Tuesday, January 5, 2010

Мэрил Стрип :ӨӨРИЙГӨӨ АГУУ ГЭДГИЙГ МЭДРЭХГҮЙ БАЙНА

Хэдийнэ 60 шахсан ч жүжигчин Мэрил Стрип эгээ л залуу мэт бүжиглэж, дуулж, үсэрч, харайж, домогт “АВВА” хамтлагийн бүсгүйчүүдээс дутуугүй харагдаж байсан нь гайхалтай. Түүний эл авьяасыг “Мамма Миа” мюзиклээс харж болно. Тэрбээр шоу ертөнцөд нэр алдраа цуурайтуулан 34 жил ажиллахдаа 108 дүр бүтээж, Оскарын шагналд 15 удаа нэр дэвшиж, дээд амжилт тогтоон, Холливудын “амьд домог” хэмээгдэх болсон агуу жүжигчин юм. Энэ их амжилтын хажуугаар дөрвөн хүүхэд төрүүлж, өсгөсөн ажилсаг эх хүн. Харин тэр өөрийгөө агуу гэдгийг мэдэрдэггүй тухайгаа “Marie Clare” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

-Таны нөхөр гэрлэх санал тавихдаа гараа зүрхэн тушаа барьж, өвдөг дээрээ сөгдсөн үү?
-Үгүй ээ, олон жилийн өмнөх явдал шүү дээ.
-Танд яг юу гэж хэлсэн бэ?
-Үнэндээ юу хэлснийг нь мартчихаж. Ямартай ч бид хоёулаа хүсэж байсан тул бүх зүйл сайхан байсан. Гэхдээ л юу гэж ярилцсанаа санахгүй байна, бодох нь ээ үггүйгээр ойлголцож байсан байх.
-Та хоёр гэрлэснийхээ 30 жилийн ойг удахгүй тэмдэглэнэ. Ямар төлөвлөгөөтэй байгаа вэ?
-Бас л хэлж мэдэхгүй нь, гэхдээ сайхан байна гэдэгт итгэлтэй байж болно шүү.
-Парис руу романтик аялал хийх үү?
-Өө үгүй дээ, бурхны ивээлээр бид эрүүл энх байгаа нь хамгийн чухал.
-Тэгвэл таны хувьд хөгжим юуг илэрхийлдэг вэ?
-Бүхнийг. Жаахан охин байхаасаа л хөгжимд дуртай, хайрлан эрхэмлэдэг юм.
-Жүжигчнийхээ хувьд “Мамма Миа” кинон дээр анх удаа дуулсан уу, сонирхолтой байсан биз дээ?
-Тийм биш ээ, багадаа дуурийн дугуйланд явж байсан. Ээж намайг сайхан хоолойтой гэж хэлдэг, сайн дуучин болгох гэж дууны хичээлд маань багагүй мөнгө төлдөг байсан юм. Цөөхөн жил хичээллэсэн ч гэсэн надад маш их таалагддаг байсан. Харин одоо бол “эртний эдлэл” шиг л санагдах болж. Хэрвээ би тэр чигээрээ дуучин болохоор зүтгэсэн бол гайхалтай амжилтад хүрэх байсан гэдэгтээ итгэлтэй байна. Магадгүй чи надтай жүжигчний хувьд биш харин алдартай дуурийн дуучны минь хувьд ярилцах байсан ч юм билүү. Гэхдээ би дуучин болоогүйдээ харамсаж байгаагүй.
-Та “АВВА” хамтлагийн талаар дурсаач?
-Би жүжгийн сургуульд байхдаа анх “АВВА” хамтлагийн дууг сонсож байлаа. Бүжгийн хичээл дээр нэг дууны аян дээр бүжиглэсэн юм. Их эрч хүчтэй санагдаж билээ.
- “The Beatles”, “Rolling Stones”-ийн тухайд?
-Мэдээж таалагдалгүй яахав. Бас Нила Янг, Жон Митчеллийн дууг сонсох дуртай байсан. Өөр Лу Рид их таалагддаг байсныг саналаа.
-Тэгвэл биднийг уулзахын өмнө та ямар хөгжим сонсож байсан бэ?
-Хөгжим сонсоогүй ээ, харин мэдээ үзэж байлаа.
-Та арван долоон насныхаа тухай хэр олон зүйлийг санаж байна?
-Саналгүй яахав. Би их зарчимч охин байсан шүү.
-Та өөрийнхөө киног телевизороор үзээд гайхаж байсан удаа бий юү?
-Киногоо үзэхдээ үйл явдалд нь хөтлөгдөөд, үнэндээ тиймэрхүү зүйлийг анхаарах сөхөөгүй байдаг юм. Ямар сайндаа л тоглосон киноныхоо үйл явдлыг мартчихсан байх вэ дээ. Роберт Де Ниротой тоглосон “Амрагууд” киног охинтойгоо үзэж байлаа. Гэтэл тэр надаас “Ингэхэд тэр эхнэртэй юү?” гэж асуухад би юу гэж хариулахаа мэддэггүй. Үнэндээ түүнийг эхнэртэй эсэхийг санахгүй байсан байхгүй юү.
-Алдартай эцэг, эхтэй байх нь хүүхдүүдэд ямар санагддаг бол, бас таны хувьд энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Би охинтойгоо энэ талаар ярилцаж байгаагүй юм байна. Тэдэнд таагүй байдаг байж болох. Миний тухай бичсэн хов живийг тэд уншаад эмзэглэдэг нь лавтай. Бага хүүгийн маань найзууд л лав намайг сайн мэддэггүй юм билээ. “Мэрил гэж хэн билээ, ямар кинонд тоглодог юм?” гэж асууж байхыг нь сонссон. Гарын үсгээ хэн нэгэнд дурсгахад хүүхдүүд бүгд л их дургүй байдаг. Тэр бүртээ би тэдэнд “Энэ хүний анх удаа тааралдсан алдартай хүн нь би байж болно шүү дээ” гэж хэлдэг. Ер нь хүүхдүүдэд энэ бүхэн нэг их таатай санагддаггүй байх.
-Таныг домог хэмээн цоллох нь таалагддаг уу?
-Би үүнд ер дасаж чаддаггүй юм. Яагаад гэвэл би өөрийгөө домог шиг төсөөлж чаддаггүй. Гэхдээ домог гэдэгт орйтож мэдэх тийм хүмүүсийг харин хүндэлдэг шүү. “Домог” гэдэг бол их спорттой холбоотой юм. Тэднийг мөнгөөр, цалингаар, олсон ашгаар нь шүүдэг шүү дээ. Энэ бүхэн жүжигчидтэй огт хамаагүй. Би өөрийгөө зүгээр л жүжигчин гэж нэрлэнэ. Жүжигчин гэдэг бол бас хөгжимчин, дуучин, бүжигчин.
-Хэрвээ та арван насаар залуу байсан бол ажиллахад илүү хялбар байх болов уу?
-Сайхан асуулт байна. Би одоо л арван жилийн өмнө хийж чадаагүй зүйлээ хийж, тоглож чадаагүй кинондоо тоглож, бүтээж байгаагүй дүрээ бүтээж байна шүү дээ. Магадгүй арван жилийн өмнө ийм боломжууд тохиосон бол би “залуу жүжигчин” гээд гологдох байсан ч юм бил үү. Би энэ зүйлийг яг одоо хийж байгаа шигээ эрч хүчтэйгээр хэзээ ч хийхгүй байх.
-Өсвөр насныхаа тухай яриач?
Яримааргүй байна аа. Амьдрал бол бүхэлдээ агуу том аз жаргал. Үүнийг ойлгож, бүхнийг санах хэрэгтэй гэж боддог. Би заримдаа өөрийн эрхгүй “Хөгширч байна шүү” гэж уулга алддаг. Гэхдээ бүгд л хөгширдөг, амьдрал гэдэг чинь ийм шүү дээ.
-Та өөрийгөө ухаалаг гэж боддог уу?
-Ухаалаг аа, мэдэхгүй ээ. Энэ асуултаа өөр нэгнээс асуусан нь дээр байх.
-Дэлгэцнээ та сайн эзэгтэйн дүрийг бүтээхдээ гарамгай. Харин жинхэнэ амьдрал дээр сайн эзэгтэй мөн үү?
-Үгүй. Энэ тал дээр миний нөхөр гойд авьяастай нэгэн. Тэр бүхнийг чаддаг. Сайхан хоол хийдэг.
-Тэгвэл чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?
-Телевизор үзээд, суваг сольсоор өдрийг барах нь элбэг. Удирдлага дарахаас өөр зүйл нэг их хийдэггүй. Мэдээ сонсох дуртай, донтой гэхэд бараг хилсдэхгүй шүү.
-Холливуд бол загварын чиг хандлагыг илэрхийлэгч төв, та ч гэсэн үүний нэг хэсэг нь болдог уу?
-Миний бодлоор загвар гэдэг хувь хүний дотоод ертөнцийн илэрхийлэл байх ёстой. Би загвар хөөх дургүй.
-Тэгвэл Прадагийн өндөр өсгийт таны шүүгэнд байхгүй хэрэг үү?
-Байлгүй яахав. Нэг хос бий. Гэхдээ өмсөхөд тийм ч таатай эд биш. Хөл өвтгөөд байдаг юм. Гэхдээ муу туфль гэж байгаа юм биш шүү. Үүнд гутал ямар ч хамаагүй, ердөө миний хөлөнд л асуудал байдаг учраас тэр. Би яг ээж шигээ хөлтэй.
-Таны хамгийн үнэтэй зүйл юу вэ?
-“Blackberry”-гийн утас. Тэнд миний санаж байх ёстой бүх зүйл хадгалаастай байгаа. Ой санамж болон дурсамж гэдэг хамгийн үнэтэй зүйл шүү.

No comments:

Post a Comment