Амралтын өдрөөр суваг эргүүлээд сууж байтал үндэсний дуурийн баатар Юндэн, Нансалмаа хоёр цэнхэр дэлгэцнээс панз үсэргээд сууж байхтай таарлаа. Тээр жил энэ хоёр бөөн үймээн шуугиан болж болж эцэст нь
“…Ижил хоёр шувуу шиг
Ижилдээд хоёулаа сууя даа
Ингэж нийлэхээс илүү
Жаргал хаанаас байх юм бэ …” гэж дуулсаар нам жим болсон юм. Гэтэл цэнхэр дэлгэцээр ингэж таарах гэж. Ингээд номын хуудас, театрын тайзнаа учирч асан эчнээ танилуудтайгаа уулзахаар шийдэж нэвтрүүлгийн нэрийн дэлгүүр дээр яваад очлоо. Юндэн эзгүй, Нансалмаа наймаагаа хийж байхтай нь таарч хөөрөлдсөн юм.
-Айлын хойморт байгаа цэнхэр дэлгэцээр панз үсэргэх ямар байна вэ?
-Эхэндээ амаргүй санагдаж байсан. Учраа олохгүй, эвээ олохгүй самгарддаг байлаа. Эвийг нь олоод эхэлсэн чинь их сонирхолтой болж эхэлсэн. Хүн бүхэн гэртээ удирдлагаа барьж сууж байгаад таалагдсан бараагаа сонгоод утсаар үнэ хаялцаад зах зээлийн үнээс хавьгүй хямдхан авахдаа дуртай байдаг. Үзэгчидтэйгээ авхаалж самбаа, үг яриа, наймааны ухаанаар өрсөлдөнө гэдэг амаргүй ч сонирхолтой байдаг юм. Үзэгч хэн ч байж болно. Боловсролтой, мэдлэгтэй, ам фигур сайтай эсвэл бүр бүдүүлэг эв хавгүй оролцогчтой ч таарна. Тэр бүхэнтэй үнэ хаялцаж, бараагаа сурталчилж, үг хэлээ олж наймаа хийнэ гэдэг амаргүй шүү. Үүгээрээ үзэгчидтэйгээ утсаар холбогддог бусад нэвтрүүлгээс ялгаатай байдаг юм.
-Суваг болгон дээр бизнес нэвтрүүлэг гардаг ч та хоёрынх арай өөр байх шиг?
-Тэгэлгүй яахав. Зүгээр нэг аваарай, үзээрэй, хэрэглээрэй гээд рекламдаад өнгөрөх биш, үзэгч сонирхож буй бараагаа санасандаа хүртэл үнийг нь буулган худалдаж авах боломжийг олгодогоороо давуу. Манай нэвтрүүлэг “Үнийг доош нь чанарыг дээш нь” гэсэн уриатай, үзэгчид ч үүнийг мэдэрдэг байх.
-Юндэн, Нансалмаа хоёр хэдийнээс наймаа хийж эхлэв?
-Нэвтрүүлэг анх ганц хөтлөгчтэй байсан нь Юндэн. Одоо жил болох гэж байна. Харин би арай хожуу өнгөрсөн тавдугаар сард энэ нэвтрүүлгийг хөтөлж эхэлсэн.
-Итгэлт баян, Равсал панз гээд л монголчуудын сэтгэлд хоногшсон наймаачдын дүр олон бий шүү дээ. Яагаад Юндэн, Нансалмаа хоёрыг панзчин болгочихов?
-Манай “Media PR” агентлагийн захирал Дамдинжав ахын санаа юм билээ. Миний хувьд бэлэн болсон нэвтрүүлэгт орж ирсэн болохоор нарийн ширийн зүйлийг нь сайн мэдэхгүй байна.
-Нэгэнт телевизээр худалдаа хийж байгаа юм чинь танай бараа бүтээгдэхүүний чанарыг үзэгчид сонирхож байгаа байх. Хаанахын бараа бүтээгдэхүүнийг, ямар шалгуураар сонгож худалдаалдаг вэ?
-Телевизээр худалдаа хийж байгаа гэдэг утгаараа чанарыг хамгийн чухал үзүүлэлт болгодог. Зах дээр, лангуунаас худалдаа хийхэд хэрэглэгчээ нэг хоёр удаа хуурч, худлаа үнэн юм ярьж байгаад бараагаа зарчихаж болно. Буцаад ирэхэд нь мэлзээд л суугаад байдаг биз дээ. Харин бидэнд үзэгчдээ тэгэж үл хүндэтгэн, мэхлэх эрх байхгүй. Тиймээс бараа сонгоход учир бий. Бид ямар нэг байгууллагын бараа бүтээгдэхүүнийг худалдахаас гадна хувь хүмүүстэй хамтардаг. Сүүлийн үед монголчууд гадаадад амьдрах нь олон болсон. Тэгээд гэр лүүгээ, эцэг эхдээ элдэв төрлийн бэлэг сэлт, бараа таваар өгч явуулдаг юм байна. Харин тэр бүхэн нь эзэндээ таардаггүй, зохидоггүй, таалагддаггүй, нэг их хэрэгтэй биш гээд асуудал үүсч үүнийгээ хэр таарсан үнээр арилжих сонирхолтой байдгийг анзаарсан. Тэгээд л хувь хүн манай хямдралын зарчмыг зөвшөөрвөл тохирч, чанартай барааг нь хэрэгтэй хүнд нь боломжийн үнээр нь зуучилж өгдөг юм. Хамгийн гол нь бид барааны танилцуулга, мэдээллийг үнэн зөвөөр өгдөг.
-Танай бараа заримдаа хэт хямдардаг нь хүмүүсийн хардлагыг төрүүлдэг. 50 мянгын барааг 120 мянга гэж нэмээд, тэр зохиомол үнэнээсээ үнэ хаялцах нэрийдлээр доош буулгаад жинхэнэ үнээр нь зардаг гэсэн хардлага байдаг?
-Ертөнцөөс тасарчихсан, гадуур огт явдаггүй, бараа бүтээгдэхүүний ханш огт мэдэхгүй тайгын хүмүүстэй наймаалцаагүй гэдгээ бид мэднэ шүү дээ. Тиймээс юү гэж хэдхэн алхамын хооронд худлаа үнэ хэлээд сууж байх вэ дээ. Тэгээд ч хүн сонирхсон барааныхаа зах зээлийн үнийг ерөнхийд нь багцаалж байгаа, тэр үнэнээс нь хямд, бүр хямдруулах боломж байгаа учраас үзэгчид манай нэвтрүүлэг рүү утасны шугам нь ачаалаа даахгүй болтол залгадаг байлгүй. Хүмүүсийн хардлагыг төрүүлээд, хэт их хямдраад байдаг бараа бол үнэндээ сурталчилгааны нэг хэлбэр. Энэ талаар тухайн компанитайгаа анхнаасаа ярьж тохироод, тэр бүтээгдэхүүнээ хүмүүст таниулах гэж манайтай хамтардаг учраас зарим барааны үнэ тэгэж буудаг гэдгийг ойлгох хэрэгтэй.
-Хамгийн их хямдарлаа гэхэд зах зээлийн үнээс хэдэн хувь буух ёстой юм бэ?
-Янз бүр. Нэг удаагийн нэвтрүүлгээр 18 мянгын үнэтэй халбага сэрээний цуглуулгыг 333 төгрөгөөр өгсөн. Ер нь 40-60 хувийн хямдрал гэж төлөвлөдөг ч үнэ буух эсэх нь оролцогчийн ур чадвар, наймааны ухаанаас ихээхэн хамаардаг.
-Танай нэвтрүүлгээр хамгийн үнэтэй, хамгийн хямд зарагдаж байсан бараа юу байсан бэ?
-За 45 мянган долларын үнэтэй Америкаас орж ирсээд Монголд яваагүй Lexus машин байсан. Маркыг нь сайн санахгүй байна. Үнэ нь буусаар байгаад 20 мянган доллароор зарагдсан. Хямд нь гэвэл саяын ярьсан халбага, сэрээний цуглуулга юмуу даа.
-Нансалмаа Юндэнгээ бодвол их чанга наймаачин, хэрийн барааны үнийг буулгадаггүй гэж үзэгчид ярьдаг юм билээ. Ер нь арилжаа наймаа хийж байсан туршлага бий юү?
-Үгүй ээ, үгүй. Би СУИС-ийн жүжигчний ангийн III курсийн оюутан. Амьдрал дээр худалдан авагч байснаас биш худалдагч, наймаачин байж үзээгүй болохоор ямар ч туршлаггүй гэж хэлж болно. Бас санхүү, бизнес, худалдаа гэдэг зүйлээс их хол байсан надад мэдлэг дутах, мэдээлэл хомс байдгаа их мэдэрдэг юм. Зөвхөн ажлын шаардлагаас гадна амьдрал, ирээдүйгээ бодсон ч цаашдаа энэ талын боловсрол зайлашгүй шаардлагтай юм байна гэж бодоод байгаа. Үзэгчид намайг чанга гартай гээд байдаг юм. Анх нэвтрүүлэгтээ ороод учраа олохгүй, тэрэндээ хаширлаад үнээ нэг их буулгахгүй хатуурхаад байсан байж магад. Одоо бол жаахан юм юмны захтай болоод наймаа арилжаандаа ч их уян хатан болоод байгаа. Нэг их чанга байхаа больчихсон шүү дээ.
-Амьдрал дээрээ бараа зарж байгаагүй хүн чанга гартай, хатуухан наймаачин гэж хэлүүлэх ямар санагдаж байна?
-Өө яахав ажил юм чинь. Нэг үеэ бодвол одоо нэлээн туршлагажаад, мэдрэмжтэй болоод байгаа. Холбогдож байгаа хүнийхээ ярианы өнгөнөөс нь энэ хүн үнэхээр сонирхоод байна уу эсвэл яасан ч яахав гэж байна уу гэдэг нь анзаарагддаг болчихдог юм билээ. Зарим нь бүр хамаа намаагүй үнэ хэлж, сорьж шинжсэн маягтай байдаг бол үнэхээр авья гээд үнэ хаялцаж байгаа хүн андашгүй байдаг юм.
-Хэдий насны хүмүүс та хоёртой панз үсэргэж байна?
-Найман настай балчираас наян настай өтгөс хүртэл бүх насныхан оролцдог. Бага насны хүүхэд “Би ээжийгээ баярлуулах гэсэн юм” гээд холбогддог юм.
-Юндэн та хоёрын зардаг бараа, бүтээгдэхүүн ялгаатай юү?
-Тэгэлгүй яахав. Долоо хоногийн сондгой тоотой өдрүүдэд би, тэгш тоотой өдрүүдэд Юндэн, харин бямба гаригийн нэвтрүүлэгтээ хамт хөтөлдөг юм. Миний хувьд эмэгтэй хүн гэдэг утгаараа аяга шанага, сав, гоо сайхны бүтээгдэхүүн гээд эзэгтэй нар, охид бүсгүйчүүддээ зориулсан барааг түлхүү оруулдаг.
-Та хоёрын хэн нь илүү наймааны одтой вэ?
-Өрсөлдөн аз, одоо үзнэ гэхээсээ илүүтэй нэг нэгнээ дэмжээд, зөвлөлдөж ажилладаг. Гэхдээ миний бодлоор Юндэн илүү одтой байх шиг байдаг юм.
-Заримдаа зарж байгаа бараагаа хараад авах юмсан гэж шохоорхдог биз дээ?
-Тэгэлгүй дээ. Манай гэрт нэвтрүүлгээс авсан эд зүйл зөндөө бий.
-Ямар бараа орохыг урьдчилж мэдэх боломж бий юү?
-Хүмүүс их асуудаг юм. Харамсалтай нь, тэр өдөр ямар бараа орохыг урьдчилан зарлах боломж байдаггүй юм.
-Хэтдээ урлагт зүтгэх хүн Нансалмаа нэрээр олонд танигдаж байгаа нь их билгэшээлтэй хэрэг шүү?
-Тийм шүү. Намайг Н.Оюунгэрэл гэдэг ч ажил дээр, гадуур миний жинхэнэ нэрийг мэддэг хүн ховор ш дээ. Нансаа, Нансалмаа л гэж дуудаг юм. Монголын сонгодог уран бүтээлийн алдартай дүрээр олон хүмүүст танил болж байгаа нь их билгэшээдэг. Хэтдээ “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаагийн дүрд тоглох юмсан гэж бодоод байдаг болсон. Хувцаснаасаа болоод телевизээр их намбатай харагддаг юм шиг байна лээ. Хүмүүс нэвтрүүлгийн нэрийн дэлгүүр дээр ирчихээд “Хөөе, намбалаг эмэгтэй харагдаад байсан. Ийм жаахан хүүхэд байсан юм уу” гэдэг. Нэг эмээ бүр “Чи Нансалмаагийн охин нь уу?” гэж асуусан.
-Багагүй хугацаанд наймаа хийж, туршлага хуримтлуулаад байгаагийн хувьд нэвтрүүлгээ манай уншигчдад рекламдаад авьяасаа үзүүлээч?
-Уншигч та манай С1 телевизээр өглөө бүр найман цагаас үзэгчдийн хүртээл болдог манай нэвтрүүлгийг тавхан хормын зав гаргаад харчихаж байгаарай. Магадгүй танд хэрэгтэй, таны сонирхож байсан бараа, бүтээгдэхүүн худалдаалагдаж байвал оролцоорой. Зах зээлийн үнээс хавьгүй хямд авах боломж бий шүү. Удахгүй сар шинэ болох гэж байгаатай учраас хамтарч ажилладаг байгуулагууддаа цагаан сараар хэрэг болохуйц бараа бүтээгдэхүүнээ оруулаач гэж санал тавиад байгаа. Тэгэхээр уншигч та хэмнэхийг хүсвэл бидэнтэй хамт байгаарай.
No comments:
Post a Comment