Monday, April 30, 2018

Үүр цайтал хүн хүлээдэг ажилгүй амьтан… гээд загнаж гарсан

Монгол Улсын гавьяат жүжигчин, Том Жагаа буюу Гончигийн Жаргалсайхан хип хоп шүтдэг гэнэ. Урлагийн эрх чөлөөг энэ урслагаас мэдэрдэг гэж тэр тайлбарлалаа. 
Монголын тал нутгаар эстрад урлагийн үрийг тарьсан “Соёл Эрдэнэ” хамтлагийн ахлагч, гавьяат жүжигчин Г.Жаргалсайханы ажлын өрөөгөөр зочиллоо. Өрөөний хананд 35 жилийн өмнөх “Соёл Эрдэнэ” хамтлагийн анхны бүрэлдэхүүнээс эхлээд он дараалсан түүхэн зургуудыг өлгөсөн байлаа. Монголын эстрад урлагийн түүхийг бараг тэр чигээр ханандаа өлгөсөн өрөөнд бидний ярилцлага өрнөсөн. Өнгөрсөн зун гавяат зүтгэлтэн цол хүртсэн тэрбээр төрийн том цолоо мялааж арваннэгдүгээр сарын 30-ны үдэш үзэгчидтэйгээ хамтдаа дуулахаар шийджээ. Тоглолтынх нь нэр “Хамтдаа дуулъя”.

-Тоглолт болоход хэдхэн хоног үлдлээ. Үзэгчидтэй хамт дуулахад бэлэн үү?
-Ерөнхийдөө бэлэн. Өнгөрсөн долдугаар сард “Соёл-Эрдэнэ”-ийнхээ 35 жилийн ойгоор том тоглолт хийсэн. Энэ тоглолтоосоо хэдхэн  дуу шигшээд авчихад л бэлтгэл дуусна.

-Поп, нийтийн, хип хоп дуучид “холилдсон” өвөрмөц тоглолт болох сурагтай?
-Хамтарч ажилладаг уран бүтээлчид бүгд оролцоно. Сүүлийн үед бид нэг нэгнээ хотынх, хөдөөнийх гэж хэлэх болж. Дуу гэдэг нэг л зүйл учир ингэж талцах утгагүй. Урьд нь намайг “Нийтийн дуу бичлээ” гэж зэмлэх нь халаг байсан.  Сүүлийн үед хамтраад л дуулцгаадаг боллоо шүү дээ.

-Төрөл жанр болгоны уран бүтээлчтэй хамтарч ажиллаж чаддагийн нууц нь юунд байна?
-Манай “Соёл Эрдэнэ” хамтлаг “Хүүш Дамдин”, “Шалзат баахан шарга” зэрэг ардын дууг шинээр найруулж, эстрадын болгож байсан. Тухайн үедээ улсдаа ганц хамтлаг байсан тул рок, поп, ардын, дуурь гээд бүх л төрлийн хөгжим тоглодог байжээ. Тэр үеийн хүмүүжил, сэтгэлгээ юм болов уу даа.

-Та хип хоп хамтлагт ч стильд нь тохирсон ая зохиож өгсөн байна лээ? 
-Бодит үнэнийг дуугаар илэрхийлдэг учраас би хувьдаа хип хопыг шүтдэг. Урлагийн эрх чөлөөг энэ урсгалаас мэдэрч болно.  Дээхнэ үед “Хайрт минь” гэж бичээд зэмлүүлдэг байсан. Олон ч дуу дарагдсан. Тухайлбал, “Хүлээлт” дууг минь 

…Үүр цайтал чамайг хүлээнэ…
гэдэг мөрнөөс нь болж хасч байлаа.

-Яагаад?
-Үүр цайтал хүн хүлээгээд зогсч байдаг тийм ажилгүй амьтан гэж хаана байсан юм гэж загнасан. Ганц миний дуунууд тийм зам туулаагүй. Манай Галсаагийн гоё хайрын дууг засч янзалсаар байгаад  улаан Москваг магтан дуулсан утга бүхий болгочихож байсан юм.

-Таны намтраас уншсан юм. 200 гаруй дуу зохиожээ гэж. Энэ олон дуунууд хэдийгээр төрдөг вэ?
-Ихэнхдээ хөгжмөө өглөөгүүр бичдэг. Долоон цагийн үед босоод хүмүүсээс авсан үгээ уншиж, тойруулж харж байгаад л нухана даа. Сэтгэлд нийцсэн шүлэгт дорхноо л ая ороод ирнэ. Аяаа олчихвол тэгээд орхичилгүй хөгжмийн найруулга хийж, өөрөө дуулаад, CD дээр хуулж хүнд өгөхөд бэлэн болгож байж нэг дуу гаргана.

-Нэг дайралтаар бүгдийг амжуулдаг байх нь ээ. Бас өөрөө дуулна…
-“Нэг иймэрхүү болох нь байна шүү” гээд л яруу найрагч, дуучин хоёртоо үзүүлэхэд амар байдаг юм.

-Та “Соёл Эрдэнэ” хамтлагийн ахлагчаар ажилладаг ч чөлөөт уран бүтээлч шүү дээ. Тэгэхээр гадуур тоглодог уу?
-Манай хамтлаг Соёлын төв өргөөнд байрладаг. Бид гурвуулаа үлдсэн. Насантогтох СУИС-д багшилж, Цолмон оройдоо “Шар айраг”-ийнхантай бааранд тоглодог. Би өөр хамтлагтай тоглодог байсан ч одоохондоо больчихсон. Энэ тэндээс урилга ирвэл хамтлагаараа дуулдаг даа.

-Та гэртээ студитэй болохоор ажилдаа хэт улайраад, гэрийн ажлаа хойш тавиад байна уу?
-Амьдралын минь хэмнэл бараг өөрчлөгддөггүй юм. Анх “Соёл-Эрдэнэ”-д ороод өглөө зургаан цагт ажилдаа очиж хөгжмөө зохионо, ажил эхэлж бусдыгаа цуглахаар хөгжмөө сонсгоод, хамтдаа сууж найруулгаа хийдэг байсан. Сүүлд гэртээ төгөлдөр хууртай болж, үүрээр яаран гарч гүйхээ больсон. Дээр үед чинь нот бичнэ, санаанд байгаа аяа газар дээр нь түргэхэн тэмдэглэж авахгүй л бол өнгөрөө. Харин одоо гэртээ студитэй болсон, бүр амар. Гэртээ сууж байгаад хамаг ажлаа амжуулаад, гэр амьтай болоод байгаа. 
Дандаа студидээ сууж байна гэж юу байхав. Нас ахиад удаан суухаар нуруугаар хатгадаг болж. Нэг суухаараа цаг хугацааг мартчихсан байх юм. Миний болоод гэр орны минь арын албыг эхнэр гүйцээнэ. Үргэлж бичээд сууна гэж юу байхав, хааяа гэр орны ажилд туслаж хоол унд хийнэ ээ.

-Том Жагаа хэр сайн тогооч вэ?
-Дажгүй тогооч гэж боддог шүү. Зав л гарвал гал тогоо эргүүлнэ ээ.

-Ар гэрийн цаг наргүй их ажилд хэр дэм болдог вэ?
-Дэмнэлгүй яахав. Энэ чинь миний үүрэг шүү.

-Аавыгаа дуурайн урлагийн тогоонд чанагдах хүн танайд бий юү?
-Байхгүй. Би хоёр хүүхэдтэй. Яг хөгжим сонирхох насыг нь би алдчихсан юм. Эхнэр бид хоёр хойшоо сургуульд яваад, хүүхдүүдээ дөрөв, тавтай байхад нь л  ахындаа үлдээсэн. Биднийг хойно байхад хүүхдүүд сургуульд орж, ах минь номын мөрөөр явуулсан. Би ирчихээд хүүгээ Хөгжим, бүжгийн коллежид оруулах гэтэл өөрөө дургүйцээд, багш нь “Хүүхэд дургүй байхад хүчлэх хэрэггүй” гээд л орхисон доо. Одоо том нь “Голомт” банкны салбарын захирлаар ажиллаж байна.

-Таныг яагаад Том Жагаа гэдэг юм бэ? 
-Би “Баян Монгол”-д байж байгаад 1980 онд хамтлагтаа ороход манай нөгөө гавьяат амидай бас  “Соёл Эрдэнэ”-д байсан. Тэгээд нэг дор хоёр Жагаа боллоо. Нэгийг нь дуудахаар хоёулаа эргэж хараад. Амидайг минь буржгар гэж дуудах гэхээр миний үс ургахаараа бас буржийдаг. Нэг мэдэхнээ манайхан ярьж байгаад том, жижиг гэх болсон. Би Жагаагаас нэг насаар ах, бас арай өндөр болохоор том нь болж таарахгүй юү. Том гэж нэрийг минь “Хонх”-ын Энхбаяр би өгсөн гэнэ, Долгион бас би өгсөн гээд л байдаг юм.

-Насаа эгч, Цолмон ах та гурав “Соёл Эрдэнэ”-ийн галыг сахиж үлджээ. Яваандаа хамтлагаа шинэ уран бүтээлчдээр сэлбэх үү?
-Үнэндээ энэ талаар санаа зовж л байна. Зун хөгжим тоглодог хэдэн хүүхэд аваад, бэлтгэл хийлгэж үзсэн, хэцүү юм билээ. Амьд хөгжим тоглодог хүүхэд ховор болж, байгаа хэд нь нэг дор багталцахгүй юм. Эсвэл арай гайгүй байгааг нь өөр хамтлаг аваад явчих юм. Тэгээд ч стиль, ая дан таарахгүй. Үеийнхээ хөгжимчдийг авья гэхээр нас нь явсан байна. Тэгээд “Хөнтэнгэр”-ийн Энхбаяр, “Өргөө”-гийн Болоожтой хамтарч “Соёл Эрдэнэ”-ийн нэрийн өмнөөс уран бүтээл хийж байна. Насаа цомгоо гаргаж, Цоомоо хөгжмөө тоглоод, би аяаа зохиогоод явж байгаа нь “Соёл Эрдэнэ” хамтлагийн уран бүтээл шүү дээ.

Хөгжимчид бэлтгэлээ хийхээр хөгжмөө “сойж”, Том Жагааг зорьсон дугаарласан байсан тул энэ хүрээд бидний ярилцлага өндөрлөлөө.

Sunday, January 29, 2017

МОНГОЛООР “ЧАРЛУУЛАХ” ХҮСЭЛ

Шил угаас гялгар, өнгөлөг материал болохоор орчиндоо сайн "чарладаг" гэж ярилцлагын зочин маань онцолсон. Герман улсад шилэн урлалын график дизайнер мэргэжил эзэмшсэн зураач, уран бичээч Б.Хишигсүрэнтэй уулзсан юм. Эртний египетчүүд үндэслүүлж, олон зууныг түүчээлэн хөгжиж ахуй шилэн урлалын соёлыг тал нутгийн эх орондоо богцолж ирсэн ч үндэсний өнгө, хэлбэр, үнэртэйгээр бүтээх хүслээсээ үүдэн богцоо задлаагүй яваа гэнэ билээ.

Би гурван мэргэжилтэй хүн. Монгол зургийн зураач, уран бичээч, шилэн урлалын график дизайнер. Эмээ намайг гурван настайгаасаа зураг зурж эхэлсэн гэж байсан. Долдугаар ангидаа Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн зургийн дугуйланд орж Д.Батбаяр багштайгаа анх танилцаж байлаа. Тэр үеэс хойш өдийг хүртэл багшаасаа суралцаад, зэрэгцээд ажиллаж явна. Наймдугаар ангиа төгсөөд ДУДуС-д орсон. Үргэлжлүүлэн ДУДэС-д монгол зургийн ангид элсэн 1995 онд төгссөн. 2001 онд Германд нэг жил хэлний бэлтгэлд суусны дараа Аллей хотын Бурги бихенштайн урлаг ба дизайн сургуульд долоон жил сураад 2009 онд төгсөн эх нутагтаа ирсэн.
Шилэн урлалын график дизайнер мэргэжлийг санаандгүй сонгосон. Би дэлгэцийн урлагт сонирхолтой, зураглаач болно гэсэн төлөвлөгөөтэйгөөр үзүүлэх харуулах бүтээлээ бэлтгээд очсон. Шалгалтын комисст материалаа үзүүлсний дараа шилэн урлалын график дизайнер болвол яасан юм бэ гэдэг санал тавьсан. Сонголтоо хийсэн. Сурч байхад Монголоос энэ мэргэжлээр 1980-аад оны үед нэг хүн төгссөн дуулсан. Өвгөн багш нарын дурсамжийн талаар сургуулийн архиваас мэдээлэл хайсан ч харамсалтай нь олоогүй.
Шилэн урлалын график дизайнерийн ажлаа тархиндаа хийгээд явж байна. Ирснээсээ хойш нэмж шилэн бүтээл гаргаагүй. Энэ төрөл нь тусгай нөхцөл, технологи шаарддаг. Харин манайд боломж алга. Шилэн урлалын урлан байгуулна гэвэл өртөг өндөртэй.
Монголоор "чарлуулах" хүсэлтэй. Шил бол ассан гялгар болохоор орчиндоо нэлээн "чарладаг" онцлогтой. Тэр "чарлаан"-ыг нь би монгол байлгамаар байна. Энэ урлагийн түүх баруундаа олон зуунаар яригдана. Нэгэнд тэнд түмэн янзын өнгө, дизайн, хэлбээр хийж байгаа юмыг энд шууд буулгах гэж яарахаасаа өмнө монгол үнэр, өнгө, амттай бүтээлүүдийг хийхсэн гэж бодсон. Тиймээс өнгөрсөн хугацаанд үндэсний түүх, уламжлал, соёлын өвийн талаар нухацтай судалж, үзэж харж байлаа. Би монгол зургийн зураач, уран бичээч. Үүнийгээ цаг үетэй хослуулж хольж болох хувилбарыг харсан. Шилэн урлалыг уламжлал, түүх, уран бичлэг, монгол зурагтай хольж, утга санаа, хамрах хүрээ өргөнтэй контенперари чиглэл рүү хандуулах бодол бий.
Германд байхдаа 20 гаруй үзэсгэлэнд оролцсон. Үүний нэг нь л шилэн урлал байсан. Монголд бол 2001 оноос хойш үзэсгэлэн гаргаагүй. Тэндээс авчирсан богцоо задлангаа уран бичлэг, зураг, чимэглэл гээд олон бүтээлээр гаргах төлөвлөгөө байна. Манай үндэсний соёл, өв, уламжлал үнэхээр баялаг, тансаг болохоор үүнийг хэрэгсэхгүй орхиж болохгүй юм. Шилэн урлалыг монгол хөрсөнд суулгах чухал ч гэлээ өөриймшүүлэн өвөрмөцөөр хийж болно. Үзэсгэлэндээ , монгол үнэртэй, уран бүтээлчийнхээ дотоод өнгө, хэлбэрийг гаргасан эскиз зургуудаа гаргачихсан байгаа.
Аяллыг соёлтой холбоод мөнгө хийнэ гэх юм. 2012 онд Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан “Мөнх тэнгэрийн бичиг” үзэсгэлэнд хоёр шилэн тамгаа тавьчихаад хүмүүсийн хандлагыг ажиглаж байлаа. Гэтэл соёлын салбартай тун ойрхон нэр бүхий хүн “Мөс үү” гэж асуугаад, мөсний баяр дээр аваачиж мөнгө болгож болох юм гэж хэлж билээ. Уг нь тэнд монгол хүний хийсэн анхны шилэн цутгууран бүтээл тавьчихаад байгаа. Гэтэл тэд материалд нь анхаарал хандуулаад, яаж мөнгө болгох вэ гэж ярихаар нь үнэндээ голсон шүү. Хувь уран бүтээлч миний бодлоор яаманд ажиллаж байгаа хүмүүс бодлогоо боловсруулаад, тэрийгээ бариад явах юм бол аяндаа өдөр нь бодож шөнө нь санааширч байгаа мөнгө нь ороод ирнэ. Аяллыг соёлтой холбож байгаад мөнгө болгоно гээд яриад байх юм. Урлаг, үндэсний өв соёл, уламжлалаа хэмжээнд нь гаргаж тавих юм бол тэрийг үзэх гэсэн жуулчид ирж л таараа. Бидэнд дэлхийн хаана ч байхгүй нүүдлийн соёл иргэншил байна. Гэтэл үүнийгээ тоохгүй, тордохгүй, өнөөдөр гэдэг хайрцаг дотроо технологийн дэвшил, тансаглал, үнэтэй машин, өндөр шавар тагзад сатаараад абсурд маягаар өдөр хоногийг элээгээд л явцгааж байна бид.

Уран бүтээлч гэдэг бол тавилан. "Найруулагч бол мэргэжил биш, хувь тавилан" гэдэг үнэн үг. Шилэн урлал гэдэг манайханы ирээдүйд чиглэсэн урлаг юм. Гэхдээ түүнээс өмнө олон мянган жилийн түүхтэй нутаг дээрээ түүх, соёл, уламжлалаа хэрэглэж чадахгүй байсаар бусдад алдаж байгаа нь харамсалтай. Тиймээс би уран бүтээлчийнхээ хувиар тэр баялаг түүх, уламжлал, соёл, өвөө чадах хэрээрээ хойч үедээ үлдээхэд хувь нэмэрээ оруулах нь чухал. Үнэнийг хэлэхэд бид ... 
/Ойролцоогоор 3-4 жилийн өмнөх бичвэр, төгсгөл нь хайчцын бүү мэд. Гэхдээ л бүрэн материал гаргасан юм даа. Сая юм ухаж байгаад ноорог олонгуутаа юу яачихлаа/

Sunday, May 22, 2016

Жиммид зориулсан буйдан


Хэд хоногийн өмнө болсон төрсөн өдрөөр найз маань надад бяцхан хав бэлэглэсэн. Сэгсгэр үсээрээ шал шүүрдэн өрөө хэсч, товчин хар нүдээрээ намайг ширтэх Жимми хэмээх эл хав яг л эгдүүтэй чихмэл тоглоом шиг. Гэхдээ түүний чихмэл тоглоом биш гэдэг нь надад хамгийн том асуудал болов. Учир нь гэр бүлийнхээ шинэ гишүүнийг асарч, тэжээх туршлага надад байсангүй. Тиймээс туршлагатай хүмүүсээс асууж, сурагласаар нохойдоо хамгийн эхэнд тохьтой хэвтэр бэлтгэх ёстойг мэдлээ. Жиммигийн тухлах зөөлөн хэвтэрийг хайж цөөнгүй дэлгүүрээр хөлөө эцтэл явсаныэцэст цаг, мөнгөө хэмнэхсайхан санаа төрсөн юм. Мөнгө хэмнэх гэхийн учир бол гэрийн тэжээвэр амьтаны дэвгэр өнгө,загвар, хэмжээ, материалаасаа хамаарч 20 000-45 000 төгрөгөөр худалдан авах байсан бол би үүнийг ердөө л хуучин ноосон цамцаараа хийсэн юм. Харин цаг хэмнэхийн тухайд үүнийг урлахад хагас цаг л хэрэгтэй.
Бэлтгэх зүйлс

• Угаалгын машинаар угаахад хэлбэрээ алдахааргүй, том хэмжээтэй зөөлөн, цэвэр ноосон цамц

• Олсон утас

• Тэвнэ зүү
• Хайч

Алхам 1

Бэлэн болсны дараа шууд ашиглахад хялбар байхыг нь бодож ноосон цамцаа сайтар угааж, хатаагаад ажлаа эхлээрэй. Зурагт харагдаж байгаачлан цамцны хоёр ханцуйг их биетэй нь барьж товчны нүх хэрдэг шиг захлаж оёно.

Алхам 2

Ханцуйг нь нийлүүлэн оёсон хажуу талыг дотгош нь, хормойг дээш нь хуйлах байдлаар эвхэхээр ирмэгээрээ зузаан зөөлөвчтэй, төв хэсгээрээ нимгэн дэвсгэртэй дугуй хэлбэр бүхий гэрийн тэжээвэр амьтаны хэвтэрийн ерөнхий хэлбэр гарах ёстой.

Алхам 3

Эвхээсээ жигд хэлбэртэй болсон эсэхийг харьцуулж хараад эвхээсний амыг бөхлөн оёно. Дараа нь задрахааргүй оёсон эсэхээ нягтлан шалгаарай.

Алхам 4
Зурагт харагдаж байгаачлан нөгөө талын ханцуйг ч гэсэн дээрхийн адил хуйлан эвхэж, сайтар бөхлөн оёно. Эл зөөлөн дэвсгэрийг сахилгагүй нохой шүдээрээ зулгааж, саваагүй муур хумсаа шигтгэн наадахад урагдахааргүй бөх байх ёстой.

Алхам 5

Одоо цамцны мөр, захыг мөн нямбайлан хуйлах байдлаар эвхэж, үүнийгээ задархааргүй болгон бөхөлж оёорой. Та үүнийг илүү зөөлөн дэвсгэртэй болгохыг хүсвэл давхарлан оёж, хөвсгөр ирмэгтэй байлгахыг хүсвэл нэмэлт чихээс хийж болно. Харин миний Жиммид энэ цамц хангалттай зөөлөн хэвтэр болох учраас би өөр зүйл нэмсэнгүй.










Алхам 6

Эцэст нь захны задгай амыг дарж, бөхлөн оёсноор бяцхан хав Жиммигийн зөөлөн буйдан бэлэн боллоо. Та дөрвөн хөлт анддаа зөөлөн буйдан хийхээр шийдсэн бол энэ аргачлалын дагуу өөрт байгаа материалаар дэгжин, хөвсгөр, зузаан гээд хүссэн загвараараа оёж болно гэдгийг мэдэж байгаа биз ээ. Амжилт хүсье

Бүх дэлхий сайн байна уу?

Бүх дэлхий сайн байна уу?
Алтан нар гийгүүлж, /хүмүүс муухай шуналтай, нарыг хүртэл алт гээд байхдаа яахав дээ?/

Эва Лонгориягийн байшин иймэрхүү

Ева Лонгория: Эд баялаг зарим хүн амьдарлыг удирддаг



Гурван жилийн өмнө Ева Лонгория сагсан бөмбөгийн алдартай тамирчин Тони Паркертай гэрлэсэн. Үзэсгэлэнтэй, ззалуухан, ид гялалзаж байгаа энэ хос бол шоу ертөнцийн тод гэрэлтэж буй одод юм. Хуримын дараа тэдний амьдралд бараг өөрчлөлт гараагүй гэхэд хилсдэхгүй. Ева ажлаа үргэлжлүүлэн зураг авалтандаа явж, L’Oreal брэндтэй хамтран ажилласаар, Тони “Сан Антонио Спюрис” багтаа тоглосон хэвээр. Гэхдээ тэд гэр бүлтэй болж, орон гэрээ төвхөнүүлсэн. Орон гэр гэснээс тэдэнд гурван гэр бий. Ева ихэнхдээ Лос-Анжелест ажилладаг болохоор тэнд байшин авсан бол Тони бэлтгэл, тоглолт гээд Техаст багагүй хугацааг өнгөрөөдөг учраас Техаст бас нэг гэр нь бий. Харин гурав дахь нь Малибуд байдаг. Хосууд хотын хөл үймээн, хүмүүсийн сониуч нүднээс хол амрах гэж энд байшин авчээ. Тэд эндээ байх юу юунаас илүү дуртай.
Хаалган дээрх “Тавтай морил” гэсэн урилга нь ёс төдий зүйл биш гэдгийг тэднийхээр ороод гарсан хэн бүхэн батлах биз ээ. Ева, Тони хоёр үнэхээр зочиломтгой. Зочдоо гэртээ байгаа юм шиг тухлаарай гэж хэлдэг, тийм нөхцлийг ч бүрдүүлсэн байсан. Тохилог ч гэсэн энэ байшин алдартай хосынх гэхэд дэндүү энгийн харагддаг. Харин Ева “Лос-Анжелест ойрхон болохоор худалдаж авсан юм. Гаднаас нь харахад үлгэрт гардаг жижигхэн байшин шиг харагддаг ч цонхоор нь гайхамшгийг харж болдог юм. Бид энд байх дуртай” гэж ярьсан.
Тэд илүү тохилог, том харш авч болох ч Ева энд байх дуртай. Үүнийгээ “Эд хогшил гэдэг онцгой анхаарал тавиад байхаар чухал зүйл биш шүү дээ. Заримдаа эдгээр нь хүний амьдралыг удирдаад байгаа юм шиг санагддаг. Энэ байшин хэдийгээр жижигхэн ч тохилог, ирж амархад яг тохиромжтой, арчилж, хамгаалахад ч амар” гэж тайлбарласан юм. Ева энэ удаа ээлжит зураг авалтынхаа өмнө эрч хүчээ сэлбэх гэж Малибуд амарч байгаа аж.
-Зуныг яаж өнгөрүүлж байна вэ, амарч чадав уу?
-Амарч байгаа. Саяхан Мальдив, Ром, Сен-Тропе, Норманд, Парист гэсэн маршрутаар аялаад ирсэн. Тони бид хоёр хамт аялах дуртай. Нэг газар очоод амарч байна гээд зүгээр суух дургүй. Мальдивт өвлийн спорт, дайвингаар хичээллэж, Ромд очоод хотоор зөндөө явсан.
-Оддыг жуулчны маршрутаар аялдаг гэж мэдсэнгүй?
-Бид танхил хүмүүс биш. Би хөдөө өссөн. Бага байхад манайхан их аялдаг байсан. Тиймдээ ч замын тоос, аялал зугаалга гэдэг эртний танил маань л гэсэн үг. Тэгээд ч Тонитой хамт байхад сайхан байдаг юм.
-Аз жаргалтай гэр бүл байхын нууц нь юу юм бэ?
-Яахаар гэрлэлт бүтэлгүйтэж, ямар гэрлэлт асуудалгүй байдгийг ойлгоход их хэцүү. Биднийг аваад үзье л дээ. Эхэндээ нэг нэгэндээ таалагддаг, хамт байх дуртай найзууд байсан. Удалгүй бусдын адил дурлалцаж, хамт байхдаа аз жаргалыг мэдэрдэг болсон. Миний бодлоор аз жаргалтай гэр бүлийн гол нууц нь хоёулаа үүнийг хүсч, сайн сайхан байлгахын төлөө хичээдэгт байдаг байх. Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд бидэнд асуудал гарч байгаагүй. Хүмүүс итгэхгүй ч байж болох ч энэ үнэн. Хамгийн гол нь ухаалаг байж, нэгийгээ ойлгох хэрэгтэй юм болов уу.
-Нөхөр чинь танаас дүү. Насны зөрүү амьдралыг үзэх үзэлд нөлөөлдөг үү, та хоёр бүх талаар адилхан хариуцлага хүлээдэг үү?
-Үнэнийг хэлэхэд өөр. Би түүнээс эгчмэд ч гэлээ Тони амьдралд надаас илүү бодитой, нухацтай ханддаг.
-Та хоёр бие биедээ гэнэтийн бэлэг барих дуртай хэвээрээ биз дээ?
-Бид гэнэтийн бэлэгэнд дуртай. Хаанаас ч билээ, гэнэтийн бэлэг бол үггүйгээр хайраа илэрхийлэх сайхан арга гэж уншиж байсан юм. Үнэн шүү.
-Сүүлд авсан гэнэтийн бэлэгээ сонирхуулаач?
-Миний төрсөн өдрөөр Тони найзуудтайгаа Техасаас ирсэн. Би түүнийг ингэнэ гэж ер бодоогүй. Би Cluedo тоглох дуртай. Харин тэр компанитай нь ярьж байгаад энэ тоглоомыг бодитоор нь тоглох боломж өгсөн. Үнэхээр хөгжилтэй байж билээ. Бас хуримын ойгоороо Венецед очиж, романтик оройн зоог барьсан.
-Та хоёр гэрлээд гурван жил болсон байна шүү дээ …
-Гэсэн ч өчигдрийнх юм шиг санагдаж байна. Болдогсон бол дахиад хуримлахсан. Бидний хуримын ёслол хэвлэлийн шуугиан, сониучирхсан хүмүүсийн дунд жирэлзээд л өнгөрсөн. Одоо бодох нээ гэрлэх ёслолоо бид өөрсөндөө зориулж хийж чадаагүй юм шиг. Тиймээс дахин нэг удаа, ойр дотнынхоо хүмүүстэй нам гүмхэн хуримлах юмсан гэж боддог.
-Та хоёр ажлын шаардлагаар ихэнхдээ тусдаа байдаг. Ийм тохиолдолд итгэлцэл хамгийн чухал байдаг биз дээ?
-Бие биедээ бүрэн итгэж чаддагтаа бид их баяртай байдаг. Тэгээд ч нэгнийхээ хувийн орон зайг нь хүлээн зөвшөөрч, хүндэтгэдэг болохоор энэ тал дээр нэг их асуудал гардаггүй юм.
-Тони харддаггүй хэрэг үү?
-Үгүй гээд хэлчихвэл ёстой инээдтэй хэрэг. Гэхдээ тэр ………..
-Хүүхэдтэй болох талаар ямар бодолтой байна вэ?
-Бүх хосод хүүхэдтэй болох төлөвлөгөө байдаг шүү дээ. Харин бид тодорхой хугацаа товлоогүй. Цаг нь болохоор олон хүүхэдтэй, сайхан айл болох биз.
-Та хүүхэд үрчилж авах уу, энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?
-Хандив тусламжийн ажлаар явж байхдаа гэр бүлгүй, золгүй хувь тавилантай хүүхдүүтэй олон таарч байсан. Хэн ч харсан тэдний ирээдүй бүрхэг, хувь тавиланд нь санаа зовдохгүй байхын аргагүй. Гэсэн ч энэ асуултад яг одоо “тийм” эсвэл “үгүй” гээд хариулж чадахгүй нь.
-Та хандив, тусламжийн ажилд нэлээн их оролцдог байх аа?
-Том эгч маань төрөлхийн гажигтай. Тиймээс ч түүний ачаар би зарим зүйлийг арай өөрөөр хардаг болсон. Бага байхаас ээж бусдад туслахдаа тэвчээртэй, хүлээцтэй байхыг сургасан. Бусдад туслах нь миний үүрэг гэдгийг би багаасаа заалгасан.
-Лизатай хамт өссөн болохоор тэр үү?
-Тэр бол манай гэрийн хамгийн том нь. Зөвхөн ээж, аав хоёр ч биш манай гэрийнхэн бүгд л түүнд санаа тавьж, халамжилдаг. Тэр бол манай гэрийн гэрэл гэгээ болсон гайхалтай хүн. Лизаг бидэнтэй хамт байгаад баярладаг шүү.
-Хүүхэд насныхаа талаар дурсаач?
- Жилд ганцхан шинэ гутал авч, 365 хоног өмсдөг байсан ч бага нас маань сайхан байсан. Эцэг, эх маань чинээлэгү хүмүүс байгаагүй ч гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, хайр, хүндлэл гээд бидэнд.хэрэгтэй бүх зүйл байсан. Жүжигчин болоод анх удаа амьдралд хүрэлцэхүйц хэмжээний мөнгө авсан даруйдаа эцэг, эхдээ байшин авч өгч байсан. Одоо бол надад санхүүгийн хувьд асуудал байхгүй. Гэсэн ч би мөнгө үрэх дургүй. Дэгжин гоёл, цүнх, гуталд дуртай ч баруун солгойгүй мөнгө үрээд байх дургүй.
-Гарал үүсэл чинь танд хэр чухал вэ?
-Би саяхан Мексикийн нэгэн цувралд тоглосон. Энэ бол анх удаа испани хэлээр тоглосон кино. Би Испани оронд, хэл, соёлд нь дуртай. Миний дуртай хөл бөмбөгийн баг бол “Барселона”. Лонгория гэдэг овог маань Испанийн Астурияд байдаг газрын нэр. Ирэх арваннэгдүгээр сард эцэг, эхтэйгээ Астурид очно. Тэд маань уугуул нутагтаа очихсон гэж байнга ярьдаг.
– “Яахаас ч буцахгүй эзэгтэй” цуврал та нарын амьдралыг хэр өөрчилсөн бэ?
– Опрагийн шоунд уригдахдаа л алдартай болж байгаагаа мэдсэн. Тэр шоунд оролцоно гэдэг тун ховор боломж, тэр агшин бидний амжилт нэг шат ахисныг харуулсан.
-Та “Яахаас ч буцахгүй эзэгтэй нар” киноны хамтран тоглогчидтойгоо ямар харилцаатай байдаг вэ?
-Бид их ойр дотно байдаг. Марси Кросс бага насны хүүхэдтэй болохоор ойр ойрхон уулзаад байж чаддаггүй. Фелисити Хаффманы хүүхдүүд ч гэсэн жаахан болохоор завгүй. Гэхдээ тэр хэдийнэ хүүхдүүдийнхээ коллежийн тухай бодоод эхэлсэн байна лээ. Бид киног нэрд гарахаас өмнө дотнын найзууд болсон байсан. Хэдийгээр ажил дууссан ч бид сайхан харилцаатай хэвээрээ.
-Габриэль та хоёрын хооронд хэр их ялгаа байсан бэ?
-Эхэндээ би өөрийгөө түүнтэй харьцуулж боддог байсан. Гэхдээ бид тэс өөр болохоор нэг анхаарал хандуулаад байх зүйл биш. Би түүн шиг биш, зөвхөн ажил болохоор тайлбар хийгээд, олон зүйл бодоод байх хэрэггүй. Габриэль хүүхэдтэй болоод их өөрчлөгддөг тэр хэсэгт би ч гэсэн хүүхэдтэй болвоо их өөр болох болов уу гэж бодогдож байсан.
-Нээрэн цуврал дууссны дараа та илүүдэл жинтэйгээ тэмцэх гэж нэлээн юм болсон байх даа?
-Инээдтэй юм. Тэр ердөө л дүр хувиргалт байсан шүү дээ. Тэр дүрийг гаргахын тулд үсээ тайруулаад, тарган харагдах хэрэгтэй болсон. Бид дүр хувиргалтын тал дээр нэлээд их ярилцаж байж тэр төрхийг бий болгосон юм шүү. Үсээ богинсгоод, давхар эрүү хийлгэж, том гэдэстэй болсон. Би нөхөртэйгөө асуудалтай, хоёр хүүхэдтэй Габбигийн дүрд тоглож байсан. Киноны дараа хүмүүс намайг тун богино хугацаанд турсан, онцгой жортой гээд л хэвлэлээр бичээд байсан.
-Та жинхэнээсээ таргалчихвал яах вэ?
-Ямартай ч би байгаагаараа нөхөртөө таалагддаг гэдгээ мэднэ. Тэр хэзээд намайг хайрлах болно. Нөгөөтэйгүүр, би жингээ бүрэн хянаж чадахгүй болохоор тухайн үедээ л болох биз.
– Алдартай болоход ашиг орлого нэмэгдэхээс гадна сонирхолтой олон өөрчлөлт байдаг биз дээ?
– Хүн бүрийн хувьд өөр өөр байдаг байх. Жишээлбэл, анх удаа Оскарын шагнал гардуулах ёслолд оролцоод, дараа “Vanity Fair"-ийн уламжлалт үдэшлэгт уригдлаа. Тэнд алдартай хүмүүс нэг дор тийм олуулаа цугласан анх удаа харсан. Тэгээд маш и хсэтгэл хөдлөн “Бурхан минь, Клайв Оуэн өөрийн биеэр зогсож байна!”, хэд алхаад л “Тэнгэр минь! Энэ чинь Жонни Депп байна” гээд л дотроо үглээд явж билээ.
– Оддоос хэнийг нь царайлаг гэж хэлэх вэ?
– Жонни Депп. Би анх түүнтэй уулзаад юу ч ярьж чадаагүй. Бас Кейт Уинслетийг нэрлэх юм байна.
– Дэлгэцээр харахад та их дэгжин бүсгүй шиг харагддаг. Харин нүүр тулаад уулзсан чинь ...?
– Тэгэлгүй дээ, энгийн үед жинсэн өмд, богино ханцуйтай цамц л өмсдөг. Зундаа нарны малгайгаар гоёод, өвөл бол “Uggs” өмсөөд бусдын л адил хувцасладаг.
-Та Виктория Бэкхэмтэй найз. Яаж танилцсан юм бэ?
-Тони тамирчин гэдэ утгаараа нэлээд эртнээс таньдаг юм билээ. Тэгээд тэднийх Америкт ирэхэд бид гэр бүлээрээ танилцаж, нөхөрлөсөн. Вик бол авьяастай загвар зохион бүтээгч, эмэгтэй хүнийхээ хувьд гайхалтай бүсгүй. Түүний загваруудад би дуртай. Загварын ертөнцийн сонгодог загвар өмсөгч. Тэр бол хувцас загварын тал дээр харьцуулашгүй мэргэжилтэн гэдгийг би батлаж чадна. Сайн ээж, гайхалтай ажил хэрэгч бүсгүй.
-Үе тэнгийн, нөхрүүд чинь адилхан тамирчин, хоёулаа ид гялалзаж яваа алдартай, үзэсгэлэнтэй бүсгүйчүүд гээд та хоёрт төстэй зүйл олон байдаг тийм ээ?
-Бид тамирчдын эхнэр болохоор нийтлэг зүйл олон шүү. Тиймдээ ч нэгнийгээ ойлгож, дэмждэг юм.



Саранд хандаж хашгичсан нь

Би энэ замаар алхах тусам буцмаар, өөр тийшаа даялмаар санагдаад байх юм. Энд байх ёсгүй, байх ёстой тэр орон зай минь хоосон хаа нэгтээ байгаа гэж санагдаад байх юм. Яг л эвлүүлдэг тоглоом шиг. Эвлэхгүй байгаа хэсгийг нь эвлүүлэх гээд зүтгээд байгаа тийм дүр зураг. Хүсээгүй, хиймээргүй, мэдэрмээргүй, сонсмооргүй тийм л зүйлс. Гол нь тэндээс юу ч гардаггүй юм билээ. Үр дүн нь залхмаар, уйтгартай, урам зориггүй, ядаргаатай нийгмийн нэг эс болчихож байгаа юм. Яамаар ч юм дээ, салмаар гэхдээ хаяж болдоггүй тэр юм.

Хөгжмийн зурхай


Амьдралаа
хөгжмөөр хачирладаг арслангийнхан

Энэ орд нь хүний дотоод хүчээ илэрхийлэх хүсэл эрмэлзлийг илэрхийлж байдаг бөгөөд илч гэрэл, амьдралын бэлгэдэл болдог. Тэд нар лугаа бусдаар хүрээлүүлж, олны анхаарлын төвд байх дуртай. Юу юунаасаа илүү эрх чөлөө, тусгаар тогтнолыг хамгаалдгаараа онцлогтой. Эсрэг хүйснийхэндээ татагддаг. Гэхдээ арслангийнхан сэтгэл зүрх хянаж байхгүй бол гарцаагүй асуудалд ордог талтай. Амьдралыг бодитоор харж чаддаг.
Тэдний хувьд хөгжим гэдэг амьдралынх нь “хачир” төдий. Харин ажил төрөл, улстөр, хүрээлэл нь хамгийн гол зүйлс нь байдаг. Тэдний дундаас ямар нэг хамтлаг дуучны үнэнч шүтэн бишрэгчийг бараг олохгүй. Арслан бол хөгжмийг захиалдаг нэгэн бөгөөд түүний болоод өөрийн үнэ цэнийг сайн мэдэх ажээ. Хамгийн гол нь уг хөгжим тухайн нөхцөл байдал, дэг жаяг, дүрэм журамд нийцсэн байх шаардлагатай гэж үздэг. Арслангуудын хувьд эрч хүчтэй, сэтгэл хөдлөлтэй, яруу тунгалаг хөгжимд дуртай гэж хэлж болно.
Арслангийн ордны алдартай хөгжимчид:
Мик Жаггер, Пол Анка, Уитни Хьюстон, А.Глазунов, Кэйт Буш, Антонио Сельери, Клод Дебюсси, Роберт Плант, Тори Амос

дуртай хөгжмөө хэдэн арав дахин эргүүлэн сонсдог охиныхон
Ажил төрөл нь тэдний хамгийн чухал зүйл байдаг. Өсвөр насанд нь янз бүрийн сонирхол, хообий, дугуйлан ажлыг нь орлодог. Тэд ажилдаа нухацтай, нямбай ханддаг учир гайхалтай сайн гүйцэтгэгч байж чадна. Гэхдээ нөгөө талаас энэ нь бусад сонирхлыг хязгаарладаг гэмтэй. Ажлаас өөр зүйл байдаггүй юм шиг амьдарч чаддаг улс.
Охины ордныхон угаас хөгжмийн мэдрэмж сайтай гэж хэлж болно. Дуу авиа тэдэнд асар их нөлөөтэй. Шууд ярилцлага тэдний хувьд бичиг, цааснаас илүү ач холбогдолтой байх болно. Охины ордныхны хувьд хөгжим уран зураг, баримал гэх мэт урлагийн бусад төрлөөс илүү гүн сэтгэгдэл төрүүлдэг. Хөгжмийн таашаал тэдний хүрээлэн буй орчноор тодорхойлогддог талтай. Дуртай хөгжмөө гэр бүл, найз нөхөд, танил хүмүүсийн сонсдог хөгжмөөс сонгодог ч охиныхон юунд дуртай, юунд дургүйгээ ялгаж чаддаг. Дуртай хөгжмөө хэдэн арав дахин эргүүлэн сонсдог нь бусдын уур цухлыг хөдөлгөх магадлалтай.
Охиныхон чухам ямар хөгжимд дуртай юм бол оо? Өссөн орчин, гэр бүлийн хүмүүжил, найз нөхдийн хүрээллээс хамаарч ямар ч хөгжим байж болох авч гагцхүү сэтгэл хөдөлгөсөн, гоё байх нь гарцаагүй юм.
Охины ордны алдарт хөгжимчид:
А.Дворжак, Леонард Бернштайн, Майкл Жексон, Ван Моррисон, Антон Брукнер, Боб Далан, Густав Хольст, Арнольд Шонберг, Клара Шуман, И.Перлман г.м.

Жинлүүрийн орд

Энэ ордонд төрөгсөд уян налархай, бусдад үнэлэгдэх, нэрд гарах хүсэлтэй хүмүүс байдаг. Тэд өнөөдрөөр амьдардаг хэдий ч ямар нэг шинэ зүйлийг бусадтай хамтран эхлүүлэх сонирхолтой хүмүүс. Тэдэнд найрсаг, тусч хамт олон ус агаар мэт хэрэгтэй. Гэрлэлт, ажил хэргийн түншлэл бол тэдний амьдралын утга учир гэж хэлж болно.
Жинлүүрийнхний хувьд өөрийгөө хамгаас тод илэрхийлж чадах салбарууд бол нийгэм хүмүүстэй холбоотой эрх зүй, театр, боловсрол зэрэг байдаг ажээ. Жинлүүрийнхэн бодож тунгаах, дүн шинжилгээ хийх дуртай, сэтгэл зүй, нийгмийн харилцааг ихэд сонирхдог. Тэд ухаалаг, тустай зөвлөгөө өгөх, юмны учрыг олохдоо сайн. Энэ ордонд төрөгсдөөс гайгүй сайн зурхайчид төрөх магадлалтай.
Хөгжмийн мэдрэмж нь хүний дотоод сэтгэлийг ойлгож чаддагтай нь холбоотойгоор сайн хөгжсөн гэж хэлж болно. Тэдний дотор мэдрэмж сайтай сонсогч, бас сайн хөгжимчид ч олон бий. Хөгжмийн талаар муугүй мэдлэгтэй, ойлголттой тул бусдад зөвлөгөө өгөхдөө баяртай байдаг. Тэдэнтэй ярилцах тун таатай байх бөгөөд хөгжмийн тухайд бол таныг огт уйдаахгүй, бас гонсойлгохгүй гэж мэдээрэй. Жинлүүрийнхэн дотор дэлхийн хөгжмийн урлагийн түүхэнд нэрээ мөнхөлсөн хүмүүс буйг харах боломжтой.
Жинлүүрийн ордод төрсөн алдартай хөгжимчид:
Д.Шостакович, Ф.Лист, Рэй Чарлз, Брюс Спрингстин, Стинг, Л.Паваротти, Жон Леннон, В.Горовиц, Камилл Сен-Санс, Жон Колтрейн г.м.
Хилэнцийн орд
Энэ ордынхон маш хүч чадалтай, дотоод эрч хүч, сэтгэлийн тэнхээ, хөөрөл ихтэй хүмүүс байдаг. Хилэнцийн ордод төрсөн хүн амьдралынхаа туршид дотоод сэтгэлийн хэд хэдэн гүн гүнзгий өөрчлөлтийг даван туулдаг. Түүний амьдрал бол бүхэлдээ өөрийн хүсэл эрмэлзэлд хүрэхийн төлөөх тэмцэл гэж хэлж болно. Эсрэг хүйсний хүмүүст асар хүчтэй шунал хүслээр ханддаг тул энэ нь зарим үед ухаангүй хардах, тэр бүү хэл хүч хэрэглэхэд хүргэх магадлалтай. Дотоод сэтгэлийнх нь хүч түүнийг ад чөтгөр мэт болгох чадвартай ажээ.
Хилэнцийнхний ерөнхий зан чанар хөгжмийн таашаал сонирхолд нь илэрч байдаг ажээ. Тэд хөгжим ямар байхыг өөрсдөө шийдэж, зөвхөн өөрт таалагдсаныг л сонсох болно. Тэр нь хөнгөн хөгжим эсвэл сүмийн дууны аль нь байхыг таахын аргагүй.
Амьдралын нөхцөл байдлаас шалтгаалан хилэнцийн ордынхны ямар хөгжим сонсох сонирхолтой байгаа нь тодорхойлогдоно. Тэдний дунд шүтэн бишрэгчид ч, заналтай шүүмжлэгчид ч байна. Хамгийн гол нь тэд өөрийн санал, хүсэл сонирхолд нийцүүлэхийг зорино. Дотоод сэтгэлийнхээ онцлогоос шалтгаалж тэд нэг бол үнэн голоосоо хөгжимд автаж уусна эсвэл огт хүлээж авахгүй байж чадна.
Хилэнцийн ордны алдарт хөгжимчид:
Николо Паганини, Жорж Бизе, Г.Вишневская, Д.Скарлатти, Ямни, А.Бородин, Леопольд Моцарт, Бага Иоганн Штраус г.м.
Нумын орд
Энэ ордонд төрөгсөд шулуун шударга, илэн далангүй зангаараа бусдаас ялгардаг. Энэ зан чанарууд нь уг ордны бэлгэдэл тэмдэгт бүрэн төгс илэрхийлэгддэг байна. Нумынхан хувийн эрх чөлөөг эрхэмлэгчид, туйлын эрч хүчтэй, шалмаг, идэвхтэй хүмүүс байдаг. Тэд чухал асуудлаар ярилцаж, эргэцүүлэх чадвартайн дээр хийсвэр сэтгэлгээ сайтай хэдий ч боловсролын түвшингээс шалтгаалж ерөнхий мэдлэгийн хүрээ нь янз бүр байдаг.
Нумынхан амьдралыг их өргөн хүрээтэй хардаг онцлогтой. Эцсийн шийд гаргахдаа бодит байдлыг дутуу үнэлэх нь бий. Шулуун шударга хүмүүс байдаг тул эргэлзэж тээнэгэлзсэн байдалд дургүй. Нумынхантай ямар нэг байдлаар холбогдсон хүмүүс тэдний үгийг дааж сурах хэрэгтэй гэдгийг сануулахад илүүдэхгүй. Дайсантайгаа үл эвлэрнэ. Хөгжмийн хандлага нь тэдний зан чанараас шууд хамаарна. Тэд аль нэг хөгжмийн урсгалын шүтэн бишрэгч байх нь тун ховор. Харин “сайн” рок, зуун дамжсан сонгодог хөгжим тэдний сэтгэлийг хөдөлгөх магадлалтай.
Нумын ордны алдарт хөгжимчид:
Л.В.Бетховен, О.Берлиоз, Жими Хендрикс, Тина Тернер, Оззи Осборн, Фрэнк Зиппа, Фрэнк Сипатра, Эдит Пиаф, Сезар Франк г.м.
Матрын орд
Энэ ордынхон аливаад бодитой ханддаг, юмыг байгаагаар нь харж чаддаг онцлогтой. Тэд дэг журам, хууль ёсыг чанд сахигчид байдаг. Матрын ордныхон өмнөө зайлшгүй хүрэх ёстой зорилт тавьдаг бөгөөд тэр нь албан тушаал, улс төр, нийгэм болоод оюуны үйл ажиллагаатай холбоотой байж болно. Ордных нь онцлогоос шалтгаалан матрынхны хувьд бүгдийг бодитоор, биетэйгээр харж, мэдрэх нь чухал байдаг ажээ. Ажлын идэвх, ачаалал ихтэй ажиллах чадвар нь тэдний амжилт бол юуны түрүүнд хангалуун байдал мөн гэсэн итгэл үнэмшилтэй нь холбоотой ажээ. Тэд өөрийн амжилтын төлөө, зорилгодоо хүрэхийн төлөө ажилладаг.
Тэд хэн нэгний захиргаанд удаан байж чаддаггүй бөгөөд удирдах ажилтан байх нь олонтаа. Өөрийн байр суурийг амар тавьж өгөхгүй. Хувийн тусгаар тогтнолын төлөөх эрмэлзэл нь тэднийг заримдаа хэт нарийн, арвич болгох нь бий.
Матрынхан бага залуудаа хөгшин мэт сэтгэгдэл төрүүлдэг хэдий ч идэр насандаа удтал идэвхтэй, хөдөлгөөнтэй хэвээр байж чаддаг. Тэд ганцаардал, гутралд автдаг талтай. Тэдний хувьд хөгжим гол сонирхол байх нь элбэг биш гэлтэй. Тэд ихэвчлэн нийгэм, шинжлэх ухаан, бизнест илүү сонирхолтой гэж хэлж болно. Тухайн үед ямар хөгжим хамгийн ихээр нэрд гарч байгаагаас тэдний хөгжмийн таашаал шалтгаалдаг байж болох юм. Тэд шинэхэн, сонирхолтой дуу хөгжмийг тэр дор нь олж аван, хөгжмөөс жинхэнэ таашаалыг авч чаддаг гэдгийг тэмдэглэх нь зүйтэй болов уу.
Матрын ордны алдарт хөгжимчид:
Дж.Пүччини, Д.Кабалевский, Донна Саммер, Дэвид Боун, Сэйд Пабло Казалье, Франциск Пуленк, Флойд Паттерсон г.м.
Бумбын орд
Дотоод эрч хүчний багагүй нөөцтэй хүмүүс байх бөгөөд харилцаа, нөхөрлөл, сайхан хамт олон тэдний хувьд хамгаас чухал байдаг. Бумбынхан өвөрмөц содон ааш араншинтай байх нь элбэг. Тэд хуурамч байдал, хэн нэгнийг дууриах, эсвэл тал засах явдалд дургүй. Хэнтэй ч нэг зангаараа байж чаддаг. Энэ ордод төрөгсөд хэзээ ч ганцаарддаггүй, харилцааг эрэлхийлж явдгаараа онцлогтой гэж хэлж болно. Хөгжмийн мэдрэмж туйлын сайтай хүмүүс. Гэвч тэдний таашаалыг нэг үгээр тайлбарлах амаргүй юм. Учир нь тэр нь маш олон янз байх магадлалтай бөгөөд хэрэв хоёр бумба нэг ижил хөгжим сонирхдог бол тэд өөр өөрийн зүгээс тухайн хөгжмийг хоёр янзаар үнэлэх нь гарцаагүй. Тэд сайн хөгжимчид байдаг бөгөөд аль ч төрөл зүйлд өөрийгөө илэрхийлж чаддаг. Энэ ордод төрсөн алдартай хөгжимчдийн нэрийг уншихад л үүнд итгэх болно.
Бумбын ордны алдарт хөгжимчид:
В.А.Моцарт, Ф.Шуберт, Ф.Мендельсон, Ф.Шалягин, П.Доминго, М.Ланца, Эдун Ван Халлен, Филл Коллинз, Боб Марли, Питер Гэбриэл, А.Рубныштейн г.м.
Загасны орд
Энэ ордныхон бусдын бодол, сэтгэгдэлд туйлын хүлээцтэй ханддаг онцлогтой. Энэ чанар нь тэднийг гадны нөлөөнд автахад хүргэх нь олонтаа. Тэд ямар нэг зүйл төлөвлөх дуртай хэдий ч түүнийгээ биелүүлэх сэтгэлийн тэнхээ муутай хүмүүс байдаг. Иймээс тэдний хувьд илүү биеэ даахын тулд аливааг хяналтдаа байлгаж сурах нь зүйтэй. Загасныхан олны өмнө өөрийн байр суурийг хамгаалах, хэрүүл маргаанд үнэн голоосоо дургүй. Хямралтай үед өөрийн эрхийг хамгаалахын оронд бууж өгөхийг илүүд үздэг тул өөрийн ашиг сонирхлыг хохироох нь олонтаа. Зөрөлдсөн хоёр загасны дүрс бүхий бэлгэдэл нь энэ ордныхны хоёрдмол сэтгэлийг илтгэх ажээ.
Загасныхан мөрөөдөмтгий. Иймээс тэдний дундаас сайн хөгжимчин, жүжигчин, яруу найрагч, дуучин, бүжигчид төрөх нь бий. Тэдний хувьд хөгжим гэдэг ус агаар мэт үүрэгтэй зүйл байдаг тул тэдний сэтгэл санааг удирдах магадлалтай. Загаснууд бол хөгжмийн гайхалтай сонсогчид мөн бөгөөд түүндээ бүрэн уусч чаддаг хөгжмийн нарийн мэдрэмжтэй хүмүүс юм.
Загасны ордны алдартай хөгжимчид:
Ф.Шопен, А.Вивальди, Н.Римский-Корсаков, С.Рахманинов, Б.Сметана, Дж.Россини, Г.Гендель, Энрико Карузо, Жорж Харрисон, Курт Кобейн, Лайза Минелли г.м.