Эмэгтэй жүжигчдэд итгэж болохгүй
Сүрьеэ өвчтэй хүмүүсийг аврах, эмч болох чин хүсэлтэй 20 настай гэнэн охины хувь тавилан 1994 онд орвонгоороо эргэсэн гэдэг. Амжилт, алдар нэр нь түүний “Хүмүүстэй эелдэг харилцахад л болно” гэсэн бодол нь ташаа байсныг мэдрүүлжээ “Гоо сайхан аз жаргалын хаалгыг нээдэг” гэж бас худлаа. Тэр нулимсаараа, амссан зовлонгоороо үүнийг үнэн худлыг дэнслэсэн болохоор ингэж хэлсэн байх. Гоо үзэсгэлэн нь түүнд амжилт алдар нэрийн хамт зовлон авчирсан. Айшварияд хэзээ ч эмэгтэй найз байгаагүй. Бүх охид түүнд атаархдаг учраас тэр. Анхны сурталчилгаанд оролцох үедээ тэр есдүгээр ангид сурч байжээ. Загварынхнаас Маниша Койралатай илүү дотносож, найддаг байв. Гэвч Маниша хамгийн түрүүнд түүнийг худалдсан юм.... Үндэсний гоо бүсгүйн ялагч болохоос нь өмнө тэр жирийн л нэг энэтхэг бүсгүй байсан. Харин тэр үедээ Энэтхэгийн загварын ертөнцдөө нэр хүндтэй, бүсгүйчүүдийн харцыг булаадаг Ранжив Мулчандани алдартай брендүүдийг сурталчилж, Мумбайн төвд амьдарч, тэр үедээ л тансаг хэрэглээ болох гар утсаар гангарч байсан юм. Айшвария Рай түүнтэй анх шалгаруулалт дээр тааралджээ. Араасаа загвар өмсөгч охидыг хуйлруулж явдаг тэрбээр чидун жимсний өнгөтэй нүдтэй, гайхамшигтай үзэсгэлэнтэй атлаа буланд ичингүйрэн зогсох Айшварияг хараад
-Хөөе, иймэрхүү байвал чамд ажил олдохгүй шүү. Амжилтанд хүрэхэд агуу зүтгэл хэрэгтэй гэж зэмлэжээ. Тэд найзууд болсон. Киноны дүр сонголт, байр, утас гээд бүхий л зүйлд Ранжив зөвлөгөө өгдөг байв. Тойрон эргэлдэх охидоос Ранжив Айшвария залуухан жүжигчин Маниша Койралаг сонгож, найз бүсгүйгээ болгожээ. Ранжив нэг өдөр Манишагаас гадна, Айшварияг гэртээ урьжээ. Айшийн хувьд тэнд их тухгүй байв... шуугиан, тамхины утаа... Айшвария буйдангийн өнцөг дээр суун, хэрхэн зугтах талаар мөрөөдөж байв. Хээнцэр, эелдэг, халамжтай хатагтай Маниша Айшвариягийн хацрыг илэн хундага дарс санал болгонгоо Мангалор дахь гэр бүл, том ах, ээжийнхэн тухай асууж, тэд чамайг их санаж байгаа байхдаа гэж асуух нь тэр...
-Тийм ээ, их санаж байгаа байх. Би хэзээ ч загвар өмсөгч болно гэж бодож байгаагүй хэмээн Айшвария хариулав. Коллежид орохыг, сурах чин сэтгэлээ хүслээ ч ярьжээ. Сурах нь ямар сайхан гээч.. Дэврүүн мөрөөдлөө ярих үзэсгэлэн охины яриаг “Коллеж...боловсролтой охид ухаантай эрчүүдэд таалагддаг шүү дээ” гэсэн Манишагийн егөө таслаж орхив. Гэхдээ энэ үед тэд энгийн сайхан найзууд байжээ. Аянга цохиж, алтан бүрээ дуугарах хүртэл. Энэтхэгийн үндэсний сувгаар Айшвария Райг “Үндэсний гоо бүсгүй” хэмээн зарлав. Дараа нь Африкийн Сан Ситид “Дэлхийн мисс”-ийн титмийг хүртэж, спонсоруудыг нэмэлт бэлэгэнд булуулж, банкны дансанд нь хэдэн мянган ногоон эргэлдэж, Камбож, Венесуэл, Парагвай... гээд олон орноор аялах эрх авчээ.
Энэ их амжилтын дараа эх орондоо эргэж ирээд анхны бохир тоглоомын бай болсноо мэджээ. Хэвлэлээр түүнийг Ранжив Мулчанданитай явалдаж, Манишаг араар нь тавьсан гэх хов тарсан байв. “Тэднийг ажил хэргийн харилцаатай байсан гэж бодож явсан” гэх Манишагийн “гэнэхэн” тайлбарууд дагалдах. Өнчин хүүхдүүдэд зориулсан хандивын үдэшлэг дээр байхдаа үүнийг сонссон Айшвария арай л гэж нулимсаа тэвчиж байсан аж. Өөрийгөө тайвшруулж, уужим амьсгаа аваад Ранжив руу утасдан “Бид зүгээр л ажил хэргийн холбоотой найзууд байсан шүү дээ, энэ худал мэдээлэлд тайлбар хий” гэхэд “Найзууд аа ...” гэх Ранжив хоржоонтойгоор дуу алдав. “Хонгор минь, Маниша бүгдийг мэдэж байгаа. Тэр чиний надад бичсэн захиаг олсон. Чи надад хайраа илчилж, өөрийнхөө гэрт болзсон захиа явуулсанаа санаж байгаа биз дээ” гэжээ. Гэтэл Айшвария хэзээ ч түүнд захиа бичиж байгаагүй... “Юу болоод байна? Бохир хуйвалдаан, эсвэл тоглоом ч байж магад. Маргааш гэхэд Ранжив, Маниша хоёр уучлалт гуйна” хэмээн өөрийгөө тайвшруулсан боловч өдөр хоног өнгөрсөөр. Хэн ч түүнээс уучлалт эрсэнгүй. Харин ч Манишагийн бохир өдөөн хатгалга газар авч, дотнын найз нар нь хүртэл түүнийг хэвлэлээр муулах болж.
Шударга гэр бүлээс гаралтай энэтхэг охинд нэр төрөөс илүү чухал зүйл гэж үгүй билээ. Тиймээс Айш өөрийгөө хамгаалж сурах хэрэгтэйг мэдэрчээ. Манишагийн энэхүү бохир хуйвалдааны эсрэг “Энэ эмэгтэйд ариун нандин, шударга ёс, хүн чанар гэх зүйл үгүй” гэсэн утга бүхий ярилцлага хэвлэлүүдэд өгчээ. Энэ үед Манишагаас гадна хэд хэдэн хүн түүн рүү дайрч, Айш тэдний эсрэг тэмцээр л байсан юм. Ийм худал шуугиан хэдэн жил Айшийг тойрч, жүжигчний карьерт хүртэл нөлөөлж, хэн ч түүнтэй хамтарч ажиллахыг хүсэхгүй байв. Энэ үед найруулагч Мани Ратнам нэр төр нь унасан охиныг зоригтойгоор кинондоо урьжээ. Гэхдээ хамгийн гол нь Манишагаас болоод Айшвария хүнд итгэх итгэлээ алдав. Ялангуяа эмэгтэй жүжигчдэд. Нөхөрлөл гэдэг хуурамч гэдгийг мэдсэн тэрбээр хайр дурлалд итгэдэг хэвээрээ байсан.
Хайр бол үхэлийн хор
Хайр дурлал түүнийг удаан хүлээлгэсэнгүй. Айшвария Райгийн өмнө “хайр” Салман Кхана хэмээн сайхан залуугийн төрхөөр иржээ. Тэд “Үүрд чинийх” кинонд тоглох болж, зураг авалтын үеэр залуухан жүжигчин бүсгүйгээс гадна туршлагатай хатагтай нар ч Салманы араас гүйж байв. ... Тэд найман насны зөрүүтэй байсан ч Салман охидын толгой эргүүлэх урлагийг сайн эзэмшсэн байв. Халуухан яриа, тэврэлт, халамж ... Энэ романтик учрал Айшвария Райг хоёр жил тарчлаан зовоох тамлалын эхлэл байсан гэдгийг ойлгоогүй юм. Салман түүнийг клубээс оройтож ирлээ хэмээн анх гар хүрчээ. Харин өглөө гарыг нь үнсч “Өршөөгөөрэй согтуу, цочирдсон байлаа...” гэх мэт олон шалтаг тоочин уучлал эрсэн аж. Тэр үед яагаад хамаг юмаа цуглуулаад, түүнээс салаагүй юм бол? Яагаад юу ч болоогүй юм шиг түүнийг өршөөж “Film fare” сэтгүүлийн шагнал гардуулах ёслол дээр хамт очсон юм бол? Шуугиан тарьж, хов жив дэгдээхгүй гэсэндээ тэвчсэн юм болов уу? “Хагарсан таваг цавуугаар наасан ч бүтэн болдоггүй юм” гэж зүрх орилж байсан гэдэг. Гол нь Айшвария ганцаараа үлдэхээс айж байсан юм. Салман түрэмгий хүн хэдий ч залуухан бүсгүйг хэцүү үед нь түшиж, Болливудад дэмжинэ хэмээн амласан нэгэн. Алдартай хүмүүстэй холбоотой байдаг учраас Айшварияд түүний өмөг түшиг хэрэгтэй. Тусалж дэмжихээс гадна Салман түүнийг хардсаар байлаа. Хий хардалтууд түүний толгойноос салахаа болив. Энэ нь хүчтэй дурлалын илрэл байж болох юм гэж Айш бодсон байна. Харин бодит үнэнийг ойлгоогүй юу, эсвэл ойлгохыг хүсээгүй юу бүү мэд.Дархан цаазат газар амарч байхад Салман хайртынхаа нүдний өмнө хоёр зээр буудаж алсан юм. Үүнийг харсан Рай мэгшин уйлахаас өөрийг хийж чадаагүй нь ойлгомжтой. Энэ мэт бусармаг үйлдэлдээ “Хэн намайг шоронд суулгаж чадах юм, хаана ч очсон хоёр цагийн дараа л намайг суллана” гэсэн хэгжүүн үг дайх нь Айшварияг их цочирдуулав. Хамгийн аймшигтай нь Салманы зөв байлаа. Ямар ч улс оронд иймэрхүү гэмт хэрэг нь жүжигчний карьерт нөлөөлдөг бол Энэтхэгт үгүй. Нэгэн шөнө авто осол хийж, дөрвөн гуйлгачинг дайрчээ. Ослын үеэр нэг нь газар дээрээ нас барж, гурав нь хүнд бэртэл авсан юм. Харин Болливудын баатрыг ердөө л торгоод өнгөрч. Дараа нь мотоциклтай явж байгаа дахин осол гаргаж, жолооч болон зорчигчид хүнд бэртэл авчээ. Гэвч түүний өмгөөлөгч “Салман жолооны ард байгаагүй, харин Канадын загвар өмсөгч Брук Линдсей Кларк байсан. Энэ мотоцикл Кханых биш, тэр ослын дараа Брукийн гуйлтаар ирсэн” хэмээн тайлбарлажээ. 2003 оны нэгдүгээр сард Салман бүх тавилгаа үнс болгож, чанга орилон бүх дүүргийг сэрээжээ. Энэтхэгийн дэлгэцийн баатар болохоор хүмүүс үүнийг нь тоохгүй л байв, хосууд маргадаг л биз дээ.
Тэр үед Айш, Салман хоёр “хайртай” хосууд байхаа больсон байлаа. Яг энэ тухай л Айшвария хэлснээс бүх хэрэг үүдсэн гэнэ. Салман сандал шүүрэн авч толио хага цохив. Тавилгаа нурааж, эргэн тойрны бүх зүйлсийг сандаачин нулимс хүсч, хэрүүл өдөж хүсч байв. Гэхдээ Айш уйлсангүй, түүнээс айдаг үе өнгөрчээ. Анхандаа Салманаас хамгаалуулах гэж цагдаагийн газарт өргөдөл гаргаж, дараагаар нь “The Times of India” сонинд ярилцлага өгч байсан удаатай. Үүнд нь Салман галзууртлаа уурлан зураг авалтынх нь талбай дээр ирж Райг доромжилжээ. Багийнхан түүнийг хөөж гаргахад шарандаа Айшвариягийн машиныг хэд хэд өшиглөж уураа гаргасан байна. Энэ үйлдлийнх нь дараа Айшвария Рай түүнээс зугтжээ. “Хайр бол үхэлийн хор” өнгөрсөн гурван жилийнхээ хайрын романсаас ийм гаргалгаа хийсэн байв. Тэнгэр дээр зам заагч од ч гэж байдаггүй.
Хүйтэн хүүхэн
Харин түүний зорилго бол ганц - карьер үлджээ. Үүнээс хойш Айшвария өөрийгөө ажилдаа зориулсан юм. Каннын кино наадам түүнийг дэлхийд таниулсан. Айшварияг Лондонд урьж, жүжигчин Мартин Хендерсон түүнийг “Төгс гоо үзэсгэлэн” хэмээн нэрлэв. “The Time” сэтгүүл энэтхэг бүсгүйн гоо үзэсгэлэнгээр хавтсаа чимж, өгүүлэлдээ даруухан занг нь шагшсан байжээ. Мэдээж дэлхийн кино ертөнц түүнийг хамгийн түрүүнд сайхан бүсгүй, дараа нь жүжигчин гэж хардаг байв. Гэхдээ Айшвария зөв бодлоготой, ухаантай, даруухан, нямбай, чих зөөлөнтэй, шаргуу бүсгүй. Будаг, үнэтэй гоёл, тансаг хувцасны цаана нуугддаг “од”-дын дэргэд Айшвария жинхэнэ байгалийн гоо үзэсгэлэн байлаа.Тэр энэтхэг бүсгүйн гоо үзэсгэлэнг төдийгүй ухаан, ур чадварыг өрнийн кино найруулагчдад харуулжээ. Тэдний хооронд ганц зөрчил гардаг, зураг авалтын үеэр үнсэлцэхгүй гэсэн Айшварияагийн болзол. Тэд хүлээн зөвшөөрөхгүй удсан ч Рай энэ зарчимаа хатуу чанга баримталсаныг дүнд гэрээ байгуулжээ. Үүнээс болоод ч тэр үү “Айшвария Рай бууж өгөхийг мэддэггүй хүйтэн хүүхэн” гэсэн яриа тархав. Өрнийн амжилт нь Болливудын продюсеруудыг гаслахад хүргэж байсныг дурьдах хэрэгтэй. Гоо сайхны хатан хааны гэрээ тэнгэрт тулж, зөвхөн аугаа Амитабх Баччан түүнд хамтран ажиллах урилга хүргүүлдэг болжээ.
Дэлхийн хамгийн сайхан бүсгүйтэй гэрлэсэн эр
Тэр өдрийн тэмдэглэлээ “Өнөөдөр дахиад Абхишектай уулзлаа. Над руу харах бүрт нь хөшчихсөн мэт санагдаж, харц тулгарах бүрт ар нуруу зарсхийхийн учир юу вэ? Дурлачихсан гэж үү дээ, байж боломгүй тэнэглэл. Бид зүгээр л найзууд” гэж бичжээ. Тэд 1999 онд танилцжээ. Гэхдээ Айш тэр үед Салманы найз бүсгүй байсан бол Абхишек жүжигчин Каришму Капурт хайртай байсан. Гэвч цаг хугацаа бүгдийг байр байранд нь тавив, Салман өнгөрсөн үе болов. Айшвария Абхишек хоёрын хувь тавилан дахин зураг авалтын талбай дээр гэрэлтэнэ. Сонирхол,зуршил, дуртай хот, улс орон гээд олон зүйлээрээ тэд нийцэж, хоёр биедээ тэмүүлнэ.Алдартай гэр бүлийн босгоор энгийн гаралтай бүсгүй алхах-энэ бол амаргүй даваа. 2000 онд хоёр Абхишек, Каришма хоёрын сүй тавих ёслолыг түүний эмээ Тежи Баччан таслаж байсан юм. Тэр бол Соне Гандид энэтхэг хэл зааж, Жавхарлал Нерутай мэтгэлцэж явсан домогт эмэгтэй. Түүнтэй анх уулзахадаа Айш яг л намрын навч шиг чичирч байжээ. Хүнд өвчтэй байсан Тежи Баччан
- Тэд хурдан гэрлэг, тэгэхгүй бол ачийнхаа хуримыг үзэж чадахгүй нь.
Энэ богинохон өгүүлбэр Айшын хувь заяаг шийдсэн юм. Хурим болох нь. Хосууд 2007 оны эхний хагаст хуримаа хийвэл бүх юм сайхан болно гэсэн төлөг бууж, эргэлзэх зүйлгүй хуримын бэлтгэл эхэлжээ. Тэдний голомтоо бадраасны баярыг долоо хоногийн турш цэнгэн тэмдэглэж байхад залуу хосын ажил ундарч, Канны кино наадам, шинэ төслийн зураг авалт... гээд завгүй өдрүүд эхлэв Айшвария Бостон руу нисч, харин Абхишек Жайпур луу нисэв. Эхнэр нь Туркт зураг авалттай байхад Абхишек Намибид ажилтай явна.
Айшвария хэдийгээр энгийн гэр бүлээс гаралтай ч “Баччан” овгийг нэр төртэйгөөр авч яваа. “Дэлхийн гоо бүсгүй”-н титмийг өмсч, нэг дор гурван кинонд тоглох урилга авч, нэр хүндтэй олон шагнал гардаж байсан дэлхийн чансаатай жүжигчин.
No comments:
Post a Comment