Sunday, November 11, 2012

Би сайн охин мөн үү?

Ингэж өөрөөсөө асуух хэрэг гарсан юм. Дүү маань утасдаж ээжтэй хамт байхад хэцүү байгаа учраас чи хурдхан аваач ээ гэсэн юм л даа. Асуудал тариад, хэрүүл маргаан дэгдээгээд, амар тайван гэртээ хэвтэж болохгүй байгаа гэнэ. Ер нь бол багагүй "асуудлын эзэн" л дээ. Эхлээд үүнийг нь сонсоод ээждээ баахан уцаар хөдөлвөө. "Үр хүүхдээ боддоггүй, дандаа зовоож байдаг. Амьтан хүн чинь үр хүүхдээ гээд явдаг байхад өөрийгөө баясгаад, бас болоогүй дээр нь бүр зовоогоод явж байдаг ..." гэж ирээд л. Ээждээ ийн гомддог болоод арав гаруй жил өнгөрч байна аа.

Тэгснээ бас бодож үзлээ. "Би хэрвээ ээжийн оронд байсан бол?"... Үр хүүхэдтэйгээ муудалцаж, орон байраа булаацалдаж, чи цаашаа, би цаашаа гэж насны эцэст муугаа үзэх байсан уу гэж. Төрүүлсэн үр нь эргээд надтай арслан бар шиг арцалдаж, муухай сайхнаар дуудалцаж хэрэлдээд, эхнэр нэртэй нэг хүүхэн дагуулж ирчихээд мууг минь үзээд байвал яах билээ?

Бас олон хүүхэд төрүүлсэн байхад тэд маань намайг анхаардаггүй, тоодоггүй бол яана аа гэж.

Олон хүүхэд нь тоодоггүй байх шалтгааныг ээж өөрөө гаргадаг л даа, гэхдээ л анх биднийг тээж   төрүүлж өсгөх гэж нойр хоолгүй гүйдэг байхдаа хожмын өдөр ийм болох юм гэж бодоогүй байлгүй. Насны бөгсөнд үр хүүхдийнхээ ач буянаар хөлөө жийгээд сайхан сууна гэж бодож л байсан байж таараа. Гэтэл бидний байж байгааг...

Тус тусдаа амьдралтай, амьдралаасаа илүү гарахгүй гэхдээ бас дутаж гуцаад сүйд болсон юмгүй. Ээжийн 18-тын дэггүйтлээс нь болоод бүгд гомдсон нэрийдлээр шилээ харуулаад сууцгаачихсан хүмүүс.

Тэгээд би өнөөдөр хүүхдүүдээ аз жаргалтай, эрүүл саруул, энх тунх өсгөх гэж байдгаараа хичээж байдаг, харин хожмын өдөр хөлийг минь хучаад өгөх хүн олдохгүй байвал ... гэсэн сонин бодол толгойд орж ирсэн юм.

Би сайн охин биш юм байна, би үр хүүхдээсээ хүсч байгаа зүйлээ өөрөө ээждээ өгч чадаагүй, чаддаггүй юм байна. Харин ч бүр муухай аашилж, ээждээ л загнах болохоороо том дуугарч, ээжийгээ л болохоор үгийнхээ аясаар байлгаж байх санаатай муу хүүхэд юм байна гэдгээ мэдэж авлаа.

Тиймээс хэчнээн бүтэлгүй, буруутай байлаа ч ээжийгээ хайрлана аа. Хэдий урт наслаа аж, миний муу ээж. Залуу халуун насаа үр хүүхдийнхээ төлөө зориулж, дөнгөж дөч гараад сайхан ханиа алдаж сэтгэл нь гундаад, тэгээд угийн тэвчээргүй зангаасаа болж хөл алдаа л биз. Бид тэрийг нь ойлгохгүй юм бол хэн өөр ойлгож, халамжлах билээ. Тэр муу бэр, ухаангүй дүүгээсээ "хамгаална аа".

No comments:

Post a Comment