Ева Лонгория: Эд баялаг зарим хүн амьдарлыг удирддаг
Гурван жилийн өмнө Ева Лонгория сагсан бөмбөгийн алдартай тамирчин Тони Паркертай гэрлэсэн. Үзэсгэлэнтэй, ззалуухан, ид гялалзаж байгаа энэ хос бол шоу ертөнцийн тод гэрэлтэж буй одод юм. Хуримын дараа тэдний амьдралд бараг өөрчлөлт гараагүй гэхэд хилсдэхгүй. Ева ажлаа үргэлжлүүлэн зураг авалтандаа явж, L’Oreal брэндтэй хамтран ажилласаар, Тони “Сан Антонио Спюрис” багтаа тоглосон хэвээр. Гэхдээ тэд гэр бүлтэй болж, орон гэрээ төвхөнүүлсэн. Орон гэр гэснээс тэдэнд гурван гэр бий. Ева ихэнхдээ Лос-Анжелест ажилладаг болохоор тэнд байшин авсан бол Тони бэлтгэл, тоглолт гээд Техаст багагүй хугацааг өнгөрөөдөг учраас Техаст бас нэг гэр нь бий. Харин гурав дахь нь Малибуд байдаг. Хосууд хотын хөл үймээн, хүмүүсийн сониуч нүднээс хол амрах гэж энд байшин авчээ. Тэд эндээ байх юу юунаас илүү дуртай.
Хаалган дээрх “Тавтай морил” гэсэн урилга нь ёс төдий зүйл биш гэдгийг тэднийхээр ороод гарсан хэн бүхэн батлах биз ээ. Ева, Тони хоёр үнэхээр зочиломтгой. Зочдоо гэртээ байгаа юм шиг тухлаарай гэж хэлдэг, тийм нөхцлийг ч бүрдүүлсэн байсан. Тохилог ч гэсэн энэ байшин алдартай хосынх гэхэд дэндүү энгийн харагддаг. Харин Ева “Лос-Анжелест ойрхон болохоор худалдаж авсан юм. Гаднаас нь харахад үлгэрт гардаг жижигхэн байшин шиг харагддаг ч цонхоор нь гайхамшгийг харж болдог юм. Бид энд байх дуртай” гэж ярьсан.
Тэд илүү тохилог, том харш авч болох ч Ева энд байх дуртай. Үүнийгээ “Эд хогшил гэдэг онцгой анхаарал тавиад байхаар чухал зүйл биш шүү дээ. Заримдаа эдгээр нь хүний амьдралыг удирдаад байгаа юм шиг санагддаг. Энэ байшин хэдийгээр жижигхэн ч тохилог, ирж амархад яг тохиромжтой, арчилж, хамгаалахад ч амар” гэж тайлбарласан юм. Ева энэ удаа ээлжит зураг авалтынхаа өмнө эрч хүчээ сэлбэх гэж Малибуд амарч байгаа аж.
-Зуныг яаж өнгөрүүлж байна вэ, амарч чадав уу?
-Амарч байгаа. Саяхан Мальдив, Ром, Сен-Тропе, Норманд, Парист гэсэн маршрутаар аялаад ирсэн. Тони бид хоёр хамт аялах дуртай. Нэг газар очоод амарч байна гээд зүгээр суух дургүй. Мальдивт өвлийн спорт, дайвингаар хичээллэж, Ромд очоод хотоор зөндөө явсан.
-Оддыг жуулчны маршрутаар аялдаг гэж мэдсэнгүй?
-Бид танхил хүмүүс биш. Би хөдөө өссөн. Бага байхад манайхан их аялдаг байсан. Тиймдээ ч замын тоос, аялал зугаалга гэдэг эртний танил маань л гэсэн үг. Тэгээд ч Тонитой хамт байхад сайхан байдаг юм.
-Аз жаргалтай гэр бүл байхын нууц нь юу юм бэ?
-Яахаар гэрлэлт бүтэлгүйтэж, ямар гэрлэлт асуудалгүй байдгийг ойлгоход их хэцүү. Биднийг аваад үзье л дээ. Эхэндээ нэг нэгэндээ таалагддаг, хамт байх дуртай найзууд байсан. Удалгүй бусдын адил дурлалцаж, хамт байхдаа аз жаргалыг мэдэрдэг болсон. Миний бодлоор аз жаргалтай гэр бүлийн гол нууц нь хоёулаа үүнийг хүсч, сайн сайхан байлгахын төлөө хичээдэгт байдаг байх. Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд бидэнд асуудал гарч байгаагүй. Хүмүүс итгэхгүй ч байж болох ч энэ үнэн. Хамгийн гол нь ухаалаг байж, нэгийгээ ойлгох хэрэгтэй юм болов уу.
-Нөхөр чинь танаас дүү. Насны зөрүү амьдралыг үзэх үзэлд нөлөөлдөг үү, та хоёр бүх талаар адилхан хариуцлага хүлээдэг үү?
-Үнэнийг хэлэхэд өөр. Би түүнээс эгчмэд ч гэлээ Тони амьдралд надаас илүү бодитой, нухацтай ханддаг.
-Та хоёр бие биедээ гэнэтийн бэлэг барих дуртай хэвээрээ биз дээ?
-Бид гэнэтийн бэлэгэнд дуртай. Хаанаас ч билээ, гэнэтийн бэлэг бол үггүйгээр хайраа илэрхийлэх сайхан арга гэж уншиж байсан юм. Үнэн шүү.
-Сүүлд авсан гэнэтийн бэлэгээ сонирхуулаач?
-Миний төрсөн өдрөөр Тони найзуудтайгаа Техасаас ирсэн. Би түүнийг ингэнэ гэж ер бодоогүй. Би Cluedo тоглох дуртай. Харин тэр компанитай нь ярьж байгаад энэ тоглоомыг бодитоор нь тоглох боломж өгсөн. Үнэхээр хөгжилтэй байж билээ. Бас хуримын ойгоороо Венецед очиж, романтик оройн зоог барьсан.
-Та хоёр гэрлээд гурван жил болсон байна шүү дээ …
-Гэсэн ч өчигдрийнх юм шиг санагдаж байна. Болдогсон бол дахиад хуримлахсан. Бидний хуримын ёслол хэвлэлийн шуугиан, сониучирхсан хүмүүсийн дунд жирэлзээд л өнгөрсөн. Одоо бодох нээ гэрлэх ёслолоо бид өөрсөндөө зориулж хийж чадаагүй юм шиг. Тиймээс дахин нэг удаа, ойр дотнынхоо хүмүүстэй нам гүмхэн хуримлах юмсан гэж боддог.
-Та хоёр ажлын шаардлагаар ихэнхдээ тусдаа байдаг. Ийм тохиолдолд итгэлцэл хамгийн чухал байдаг биз дээ?
-Бие биедээ бүрэн итгэж чаддагтаа бид их баяртай байдаг. Тэгээд ч нэгнийхээ хувийн орон зайг нь хүлээн зөвшөөрч, хүндэтгэдэг болохоор энэ тал дээр нэг их асуудал гардаггүй юм.
-Тони харддаггүй хэрэг үү?
-Үгүй гээд хэлчихвэл ёстой инээдтэй хэрэг. Гэхдээ тэр ………..
-Хүүхэдтэй болох талаар ямар бодолтой байна вэ?
-Бүх хосод хүүхэдтэй болох төлөвлөгөө байдаг шүү дээ. Харин бид тодорхой хугацаа товлоогүй. Цаг нь болохоор олон хүүхэдтэй, сайхан айл болох биз.
-Та хүүхэд үрчилж авах уу, энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?
-Хандив тусламжийн ажлаар явж байхдаа гэр бүлгүй, золгүй хувь тавилантай хүүхдүүтэй олон таарч байсан. Хэн ч харсан тэдний ирээдүй бүрхэг, хувь тавиланд нь санаа зовдохгүй байхын аргагүй. Гэсэн ч энэ асуултад яг одоо “тийм” эсвэл “үгүй” гээд хариулж чадахгүй нь.
-Та хандив, тусламжийн ажилд нэлээн их оролцдог байх аа?
-Том эгч маань төрөлхийн гажигтай. Тиймээс ч түүний ачаар би зарим зүйлийг арай өөрөөр хардаг болсон. Бага байхаас ээж бусдад туслахдаа тэвчээртэй, хүлээцтэй байхыг сургасан. Бусдад туслах нь миний үүрэг гэдгийг би багаасаа заалгасан.
-Лизатай хамт өссөн болохоор тэр үү?
-Тэр бол манай гэрийн хамгийн том нь. Зөвхөн ээж, аав хоёр ч биш манай гэрийнхэн бүгд л түүнд санаа тавьж, халамжилдаг. Тэр бол манай гэрийн гэрэл гэгээ болсон гайхалтай хүн. Лизаг бидэнтэй хамт байгаад баярладаг шүү.
-Хүүхэд насныхаа талаар дурсаач?
- Жилд ганцхан шинэ гутал авч, 365 хоног өмсдөг байсан ч бага нас маань сайхан байсан. Эцэг, эх маань чинээлэгү хүмүүс байгаагүй ч гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, хайр, хүндлэл гээд бидэнд.хэрэгтэй бүх зүйл байсан. Жүжигчин болоод анх удаа амьдралд хүрэлцэхүйц хэмжээний мөнгө авсан даруйдаа эцэг, эхдээ байшин авч өгч байсан. Одоо бол надад санхүүгийн хувьд асуудал байхгүй. Гэсэн ч би мөнгө үрэх дургүй. Дэгжин гоёл, цүнх, гуталд дуртай ч баруун солгойгүй мөнгө үрээд байх дургүй.
-Гарал үүсэл чинь танд хэр чухал вэ?
-Би саяхан Мексикийн нэгэн цувралд тоглосон. Энэ бол анх удаа испани хэлээр тоглосон кино. Би Испани оронд, хэл, соёлд нь дуртай. Миний дуртай хөл бөмбөгийн баг бол “Барселона”. Лонгория гэдэг овог маань Испанийн Астурияд байдаг газрын нэр. Ирэх арваннэгдүгээр сард эцэг, эхтэйгээ Астурид очно. Тэд маань уугуул нутагтаа очихсон гэж байнга ярьдаг.
– “Яахаас ч буцахгүй эзэгтэй” цуврал та нарын амьдралыг хэр өөрчилсөн бэ?
– Опрагийн шоунд уригдахдаа л алдартай болж байгаагаа мэдсэн. Тэр шоунд оролцоно гэдэг тун ховор боломж, тэр агшин бидний амжилт нэг шат ахисныг харуулсан.
-Та “Яахаас ч буцахгүй эзэгтэй нар” киноны хамтран тоглогчидтойгоо ямар харилцаатай байдаг вэ?
-Бид их ойр дотно байдаг. Марси Кросс бага насны хүүхэдтэй болохоор ойр ойрхон уулзаад байж чаддаггүй. Фелисити Хаффманы хүүхдүүд ч гэсэн жаахан болохоор завгүй. Гэхдээ тэр хэдийнэ хүүхдүүдийнхээ коллежийн тухай бодоод эхэлсэн байна лээ. Бид киног нэрд гарахаас өмнө дотнын найзууд болсон байсан. Хэдийгээр ажил дууссан ч бид сайхан харилцаатай хэвээрээ.
-Габриэль та хоёрын хооронд хэр их ялгаа байсан бэ?
-Эхэндээ би өөрийгөө түүнтэй харьцуулж боддог байсан. Гэхдээ бид тэс өөр болохоор нэг анхаарал хандуулаад байх зүйл биш. Би түүн шиг биш, зөвхөн ажил болохоор тайлбар хийгээд, олон зүйл бодоод байх хэрэггүй. Габриэль хүүхэдтэй болоод их өөрчлөгддөг тэр хэсэгт би ч гэсэн хүүхэдтэй болвоо их өөр болох болов уу гэж бодогдож байсан.
-Нээрэн цуврал дууссны дараа та илүүдэл жинтэйгээ тэмцэх гэж нэлээн юм болсон байх даа?
-Инээдтэй юм. Тэр ердөө л дүр хувиргалт байсан шүү дээ. Тэр дүрийг гаргахын тулд үсээ тайруулаад, тарган харагдах хэрэгтэй болсон. Бид дүр хувиргалтын тал дээр нэлээд их ярилцаж байж тэр төрхийг бий болгосон юм шүү. Үсээ богинсгоод, давхар эрүү хийлгэж, том гэдэстэй болсон. Би нөхөртэйгөө асуудалтай, хоёр хүүхэдтэй Габбигийн дүрд тоглож байсан. Киноны дараа хүмүүс намайг тун богино хугацаанд турсан, онцгой жортой гээд л хэвлэлээр бичээд байсан.
-Та жинхэнээсээ таргалчихвал яах вэ?
-Ямартай ч би байгаагаараа нөхөртөө таалагддаг гэдгээ мэднэ. Тэр хэзээд намайг хайрлах болно. Нөгөөтэйгүүр, би жингээ бүрэн хянаж чадахгүй болохоор тухайн үедээ л болох биз.
– Алдартай болоход ашиг орлого нэмэгдэхээс гадна сонирхолтой олон өөрчлөлт байдаг биз дээ?
– Хүн бүрийн хувьд өөр өөр байдаг байх. Жишээлбэл, анх удаа Оскарын шагнал гардуулах ёслолд оролцоод, дараа “Vanity Fair"-ийн уламжлалт үдэшлэгт уригдлаа. Тэнд алдартай хүмүүс нэг дор тийм олуулаа цугласан анх удаа харсан. Тэгээд маш и хсэтгэл хөдлөн “Бурхан минь, Клайв Оуэн өөрийн биеэр зогсож байна!”, хэд алхаад л “Тэнгэр минь! Энэ чинь Жонни Депп байна” гээд л дотроо үглээд явж билээ.
– Оддоос хэнийг нь царайлаг гэж хэлэх вэ?
– Жонни Депп. Би анх түүнтэй уулзаад юу ч ярьж чадаагүй. Бас Кейт Уинслетийг нэрлэх юм байна.
– Дэлгэцээр харахад та их дэгжин бүсгүй шиг харагддаг. Харин нүүр тулаад уулзсан чинь ...?
– Тэгэлгүй дээ, энгийн үед жинсэн өмд, богино ханцуйтай цамц л өмсдөг. Зундаа нарны малгайгаар гоёод, өвөл бол “Uggs” өмсөөд бусдын л адил хувцасладаг.
-Та Виктория Бэкхэмтэй найз. Яаж танилцсан юм бэ?
-Тони тамирчин гэдэ утгаараа нэлээд эртнээс таньдаг юм билээ. Тэгээд тэднийх Америкт ирэхэд бид гэр бүлээрээ танилцаж, нөхөрлөсөн. Вик бол авьяастай загвар зохион бүтээгч, эмэгтэй хүнийхээ хувьд гайхалтай бүсгүй. Түүний загваруудад би дуртай. Загварын ертөнцийн сонгодог загвар өмсөгч. Тэр бол хувцас загварын тал дээр харьцуулашгүй мэргэжилтэн гэдгийг би батлаж чадна. Сайн ээж, гайхалтай ажил хэрэгч бүсгүй.
-Үе тэнгийн, нөхрүүд чинь адилхан тамирчин, хоёулаа ид гялалзаж яваа алдартай, үзэсгэлэнтэй бүсгүйчүүд гээд та хоёрт төстэй зүйл олон байдаг тийм ээ?
-Бид тамирчдын эхнэр болохоор нийтлэг зүйл олон шүү. Тиймдээ ч нэгнийгээ ойлгож, дэмждэг юм.
No comments:
Post a Comment