Хормын төдий тайвшрал, мансуурал “хайрласныхаа” хариуд хүний амьдралаас 1780 хоног буюу таван жилийг нь авч оддог цагаан хор бол тамхи. Тамхичид үүнийг мэдсээр хэрнээ тоолгүй орхидог. Гэхдээ зарим нь эл муу зуршлаасаа салах гэж йогоор хичээллэж, тамхины эсрэг бэлдмэл хэрэглэн, тамхинаас гаргах сэтгэлзүйн ном унших гээд янз бүрийн арга хэрэглэдэг. Бидний сайн мэдэх алдартнууд харин ямар аргаар тамхинаас гарсан бол?
“Армагедон”, “Сувдан эрэг” тэргүүтэй бүтээлээрээ дэлхийн хэмжээний од болсон жүжигчин, зохиолч, найруулагч Бен Аффлек одоо бол огт тамхи татдаггүй нэгэн. Түүнээс “Яагаад тамхинаас гарсан бэ?” гэж асуувал хэдэн янзын хариу хэлэх байх. Эхний хувилбар бол Виолетта хэмээх охин нь. Бен бяцхан гүнждээ муу үлгэр дуурайл үзүүлэхгүй гэж бодсон учраас тамхинаас гарсан. Нөгөө хувилбар нь уран бүтээлтэй холбоотой. Бен 2007 онд “Хөзрийн тамга” кинонд тоглож байхдаа өдөрт бараг таван хайрцаг тамхи татдаг байсан гэнэ. Ажлын шаардлагаар ийнхүү хэтрүүлэн хэрэглэж байснаас тамхийг жигшин бүрмөсөн хаясан гэдэг.
Бений дотнын найз, заримдаа бүр хамаатан гэгддэг Мэтт Деймон түүний сайн жишээг даган хорт зуршлаасаа салахаар шийджээ. Гэхдээ өдөрт зуу орчим янжуур татаж үзээгүй болохоор Мэттийн хувьд амаргүй байсан аж. Тэр тамхинаас гарах олон аргаас ховс эмчилгээг сонгосон байна. Гурван курс эмчилгээний дараа тэр 16 жил “жаргал зовлонгоо хуваалцсан” янжуураа хаяж чадсан гэнэ.
1990-ээд оны “Хөөрхөн хүүхэн” Жулиа Робертс ч гэсэн тамхи татдаг байсан. Зургаан жилийн өмнө жирэмсэн болсноо мэдээд төрөх хүүхэд, эрүүл мэндийнхээ төлөө тамхинаас татгалзсан байна. Төрснийхөө дараа ч амьдралын эрүүл хэв маяг нь таалагдаж муу зуршлуудаас хол байхын тулд йогоор хичээллэх болсон байна.
Энэ сэдвээр ярьж байгаа болохоор Том Крузын хөөрхөн эхнэрийг мартаж болохгүй. Гашуун утаан хорноос Панелопаг хүмүүсийн дам яриа аварсан байна. Эхнийх нь шашны холбогдолтой яриа, удаах нь бүсгүйчүүд эр хүний харцыг татах гэж л тамхи татдаг, харин сүүлийнх нь тамхи хоолойны өнгийг өөрчилдөг гэдэг яриа. Панелопа “Ес” мюзиклд тоглож байхдаа л хоолойных нь өнгө өөрчлөгдөөд дуулж чадахгүй болчихвол … гэж бодсоны эцэст тамхинаас гарах шийдвэр гаргасан байна.
Хатуу энэрэлгүй загалмайлсан эцэгийн дүрээр сая сая үзэгчдийн шүтээн болсон Аль Пачинно ч Панелопатай адил шалтгаанаар 54 жил “тамхичин” байсны эцэст эл муу зуршлаа хаяжээ. Тамхинаас болж хоолойны өнгө нь цахирч сөөнгөтөх аюултай байсан учраас татгалзахаас өөр аргагүйд хүрсэн байна. Үнэндээ гучин жил тасралтгүй тамхи татсан тохиолдолд хүний хоолойны өнгө мэдэгдэхүйц өөрчлөгддөг гэсэн баримт бий.
Шэрон Стоуны хувьд эрүүл мэндийн шалтгаанаар тамхийг хаяжээ. Тэрбээр тархины цус хуралтын улмаас Сан Францискогийн эмнэлэгт хэвтсэн байна . Нэлээд хэдэн долоо хоног эмнэлэгт хэвтээд гарахдаа ийм шийд гаргасан гэдэг. Мэдээж түүнд эмнэлэгийн орон дээр өдрийг өнгөрөөж байхад нь амьдралынхаа хэв маягийн тухай тунгааж, дахиад эмнэлэгт ирэхгүйн тулд юу хийх ёстойг бодох цаг байсан биз.
“Эрвээхэйн нөлөө” киноны жүжигчин, Дэми Мурын залуухан амраг Эштон Катчерын хувьд дээрхээс арай өөр арга сонгосон байна. Тэр Алана Карагийн “Тамхийг хаях амархан арга” нэртэй бестселлер номын ачаар утаан хөшгийг нэвтлэн уушгиа цэвэр агаараар тэтгэх болж.
“Найзууд” киноны од жүжигчин Женнифер Энистон кофе уух, тамхи татах гээд хоёрын зэрэг муу зуршлаа нэгэн зэрэг хаяад удаагүй байгаа аж. Дурлалт залуу Брэд Питтээс салаад тэр нэлээд сэтгэлээр унан, сэтгэлзүйн цочролд орж тун хүнд байдалд байжээ. Энэ үедээ тайвшрах гэж кофе, тамхи хоёртой “дотно нөхөрлөн” яваандаа ингэж хэтрүүлэн хэрэглэх нь бүр зуршил болж орхисон байжээ.
Найз бүсгүйгээ шархлуулан тамхи, кофенд “даатгаад” орхисон цагаан морьтой ханхүү Брэд Питт харин эхнэрийнхээ ятгалагаар тамхинаас гарсан байна. Анжелина Жоли түүнд “Хүүхдүүд чамайг дуурайх болно” гэж хэлснээр өнөр өтгөн гэр бүлийнхээ сайн сайхны төлөө Брэд муу зуршлаасаа салсан аж.
Сильвестр Сталлоне тамхины хор нөлөөг тун эрт ухаарсан байна. Тэр бүр эрт буюу 70-аад оны үед боксчин Роккигийн тухай кино хийж байх үедээ тамхинаас гарчээ. Зураг авалтын үеэр тэр дэвжээн дээр бахардаж унасан байна. Эмчээр хэлүүлэлтгүй тэр үүний шалтгааныг мэдэж байсан тул шууд л тамхинаас гарчээ.
Өдгөө 38 дахь өвөлтэйгөө золгож буй шаргал үст жүжигчин Гвинет Пэлтроу нэгэн ярилцлагынхаа үеэр йогоор хичээлэж тамхинаас гарсан тухайгаа хуучилжээ.
Дэлхийн хамгийн өндөр орлоготой Бразилийн супермодель Жизель Бундхен ирээдүйд төрөх хүүхдүүдийнхээ эрүүл мэндийн төлөө тамхинаас татгалзжээ. Тэр байнга л олон хүүхэд гаргахыг хүсдэг тухай ярьдаг аж. Харин энэ сайхан мөрөөдлөө утгагүй таашаал, ухамсаргүй хүслээрээ үгүй хийхийг хүсээгүй учраас тамхичдын эгнээнээс гарсан байна.
Эван МакГрегор хэд хэдэн удаа тамхинаас гарч байсан гэнэ. Хамгийн эхэнд “Оддын дайн” кинонд тоглож байхад нь алдарт найруулагч Жорж Лукас түүнд “Жинхэнэ жидай байх хэрэгтэй” гэж хэлсэн аж. Түүний энгүүн үг Эванд олон зүйлийг ухааруулсан гэнэ. Гэхдээ тухайн үед тамхинаас татгалзсан ч бүр мөсөн орхиогүй байж. Дараа нь 2004 онд мото аялал хийхээсээ өмнө ховс эмчилгээ хийлгэсэн байна. Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд Эван ширхэг янжуур ч татаагүй тухайгаа нэгэн ярилцлагынхаа үеэр дурьджээ.
No comments:
Post a Comment