Wednesday, October 9, 2013

Анхны төрсөн өдөр

Хүүгийн төрсөн өдөр болох нь ээ, бас миний хувьд хүүгээ төрүүлсэн өдөр. Тэгээд сайхан баяр хийе гэж бодогдоод болдоггүй. Гэртээ завтай сайхан байгаа болохоор тэгэж байгаа юм уу, удаах хүүхэд дээрээ туршлагажиж байгаа юм уу, эсвээс хүмүүс хүүхдийнхээ төрсөн өдрийг нүсэр тэмдэглэж байгааг хараад атаархсандаа юм уу бүү мэд. Ямар ч гэсэн баяр болгож тэмдэглэх хүсэл төрөөд болдоггүй. Тэгээд төлөвлөгөө гаргана аа.
Хамгийн гол нь баярын ширээ.

Энэ зууш хийхэд амарын дээр чимэгтэй болохоор их таалагддаг

 Энэ харин салатны оронд зүгээр юм шиг санагдаад байгаа юм, жижүүрийн нийслэл салатнаас татгалзаад иймийг туршмаар.
 Угаас тэр өдрийн үндсэн хоол пицца байх болно. Тахиа болон махтай пицца л байх болов уу.
 Энэ ёстой гоё санаа, бялууг бол ямар ч байсан шатар хэлбэртэй хийнэ. Өөрөө юу, захиалах уу гэдгээ бодож байгаа болно оо.
 Жимсийг ингэж тавих их догь санаа байна, бас энэ шилэн аягатай зууш их таалагддаг ш дээ. Хийж байгаагүй ч босоо баярын зоогт их аятайхан.
 Нэг томхон жаазанд шууд ингээд хийчихсэн нь их амар юм байна. Олон жижиг байснаас дараа нь хадгалахад ч гэсэн их зүгээр.
 Кивиний ундаа их аятайхан байж болох юм. Үндсэн ундаагаар сонгоно.
Тэгээд энэ дээр өрөөний чимэглэл, хүүгийн өмсөх хувцас, мини хуушуур нэмэгдэнэ гэхээр би өөртөө маш их ачаалалтай байх гээд байна л даа. Гэхдээ яахуу яахуу. Гоё санагдаад байгаа юм чинь. ккккк. Төрсөн өдрийнх нь дараа ямархуу болсныг нь бичнэ ээ.

Monday, August 12, 2013

Гоё пальто

Миний хүсээд байгаа бол иймэрхүү



ЭНЭ ЖИЛИЙН ЗАГВАР НЬ ИЙМЭРХҮҮ 






Соодтой ус уугаад турна аа



Санаандгүй нэтээр сэлгүүцэж яваад нэг ийм арга олчихлоо. Хүнсний соод хэрэглэж жин хасах арга юм байна.
http://diets.1tv-russia.com/tanya.php
иймэрхүү юм олоод харцан хүн чинь яаж зүгээр байхав, гүйж очоод хоёр цайны халбага соодыг нэг стакан усанд найруулаад уучихлаа ш дээ. Одоогоор таван минут болж байна, гэдэс жаахан хоржигноод л байна. Уухад бас амаргүй байсан, гэхдээ богино хугацаанд өндөр үр дүнтэй, эрүүл мэндэд ноцтой сөрөг нөлөөгүй гэхээр нь.
Дээр нь би өөрөө соодны фэн. Юм юмандаа хэрэглэдэг болохоор хор болохгүй байх гээд бодчихлоо.
Дээр нь дотор эрхтэн цэвэрлэгддэг бололтой арьсны элдэв асуудал алга болдог гэнэ
Үүний зэрэгцээ хоолны дэглэм, хориглолт хэрэггүй гэнэ
Мөн богино хугацаанд өндөр үр дүнтэй
Эргээд таргалах магадлал- мэдэхгүй байна ээ, гэхдээ нэг тураад авбал эргээд таргалахгүй гээд гүрийдгийм байгаа биз дээ
За дээр нь 500 гр далайн давс+200-300 гр соодтой ус хийсэн 38-40 хэмийн халуун устай ваннанд 20 минут хэвтэхэд шууд л 2 кг орчим жин хасдаг гэнэ, туршна аа, туршаарай.
Харин соод уух аргыг турших хэрэггүй байх, эхлээд би.

Нөхдүүд бол мэргэжлийн хүний зөвлөгөөгөөр тусгай аргачлалаар уудаг бололтой юм билээ. Жуков эмчийн хөтөлбөр гээд байна лээ.

Уунаа яадгийн, хүмүүс гурван долоо хоногт арав гаруй кг хаясан гээд байна. Би ч ууг нь алгуурхан турж л байна, гэхдээ сайхан хэвийн жиндээ ормоор байна, тэгэхгүй бол гэртээ суугаад хүүхдээ хараад сууж байгаа надад сэтгэлээр унах юм мундахгүй, дээр нь хэтийдсэн жинтэй галбираа харахаар бүүр депресс рүүгээ гүйчих юм.

Friday, May 3, 2013

Оройн хоол

Хүүхдээ төрүүлээд гэртээ сууж байгаа. Тийм болохоор энэ хугацаандаа гэрийн даамлын ажлыг бас үүрэх болж байна.

Гэрээ цэвэрлэх: Дургүй хүрээд байвал хийхгүй. Ийм болохоор өөрийн гэсэн орон гэртэй байх сайхаан. Дур хүрвэл тачигнатал нь цэвэрлэнэ. Гэхдээ орой аавыг ирэхийн өмнө бол ямар ч байсан цэвэрлэнэ л дээ. Миний хувьд гаднаас ороод ирэхэд гэр орон цэвэрлээгүй байвал уур хүрээд, уушиг сагсайгаад явчдаг гэмтэй тул бусдыг бас тэгдэг байх гэж бодоод, тийм байдалд оруулахгүйсэн гээд хичээдэг.

Хоол хийх: Оройн хоол гэж нэг том ажил байна аа. Хийх нь яахав, харин ямар? гэдэг нь. Аав заримдаа "Нээх сайхан юм идэхийнсаан" гэж санаа алдах нь миний хийсэн, хичээсэн бүхнийг юу ч биш болгочихдог болохоор үнэхээр урамгүй. Жил гурван зуун жаран тав хоногтой, хоолны материал тогтмол будаа, гоймон, гурил, төмс болон жижүүрийн хүнсний ногоо, амтлагчны хувьд дашида, давс, хар перец болохоор олон янзын хоол хийх гээд яалтай билээ.
Будаатай хуурга, цуйван, бууз (бараг л хийдэггүй), хуушуур, гоймонтой хуурга, ногоотой хуурга, бүхэл мах, гурилтай, будаатай, гоймонтой, ногоотой шөлнүүд, мөөгтэй хуурга, тагтуритан, бибимбам (нэг удаа хийсэн, их гоё болсон) гээд нөгөө хэдийгээ шарж нэг үзээд, жигнэж нэг үзээд, хуурч нэг үзээд янз янз болгоод ч хүрээ хязгаараасаа тэлэхгүй юм чинь яалтай билээ дээ.

Өнөө орой бас ямар хоол хийнэ ээ?

Wednesday, May 1, 2013

Хэний төлөө амьдарч байна вэ?



Надад бүх юм бий, байгаа зүйлсдээ сэтгэл хангалуун байдаг, хайртай, зүтгэж, хичээж, мөрөөдөж бүтээсэн. Гэхдээ нэг л биш ээ, хэлбэрийн. Ингээд биччихлээ гээд байгаа бүхнээ үгүйсгээд байгаа хэрэг биш л дээ.

Өөртөө гомдоллож байгаа л юм болов уу даа. Яг одоо бол нэг хүний дундуурыг дүүргэж, дутууг нөхөж, тал бие, тал амьдрал нь болчихоод байна. Нөгөө хүнд маань ч ийнхүү санагдаж байж магад. Яагаад гэвэл хэдэн мянган жилийн турш шалгагдаад, шалгараад ирсэн загварын амьдралаар амьдарч байгаа учраас тэр. Гэр бүл болж тоглодог шиг л.

Харин энэ цаг хугацаанд, энэ орон зайд "би" хаахна байна вэ гээд шагайхаар байхгүй. Харагдахгүй, хаагдсан, мартагдсан, хязгаарлагдсан, золиослосон, нуусан, нуугдсан тийм л ертөнц.

Чинадын чинадаас үе үехэн улалзах хувь хүн минь, би ертөнц минь. Унтарч буй галын цог шиг л, магад мод нэмвэл дүрэлзэн асах биз.

Сайхан хөгжим сонсохсон, сайхан бүжиглэхсэн, сайхан суугаад кофе ууж, утаа сүнгэнүүлэхсэн, гэмгүйхэн дүрсгүйтэж хорвоог нэг эргүүлэхсэн, өөртөө нүд унатлаа гоёхсон, өөртөө сэтгэл ханан мишээхсэн ...

Saturday, March 9, 2013

Атаархах зүйл үгүй ...

Мацгаа бол бариагүй, харин өөр бичих зүйл байна.


‎... Саяхан гэрлэсэн залуу эхчүүд хүүхдээ хоосон хонуулахгүйн тулд биеэ үнэлж эхлэв. Төлбөр нь хэдэн чихэртэй төмс, нэг уут гоймон төдийхэн...

Номоо уншиж байхад хамгийн их зүрх зүсэм санагдуулсан мөрүүд байлаа. Өөрөө хүүгээ төрүүлээд удаагүй байгаа болохоор тэр үү, эх хүний үүрэг гэдгийг ихэд хичээж бодож явдаг болоод тэр үү. Ямартай ч аймшигтай, тархинд ДИНННН гэсэн шунгинаан үүсэгсэн юм, эдгээр үг. Яагаад ч юм энэ бүхэн худал гэж бодогдохгүй байна.


Уншсандаа баярлах хэдий ч дахиж уншихыг үл хүсэх ном. Атаархах зүйл үгүй, үнэхээр Ким Чен Уны ард түмэнд атаархах зүйл алга. Дэлхий дахинаа Хойд Солонгос хэмээн нэрлэгдэх ч Кимийн гэр бүл гурван үеэрээ дарлан тамлаж буй хэсэг хүмүүсийн төлөөнөө энэлэн байна. Барбара Дэмикийн Атаархах зүйл үгүй номыг уншаад ийм л бодол төрлөө.

Би хэдхэн хоногийн өмнө Солонгос улс яагаад хоёр хуваагдсан юм бол доо гэж бодож байсан. “Жангүм” киног үзэж байсан ээж маань надаас энэ асуултыг асуухад би үнэндээ мэдэхгүй байсан учраас мөрөө хавчаад өнгөрсөнсөн. Харин дотроо нээрэн яагаад хоёр хуваагдсан юм бол доо гэж бодоод өнгөрсөн.

iPhone утасныхаа ibooks дээр Dropbox оор дамжуулан татаж авсан хэдэн номоо уншиж байгаа юм. “Атаархах зүйл үгүй” гэдэг сонирхол татах зүйлгүй нэртэй энэ номыг уншилгүй нэлээн тойрсон. Ороолонгууд, Оцелло баатар, Хойд насандаа учирна зэрэг сонирхолтой санагдсан номнуудаа уншиж дууссаны дараа гарчиг нь анхаарал татахааргүй зарим номыг нээж үзсэн юм. Хүн заяа ноогдоогүй нь гэдэг номд дэлхийн нэгдүгээр дайны үеийн еврейчүүдийн амьдрал, амьдрал ч юу байхав дарлал шорон лагерийн амьдралыг өгүүлсэн байсан. Харин дараагийн нь ном Барбара Дэмикийн “Атаархах зүйл үгүй”.

...Сансраас авсан зурган дээр хэдхэн зуун бээрийн дээхнэ гудамж, замын гэрэл, сурталчилгааны самбар, түргэн хоолны газруудын неон гэрлүүд хүмүүс хэрхэн ажлаа хийж ХХI зуунд цахилгаан эрчим хүчээр бялхан байгааг илтгэх мэт жижигхэн цагаан цэгүүд харагдана. Гэтэл гол дунд нь бараг Английн нутагтай тэнцэхүйц хэмжээний газар харлан нүүгэлтжээ. Тэнд 23 сая хүнтэй улс орон гялайж, гялтайх юу ч үгүйгээр далай шиг хов хоосон оргих ажээ. Хойд Солонгосыг зүгээр л хов хоосон гэж хэлж болно...
"Атаархах зүйл үгүй" номын эхний баримт үнэн ажээ гэж.


Хайртай дотнын хүмүүс нь харсаар байтал нүдний өмнө өлбөрч үхэн, өөрөө тэднийхээ төлөө гашуудах ч тэнхэлгүй байх эх хүн, нөхөр хүүхэд хоёроо алдсан хэрнээ хоолны савнууд хоргодлоо гэж хэнэг ч үгүй ярих ээж, хүүхдээ төрүүлэнгүүтээ түүнийгээ өлбөрүүлэхгүй гэсэндээ биеэ үнэлэх ээж, нэг нэгнээсээ эмээн дотроо бүхнийг хадгалах, болохгүй байгааг нь мэдсээр байж бухимдах эрхгүй, уурлаж хараах, уураа гаргах ч эрхгүй нийгэм. Аав нь хүүгээ, найз нь найзыгаа, хөрш нь хөршөө тагнуулдан баривчлуулах аймшигт амьдрал.


Хүүхдүүд ам руугаа хийж болох бүхнийг газраас түүж амиа зогоож эхэллээ.... Хүүхдүүдийг мансууруулан алаад иддэг хүмүүсийн тухай яриа ... нэгэн нүгэлт эцэг төрсөн үрээ алж идсэн гэнэ ... хүний мах идсэн нь нотлогдсон хоёр хүн ...юу дайралдсанаа авч ам руугаа хийж байдаг болохоор хүмүүс тэднийг тэнүүлч хогийн сав гэдэг ...

Энэ номыг уншихаас өмнө би үнэндээ хойд Солонгосын тухай ямар ч ойлголтгүй, ямартай ч социалист улс гэдгийг нь мэддэг байсан. Хоёр солонгос таардаггүй ч гэдгийг нь мэддэг байсан. Харин ийм аймшигтай амьдралтай, ийм аймшигтай нийгэм тэнд оршин тогтнодог гэж мэдээгүй. Хоёр жилийн өмнө Хойд Солонгосын жүжигчид манайд ирэх үеэр хэвлэлийн хуралд нь сууж байсан ч тэдний тухай юу ч мэддэггүй байсан болохоор анхаарч хараагүйсэн. Одоо бол тэднийг ихэд нарийн шинжиж, анхааралтай харахсан. Энэ номонд бичигдсэн зүйлс үнэн үү гэдгийг мэдэх гэж, тэдний нүдэнд юу харагдаж байгааг мэдэх гэж чухалчлан харах байсансан.

Friday, February 22, 2013

Мацаг барина аа


Мацаг барих үед бясалгал үйлдэх нь оюун ухааныг тэтгэнэ

Тогтмол хугацаанд хамгийн багадаа нэг хоногийн мацаг барьж нар мандсаны дараа биеэ цэвэршүүлэх

Сард хоёр удаа сарны байршлын дагуу тодорхой өдрүүдэд мацаг үйлддэг. Мацгийн үед цэвэр агаарт явж цэнгэг агаарыг гүнзгий амьсгалж, бие махбодын дасгалыг идэвхтэй хий

Мацаг барихдаа  юу ч идэж уухгүй

Мацгийг гэнэт огцом бус аажим дасгаж барих хэрэгтэй. Анх мацаг барихдаа жимс болон сүүгээр дагнаж болно. Дараагийн удаа жимс буюу жимсний шүүстэй, дараагийн удаа зөвхөн усаар эцэст нь юу ч идэхгүй, уухгүйгээр мацаг барь

Мацаг тайлах өглөө нар мандсаны дараа давс буюу зөгийн балтай нэг аяга нимбэгний шүүс уу

Дараа нь хагас эсвэл бүтэн гадил идэхдээ зажлалгүйгээр жижиг жижгээр хазаж шууд залги

хөнгөн чанарын шинэ ногоо жимсээр баялаг өглөөний ундаа хагас цагийн дараа уу

Мацгийн дараахь өдөр усанд орохдоо арьсны нүх сүвүүдээр гадагшилсан хор, хог хаягдлыг цэвэрлэхийн тулд биеэ сайтар үрж угаана.

Мацаг барих хамгийн сайн өдрүүд бол шинэ сар буюу тэргэл сар гарахын өмнөх гурав хоног юм.

Monday, February 18, 2013

Эмэгтэйчүүдийн эмч хайна аа

Төрсний дараа савны шавхарга бүрэн гараагүй, эмнэлэгээс гарахын тулд өгсөн "үүрэг даалгаварыг" ягштал биелүүлнэ хэмээн амлаад гэртээ ирлээ. Саванд нэг юм байгаа болохоор Шим Шин 6, эритромицин, трихопол, бас сав агшаадаг хятад эм зэргийг ууж идэх ёстой болов. Уусаан, сав агшаадаг хятад эмийг уухаар хамаг биений чичрүүдэс хүрч, даарч, нүд эрээлжилдэг. Эмчийн бичиж өгсөн хоногоор нь (яг хэд хоног ууснаа санахгүй байна) уугаад очиж үзүүлсэн авчиг савны урд ханад нэг сэжиг бүхий зүйл харагдаад байгаа учраас үргэлжлүүлэн уу гэв ээ. Олон эм уухаар элэг өвдөөд байсан учраас татгалзав. Өмнөх төрөлтийн туршилгаас ашиглан далайн замаг буцалгаж уусан, мөн юмдүүжин уусан. Гэхдээ эмчид очиж үзүүлээгүй. Үнэнийг хэлэхэд эмчийнх нь харилцаа таалагдаагүй юм.

За ийм нэг хүнд гар төрөөд гурван сар боллоо. Тэгсэн хэвлий хавиар нэг л биш шинж тэмдэг илрээд эхлэв. Дүлий эрхтэн гэгддэг сав бага зэргийн өвдөлт мэдрэгдэнэ, доошоо үнэртэй, өнгөтэй зүйл ялгарна. Бэлгийн замын ямар нэг халдвар авах үндэслэл байхгүй учраас би үүнийг анзаараагүй орхисон өнөөх сэжиг бүхий зүйлээс үүдэлтэй хэмээн үзээд эмнэлэг хайлаа.

Өмнө нь Мэри Стопс, Гэр бүлийн нийгэмлэг, Йонсей, бас бус эмэгтэйчүүдийн эмнэлэгээр үйлчлүүлж байсан ч сэтгэлд хүрээгүй учир энэ удаад тогтмол үзүүлдэг, бас найдвартай үйлчилгээтэй эмнэлэгтэй болохоор эрэл хайгуул хийсэн юм.

Интернэт ухлаа, бичил хороололд байдаг Асэ гэдэг эмнэлэг гайгүй сурагтай, үйлчилгээ сайн хэдий ч эмчилгээ, үр дүнгийн хувьд сайн биш бололтой.

Өрхийн болон дүүргийн эмнэлэг- найдваргүй, үр дүнгүй, цаг барсан ажил болохоос гадна эрүүл мэндээрээ хохирох магадлал өндөр

Гран При- СУИС-ын баруун талд байдаг эмнэлэг, ургуулдаг шинжилгээ хэмээх эсийн төвшинд хийгддэг нэлээд үнэтэй шинжилгээ хийдэг бололтой юм билээ, гэхдээ үр дүн найдвартай. Мөн СБД-ийн баруун талд байдаг Монмэд гэдэг лаборторид хийдэг гэнэ.

Улаан тууз- Улсад байдаг хамгийн орчин үеийн тоног төхөөрөмжтэй шинжилгээний төв, мөн улсын байгууллага учраас үнэ төлбөргүй шинжилгээнүүд өгч болдог.

Эцэст нь юутай ч гэрт ойр, бас боломжийн санагдсан учраас Төгс Ялгууны эход үзүүлэхээр шийдлээ.

Thursday, February 14, 2013

2013 он хавар


ХАР АЛАГ ХАВАР


Marc Jakobs-ын загварын ордны загварууд хэвтээ, өргөн судалтай хар цагаан өнгөний хослолыг санал болгосон бол Louis Vuitton нарийн, босоо судлыг загварууддаа түлхүү ашигласан бол тансаг зэрэглэлийн үслэг эдлэлээрээ алдартай Braschi ч эл өнгөний хослолыг онцолсон байгааг харж байгаа биз ээ. Жилээс жилд шинэ сонин бүхний эрэлд гарч байдаг загварын мэргэжилтнүүд энэ улирлын гол өнгөөр цагааны хослол хэмээн зарласан. Загварын ертөнцөөс багахан ч гэсэн хамааралтай байдаг хэн бүхэн энэ хавар судал, шатрын хээ, геометрийн дүрс гээд хар цагаан өнгөний хослолтой гоёл зэхээрэй. Үүнээс гадна ягаан, саарал, цагаан өнгийг хувцасны шүүгээндээ илүүтэй оруулаарай.



НОГООН ЗУРВАС

Маргад, шинэхэн ногоо, загварын тайзнаа эрээлжлэх ногоон өнгө, их хотын гудамжаар сүлэлдэх ногоон ... товчхондоо Pantone энэ жилийг ногоон өнгөтэй хэмээн тодорхойлсон. Тиймээс их хотын саарал амьдрал дунд эрч хүч, залуу нас, тайван байдлын илэрхийлэл болсон ногоон өнгө загварлаг бүхний сонголтод байх юм байна.

МЕТТАЛ

Загварын мэргэжилтнүүдийн онцолж байсан гол трендүүдийн нэг бол гялгар материалтай хувцас байв. Зөвхөн богино ханцуйтай цамц, үдэшлэгний богино даашинзаар хязгаарлагдахгүй. Хүрэм, юбка, ажил хэрэгч хослол, өмц, гутал гээд өмссөн хувцас бүртээ энэ деталийг ашиглах боломжтойг загварт дурлагчид андахгүй биз ээ.

ЦЭЦГИЙН МАНДАЛ

Энэ жилийн гоёлын чиг хандлагыг тодорхойлсон загварын долоо хоногууд дээр мэргэжилтнүүд өөр өөрийн коллекцио тун сонирхолтой аксесуараар чимэглэсэн байсныг анзаарсан биз ээ. Том том болор шүр, алтлаг цэцгэн зүүлт, хээнцэр шигтгээтэй бугуйвч гээд бүхий л төрлийн гоёл чимэглэл том хэмжээтэй байсан юм. Тиймээс бүсгүй таны гоёлын хайрцагт ч гэсэн мэргэжилтнүүдийн санал болгож буй эдгээр аксесуар байх ёстой.

ЖОР 2



МАХ НОГООНЫ САЛАТ
ОРЦ: 
• 200 гр тахианы мах
• 200 гр үхрийн мах
• 150 гр бяслаг
• 1 лааз эрдэнэ шиш
• 2 ш амтат чинжүү
• 3 ш улаан лооль
• 100 гр салат байцаа
• 1 багц шинэхэн базилик
• 1 ш сонгино
• 4 х/х чидун жимсний тос
• 2 х/х алимны цуу
• 1/4 цайны/х нунтаг улаан перец
• Давс
ХИЙХ АРГА: 
Эрдэнэ шишээ шүүж, нэг саванд хийж сэврээнэ.
Улаан лоолио буцалж буй халуун усанд дүрээд авсны дараа хальсыг нь хуулж, жижиг дөрвөлжин хэрчинэ.
Хальсалсан сонгиныг жижиг дөрвөлжин хэрчээд, амтат чинжүүгээ үр, ишнээс нь салгаарай. Дараа нь урт, нарийн савхан хэлбэртэй болгож хэрчих юм.
Үхэр, тахианы чанасан махыг савхан хэлбэртэй хэрчинэ.
Бяслагаа үрүүлийн том ирэнд үрээд, хэрчсэн бүх орцоо нийлүүлнэ. Дээр нь жижиглэсэн базилик нэмээд хутгана.
Сүмсийг нь бэлтгэхдээ нимгэн, хавтгай хэрчсэн сармисаа давс, перецтэй холиод чидун жимсний тосоо хийнэ. Мөн алимны цуугаа хийхээ мартав аа. Бэлэн болсон сүмсээ хутгасан салатан дээрээ нэмж холиод 10 минут байлгасны дараа хоолны ширээнд тавиарай.

ӨРГӨСТ ХЭМХ УТСАН МАХТАЙ ШӨЛ

ОРЦ: 
• 200 гр утсан мах
• 1 ш сонгино
• 2 ш өргөст хэмх
• 750 мл шинэ шөл
• 1/2 шилэн аяга хуурай цагаан дарс
• 200 гр цөцгий 
• 1 багц шинэхэн укроп
• Нимбэгний шүүс, давс, перец
• Хушны самар

ХИЙХ АРГА: 
Сонгиноо жижиг хэрчиж, цөцгийн  тос хийж халаасан тогоонд хийж хуурна.
Өргөст хэмхний голоор нь хувааж, зөөлөн эдийг нь салгаж авна. Үлдсэн хэсгийг нимгэн, хавтгай хэлбэртэй хэрчиж, хуурч буй сонгино дээрээ нэмнэ.
Зөөлөн гал дээр сайтар хуурсн дараа цагаан дарсаа нэмж, жигнэнэ. Буцлахын өмнө шөл, цөцгийгөө нэмнэ. Ийнхүү 15 минут буцалгаарай.
Шөлнөөсөө өргөст хэмх, багахан сонгиныг шүүж аваад холигчид хийж хутган зутан болгоод эргүүлэн тогоо руугаа хийнэ. Ингэснээр шөл өтгөн болох юм. Үүнийгээ перец, давсаар амтлаад, хуурч, нунтагласан хушны самар, нимбэгний шүүсээ хийгээрэй.
Бекон, утсан үхрийн мах ч байсан болно. Махаа савхан хэлбэртэй хэрчиж, шөлөө тавагласныхаа дараа дээр нь нэмж хийгээрэй. Мөн чимх укропоор чимэглээрэй.

НИМБЭГНИЙ СҮМСТЭЙ ШАРСАН ХАВИРГА

ОРЦ: 
• 1 кг үхрийн хавирга
• 2 х/х хуурай улаан дарс
• 2 х/х чидун жимсний тос
• Давс, перец
СҮМСНИЙ ОРЦ:
• 1 багц яншуй
• 1 ш ягаан сонгино
• 4 хумс сармис
• 1-2 багц тимьян
• 2 ш нимбэг
• 1.5 шилэн/а чидун жимсний тос
ХИЙХ АРГА: 
Сонгино, сармисаа маш жижиг хэрчинэ. Яншуй, тимьян зэрэг ногоогоо хүйтэн усаар угааж, усыг нь сайтар шүүсний дараа мөн жижиглэн хуваана.
Дунд зэргийн хэмжээтэй нимбэгний хальсыг зориулалтын хутгаар нарийхан, жижигхэн хэмжээтэйгээр зорно.
Бэлтгэсэн ногоо, амтлагчаа нэг саванд хийж дээр нь чидун жимсний тос нэмнэ. Мөн нэг нимбэгний шүүсийг шахаж дээр нь хийнэ. Үүнийгээ таглаад хөргөгчинд 12-14 цаг байлгах зуураа үе үе сэгсэрч байгаарай.
Үхрийн хавиргаа хүйтэн усаар угааж, сэврээсний дараа давс, перец түрхэж амтална.
Чидун жимсний тос хийж халаасан хайруулын тавагт амталсан үхрийн махаа хийж шарна.
Хүрэн бор өнгөтэй болтол шарсны дараа улаан дарс нэмж буцалгана. Бэлэн болсон хавиргаа урьдчилан бэлтгэсэн нимбэгний сүмстэйгээ хамт таваглаарай.

ЧИНЖҮҮТЭЙ САРХАД
ОРЦ:
• 50 мл архи
• 6 ш ногоон чинжүү
• 6 ш улаан чинжүү
• 50 гр шоколад
ХИЙХ АРГА: 
Халуун чинжүүгээ угааж, хатаана. Чинжүүний нэг талыг хутгаар эсгэж, нээгээд үрийг нь цэвэрлэнэ.
Бүх чинжүүгээ архитай лонхонд хийж хамгийн багадаа 12 цаг болгоно.
Шоколадаа хайлуулна. Хундага чимэглэх чинжүүнүүдээ нэг үзүүрийг нь хайлуулсан шоколаданд дүрнэ.
Нарийн шилбэтэй жижиг хундаганд архиа хундагалаад, шоколадтай чинжүүгээ хундаганы ирмэг дээр зориулалтын хавчаараар тогтоогоод зочноо дайлаарай.
.