Wednesday, January 20, 2010

Панз Нансалмаатай хөөрөлдсөн нь

Амралтын өдрөөр суваг эргүүлээд сууж байтал үндэсний дуурийн баатар Юндэн, Нансалмаа хоёр цэнхэр дэлгэцнээс панз үсэргээд сууж байхтай таарлаа. Тээр жил энэ хоёр бөөн үймээн шуугиан болж болж эцэст нь
“…Ижил хоёр шувуу шиг
Ижилдээд хоёулаа сууя даа
Ингэж нийлэхээс илүү
Жаргал хаанаас байх юм бэ …” гэж дуулсаар нам жим болсон юм. Гэтэл цэнхэр дэлгэцээр ингэж таарах гэж. Ингээд номын хуудас, театрын тайзнаа учирч асан эчнээ танилуудтайгаа уулзахаар шийдэж нэвтрүүлгийн нэрийн дэлгүүр дээр яваад очлоо. Юндэн эзгүй, Нансалмаа наймаагаа хийж байхтай нь таарч хөөрөлдсөн юм.

-Айлын хойморт байгаа цэнхэр дэлгэцээр панз үсэргэх ямар байна вэ?
-Эхэндээ амаргүй санагдаж байсан. Учраа олохгүй, эвээ олохгүй самгарддаг байлаа. Эвийг нь олоод эхэлсэн чинь их сонирхолтой болж эхэлсэн. Хүн бүхэн гэртээ удирдлагаа барьж сууж байгаад таалагдсан бараагаа сонгоод утсаар үнэ хаялцаад зах зээлийн үнээс хавьгүй хямдхан авахдаа дуртай байдаг. Үзэгчидтэйгээ авхаалж самбаа, үг яриа, наймааны ухаанаар өрсөлдөнө гэдэг амаргүй ч сонирхолтой байдаг юм. Үзэгч хэн ч байж болно. Боловсролтой, мэдлэгтэй, ам фигур сайтай эсвэл бүр бүдүүлэг эв хавгүй оролцогчтой ч таарна. Тэр бүхэнтэй үнэ хаялцаж, бараагаа сурталчилж, үг хэлээ олж наймаа хийнэ гэдэг амаргүй шүү. Үүгээрээ үзэгчидтэйгээ утсаар холбогддог бусад нэвтрүүлгээс ялгаатай байдаг юм.
-Суваг болгон дээр бизнес нэвтрүүлэг гардаг ч та хоёрынх арай өөр байх шиг?
-Тэгэлгүй яахав. Зүгээр нэг аваарай, үзээрэй, хэрэглээрэй гээд рекламдаад өнгөрөх биш, үзэгч сонирхож буй бараагаа санасандаа хүртэл үнийг нь буулган худалдаж авах боломжийг олгодогоороо давуу. Манай нэвтрүүлэг “Үнийг доош нь чанарыг дээш нь” гэсэн уриатай, үзэгчид ч үүнийг мэдэрдэг байх.
-Юндэн, Нансалмаа хоёр хэдийнээс наймаа хийж эхлэв?
-Нэвтрүүлэг анх ганц хөтлөгчтэй байсан нь Юндэн. Одоо жил болох гэж байна. Харин би арай хожуу өнгөрсөн тавдугаар сард энэ нэвтрүүлгийг хөтөлж эхэлсэн.
-Итгэлт баян, Равсал панз гээд л монголчуудын сэтгэлд хоногшсон наймаачдын дүр олон бий шүү дээ. Яагаад Юндэн, Нансалмаа хоёрыг панзчин болгочихов?
-Манай “Media PR” агентлагийн захирал Дамдинжав ахын санаа юм билээ. Миний хувьд бэлэн болсон нэвтрүүлэгт орж ирсэн болохоор нарийн ширийн зүйлийг нь сайн мэдэхгүй байна.
-Нэгэнт телевизээр худалдаа хийж байгаа юм чинь танай бараа бүтээгдэхүүний чанарыг үзэгчид сонирхож байгаа байх. Хаанахын бараа бүтээгдэхүүнийг, ямар шалгуураар сонгож худалдаалдаг вэ?
-Телевизээр худалдаа хийж байгаа гэдэг утгаараа чанарыг хамгийн чухал үзүүлэлт болгодог. Зах дээр, лангуунаас худалдаа хийхэд хэрэглэгчээ нэг хоёр удаа хуурч, худлаа үнэн юм ярьж байгаад бараагаа зарчихаж болно. Буцаад ирэхэд нь мэлзээд л суугаад байдаг биз дээ. Харин бидэнд үзэгчдээ тэгэж үл хүндэтгэн, мэхлэх эрх байхгүй. Тиймээс бараа сонгоход учир бий. Бид ямар нэг байгууллагын бараа бүтээгдэхүүнийг худалдахаас гадна хувь хүмүүстэй хамтардаг. Сүүлийн үед монголчууд гадаадад амьдрах нь олон болсон. Тэгээд гэр лүүгээ, эцэг эхдээ элдэв төрлийн бэлэг сэлт, бараа таваар өгч явуулдаг юм байна. Харин тэр бүхэн нь эзэндээ таардаггүй, зохидоггүй, таалагддаггүй, нэг их хэрэгтэй биш гээд асуудал үүсч үүнийгээ хэр таарсан үнээр арилжих сонирхолтой байдгийг анзаарсан. Тэгээд л хувь хүн манай хямдралын зарчмыг зөвшөөрвөл тохирч, чанартай барааг нь хэрэгтэй хүнд нь боломжийн үнээр нь зуучилж өгдөг юм. Хамгийн гол нь бид барааны танилцуулга, мэдээллийг үнэн зөвөөр өгдөг.
-Танай бараа заримдаа хэт хямдардаг нь хүмүүсийн хардлагыг төрүүлдэг. 50 мянгын барааг 120 мянга гэж нэмээд, тэр зохиомол үнэнээсээ үнэ хаялцах нэрийдлээр доош буулгаад жинхэнэ үнээр нь зардаг гэсэн хардлага байдаг?
-Ертөнцөөс тасарчихсан, гадуур огт явдаггүй, бараа бүтээгдэхүүний ханш огт мэдэхгүй тайгын хүмүүстэй наймаалцаагүй гэдгээ бид мэднэ шүү дээ. Тиймээс юү гэж хэдхэн алхамын хооронд худлаа үнэ хэлээд сууж байх вэ дээ. Тэгээд ч хүн сонирхсон барааныхаа зах зээлийн үнийг ерөнхийд нь багцаалж байгаа, тэр үнэнээс нь хямд, бүр хямдруулах боломж байгаа учраас үзэгчид манай нэвтрүүлэг рүү утасны шугам нь ачаалаа даахгүй болтол залгадаг байлгүй. Хүмүүсийн хардлагыг төрүүлээд, хэт их хямдраад байдаг бараа бол үнэндээ сурталчилгааны нэг хэлбэр. Энэ талаар тухайн компанитайгаа анхнаасаа ярьж тохироод, тэр бүтээгдэхүүнээ хүмүүст таниулах гэж манайтай хамтардаг учраас зарим барааны үнэ тэгэж буудаг гэдгийг ойлгох хэрэгтэй.
-Хамгийн их хямдарлаа гэхэд зах зээлийн үнээс хэдэн хувь буух ёстой юм бэ?
-Янз бүр. Нэг удаагийн нэвтрүүлгээр 18 мянгын үнэтэй халбага сэрээний цуглуулгыг 333 төгрөгөөр өгсөн. Ер нь 40-60 хувийн хямдрал гэж төлөвлөдөг ч үнэ буух эсэх нь оролцогчийн ур чадвар, наймааны ухаанаас ихээхэн хамаардаг.
-Танай нэвтрүүлгээр хамгийн үнэтэй, хамгийн хямд зарагдаж байсан бараа юу байсан бэ?
-За 45 мянган долларын үнэтэй Америкаас орж ирсээд Монголд яваагүй Lexus машин байсан. Маркыг нь сайн санахгүй байна. Үнэ нь буусаар байгаад 20 мянган доллароор зарагдсан. Хямд нь гэвэл саяын ярьсан халбага, сэрээний цуглуулга юмуу даа.
-Нансалмаа Юндэнгээ бодвол их чанга наймаачин, хэрийн барааны үнийг буулгадаггүй гэж үзэгчид ярьдаг юм билээ. Ер нь арилжаа наймаа хийж байсан туршлага бий юү?
-Үгүй ээ, үгүй. Би СУИС-ийн жүжигчний ангийн III курсийн оюутан. Амьдрал дээр худалдан авагч байснаас биш худалдагч, наймаачин байж үзээгүй болохоор ямар ч туршлаггүй гэж хэлж болно. Бас санхүү, бизнес, худалдаа гэдэг зүйлээс их хол байсан надад мэдлэг дутах, мэдээлэл хомс байдгаа их мэдэрдэг юм. Зөвхөн ажлын шаардлагаас гадна амьдрал, ирээдүйгээ бодсон ч цаашдаа энэ талын боловсрол зайлашгүй шаардлагтай юм байна гэж бодоод байгаа. Үзэгчид намайг чанга гартай гээд байдаг юм. Анх нэвтрүүлэгтээ ороод учраа олохгүй, тэрэндээ хаширлаад үнээ нэг их буулгахгүй хатуурхаад байсан байж магад. Одоо бол жаахан юм юмны захтай болоод наймаа арилжаандаа ч их уян хатан болоод байгаа. Нэг их чанга байхаа больчихсон шүү дээ.
-Амьдрал дээрээ бараа зарж байгаагүй хүн чанга гартай, хатуухан наймаачин гэж хэлүүлэх ямар санагдаж байна?
-Өө яахав ажил юм чинь. Нэг үеэ бодвол одоо нэлээн туршлагажаад, мэдрэмжтэй болоод байгаа. Холбогдож байгаа хүнийхээ ярианы өнгөнөөс нь энэ хүн үнэхээр сонирхоод байна уу эсвэл яасан ч яахав гэж байна уу гэдэг нь анзаарагддаг болчихдог юм билээ. Зарим нь бүр хамаа намаагүй үнэ хэлж, сорьж шинжсэн маягтай байдаг бол үнэхээр авья гээд үнэ хаялцаж байгаа хүн андашгүй байдаг юм.
-Хэдий насны хүмүүс та хоёртой панз үсэргэж байна?
-Найман настай балчираас наян настай өтгөс хүртэл бүх насныхан оролцдог. Бага насны хүүхэд “Би ээжийгээ баярлуулах гэсэн юм” гээд холбогддог юм.
-Юндэн та хоёрын зардаг бараа, бүтээгдэхүүн ялгаатай юү?
-Тэгэлгүй яахав. Долоо хоногийн сондгой тоотой өдрүүдэд би, тэгш тоотой өдрүүдэд Юндэн, харин бямба гаригийн нэвтрүүлэгтээ хамт хөтөлдөг юм. Миний хувьд эмэгтэй хүн гэдэг утгаараа аяга шанага, сав, гоо сайхны бүтээгдэхүүн гээд эзэгтэй нар, охид бүсгүйчүүддээ зориулсан барааг түлхүү оруулдаг.
-Та хоёрын хэн нь илүү наймааны одтой вэ?
-Өрсөлдөн аз, одоо үзнэ гэхээсээ илүүтэй нэг нэгнээ дэмжээд, зөвлөлдөж ажилладаг. Гэхдээ миний бодлоор Юндэн илүү одтой байх шиг байдаг юм.
-Заримдаа зарж байгаа бараагаа хараад авах юмсан гэж шохоорхдог биз дээ?
-Тэгэлгүй дээ. Манай гэрт нэвтрүүлгээс авсан эд зүйл зөндөө бий.
-Ямар бараа орохыг урьдчилж мэдэх боломж бий юү?
-Хүмүүс их асуудаг юм. Харамсалтай нь, тэр өдөр ямар бараа орохыг урьдчилан зарлах боломж байдаггүй юм.
-Хэтдээ урлагт зүтгэх хүн Нансалмаа нэрээр олонд танигдаж байгаа нь их билгэшээлтэй хэрэг шүү?
-Тийм шүү. Намайг Н.Оюунгэрэл гэдэг ч ажил дээр, гадуур миний жинхэнэ нэрийг мэддэг хүн ховор ш дээ. Нансаа, Нансалмаа л гэж дуудаг юм. Монголын сонгодог уран бүтээлийн алдартай дүрээр олон хүмүүст танил болж байгаа нь их билгэшээдэг. Хэтдээ “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаагийн дүрд тоглох юмсан гэж бодоод байдаг болсон. Хувцаснаасаа болоод телевизээр их намбатай харагддаг юм шиг байна лээ. Хүмүүс нэвтрүүлгийн нэрийн дэлгүүр дээр ирчихээд “Хөөе, намбалаг эмэгтэй харагдаад байсан. Ийм жаахан хүүхэд байсан юм уу” гэдэг. Нэг эмээ бүр “Чи Нансалмаагийн охин нь уу?” гэж асуусан.
-Багагүй хугацаанд наймаа хийж, туршлага хуримтлуулаад байгаагийн хувьд нэвтрүүлгээ манай уншигчдад рекламдаад авьяасаа үзүүлээч?
-Уншигч та манай С1 телевизээр өглөө бүр найман цагаас үзэгчдийн хүртээл болдог манай нэвтрүүлгийг тавхан хормын зав гаргаад харчихаж байгаарай. Магадгүй танд хэрэгтэй, таны сонирхож байсан бараа, бүтээгдэхүүн худалдаалагдаж байвал оролцоорой. Зах зээлийн үнээс хавьгүй хямд авах боломж бий шүү. Удахгүй сар шинэ болох гэж байгаатай учраас хамтарч ажилладаг байгуулагууддаа цагаан сараар хэрэг болохуйц бараа бүтээгдэхүүнээ оруулаач гэж санал тавиад байгаа. Тэгэхээр уншигч та хэмнэхийг хүсвэл бидэнтэй хамт байгаарай.

Найзууд

Хүмүүсийн нөхөрлөлд алдар нэр, амжилт тийм чухал гэж үү? Урлаг, спортын алдартнууд хоорондоо тун сайхан нөхөрлөдөг юм шүү.

Клуни-Питт
Хөндлөнгийн нүдээр тэдний нөхөрлөл эрчүүдийн энгийн сайхан нөхөрлөлөөс хальсан гэмээр дэндүү дотно харагддаг. Телевизийн шоуны үеэр Брэдээс хөтлөгч Элен ДеЖенерес дотнын найз Жоржийн талаар, тэдний нөхөрлөл яагаад ийм дотно байдгийг асуужээ. Үүний хариуд Брэд ер мэгдсэн шинжгүй “Тайчигч залуус хөлслөөд өгчих. Тэгвэл тэр, түүний бүх зүйл таных болно. Гэхдээ гурваас цөөн байж болохгүй, хамгийн гол нь тэдний нэг нь заавал шаргал үстэй байх ёстой гэдгийг санаарай” гэжээ. Энэ наргиа наадам болсон хариултын дараа үзэгч, фэнүүдийнх нь дунд Жорж тайчигч залуусаар хэрхэн сэтгэлээ хангадаг бол гэсэн явган яриа дэгдсэн нь бий. Харин мань эрийн гоонь амьдрал энэ наргиа, хүмүүсийг сэжиг таамгийг өөгшүүлэх гэсэн мэт үргэлжилсээр л. Питтийг гэнэтхэн алдарт эцэг болж гэр бүлийн хүндхэн ачааг нуруундаа үүрэхэд хэвлэлийнхэн түүний дотны найз Жоржийг үүнд хэрхэн хандахыг анхааралтай ажиглаж байсан. Тун удалгүй тэр Анжелина Жолиг “Ухаантай, сайхан эмэгтэй шүү” хэмээн хэвлэлийнхэнд ярьсан нь найзынхаа шийдвэрийг эерэгээр хүлээн авч байгаагаа илэрхийлсэн хэрэг болсон юм. Харин Анжелина түүнд тийм ч сайхан хариу бариагүй юм. Тэр “National Enquirer” сэтгүүлээр дамжуулан Жорж нөхөрт нь муу нөлөө үзүүлдэг хэмээн мэдээлжээ. Зөвхөн мэдэгдээд зогсохгүй тэр Жоржид таагүй ханддагаа хаана ч нуудаггүй байсан. Алдарт гоонь эр маань ч үүний хариуд биеэ хамгаалсан зараа өргөстэй бөмбөлөг болдогтой адил үйлдэл хийсэн нь Брэд, Жоли хоёрын өнөр өтгөн гэр бүлийг өөрийн гэртээ зочлуулах хүсэлгүй гэдгээ мэдэгдсэн явдал байв. Жорж өөрийн биеэр дотнын найздаа “Бужигнасан хүүхдүүдээ авчрах хэрэггүй” гэж анхааруулсан гэдэг. Гэвч энэ бүх зөрчил, хэрүүлийн алим сая сая хүүхнүүдийн зүрх сэтгэлийг булаасан халуухан хоёр эрийн нөхөрлөлд цав суулгаагүй л юм даа.


Круз-Холмс-Бекхэм
Том Круз болон түүний өхөөрдөм эхнэр Кэти Холмс хоёр английн алдартай хос болох Бекхэмийнхэнтэй сайхан нөхөрлөдөг. Ердөө үдэшлэг, наадмын үеэр хосууд олны нүдний өмнө хамт харагддаг юм биш. Круз зөвлөгөө авна гэсэн шалтгаар нэг бус удаа Викториятай уулзаж, Дэвидын эзгүйд гэрээр нь айлчилахаасаа ер цааргалдаггүй.
Бүр түүнийг эзгүйд хоосон орон зайг нь нөхөх гэсэн юм шиг бяцхан Бекхэмийн хөл бөмбөгийн тэмцээнд Викториятай хамт очдог гэнэ. Алдартай дөрвөл бүр нэг дор лос Анжелес хотноо хөршүүд болж гэр бүлийн нөхөрлөлөө батлан харуулсан юм.





Дэймон-Аффлек

Тэдний нөхөрлөл жинхэнэ цаг хугацааны шалгуурыг давсан дотно харилцаа. Бен найман настай байхдаа жүжигчний гараагаа эхэлж анхны дүрээ бүтээж байхдаа Дэймонтой танилцжээ. Хэдий хоёр хувь хүн ч гэлээ нэгэн цул болтлоо нөхөрлөж чадсан. Тэдний нөхөрлөлийг батлах жишээ бий. Мэттийг эхнэртэй болох хүртэл Бен санхүүгийнхээ бүх асуудлыг, бүр цент бүрээ найздаа даатгадаг байсан. Гэр бүлд ч баймгүй итгэлцэл биш гэж үү.


МакКонахи-Армстронг
Мэттью МакКонахи, Лэнс Армстронг хоёр одоогоос арваад жилийн өмнө танилцаж байсан. Тэд хамтдаа далайн эргээр гүйж, дугуйгаар зугаалах дуртай. Эрчүүдийн нөхөрлөлийн сайхан жишээ болох эл хоёр эрийн андын холбоо гайхалтай. Мэттью “Details” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “ Олон хүн жинхэнэ нөхөрлөл, ах дүүгийн барилдлага гэдгийн мөн чанарыг мэддэггүй. Лэнс миний хамгийн сайн найз. Тэр надаас гуйгаагүй байсан ч би түүний төлөө чадах бүхнээ хийнэ. Учир нь энэ надад амар тайван, баяр баясгалантай сэтгэгдэл төрүүлэх учраас тэр.” гэжээ. Тэдний нөхөрлөл мөн л хартай эхнэр шиг хэвлэлийнхний анхаарлыг татаж ижил хүйстнүүд гэж сэрджээ. Гэвч тэдний харилцаа үүнээс өөр, илүү эрхэм нандин байсан юм. Жинхэнэ нөхөрлөл. Мэттью эхнэртэй болж сайхан хурим хийн хүүхдүүдтэй болж энэ хардлага намжсан юм. Харин түүний найз эрх чөлөөтэй шувуухай шиг л жиргэж явна.


Ди Каприо-Магуайр
Сахиусан тэнгэр шиг гэмгүй төрхтэй Леонардо Ди Каприо, Тоби Магуайр хоёрын хүзүүгээрээ тэврэлдэж, хамтдаа архидаж, тамхилж бүр нудрага зөрүүлж байхыг нь нэг их олон харахгүй. Тэд чөлөөт цагаа хамтдаа өнгөрөөх тун дуртай. Ихэнхдээ арал дээр очиж усан спортын төрлүүдээр хичээллэж цагийг хөгжилдөн өнгөрөөдөг. Тэдний нөхөрлөл ч бүр 17 өмнө “Жаалхүүгийн амьдрал” киноны үеэр тааралдсан үеэс эхэлсэн юм.


Круз-Холмс-Смит
Дэвид Бекхэм бол Том Крузын алдартай цор ганц найз биш ээ. Алдарт хос Смитийн гэр бүлтэй мөн дотно сайхан харилцаатай байдаг. Хоёр гэр бүлийн охид хамтдаа гимнастикийн дугуйланд явж, балет бүжиглэн, хэлний сургалтад явж, хөл бөмбөгөөр хичээлэлдэг. Уилл Смитийн эхнэр Жада хэдэн жилийн өмнө Нью Виллажид “New Village Leadership Academy” байгуулсан юм. Кэти ч түүнтэй муугүй хамтардаг. Харин эрчүүд зөвхөн эхнэр хүүхдээрээ дамжуулан харилцдаггүй юм. Ажил хэргийн тал дээр нэгнийгээ ихэд дэмждэг гэдгийг Томын хэлсэн үг бэлэхнээ батлаад өгнө. Тэр нэг ярилцлагынхаа үеэр “Доктор Хитч” киног хамгийн сүүлд үзэхэд бүр хөгжилтэй санагдсан шүү. Бүр Смитын оронд би байсан бол гэж бодож билээ” гэж ам халжээ.

Асуудалтай хатагтай нар

Тэдний танхайрал, балмад үйлдэл, барьцгүй зан нь үнэхээр олныг гайхшруулдаг. Эдгээр хүүхнүүд диваажинд ч байсан асуудал үүсгэж, түйвээж чадах хүмүүс.

Хатагтай “Асуудал”
Холливудад алдартай жүжигчин, дуучин, загвар өмсөгч гээд шоу ертөнцийн нүүр царай болсон хүмүүс байдаг. Гэхдээ тэр оддын дунд “хулигаан” буюу танхай балмад этгээдүүд зөндөө бий. Лавин, Агилер, Стефани тэргүүтэй уран бүтээлчдийн нэр ийм жагсаалтад дээгүүр бичигдэнэ. Харин хамгийн эхэнд өдгөө 31 настай этгээд төрх, элдэвтэй дуугаараа алдартай дуучин Пинк байх биз. Түүний танхай авир бусдаасаа хувь илүү. Дөрвөн нохойныхоо нэгийг хараалын үгээр /Fucker/ нэрлэж, гудманд бие засч, цагдаа нартай өлхөн ам зөрдөг гээд түүний балмад авирын тухай баримт хэвлэлээр дүүрэн бий. Пинк гэдэг түүний уран бүтээлийн нэр бөгөөд Алиша Бет Мур багын л гудамжны танхайчуудтай нийлж хулгай, дээрэм хийж өссөн бөгөөд эл авир нь од болсон ч өөрчлөгдөөгүй байна.
Харанхуйн хатан хаан
Кортни Лавд гэрэл гэгээтэй зүйл тун ховор. Тиймээс ч хэвлэлийнхэн түүнд ийм хоч өгсөн байх. Америкийн рок дуучин, хөгжимчин, жүжигчин Кортни Мишель Лав өдгөө 46 настай ч шоу ертөнцийн өсвөр насныхантай эн зэрэгцэн хэрэг төвөгт холбогдож, хар тамхи татан, хормойн явдлын хэрүүл шуугианд орооцолддог нэгэн. Хэдэн жилийн өмнө Кристин Кинг рүү хардалтын сэдэлээр дайрч, хоосон лонхоор буулгаж үүнийхээ хариуд Лос Анжелесийн шүүхээс гурван жилийн тэнсэн авсан нь бий. Мөн Курт Кобейнтэй амьдарч байхдаа төрүүлсэн охин Фрэнсис Бин Кобейны эх байх эрхээ хоёр удаа хасуулж байсан юм.
Нялх гүнж
Дөрвөн хүүхэдтэй айлын бага охин. Ирээдүйтэй залуу жүжигчин Кристина Риччи хэзээ ч насанд хүрэхгүй нэгэн. Хэдий гуч шүргэж байгаа ч эрх, нялх зангаараа хамт ажиллагсад, найз нөхдийгөө жинхэнэ залхаадаг аж. Түүний хувьд ажил, амьдрал, нэр хүнд, алдар нэг хүртэл нэг төрлийн тоглоом байдаг хэмээн эргэн тойрны хүмүүс нь гомдоллодог юм.
Хамхуул
Английн залуухан поп од Лили Аллен нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагынхаа үеэр “Би 14 настайдаа найзыгаа дуурайн тамхи татаж, согтууруулах ундаа ууж билээ” хэмээн ярьжээ. Энэ өгүүлбэр нь түүний мөн чанарыг бүхэлд нь илтгэнэ гээд хэлчихэд хилсдэхгүй. Тэрбээр найз нөхдөө дагаж зугаа цэнгээн хөөх тун дуртай гэнэ. Хөлчүүрхэж сэтгэл нь хөөрсөн үедээ тагтан дээрээ тайчих үзүүлбэр дэглэж, шөнийн цэнгээний гадаа зодоон хийх нь энүүхэнд. Ойр тойрныхон нь түүнийг өөрийн гэсэн байр суурьгүй, бусдын нөлөөнд хэт их автдаг хэмээн шүүмжилдэг нь хэвлэлийнхэний сонорт хэдийнэ хүрчээ.
Эми Уайнхаус
Тийм ийм гэх тодотголгүйгээр тэр ердөө л хачин этгээд. Шүтэн бишрэгчдээ гар хүрч, салсан нөхөртэйгөө дахин жиг ургуулж, хар тамхины асуудлаас салдаггүй, эрчүүдтэй элбэгхэн нудрага зөрүүлдэг гээд поп дуучин Эми Уайнхаусыг дагасан хов жив, асуудал тасрахгүй.

Tuesday, January 5, 2010

Мэрил Стрип :ӨӨРИЙГӨӨ АГУУ ГЭДГИЙГ МЭДРЭХГҮЙ БАЙНА

Хэдийнэ 60 шахсан ч жүжигчин Мэрил Стрип эгээ л залуу мэт бүжиглэж, дуулж, үсэрч, харайж, домогт “АВВА” хамтлагийн бүсгүйчүүдээс дутуугүй харагдаж байсан нь гайхалтай. Түүний эл авьяасыг “Мамма Миа” мюзиклээс харж болно. Тэрбээр шоу ертөнцөд нэр алдраа цуурайтуулан 34 жил ажиллахдаа 108 дүр бүтээж, Оскарын шагналд 15 удаа нэр дэвшиж, дээд амжилт тогтоон, Холливудын “амьд домог” хэмээгдэх болсон агуу жүжигчин юм. Энэ их амжилтын хажуугаар дөрвөн хүүхэд төрүүлж, өсгөсөн ажилсаг эх хүн. Харин тэр өөрийгөө агуу гэдгийг мэдэрдэггүй тухайгаа “Marie Clare” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

-Таны нөхөр гэрлэх санал тавихдаа гараа зүрхэн тушаа барьж, өвдөг дээрээ сөгдсөн үү?
-Үгүй ээ, олон жилийн өмнөх явдал шүү дээ.
-Танд яг юу гэж хэлсэн бэ?
-Үнэндээ юу хэлснийг нь мартчихаж. Ямартай ч бид хоёулаа хүсэж байсан тул бүх зүйл сайхан байсан. Гэхдээ л юу гэж ярилцсанаа санахгүй байна, бодох нь ээ үггүйгээр ойлголцож байсан байх.
-Та хоёр гэрлэснийхээ 30 жилийн ойг удахгүй тэмдэглэнэ. Ямар төлөвлөгөөтэй байгаа вэ?
-Бас л хэлж мэдэхгүй нь, гэхдээ сайхан байна гэдэгт итгэлтэй байж болно шүү.
-Парис руу романтик аялал хийх үү?
-Өө үгүй дээ, бурхны ивээлээр бид эрүүл энх байгаа нь хамгийн чухал.
-Тэгвэл таны хувьд хөгжим юуг илэрхийлдэг вэ?
-Бүхнийг. Жаахан охин байхаасаа л хөгжимд дуртай, хайрлан эрхэмлэдэг юм.
-Жүжигчнийхээ хувьд “Мамма Миа” кинон дээр анх удаа дуулсан уу, сонирхолтой байсан биз дээ?
-Тийм биш ээ, багадаа дуурийн дугуйланд явж байсан. Ээж намайг сайхан хоолойтой гэж хэлдэг, сайн дуучин болгох гэж дууны хичээлд маань багагүй мөнгө төлдөг байсан юм. Цөөхөн жил хичээллэсэн ч гэсэн надад маш их таалагддаг байсан. Харин одоо бол “эртний эдлэл” шиг л санагдах болж. Хэрвээ би тэр чигээрээ дуучин болохоор зүтгэсэн бол гайхалтай амжилтад хүрэх байсан гэдэгтээ итгэлтэй байна. Магадгүй чи надтай жүжигчний хувьд биш харин алдартай дуурийн дуучны минь хувьд ярилцах байсан ч юм билүү. Гэхдээ би дуучин болоогүйдээ харамсаж байгаагүй.
-Та “АВВА” хамтлагийн талаар дурсаач?
-Би жүжгийн сургуульд байхдаа анх “АВВА” хамтлагийн дууг сонсож байлаа. Бүжгийн хичээл дээр нэг дууны аян дээр бүжиглэсэн юм. Их эрч хүчтэй санагдаж билээ.
- “The Beatles”, “Rolling Stones”-ийн тухайд?
-Мэдээж таалагдалгүй яахав. Бас Нила Янг, Жон Митчеллийн дууг сонсох дуртай байсан. Өөр Лу Рид их таалагддаг байсныг саналаа.
-Тэгвэл биднийг уулзахын өмнө та ямар хөгжим сонсож байсан бэ?
-Хөгжим сонсоогүй ээ, харин мэдээ үзэж байлаа.
-Та арван долоон насныхаа тухай хэр олон зүйлийг санаж байна?
-Саналгүй яахав. Би их зарчимч охин байсан шүү.
-Та өөрийнхөө киног телевизороор үзээд гайхаж байсан удаа бий юү?
-Киногоо үзэхдээ үйл явдалд нь хөтлөгдөөд, үнэндээ тиймэрхүү зүйлийг анхаарах сөхөөгүй байдаг юм. Ямар сайндаа л тоглосон киноныхоо үйл явдлыг мартчихсан байх вэ дээ. Роберт Де Ниротой тоглосон “Амрагууд” киног охинтойгоо үзэж байлаа. Гэтэл тэр надаас “Ингэхэд тэр эхнэртэй юү?” гэж асуухад би юу гэж хариулахаа мэддэггүй. Үнэндээ түүнийг эхнэртэй эсэхийг санахгүй байсан байхгүй юү.
-Алдартай эцэг, эхтэй байх нь хүүхдүүдэд ямар санагддаг бол, бас таны хувьд энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Би охинтойгоо энэ талаар ярилцаж байгаагүй юм байна. Тэдэнд таагүй байдаг байж болох. Миний тухай бичсэн хов живийг тэд уншаад эмзэглэдэг нь лавтай. Бага хүүгийн маань найзууд л лав намайг сайн мэддэггүй юм билээ. “Мэрил гэж хэн билээ, ямар кинонд тоглодог юм?” гэж асууж байхыг нь сонссон. Гарын үсгээ хэн нэгэнд дурсгахад хүүхдүүд бүгд л их дургүй байдаг. Тэр бүртээ би тэдэнд “Энэ хүний анх удаа тааралдсан алдартай хүн нь би байж болно шүү дээ” гэж хэлдэг. Ер нь хүүхдүүдэд энэ бүхэн нэг их таатай санагддаггүй байх.
-Таныг домог хэмээн цоллох нь таалагддаг уу?
-Би үүнд ер дасаж чаддаггүй юм. Яагаад гэвэл би өөрийгөө домог шиг төсөөлж чаддаггүй. Гэхдээ домог гэдэгт орйтож мэдэх тийм хүмүүсийг харин хүндэлдэг шүү. “Домог” гэдэг бол их спорттой холбоотой юм. Тэднийг мөнгөөр, цалингаар, олсон ашгаар нь шүүдэг шүү дээ. Энэ бүхэн жүжигчидтэй огт хамаагүй. Би өөрийгөө зүгээр л жүжигчин гэж нэрлэнэ. Жүжигчин гэдэг бол бас хөгжимчин, дуучин, бүжигчин.
-Хэрвээ та арван насаар залуу байсан бол ажиллахад илүү хялбар байх болов уу?
-Сайхан асуулт байна. Би одоо л арван жилийн өмнө хийж чадаагүй зүйлээ хийж, тоглож чадаагүй кинондоо тоглож, бүтээж байгаагүй дүрээ бүтээж байна шүү дээ. Магадгүй арван жилийн өмнө ийм боломжууд тохиосон бол би “залуу жүжигчин” гээд гологдох байсан ч юм бил үү. Би энэ зүйлийг яг одоо хийж байгаа шигээ эрч хүчтэйгээр хэзээ ч хийхгүй байх.
-Өсвөр насныхаа тухай яриач?
Яримааргүй байна аа. Амьдрал бол бүхэлдээ агуу том аз жаргал. Үүнийг ойлгож, бүхнийг санах хэрэгтэй гэж боддог. Би заримдаа өөрийн эрхгүй “Хөгширч байна шүү” гэж уулга алддаг. Гэхдээ бүгд л хөгширдөг, амьдрал гэдэг чинь ийм шүү дээ.
-Та өөрийгөө ухаалаг гэж боддог уу?
-Ухаалаг аа, мэдэхгүй ээ. Энэ асуултаа өөр нэгнээс асуусан нь дээр байх.
-Дэлгэцнээ та сайн эзэгтэйн дүрийг бүтээхдээ гарамгай. Харин жинхэнэ амьдрал дээр сайн эзэгтэй мөн үү?
-Үгүй. Энэ тал дээр миний нөхөр гойд авьяастай нэгэн. Тэр бүхнийг чаддаг. Сайхан хоол хийдэг.
-Тэгвэл чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?
-Телевизор үзээд, суваг сольсоор өдрийг барах нь элбэг. Удирдлага дарахаас өөр зүйл нэг их хийдэггүй. Мэдээ сонсох дуртай, донтой гэхэд бараг хилсдэхгүй шүү.
-Холливуд бол загварын чиг хандлагыг илэрхийлэгч төв, та ч гэсэн үүний нэг хэсэг нь болдог уу?
-Миний бодлоор загвар гэдэг хувь хүний дотоод ертөнцийн илэрхийлэл байх ёстой. Би загвар хөөх дургүй.
-Тэгвэл Прадагийн өндөр өсгийт таны шүүгэнд байхгүй хэрэг үү?
-Байлгүй яахав. Нэг хос бий. Гэхдээ өмсөхөд тийм ч таатай эд биш. Хөл өвтгөөд байдаг юм. Гэхдээ муу туфль гэж байгаа юм биш шүү. Үүнд гутал ямар ч хамаагүй, ердөө миний хөлөнд л асуудал байдаг учраас тэр. Би яг ээж шигээ хөлтэй.
-Таны хамгийн үнэтэй зүйл юу вэ?
-“Blackberry”-гийн утас. Тэнд миний санаж байх ёстой бүх зүйл хадгалаастай байгаа. Ой санамж болон дурсамж гэдэг хамгийн үнэтэй зүйл шүү.

Тамхинаас гарсан алдартанууд

Хормын төдий тайвшрал, мансуурал “хайрласныхаа” хариуд хүний амьдралаас 1780 хоног буюу таван жилийг нь авч оддог цагаан хор бол тамхи. Тамхичид үүнийг мэдсээр хэрнээ тоолгүй орхидог. Гэхдээ зарим нь эл муу зуршлаасаа салах гэж йогоор хичээллэж, тамхины эсрэг бэлдмэл хэрэглэн, тамхинаас гаргах сэтгэлзүйн ном унших гээд янз бүрийн арга хэрэглэдэг. Бидний сайн мэдэх алдартнууд харин ямар аргаар тамхинаас гарсан бол?

“Армагедон”, “Сувдан эрэг” тэргүүтэй бүтээлээрээ дэлхийн хэмжээний од болсон жүжигчин, зохиолч, найруулагч Бен Аффлек одоо бол огт тамхи татдаггүй нэгэн. Түүнээс “Яагаад тамхинаас гарсан бэ?” гэж асуувал хэдэн янзын хариу хэлэх байх. Эхний хувилбар бол Виолетта хэмээх охин нь. Бен бяцхан гүнждээ муу үлгэр дуурайл үзүүлэхгүй гэж бодсон учраас тамхинаас гарсан. Нөгөө хувилбар нь уран бүтээлтэй холбоотой. Бен 2007 онд “Хөзрийн тамга” кинонд тоглож байхдаа өдөрт бараг таван хайрцаг тамхи татдаг байсан гэнэ. Ажлын шаардлагаар ийнхүү хэтрүүлэн хэрэглэж байснаас тамхийг жигшин бүрмөсөн хаясан гэдэг.

Бений дотнын найз, заримдаа бүр хамаатан гэгддэг Мэтт Деймон түүний сайн жишээг даган хорт зуршлаасаа салахаар шийджээ. Гэхдээ өдөрт зуу орчим янжуур татаж үзээгүй болохоор Мэттийн хувьд амаргүй байсан аж. Тэр тамхинаас гарах олон аргаас ховс эмчилгээг сонгосон байна. Гурван курс эмчилгээний дараа тэр 16 жил “жаргал зовлонгоо хуваалцсан” янжуураа хаяж чадсан гэнэ.

1990-ээд оны “Хөөрхөн хүүхэн” Жулиа Робертс ч гэсэн тамхи татдаг байсан. Зургаан жилийн өмнө жирэмсэн болсноо мэдээд төрөх хүүхэд, эрүүл мэндийнхээ төлөө тамхинаас татгалзсан байна. Төрснийхөө дараа ч амьдралын эрүүл хэв маяг нь таалагдаж муу зуршлуудаас хол байхын тулд йогоор хичээллэх болсон байна.

Энэ сэдвээр ярьж байгаа болохоор Том Крузын хөөрхөн эхнэрийг мартаж болохгүй. Гашуун утаан хорноос Панелопаг хүмүүсийн дам яриа аварсан байна. Эхнийх нь шашны холбогдолтой яриа, удаах нь бүсгүйчүүд эр хүний харцыг татах гэж л тамхи татдаг, харин сүүлийнх нь тамхи хоолойны өнгийг өөрчилдөг гэдэг яриа. Панелопа “Ес” мюзиклд тоглож байхдаа л хоолойных нь өнгө өөрчлөгдөөд дуулж чадахгүй болчихвол … гэж бодсоны эцэст тамхинаас гарах шийдвэр гаргасан байна.

Хатуу энэрэлгүй загалмайлсан эцэгийн дүрээр сая сая үзэгчдийн шүтээн болсон Аль Пачинно ч Панелопатай адил шалтгаанаар 54 жил “тамхичин” байсны эцэст эл муу зуршлаа хаяжээ. Тамхинаас болж хоолойны өнгө нь цахирч сөөнгөтөх аюултай байсан учраас татгалзахаас өөр аргагүйд хүрсэн байна. Үнэндээ гучин жил тасралтгүй тамхи татсан тохиолдолд хүний хоолойны өнгө мэдэгдэхүйц өөрчлөгддөг гэсэн баримт бий.

Шэрон Стоуны хувьд эрүүл мэндийн шалтгаанаар тамхийг хаяжээ. Тэрбээр тархины цус хуралтын улмаас Сан Францискогийн эмнэлэгт хэвтсэн байна . Нэлээд хэдэн долоо хоног эмнэлэгт хэвтээд гарахдаа ийм шийд гаргасан гэдэг. Мэдээж түүнд эмнэлэгийн орон дээр өдрийг өнгөрөөж байхад нь амьдралынхаа хэв маягийн тухай тунгааж, дахиад эмнэлэгт ирэхгүйн тулд юу хийх ёстойг бодох цаг байсан биз.

“Эрвээхэйн нөлөө” киноны жүжигчин, Дэми Мурын залуухан амраг Эштон Катчерын хувьд дээрхээс арай өөр арга сонгосон байна. Тэр Алана Карагийн “Тамхийг хаях амархан арга” нэртэй бестселлер номын ачаар утаан хөшгийг нэвтлэн уушгиа цэвэр агаараар тэтгэх болж.

“Найзууд” киноны од жүжигчин Женнифер Энистон кофе уух, тамхи татах гээд хоёрын зэрэг муу зуршлаа нэгэн зэрэг хаяад удаагүй байгаа аж. Дурлалт залуу Брэд Питтээс салаад тэр нэлээд сэтгэлээр унан, сэтгэлзүйн цочролд орж тун хүнд байдалд байжээ. Энэ үедээ тайвшрах гэж кофе, тамхи хоёртой “дотно нөхөрлөн” яваандаа ингэж хэтрүүлэн хэрэглэх нь бүр зуршил болж орхисон байжээ.

Найз бүсгүйгээ шархлуулан тамхи, кофенд “даатгаад” орхисон цагаан морьтой ханхүү Брэд Питт харин эхнэрийнхээ ятгалагаар тамхинаас гарсан байна. Анжелина Жоли түүнд “Хүүхдүүд чамайг дуурайх болно” гэж хэлснээр өнөр өтгөн гэр бүлийнхээ сайн сайхны төлөө Брэд муу зуршлаасаа салсан аж.

Сильвестр Сталлоне тамхины хор нөлөөг тун эрт ухаарсан байна. Тэр бүр эрт буюу 70-аад оны үед боксчин Роккигийн тухай кино хийж байх үедээ тамхинаас гарчээ. Зураг авалтын үеэр тэр дэвжээн дээр бахардаж унасан байна. Эмчээр хэлүүлэлтгүй тэр үүний шалтгааныг мэдэж байсан тул шууд л тамхинаас гарчээ.

Өдгөө 38 дахь өвөлтэйгөө золгож буй шаргал үст жүжигчин Гвинет Пэлтроу нэгэн ярилцлагынхаа үеэр йогоор хичээлэж тамхинаас гарсан тухайгаа хуучилжээ.

Дэлхийн хамгийн өндөр орлоготой Бразилийн супермодель Жизель Бундхен ирээдүйд төрөх хүүхдүүдийнхээ эрүүл мэндийн төлөө тамхинаас татгалзжээ. Тэр байнга л олон хүүхэд гаргахыг хүсдэг тухай ярьдаг аж. Харин энэ сайхан мөрөөдлөө утгагүй таашаал, ухамсаргүй хүслээрээ үгүй хийхийг хүсээгүй учраас тамхичдын эгнээнээс гарсан байна.

Эван МакГрегор хэд хэдэн удаа тамхинаас гарч байсан гэнэ. Хамгийн эхэнд “Оддын дайн” кинонд тоглож байхад нь алдарт найруулагч Жорж Лукас түүнд “Жинхэнэ жидай байх хэрэгтэй” гэж хэлсэн аж. Түүний энгүүн үг Эванд олон зүйлийг ухааруулсан гэнэ. Гэхдээ тухайн үед тамхинаас татгалзсан ч бүр мөсөн орхиогүй байж. Дараа нь 2004 онд мото аялал хийхээсээ өмнө ховс эмчилгээ хийлгэсэн байна. Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд Эван ширхэг янжуур ч татаагүй тухайгаа нэгэн ярилцлагынхаа үеэр дурьджээ.

Гэр бүлийн шилдэг кино "Гэртээ ганцаараа"

3000 гэр бүлд судалгаа явуулжээ. Тэдэнд “Баяр ёслол болон гэр бүлийн хүрээнд үзэх дуртай хамгийн шилдэг кино юу вэ” гэсэн ганц асуулт тавьсан байна. Энэ судалгаагаар ухаалаг, адтай Кевин хүү, бүтэлгүй хулгайч, зул сарын баярын гайхалтай атлаа хөгжилтэй түүхийг өгүүлдэг “Гэртээ ганцаараа” зино тэргүүлжээ. Санал асуулганд оролцсон гэр бүл болгонд шахуу энэ киноны хальс эсвэл CD нь байдаг гэнэ. 1990 оноос хойш үзсэн хэдий ч гэр бүлийн аль гишүүн нь уг киноноос одоо хэр залхдаггүй гэдгээ хэлсэн байна.

Гэртээ ганцаараа I

1990 онд дэлгэцнээ гарсан уг бүтээл бяцхан хүүд зул сараар тохиолдсон адал явдлыг хөгжилтэйгөөр үзүүлсэн хүүхдийн инээдмийн кино юм. Киноны зохиолч нь “Мөлхөө жаал”, “101 гөлөг”, “Буржгар үст Сью” зэрэг олон арван киногоороо дэлхий бяцхан үзэгчдийн хайрыг татсан Холливудын зохиолч, найруулагч Жон Хьюз юм. Уг кино 1990 оны арваннэгдүгээр сарын 16-нд нээлтээ хийснээс хойш 29 долоо хоногийн турш хамгийн шилдэг борлуулалттай болж 476.6 сая долларын ашиг олсон нь санаанд оромгүй амжилт болж, энэ төрлийн кинонууд дундаа дээд амжилт тогтоосон юм. Киноны үйл явдлыг манай үзэгчид сайн мэднэ. Ухаалаг, сэрэглэн Кевин МакКалистер хүү гэр бүлийнхээ зул сарын аяллаас хоцорч, гэртээ ганцаараа үлдэнэ. Өмнөх өдрийн залбиралдаа хэлсэн түүний хүсэл биелсэн мэт санагдаж гэртээ ганцаараа байх нь түүнд эрх чөлөө, хязгааргүй аз жаргалтай байв. Гэтэл энэ баяр хөөр удаан үргэлжилсэнгүй. Аймшигтай хүн, хулгайч нар гээд түүний баяр хөөрийг бусниулах зүйл хаяагүй бий. Өөрсдийгөө “Нойтон хулгайчид” хэмээн хочилсон Марви, Гарри нары бүтэлгүй ажиллагаа, хүүгийн ухаалаг арга, зул сарын гайхалтай түүхийг өгүүлэх эхний анги үзэгчдийг 102 минутын турш үзэгчдийг дэлгэцний өмнө уядаг. Кино компани энэ кинод 10 сая доллар зарцуулсан ч хагас тэрбум долларын ашиг олсон юм. Харин гол дүрийг бүтээсэн бяцхан жүжигчин Маколей Каллин энэ ажлаасаа ердөө 100 мянган долларын хөлс авсан ч хангалттай нэр хүнд, амжилттай ажлын гэрээ байгуулах гараагаа эхэлсэн юм.


Гэртээ ганцаараа II: “Нью-Йоркт төөрсөн нь”
Санаанд оромгүй их ашиг олсон “ХХ зуун” кино компани хагас тэрбумын ашиг олсон сэдвээ ингээд орхихыг хүссэнгүй. Өмнөх анги дээр хамтран ажиллаж байсан английн жижиг студийг орхин эл ашигтай сэдвийг үргэлжүүлэхээр шийдсэн байна. Тиймээс хоёр жилийн дараа буюу 1992 онд мөн алдарт зохиолч Жон Хьюзын зохиолоор Гэртээ ганцаараа II: “Нью-Йоркт төөрсөн нь” нэртэй киног үзэгчдийн хүртээл болгосон юм. Хоёрдугаар анги нь өмнө ангиас хавьгүй их мөнгө зарцуулсан ч 358 саяын ашиг олсон юм.
…Кевин хүү энэ зул сараар ч гэсэн багагүй адал явдалтай учрах ёстой байж. Цасгүй, гацуургүй зул сар тэмдэглэхээр МакКалистерийнхэн нарлаг Флоридад амрахаар явлаа. Кэйт өнгөрсөн зул сараар хүүгээ гэртээ орхисоноо санан санан Кевинийг харуулдах боловч энэ удаа дахиад л мартаж, түүнийг хөл ихтэй Нью-Йорк хот руу ганцааранг нь явуулах нь тэр. Азаар хүү аавынхаа төлбөрийн карт, бэлэн мөнгө бүхий хэтэвчийг авч явсан болохоор ганцаараа ч уйдахааргүй хөгжилтэй өдрүүдийг өнгөрөөнө. Дээд зэрэглэлийн буудал, тансаг амттан, хөгжилтэй зугаалга гээд л түүнд Нью-Йорк таалагдаж байлаа. Гэтэл энэ хотод эртний танил Марви, Гарри хоёртой санаандгүй таарч, зул сарын адал явдал эхэлнэ…


Гэртээ ганцаараа III
Киноны гуравдугаар хэсгийг таван зул сар өнгөрсний дараа буюу 1997 онд үзэгчдийн хүртээл болгожээ. Мөн л зохиолч Жон Хьюзын уран сэтгэмжээр бүтсэн зул сарын хөгжилтэй түүх, ухаалаг хөвгүүн, эрээ цэрээгүй дээрэмчид байх хэдий ч гол дүрийн жүжигчин өөрчлөгдсөн байлаа. Мэдээж долоон жилийн дараа бяцхан Маколей Каллин хүү эрийн цээнд хүрэх дөхсөн байсан учраас өөр бяцхан жүжигчин хэрэгтэй байсан нь лавтай. Тиймээс “ХХ зуун” кино компани Александр Дэвид Линз хүүтэй гэрээ байгуулсан аж. Кино компани уг кинонд 32 саяыг зарцуулж 79 саяын ашиг олсон нь өмнөх ангиудтай харьцуулахад хамаагүй бага байсан юм.
…Энэ удаагийн хөгжилтэй, адал явдалтай зул сар Алекс Приют хүүд тохиолдоно. Бяцхан хүү ааш муутай хөрш эмэгтэйнхээ үүдний цасыг цэвэрлээд хөлсөнд нь тоглоомон машин авна. Харин энэ машинд олон улсын гэмт хэрэгтнүүдийн дамлах гэж байсан “үнэтэй бараа” байснаар сонирхолтой, аюултай адал явдлууд ар араасаа өрнөнө. Хүү ч сийрэг ухаан, сэрэглэн зангаараа өндөр зэрэглэлийн гэмт хэрэгтнүүдийг “хөөрхөн” чадаж, олон улсын хэмжээнд тун үнэтэйд тооцогдох бичих схемийг зохих албаны хүмүүст тушааж улс эх орныхоо өмнө хүндтэй үүрэг гүйцэтгэнэ…


Гэртээ ганцаараа IV

“Гэртээ эргэж ирсэн нь” гэдэг дөрөвдүгээр хэсэг 2002 онд дэлгэцнээ гарсан. “Гэртээ ганцаараа” киноны уламжлал ёсоор кинонд ухаалаг, сэрэглэн хүү, бүтэлгүй дээрэмчид байх ёстой. Дөрөвдүгээр хэсэгт МакКалистер хүүгийн дүрийг Мик Вэйнберг тоглосон юм. …Кевиний эцэг, эх салж хүү аавынхаа суух гэж бүсгүйн гэрт зул сараар зочилж очдог. Язгууртан гаралтай Натали хэмээх бүсгүй тун тансаг амьдардаг. Түүний гэр бүхэлдээ орчин үеийн өндөр хөгжилтэй технологиор тоноглогдож, эздээсээ дутуугүй ихэмсэг зарц нар гэрийн бүх ажлыг амжуулана. Хүү аав, Натали хоёрынхоо эзгүйд гэрт халдах гэсэн хоёр дээрэмчинтэй, тэдний хамсаатан гэрийн үйлчлэгтэй “тэмцэлдэж” баатарлаг үйл бүтээдгээрээ өмнөх ангиудтай төстэй. Гэсэн ч энэ анги нь өмнөх кинонуудыг бодвол тун амжилтгүй болсон байна. 12 жилийн хугацаанд бүтээгдсэн дөрвөн киног үргэлжлүүлэн үзье гэвэл 414 минут буюу долоон цаг цаг дэлгэцийн өмнө суух хэрэгтэй. Тиймээс бэлтгэлээ базаагаарай.


Супермоделиос супер ээж

Тайзнаа гоо үзэсгэлэнгээ гайхуулан, эрчүүдийн зүрхийг гижигдэж байдаг супермоделиуд гэртээ бол сахиусан тэнгэрийн дүртэй супер ээж болж хувирдаг байна.

“Victoria's Secret”-ийн үзэсгэлэнт сахиусан тэнгэрүүдийн нэг, “Maybelline” компанийн дүр төрх болсон бразилийн супермодель Адриана Лима 29 настайдаа ээж болсон. Тэрбээр өнгөрсөн арваннэгдүгээр сарын 15-нд бяцхан сахиусан тэнгэртэй болсон. Нэр алдраа цуурайтуулж яваа супермоделийг тайзнаас нь буулгаж, төрөх орон дээр гаргаж чадсан тэр эр бол сагсан бөмбөгчин Марко Ярич юм.


“Victoria's Secret”-ийн өөр нэг сахиусан тэнгэр Хайди Клум Лени, Лу Сулола нэртэй охид, Йохан, Генри нэртэй хөвгүүдийн эх. Тэр 31 настайдаа Формулагийн нисгэгч Флавио Бриаторетай дэр нэгтгэж анхны охиноо гаргасан юм. Харин үүнээс жилийн дараа дуучин Силтэй албан ёсоор гэрлэж хоёр хүү, нэг охиноо төрүүлсэн байна.

Дараагийн супер ээж бол мөн л “Victoria's Secret”-ийн сахиусан тэнгэр. Этиопийн алдартай загвар өмсөгч Лия Кебеде “Gap”, “Louis Vuitton”, “Estee Lauder” зэрэг алдартай брэндүүдийн дүр төрх болж байсан. Мянга мянган бүсгүйчүүдийг гоо үзэсгэлэнтэй байхыг уриалдаг үзэсгэлэнт бүсгүй Сухул гэдэг хүү, Райе хэмээх бяцхан охинтой. Өдгөө 32 настай этиоп бүсгүй анхны хүүхдээ 22 настайдаа төрүүлжээ.



Бүтэн 20 жилийн турш “Calvin Klein” брэндийн нүүр царай болж байсан америкийн загвар өмсөгч Кристи Тарлингтон хүү охин хоёртой. 13 настайдаа карьераа эхэлж байсан охин 20 настайдаа дэлхийд алдартай брэндийн дүр төрх болох гэрээ байгуулсан нь үнэхээр амжилттай байсныг гэрчилнэ. Үнэтэй гэрээ, өндөр зэрэглэлийн шоу гээд хөл үймээнтэй, байнга олны анхааралын төвд байдаг хатуу ширүүн загварын ертөнц амжилттай ажиллахын зэрэгцээ тэрбээр 34 настайдаа Грэйси охиноо төрүүлжээ. үүнээс гурван жилийн дараа Финн нэртэй хүүтэй болсон юм.


Дэлхийн чансаатай сэтгүүлүүдийн хавтсанд 300 удаа зургаа гаргаж байсан английн хамгийн алдартай загвар өмсөгч бол Кейт Мосс. Өдгөө 36 настай эл үзэсгэлэнт бүсгүй 2002 онд Лиза Грейс нэртэй хөөрхөн охинтой болсон юм.



Ирээдүйн супермодель, оросын загвар өмсөгч Наталья Водяноваг “Forbes” сэтгүүл хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүд жагсаалтын долдугаарт нэрлэсэн юм. Өдгөө 28 настай бүсгүйн хувьд энэ бол амжилтынх нь баталгаа. Натали 2001 онд английн язгууртан Жастина Портмантай гэр бүлээ батлуулсан. Хуримнаас сарын дараа хосууд Лукас хэмээх хүүтэй бол, 2006 онд дахин Виктор хэмээх хүүтэй блолж төд удалгүй жилийн дараа Нева гэдэг охинтой болсон юм.


Украин гаралтай алдарта загвар өмсөгч Милла Йовович өвсөр насандаа л “Revlon”, “Dior”, “Versace” зэрэг компаниудаас урилга авч байсан. Тэр зөвхөн загварын тайзнаа хүч үзсэнгүй. Кино урлагт ч гэсэн хөл дүрж муугүй жүжигчин гэдгээ нотлоод амжсан бүсгүй. Энэ их ажлынхаа хажуугаар хоёр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх үүрэгтэй эх хүн. Өдгөө 35 настай Милла анхны хүүхдээ 32-тойдөө төрүүлжээ.


14 жилийн турш загварын тайзнаа гал цогтойгоор алхалж байсан тухайн үедээ нэр хүндтэй бүхий л сэтгүүлүүдийн нүүрэнд зургаа гаргаж байсан. Үүгээрээ дээд амжилт тогтоосон гэхэд бараг хилсдэхгүй. Синдигийн зүрхийг эзэмдсэн Рэнди Гербер нар хоёр хүүхэдтэй. Энэ жил 44 хүрэж байгаа супермодель анхны хүүхдээ 32-тойдоо гаргажээ.


“Forbes” сэтгүүлээс гаргасан “Дэлхийн хамгийн баян эмэгтэйчүүд” жагсаалтын 16 дугаарт супермодель Жизель Бундхен бичигджээ. Өнгөрсөн зургадугаар сард “People” сэтгүүл түүний хөл хүндтэй болсон зургийг хэвлэж ихээхэн шуугиан дэгдээж байсан. Жизель амаржаад дөнгөж сар болж байгаа бөгөөд өнгөрсөн арванхоёрдугаар сарын 8-нд Бостон хотын эмнэлэгт төржээ. Хүүгээ Бенжамин хэмээн нэрлэсэн гэдгээ арав хоногийн дараа хэвлэлийнхэнд дуулгасан юм.