Тэдний танхайрал, балмад үйлдэл, барьцгүй зан нь үнэхээр олныг гайхшруулдаг. Эдгээр хүүхнүүд диваажинд ч байсан асуудал үүсгэж, түйвээж чадах хүмүүс.
Хатагтай “Асуудал”
Холливудад алдартай жүжигчин, дуучин, загвар өмсөгч гээд шоу ертөнцийн нүүр царай болсон хүмүүс байдаг. Гэхдээ тэр оддын дунд “хулигаан” буюу танхай балмад этгээдүүд зөндөө бий. Лавин, Агилер, Стефани тэргүүтэй уран бүтээлчдийн нэр ийм жагсаалтад дээгүүр бичигдэнэ. Харин хамгийн эхэнд өдгөө 31 настай этгээд төрх, элдэвтэй дуугаараа алдартай дуучин Пинк байх биз. Түүний танхай авир бусдаасаа хувь илүү. Дөрвөн нохойныхоо нэгийг хараалын үгээр /Fucker/ нэрлэж, гудманд бие засч, цагдаа нартай өлхөн ам зөрдөг гээд түүний балмад авирын тухай баримт хэвлэлээр дүүрэн бий. Пинк гэдэг түүний уран бүтээлийн нэр бөгөөд Алиша Бет Мур багын л гудамжны танхайчуудтай нийлж хулгай, дээрэм хийж өссөн бөгөөд эл авир нь од болсон ч өөрчлөгдөөгүй байна.
Харанхуйн хатан хаан
Кортни Лавд гэрэл гэгээтэй зүйл тун ховор. Тиймээс ч хэвлэлийнхэн түүнд ийм хоч өгсөн байх. Америкийн рок дуучин, хөгжимчин, жүжигчин Кортни Мишель Лав өдгөө 46 настай ч шоу ертөнцийн өсвөр насныхантай эн зэрэгцэн хэрэг төвөгт холбогдож, хар тамхи татан, хормойн явдлын хэрүүл шуугианд орооцолддог нэгэн. Хэдэн жилийн өмнө Кристин Кинг рүү хардалтын сэдэлээр дайрч, хоосон лонхоор буулгаж үүнийхээ хариуд Лос Анжелесийн шүүхээс гурван жилийн тэнсэн авсан нь бий. Мөн Курт Кобейнтэй амьдарч байхдаа төрүүлсэн охин Фрэнсис Бин Кобейны эх байх эрхээ хоёр удаа хасуулж байсан юм.Нялх гүнж
Дөрвөн хүүхэдтэй айлын бага охин. Ирээдүйтэй залуу жүжигчин Кристина Риччи хэзээ ч насанд хүрэхгүй нэгэн. Хэдий гуч шүргэж байгаа ч эрх, нялх зангаараа хамт ажиллагсад, найз нөхдийгөө жинхэнэ залхаадаг аж. Түүний хувьд ажил, амьдрал, нэр хүнд, алдар нэг хүртэл нэг төрлийн тоглоом байдаг хэмээн эргэн тойрны хүмүүс нь гомдоллодог юм.
Хамхуул
Английн залуухан поп од Лили Аллен нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагынхаа үеэр “Би 14 настайдаа найзыгаа дуурайн тамхи татаж, согтууруулах ундаа ууж билээ” хэмээн ярьжээ. Энэ өгүүлбэр нь түүний мөн чанарыг бүхэлд нь илтгэнэ гээд хэлчихэд хилсдэхгүй. Тэрбээр найз нөхдөө дагаж зугаа цэнгээн хөөх тун дуртай гэнэ. Хөлчүүрхэж сэтгэл нь хөөрсөн үедээ тагтан дээрээ тайчих үзүүлбэр дэглэж, шөнийн цэнгээний гадаа зодоон хийх нь энүүхэнд. Ойр тойрныхон нь түүнийг өөрийн гэсэн байр суурьгүй, бусдын нөлөөнд хэт их автдаг хэмээн шүүмжилдэг нь хэвлэлийнхэний сонорт хэдийнэ хүрчээ.Эми Уайнхаус
Тийм ийм гэх тодотголгүйгээр тэр ердөө л хачин этгээд. Шүтэн бишрэгчдээ гар хүрч, салсан нөхөртэйгөө дахин жиг ургуулж, хар тамхины асуудлаас салдаггүй, эрчүүдтэй элбэгхэн нудрага зөрүүлдэг гээд поп дуучин Эми Уайнхаусыг дагасан хов жив, асуудал тасрахгүй.
No comments:
Post a Comment