухай мэдээ, мэдээлэл гарч байдаг болохоор Анжелина Жолиг манай үеийн хэвлэлийн баатар гэхэд хилсдэхгүй. Түүнийг Мексикт зураг авалтад оролцож байхад нь “7 Д” сэтгүүлийн сурвалжлагч ярилцжээ. Тэр энэ удаа дөрвөн хүүхэдтэйгээ яваа аж. Харин Вивьен Маршелин, Нокс Леон хоёр аавтайгаа гэртээ үлдсэн гэнэ. Түүнтэй ярилцахаар хүлээж байх зуураа гоо сайхан, авьяас билэг, нэр цуугаараа дэлхийд алдартай бүсгүйн эгэл жирийн эх хүний төрхийг харах ховор завшаан надад тохиосон билээ. Анжелина зураг авалтандаа явахдаа асрагч, зочид буудлын ажилчдад хүүхдүүдээ орхисон байв. Хүүхдүүд усан санд сэлж, хөвдөг гудасан дээр наадна. Бага насны дөрвөн хүүхэд тэнд тоглож байгаа гэхэд чимээ шуугиан, уйлаан, маргаан ер гарахгүй байсан юм. Харин ч нэгэндээ найр тавьж, эелдэг харилцаж байгааг харлаа. Хэсэг хугацааны дараа хүүхдүүд усан сангаас гарч, биеэ арчин далайн эрэг рүү цаасан шувуугаар тоглохоор явлаа. Тэдний дунд эрэгтэй хүүхдийн усны өмд, майк өмссөн Шило хамгийн хөгжилтэй харагдаж байсан бол хормойтой усны хувцас өмссөн Захар тун “дэгжин” харагдаж байсан юм. Хүүхдүүдийн ээжийг ажлаасаа ирэхийг нь хүлээх зуураа дэлхийн алдартай нэгэн гэр бүлийн амьдралыг харсан минь энэ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр авч байсан янз бүрийн мэдээллээс илүү тэдэнтэй хамт байсан энэ хэсэгхэн хугацаа тэдний талаар олон зүйлийг ойлгуулсан. Хэрвээ эмэгтэй хүн эх болохыг хүссэн л бол хэдэн хүүхэдтэй байх нь хамаагүй, хүүхдээ өргөж авсан байна уу, өөрөө төрүүлсэн үү гэдэг нь ч чухал биш. Энэ бол миний хүлээж байсан тэр эмэгтэйн хэлсэн үг.
— Анжелина, “Солт” киноны зарим хэсэгт оросоор ярьж байгаа. Жилийн өмнө та орос хэл сурч байгаа гэж байсан. Үр дүн хэр байна?
— Тийм. Гэхдээ орос хэл үнэхээр хэцүү юм билээ. Үүнийг биеэрээ мэдэрч байж л ойлгосон. Одоо бол ердөө гадарлах төдий, ярьж чадахгүй.
— Гэхдээ та Оросын сонгодог зохиолын баатар Анна Каринагийн дүрд тоглохыг хүсдэг гэсэн биз дээ?
— Тийм ээ, би бэлтгэж байгаа ч хэн нэг нь надад санал тавихгүй л юм (инээв)
— Яг одоо таны тоглож байгаа “Солт” киног анх Том Крузд зориулан бичсэн, тэр гол дүрд тоглох ёстой байсан гэж сонссон?
— Кино зохиолыг бичиж байхад л болсон эртний явдал шүү дээ. Тэр үед гол дүр нь Эдвин Солт гэдэг нэртэй, эхнэр хүүхэдтэй байсан. Харин продюсер нь гол дүрийг надад өгөх үедээ нэрийг нь Эвелин болгон өөрчилж, эрэгтэй дүрээсээ ялгаагүй гэр бүлтэй болгосон юм билээ. Харин хүүхэдгүй. Үүнийхээ учрыг ийм ажилтай эмэгтэйчүүд хүүхэд гаргадаггүй гэж надад тайлбарласан. Би дүрээ судлахын тулд Тагнуулын төв газрын офицер бүсгүйчүүдтэй уулзаж байхдаа учрыг ойлгосон. Удирдлага нь тэднийг гэрлэхийг зөвшөөрдөг ч хүүхэд гаргахыг хориглодог. Нөхөртэй эмэгтэй ажлаа хийдэг ч ээж болсон үед бүх зүйл эсрэгээрээ байдаг. Харин эрчүүд хэзээд ажилдаа бүхнээ зориулдаг. Хэн нэг нь түүнийг албадаагүй байсан ч тэр.
— Киноны найруулагч Филлип Нойс “Өнөө цагт адал явдалт кинонд тоглож чадах цор ганц эмэгтэй жүжигчин бол Анжелина” гэж хэлж байсныг уншсан юм байна?
— Тэр надтай уулзахдаа ч ингэж хэлж байсан. Гэхдээ хэн нэг нь ингэж хэллээ гээд би ганцхан хэлбэрт баригдмааргүй байна. Хүмүүс Брэдийн тоглосон галзуу, баатарлаг, хайр татам гээд олон дүрийг мэднэ. Би ч гэсэн тийм байхыг хүсдэг болохоор найруулагч Тимур Бекмамбетовтой хамтран “Wanted” кинонд тоглосон юм. Олон хувирч, адал явдлаас түүхэн сэдэв, инээдмийн киноноос сэтгэлзүйн төрөлд ээлжлэн тоглохыг хүсдэг. Хэдэн жилийн өмнө “Sony” компанийн Эми Паскаль надтай уулзаад “Бондын кинонд тоглох уу” гэж асуусан. Би наргиан болгон “Бондын дүрд бол болох л юм” гэж билээ. “Солт” кино миний тэр хүслийн биелэл болсон гэх үү дээ. Яг миний бодож байснаар адал явдалтай, өрнүүн кино. Ийм дүр бүтээх гэж маш их хүсч байсан, энэ хүслийг минь дэмжих хүн дэргэд байсан. Санал ирэх үед би дөнгөж төрчихөөд байсан ч үнэхээр хүсч байсан болохоор татгалзаагүй. Харин нөхөр маань хориглоогүй. Тэгээд л би Нокс, Вивьен хоёрыг төрүүлээд удаагүй байхдаа ажилдаа орж, бие галбираа засч, төрсний дараах ядаргаагаа тун богино хугацаанд тайлсан шүү.
— Төрсний дараахан адал явдалт киноны гол дүрд тоглоно гэдэг үнэхээр эрсдэлтэй шийдвэр байсан биз дээ, Брэд ерөөсөө дургүйцээгүй гэж үү?
— Мэдээж санаа нь зовж байсан. Гэхдээ яг одоо л үүнийг хийхгүй бол хөгшрөөд ч юм уу ямар нэг шалтгааны улмаас ийм боломж олдсон ч ажиллаж чадахгүй байх гэсэн совин татаад байсан юм. Тэгээд ч эрсдэл гаргахгүйгээр амжилт олохгүй. Би энэ дүрд мэргэжлийн түвшинд тоглож чадна гэдэгтээ итгэлтэй байсан, кино багийнхан аюулгүй байлгах үүднээс бүхнийг хийж байгаа. Би өндрөөс айдаггүй ч уулын орой дээр тулалдаж, дээвэр дамжин гүйж, 12 давхарт байшин дамжиж явах гээд хэцүү зураг авалтууд байсан. Байшингийн ханаар явах зураг авалт эхэндээ эвгүй байсан ч гутлаа тайлчихсан чинь илүү эвтэйхэн, амархан санагдсан. Нэг айдсаа ингэж давсан ч өөр бэрхшээл гарсан. Эвелин ямар спортоор хичээллэвэл тохирох вэ гэдгийг удаан бодсон. Эмэгтэй хүн, эрчүүдтэй тулалдаад ялах ёстой. Тэгээд өвдөгөөрөө тулалддаг Muay Thai гэдэг тун онцгой төрлийг арай өөрчлөн өвдөг, мөр, тохойгоо ашигладаг болгон хичээллэж үзсэн. Гэсэн ч энэ төгс хувилбар болоогүй. Тэгээд л Израйлын Тагнуулынхан хичээллэдэг Krav Maga гэдэг тулааны төрөл илүү зохимжтой гэж шийдсэн.
— Хамтран тоглогчдын чинь нэг польшийн жүжигчин Даниэль Ольбрыхскийгийн талаар юу хэлэх вэ? Та хоёр яаж ойлголцож байна вэ?
— Тун сонирхолтой хүн шүү. Эхэндээ түүнийг гаднын жүжигчин гэдгийг мэдээгүй. Эхний зураг авалт дуустал түүнтэй ер харилцаагүй, тэр ч бүхнийг өөрийнхөөрөө хийж байсан. Тэгэхэд л түүнийг ямар агуу сэтгэлтэй жүжигчин болохыг ойлгосон. Тэгээд ч Даниэль боксчин байсан болохоор архаг тулаанч гэж хэлж болно. Бараг жүжиглэх шаардлагагүй, дүр нь түүнд зохиж байсан.
— Киноны өрнөл нь сонирхол татаж байна, магадгүй эротик дүрслэл байх болов уу?
— Иймэрхүү зураг авахдаа жүжигчдийг шахаж, шаардах албагүй. Хэрвээ тийм шаардлага гарвал татгалзах бодол алга. Хэрвээ найруулагч заавар өгвөл түүний хүсснийг л гаргах ёстой. Гэхдээ заавал секс гэхгүйгээр нүцгэн байгаагаар зураг авах ч юм бил үү.
— Та үнэхээр тагнуулч байж чадах байсан болов уу?
— Би нууц хадгалж чадах байх аа (инээв). Гэхдээ тийм ч чамбай тагнуулч байхгүй болов уу. Би амьдралаа Брэдгүйгээр, хүүхдүүдгүй, гэр бүлгүйгээрээ төсөөлж чадахгүй нь. Ажлаасаа өмнө хүүхдүүдтэйгээ ганц цаг ч хамаагүй тоглож, Брэдтэй утсаар ярьна. Энэ бүхэн үгүй бол аз жаргал гэж юу вэ гэдгийг хэлж мэдэхгүй нь.
— Яг одоо тоглож байгаа киногоо хүүхдүүдээ хэзээ үзүүлэх вэ?
—Мэддокс, Пакс Тьен, Захар гээд арай томууд нь киноны постерийг харсан. Гэсэн ч яг киног үзэхээрээ ээж нь дээврээс үсэрч, эрчүүдтэй зодолдож, шаргал үстэй болчихсон байгааг хараад гайхах байх л даа. Миний хиймэл үс тэднийг хамгийн их цочирдуулах байх. Би нэг удаа ажлаасаа шууд гэртээ ирсэн. Мэддокс миний өмссөн хувцас, эршүүд төрхийг хараад нөгөө өрөөнүүдээр гүйж бусдыгаа дуудсан. Тэгээд буцаж ирээд намайг хараад л байсан. Харин би байнга тэдэнд хэлдэгээрээ “Хүүхдүүдээ би энд байна. Бүгдээрээ нааш ирээрээрэй” гэж дуудсан. Үүний дараа би хүүхдүүдийг зургийн талбайд аваачин ажлаа танилцуулсан. Хиймэл цус, дүр хувиргалт гээд нэлээд олон зүйлийг үзүүлсэн болохоор дахин тийм ноцтой хүлээж авахгүй байх. Тэгээд ч ингэсэн маань их зөв алхам болсон. Нэг зураг авалтын үеэр би бэртэж, толгой хамраа гэмтээсэн. Хүүхдүүдэд аймаар санагдаагүй. Харин тэр гэмлэлтэйгээ нүүр хувиргалт хийлгүй дараагийнхаа зураг авалтад орсон. Яг тэр хэсэг дээр Эвелин нэлээн гэмтсэн байх ёстой байсан. Бас эрэгтэй хүн болж хувирдаг хэсэг бий. Тэр үедээ Брэдэд “Би өнөөдөр эр хүн болно, чи үүнийг харахыг хүсэхгүй л байх даа” гэхэд тэр зургийн талбай дээр ирсэн. Нүүрэнд маань нэлээд хувиргалт хийсэн. Зургийн дараа нь эхнэрийн минь биед эр хүний толгой залгачихсан юм шиг санагдлаа гэж билээ. Энэ хувиргалтыг хараад Брэд миний бие, нүүр царайнд ямар их хайртайгаа мэдэрсэн гэсэн. (инээв)
— Эрэгтэй байсан бол сайн дүр бүтээх байсан байх даа гэж бодож байв уу?
— Өө үгүй, үгүй. Эмэгтэй байх надад хавьгүй сайхан санагддаг. Би байгаа бүхэндээ сэтгэл хангалуун байдаг. Хүүхдүүд маань Брэдэд дэндүү хайртай болохоор ингэж боддог байж болох. Шило өөрийгөө эрэгтэй хүүхэд гэж боддог болсон. Зөвхөн костюм, өмд өмсөнө. Гэзгээ тайрч, үсээ халимаг болгосон. Зөвхөн ингээд зогсохгүй нэрээ өөрчилж Жон гэж дуудуулхыг хүсч байгаа. (инээв) Бүр зөвхөн Мэддокс и Пакс хоёртой тоглож байхыг хүссэн. Гэхдээ би үүнд нэг их санаа зовохгүй байна. Хүүхэд угаасаа янз бүрийн юм сэтгэж, санаанд оромгүй үйлдэл хийдэг дүрсгүй амьтад шүү дээ. Шило их хөгжилтэй хүүхэд. Би бол хэзээ ч тийм алиа хошин яриатай, марзан байж үзээгүй. Хүүхдүүд маань бүгд өөр, өөрийн гэсэн онцлогтой, биеэ даасан хувь хүн болж төлөвшинө, үүнд нь би баяртай байдаг. Хэн нь ч давтагдашгүй, цор ганц хүмүүс байх болно. Брэдийн гэр зургаан супер хувь хүн төлөвшиж байна. (инээв) Захар шүлгийг гайхалтай уншина, үнэхээр сайхан хоолойтой. Тэр маш дэгжин, бяцхан хатагтай шүү. Мэддокс бол их ухаантай. Хичээлдээ сайн, түүх сонирхдог аялалд дуртай. Зохиолч болно гэж ярьдаг.
— Ихрүүдийн тухайд?
— Нокс бол их тайван, намуухан хүү. Харин Вивьен нэлээн хөдөлгөөнтэй, их эмэгтэйлэг. Вив намайг дуурайсан. Харин Нокс аавыгаа. Гэхдээ л тэд энгийн хүмүүс байгаасай гэж боддог шүү.
— Та хоёрыг дахиад хүүхэдтэй болох гэж байгаа гэсэн үнэн үү?
— Иймэрхүү яриа их сонин. Намайг жирэмсэн болоход Брэд салах гээд байгаа, эсвэл намайг жирэмсэн болсон болохоор Брэд салахаа больсон гээд л. Яг энэ сэдвээр олон янзын юм ярьцгаадаг. Бид дахиад хүүхэдтэй болж ч магад. Гэхдээ яг одоо үүнээс илүү хүүхдүүдээ эрүүл саруул, ухаантай, бие даасан хүмүүс болгон хүмүүжүүлэхэд анхаарал хандуулж байна. Тэднийг нэг бүрчлэн анхаарч, халамжилж, цаг гаргах ёстой гэдгийг эцэг, эхчүүд бүгд л мэднэ.
— Тэгээд ажлынхаа хажуугаар яаж хүүхддүүдээ халамжилж, анхаарч байгаа юм бэ?
— Ажлаа хийх хэрэгтэй ч хүүхдүүд илүү чухал. Кино гэдэг гайхалтай агуу ертөнц. Би яг одоо чадаж байгаа бүхнээ л хийнэ.
— Бас хүмүүнлэгийн ажил хийж байгаа шүү дээ?
— Гэр бүлдээ хайртай, тэдэнтэйгээ хамгийн их жаргалтай байдаг. Их ажлын дараа гэртээ ороод ирэхэд л хүүхдүүд шуугилдаад, бүжиглээд байж байдаг. Тэгэхээр нь хэчнээн ядарч байсан ч тэдэнтэй нийлж, бүжиглэнэ, дуулна. Би хүүхдүүдийнхээ өсч том болж байгааг харж, дэргэд нь дэмжиж, халамжилж байхыг хүсдэг. Гэсэн ч тэдний ирээдүй гэж бодохоор тайван байх аргагүй. Өвчин, эмгэг, байгалийн гамшиг, гэнэтийн осол эндэл гээд л санаа зовоох зүйл мундахгүй. Харин хойноос нь санаа зовох эцэг, эхгүй сая сая хүүхдүүд бий. Тэдний амьдарч буй хором бүр эрсдэлтэй. Тиймээс тэднийг хамгаалж, өвдөхөд нь эмнэлэгийн тусламж үзүүлж, шинэ гэр бүлтэй болоход нь хэн нэгэн туслах хэрэгтэй гэж бодоод тусламжийн төв байгуулсан. Одоогоор хэд, хэдэн оронд 500 гаруй төв ажиллаж байгаа. Би зөвхөн Гаитид очиж үзсэн. Гэхдээ Брэд бид хоёр Чад, Эфиоп, Камбожид “Sos Children’s Villages” төвд хандив өгсөн.
— Та өмнө нь ажлаар хол явахдаа хүүхдүүдээ авч явдаг байсан уу?
— Тиймээ, ихэнхдээ Захар, Пакс Тьен, Мэддокс гурвыг авч явдаг. Би хүүхдүүдээ дэлхий ертөнцтэй танилцуулмаар байна. Гэрийнхээ цонхоор харчихаад л хорвоо ертөнцийг төсөөлж болохгүй шүү дээ. Бид хоёр болж өгвөл хүүхдүүдээ авч явахыг боддог. Гэхдээ бид хэзээ ч зэрэг ажиллаж байгаагүй. Намайг ажилтай байхад Брэд гэртээ байдаг. Энэ зураг авалт бараг дөрвөн сарын өмнөөс эхэлсэн.
— Та хэр хатуу ээж вэ?
— Би тийм хатуу, ширүүн хүн шиг харагдаж байна уу? (инээв) Тоогүй юм. Би хүүхэд байхдаа амралтын өдрийн өглөө ээжийг унтаж байхад нь очоод л дэргэд сууж байгаад хэчнээн цагаар ч хамаагүй дэмий ярьдаг байсан. Энэ бүхнийг тэвчдэг байсных нь төлөө одоо би ээждээ талархаж явдаг юм. Ээжтэйгээ л ярилцаж байхдаа олон зүйлийг ойлгож, мэдэж, өөрөө өөрийгөө олж авсан гэж боддог.
— Та нэлээд хугацааны турш аавтайгаа таагүй харилцаатай байсан. Харин эвлрээд багагүй хугацаа өнгөрч ...?
— Энэ үнэн. Тэр бидний алдаа байсан юм. Одоо бол тэр зээ нартайгаа байх дуртай шүү.
— Аав, ээж хоёрын чинь харилцаа тийм ч таатай байгаагүй. Хосуудын хайр дурлал үүрдийнх байж болно гэж та боддог уу?
— Үгүй дээ! Би анх Брэдтэй уулзаж байхдаа хамт хөгширнө гэж бодохдоо ер айгаагүй. Заримдаа манай хүүхдүүд “Ээж, аав хоёр яг л дурлалт хосууд шиг байх юм” гэж шоолдог. (инээв)
— Хайр дурлалаа хамгаалах талаар хосуудад ямар зөвлөгөө өгөх вэ?
— Би сайн зөвлөгч биш. Миний бодлоор хосууд илэн далангүй, шударга байвал дээр. Ямар ч зүйл дээр худал дүр эсгэх хэрэггүй, өөрийнхөөрөө л байх хэрэгтэй. Нөгөөтэйгүүр өөрийгөө бүрэн таньж мэдээгүй тохиолдолд шударга харилцаа үүсгэнэ гэдэг амаргүй байх.
— Та өөрийгөө бүрэн таньсан гэж боддог уу?
— 60 хүрэх үедээ бол өөрийгөө бүрэн мэддэг болсон байх. Гэхдээ одоо бол үнэ цэнэ, сайн муу талаа мэднэ. Тийм ч их хүчтэй, тэвчээртэй, ухаантай гэж бодохгүй байна. Ер нь бол өөрийгөө мэднэ.
-Уламжлалт асуултаар ярилцлагаа төгсгөе. Та хоёр хэзээ хуримаа хийх вэ?
— Бид хэдийнэ эхнэр, нөхөр болсон шүү дээ. Хүүхдүүд гэдэг гэрлэлтээс илүү хосуудыг бат бөх холбоо болдог гэж би бодож байна. Хүүхэд гэдэг хүний амьдралын утга учир, тэдний төлөө маш их хариуцлага хүлээдэг.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment