3000 гэр бүлд судалгаа явуулжээ. Тэдэнд “Баяр ёслол болон гэр бүлийн хүрээнд үзэх дуртай хамгийн шилдэг кино юу вэ” гэсэн ганц асуулт тавьсан байна. Энэ судалгаагаар ухаалаг, адтай Кевин хүү, бүтэлгүй хулгайч, зул сарын баярын гайхалтай атлаа хөгжилтэй түүхийг өгүүлдэг “Гэртээ ганцаараа” зино тэргүүлжээ. Санал асуулганд оролцсон гэр бүл болгонд шахуу энэ киноны хальс эсвэл CD нь байдаг гэнэ. 1990 оноос хойш үзсэн хэдий ч гэр бүлийн аль гишүүн нь уг киноноос одоо хэр залхдаггүй гэдгээ хэлсэн байна.
Гэртээ ганцаараа I
1990 онд дэлгэцнээ гарсан уг бүтээл бяцхан хүүд зул сараар тохиолдсон адал явдлыг хөгжилтэйгөөр үзүүлсэн хүүхдийн инээдмийн кино юм. Киноны зохиолч нь “Мөлхөө жаал”, “101 гөлөг”, “Буржгар үст Сью” зэрэг олон арван киногоороо дэлхий бяцхан үзэгчдийн хайрыг татсан Холливудын зохиолч, найруулагч Жон Хьюз юм. Уг кино 1990 оны арваннэгдүгээр сарын 16-нд нээлтээ хийснээс хойш 29 долоо хоногийн турш хамгийн шилдэг борлуулалттай болж 476.6 сая долларын ашиг олсон нь санаанд оромгүй амжилт болж, энэ төрлийн кинонууд дундаа дээд амжилт тогтоосон юм. Киноны үйл явдлыг манай үзэгчид сайн мэднэ. Ухаалаг, сэрэглэн Кевин МакКалистер хүү гэр бүлийнхээ зул сарын аяллаас хоцорч, гэртээ ганцаараа үлдэнэ. Өмнөх өдрийн залбиралдаа хэлсэн түүний хүсэл биелсэн мэт санагдаж гэртээ ганцаараа байх нь түүнд эрх чөлөө, хязгааргүй аз жаргалтай байв. Гэтэл энэ баяр хөөр удаан үргэлжилсэнгүй. Аймшигтай хүн, хулгайч нар гээд түүний баяр хөөрийг бусниулах зүйл хаяагүй бий. Өөрсдийгөө “Нойтон хулгайчид” хэмээн хочилсон Марви, Гарри нары бүтэлгүй ажиллагаа, хүүгийн ухаалаг арга, зул сарын гайхалтай түүхийг өгүүлэх эхний анги үзэгчдийг 102 минутын турш үзэгчдийг дэлгэцний өмнө уядаг. Кино компани энэ кинод 10 сая доллар зарцуулсан ч хагас тэрбум долларын ашиг олсон юм. Харин гол дүрийг бүтээсэн бяцхан жүжигчин Маколей Каллин энэ ажлаасаа ердөө 100 мянган долларын хөлс авсан ч хангалттай нэр хүнд, амжилттай ажлын гэрээ байгуулах гараагаа эхэлсэн юм.
Гэртээ ганцаараа II: “Нью-Йоркт төөрсөн нь”
Санаанд оромгүй их ашиг олсон “ХХ зуун” кино компани хагас тэрбумын ашиг олсон сэдвээ ингээд орхихыг хүссэнгүй. Өмнөх анги дээр хамтран ажиллаж байсан английн жижиг студийг орхин эл ашигтай сэдвийг үргэлжүүлэхээр шийдсэн байна. Тиймээс хоёр жилийн дараа буюу 1992 онд мөн алдарт зохиолч Жон Хьюзын зохиолоор Гэртээ ганцаараа II: “Нью-Йоркт төөрсөн нь” нэртэй киног үзэгчдийн хүртээл болгосон юм. Хоёрдугаар анги нь өмнө ангиас хавьгүй их мөнгө зарцуулсан ч 358 саяын ашиг олсон юм.
…Кевин хүү энэ зул сараар ч гэсэн багагүй адал явдалтай учрах ёстой байж. Цасгүй, гацуургүй зул сар тэмдэглэхээр МакКалистерийнхэн нарлаг Флоридад амрахаар явлаа. Кэйт өнгөрсөн зул сараар хүүгээ гэртээ орхисоноо санан санан Кевинийг харуулдах боловч энэ удаа дахиад л мартаж, түүнийг хөл ихтэй Нью-Йорк хот руу ганцааранг нь явуулах нь тэр. Азаар хүү аавынхаа төлбөрийн карт, бэлэн мөнгө бүхий хэтэвчийг авч явсан болохоор ганцаараа ч уйдахааргүй хөгжилтэй өдрүүдийг өнгөрөөнө. Дээд зэрэглэлийн буудал, тансаг амттан, хөгжилтэй зугаалга гээд л түүнд Нью-Йорк таалагдаж байлаа. Гэтэл энэ хотод эртний танил Марви, Гарри хоёртой санаандгүй таарч, зул сарын адал явдал эхэлнэ…
Гэртээ ганцаараа III
Киноны гуравдугаар хэсгийг таван зул сар өнгөрсний дараа буюу 1997 онд үзэгчдийн хүртээл болгожээ. Мөн л зохиолч Жон Хьюзын уран сэтгэмжээр бүтсэн зул сарын хөгжилтэй түүх, ухаалаг хөвгүүн, эрээ цэрээгүй дээрэмчид байх хэдий ч гол дүрийн жүжигчин өөрчлөгдсөн байлаа. Мэдээж долоон жилийн дараа бяцхан Маколей Каллин хүү эрийн цээнд хүрэх дөхсөн байсан учраас өөр бяцхан жүжигчин хэрэгтэй байсан нь лавтай. Тиймээс “ХХ зуун” кино компани Александр Дэвид Линз хүүтэй гэрээ байгуулсан аж. Кино компани уг кинонд 32 саяыг зарцуулж 79 саяын ашиг олсон нь өмнөх ангиудтай харьцуулахад хамаагүй бага байсан юм.
…Энэ удаагийн хөгжилтэй, адал явдалтай зул сар Алекс Приют хүүд тохиолдоно. Бяцхан хүү ааш муутай хөрш эмэгтэйнхээ үүдний цасыг цэвэрлээд хөлсөнд нь тоглоомон машин авна. Харин энэ машинд олон улсын гэмт хэрэгтнүүдийн дамлах гэж байсан “үнэтэй бараа” байснаар сонирхолтой, аюултай адал явдлууд ар араасаа өрнөнө. Хүү ч сийрэг ухаан, сэрэглэн зангаараа өндөр зэрэглэлийн гэмт хэрэгтнүүдийг “хөөрхөн” чадаж, олон улсын хэмжээнд тун үнэтэйд тооцогдох бичих схемийг зохих албаны хүмүүст тушааж улс эх орныхоо өмнө хүндтэй үүрэг гүйцэтгэнэ…
Гэртээ ганцаараа IV
“Гэртээ эргэж ирсэн нь” гэдэг дөрөвдүгээр хэсэг 2002 онд дэлгэцнээ гарсан. “Гэртээ ганцаараа” киноны уламжлал ёсоор кинонд ухаалаг, сэрэглэн хүү, бүтэлгүй дээрэмчид байх ёстой. Дөрөвдүгээр хэсэгт МакКалистер хүүгийн дүрийг Мик Вэйнберг тоглосон юм. …Кевиний эцэг, эх салж хүү аавынхаа суух гэж бүсгүйн гэрт зул сараар зочилж очдог. Язгууртан гаралтай Натали хэмээх бүсгүй тун тансаг амьдардаг. Түүний гэр бүхэлдээ орчин үеийн өндөр хөгжилтэй технологиор тоноглогдож, эздээсээ дутуугүй ихэмсэг зарц нар гэрийн бүх ажлыг амжуулана. Хүү аав, Натали хоёрынхоо эзгүйд гэрт халдах гэсэн хоёр дээрэмчинтэй, тэдний хамсаатан гэрийн үйлчлэгтэй “тэмцэлдэж” баатарлаг үйл бүтээдгээрээ өмнөх ангиудтай төстэй. Гэсэн ч энэ анги нь өмнөх кинонуудыг бодвол тун амжилтгүй болсон байна. 12 жилийн хугацаанд бүтээгдсэн дөрвөн киног үргэлжлүүлэн үзье гэвэл 414 минут буюу долоон цаг цаг дэлгэцийн өмнө суух хэрэгтэй. Тиймээс бэлтгэлээ базаагаарай.
No comments:
Post a Comment