Wednesday, December 29, 2010

Тэр өдрүүдийг санаж байна


Шинэ жилийн үдэш гэдэг яг шидэт үлгэр шиг л байсан тэр өдрүүдийг санаж байна аа. Аавынхаа гэрт, ах эгч дүү нартайгаа шинэ жилийн баяр болохыг хүлээн догдлож, хоног тоолон хүлээдэг байсан тэр өдрүүд, тэр мэдрэмж, тэр баяр хөөр. Тэнд байсан бүх зүйлийг санаж байна, үгүйлж байна.
Нэг өглөө сэрэхэд л гацуураа засчихсан, гэрээ цэмбийтэл цэвэрлэчихсэн байдаг байж билээ. Аав, ээж, том эгч гурав маань бидний хэддээ сюрприз барих гээд унтсан хойно бөөн ажил болж гацуураа чимээд, гэрээ гоёод, цонхон дээр зураг зураад, бас оройжин бужигнаж тарааж нурааж байж унтсан гэрээ цэвэрлэчихсэн байдаг байж билээ. Яг л ид шид шиг. Манайх долоон хүүхэдтэй айл. Бужигнасан л нөхдүүд байсан байж таараа. Гэрийнхээ гацуурыг харж баахан баясаад байрныхаа гадаа гарч айлуудын цонхыг харж бас гацуурыг нь сонжино оо болоогүй. Тэгэхэд айл болгон том өрөөнийхөө цонхыг голлуулж засдаг байсан юм шиг байгаа юм. Манай хажуугийн байранд оросууд амьдардаг байсан болохоор орос нь гоё монгол нь гоё гээд л цэц булаацалдана аа хоорондоо.
Би тэр мэдрэмжийг, аавынхаа гэр байсан тэр жаргалтай
баяр хөөртэй хүүхэд насныхаа дурсамж дүүрэн өдрүүдийг санаад байна.
Би дахиад хэзээ ч мэдрэхгүй юм гэж үү?
31-ний өдөр болно оо. Өглөөнөөс эхлээд баярын бэлтгэл. Бялуу, салат, зууш, хоол гээд л. Мань мэтийн жижигхэн хүмүүс нь төмс сонгино лууван арилгах угаах мэтийн туслах тогоочийн ажилд ноогдоно. Гэхдээ гал тогоонд байх эрх олдож байгаа болохоор бөөн баяр. Ажилд оролцоогүй хүмүүсийг нь өрөө өрөөрүү нь марш гээд л алхуулчихаж байгаа юм чинь. Үе үе булталзаад л, шагайгаад л хөөрхөн дүр зураг байж ээ одоо бодох нээ. Аав ээж хоёр бялуу хийгээд, ээж бусад баярын зоогоо зэхээд л. Нэг удаагийн тохиолдлыг нь ярья. Миний удаах дүү маань жигтэй эрх нөхөр. Аав маань данхан толгойт гэж ирээд л эрхлүүлдэг. Манай дархан цаазтай хайрхан байлаа шүү дээ. Тэр нөхөр торт хийж байсан аавын хажуугаар шурхийж орж ирээд л кексний захыг нь хамж идээд болдоггүй. Манай аав өлбө долбо хийсэн хүнд дургүй, биднийг бол дор нь залхаадаг байсан. Тэгээд л мань эрийг сандал дээр суулгаж байгаад тортны кексээ барьж байгаад л "Ид" гээд л идүүлээд байлаа. Мань эр ч эхлээд цохиж өгнө биз дээ. Хэсэг хугацааны дараа гэдэс нь цадаад ирэхээрээ муухай царайлаад дургүйлхээд аав ид гэж шахаад идүүлээд идүүлээд. Бид хэд аавынхаа үгнээс гардаггүй юм л даа. Бүр бөөлжмөөр болсон байлгүй гэсэн ч ид гээд л идүүлээд. Нөгөөх чинь уйлна биз дээ сүүлдээ. Тэгэхээр нь ингээд өлбө долбо гээд байгаарай. Цаг нь болохоор бүгдээрээ л идэх гэж энэ тортыг хийж байна шүү дээ гэсэн шүү маягаар сануулга хэлээд тэр удаагийн шийтгэл өнгөрч байж билээ. Аав иймэрхүү маягаар хоёр гурван удаа шийтгэж байсан гэдгийг би сонссон. Харин харсан нь дүүгийн хэрэг юм л даа.
Зурагтаар оросын үлгэрийн кинонууд, баярын концертууд гарна. Манайх Эрдэнэтэд байсан болохоор шинэ жил биш ёлка гэж ярьдаг, орос маягийн баяр хийдэг байсан л даа. Тэр үед юун Санта манта. Ёлка болохоор л өвлийн өвгөн, цасан охин л гэж ярьдаг. Өвлийн өвгөн чинь сэвсгэр цагаан сахалтай цэнхэр дээлтэй. Шидэт таягтай. Харин цасан охин нь тоодгор цэнхэр хүрэмтэй. Цагаан гуталтай. Ганган малгайтай урт гэзэгтэй. Яагаав нөгөө "Ну погади" дээр гардаг шиг л. Тийм байсан.

За тэгээд баярын зоог бэлэн болонгуут том өрөөндөө ширээгээ засна даа. Хуучны орос мебель ширээгээ сунгаж байгаад баяр баяраар л хэрэглэдэг нандин бүтээлгээ гаргаж ирж ширээгээ бүтээгээд чихэр жимс торт хоол зууш гээд л дэлгэнэ биз дээ. Өө бас ундаа компот байдаг байсан. Зургаан мангас баясчихсан хүлээгээд байдаг байсан болохоор аав ээж хоёр маань их л ач холбогдол өгдөг байсан биз ээ. Бас болоогүй ээ ааваасаа подарка аа горьдоно. Мэдээж авч л таарна. Баярын ширээн дээр алим, чихэр байхад аавынхаа гараас подарка болгож авсан хоёр ширхэг алим хэдэн ширхэг чихэр илүү амттай, нандин байдаг байж билээ. Дараа нь ирэх жилийнхээ азыг үзэх гэж утсан янз бүрийн хонжвор уяад нүдээ боож байгаад л хайч бариад дайрна шүү дээ. Хамгийн том нь ихэнхдээ шоколад байдаг байсан. Нөгөө шоколадыг нь авах гээд л дайрчихна. Тэгээд аравын чихэр, өөр юу ч байдаг байсан билээ тиймэрхүү юмыг нь хайчлаад баярлахдаа баярлаад гунихдаа гуниад л. Ердөө л баяр хөөр цалгисан жинхэнэ утгаараа баяр хөөр цалгисан өдөр байдаг байлаа. Наймуулаа (сүүлд нь есүүлээ болсон) бужигнаад л инээлдээд л бас хааяа муудалцаад л

Аавынхаа гэрт өнгөрүүлсэн шинэ жилийн баярууд

No comments:

Post a Comment