Wednesday, December 29, 2010
Р.Номин-Эрдэнэ: Эргээд хуучин амьдралдаа орж байх шиг байна
Түүнтэй уулзах гэж багагүй эрэл сурал болсон. Гэрийн эздийн ажил амждаггүй, товлосон цаг хэдийнэ өнгөрсөн хойно 18 цагийн орчим “Маршал таун”-ыг зорив. Дуучин Р.Номин-Эрдэнийд очлоо. Тэдний босгоор алхахад өглөөдөө гурвуулаа хөтлөлцөж гараад, үдэш нь цуглардаг залуу хосуудын амьдралын хэмнэл угтсан юм. “Шинэ байранд ороод удаагүй болохоор төвхнөж амжаагүй л байна” хэмээн уулзах товоо хэд хэдэн удаа хойшлуулсныхаа учрыг тэрбээр тайлбарласан. Өнгийн гэрлээ анивчуулсан гацуур хэдийнэ баяр дөхсөнийг илтгэн, энэ айл шинэ оныг баяр хөөртэй угтаж авахад бэлэн болжээ. Бидний яриа ч энэ сэдвээр эхэлсэн.
-Урлагийнхний хувьд шинэ жил дөхөхөөр ажил ундардаг. Миний хувьд, тодорхой хугацаагаар уран бүтээл хийгээгүй болохоор тоглолт арай бага байна. Гэхдээ телевизийн бичлэг, зураг авалт, янз бүрийн арга хэмжээ гэсээр нэг л мэдэхэд өдөр өнгөрчих юм. Дуучин болсноос хойш сүүлийн 10 гаруй жил шинэ оныг тайван, амгалан угтаж байсангүй. Арванхоёрдугаар сар эхлэхтэй зэрэгцээд урлагийнхний ажил ундардаг. Охинтой болсноос хойш бүр ч яаруу сандруу болсон. Ажлаа дуусмагцаа охин руугаа яарна.
-Айлын эзэгтэй болоод энэ хэмнэл өөрчлөгдөөгүй хэрэг үү?
-Өөрчлөгдөлгүй яахав, урьд нь тоглолтоор явж байгаад рок попынхонтойгоо хамт он гаргах үе ч байсан. Харин одоо бол өөр шүү. 31-нийг гэр бүлдээ зориулна. Гэрээ чимээд, баярын ширээгээ засах гээд айлын эзэгтэй юу хийдэг билээ, тэр бүхнийг л амжуулна. Ажлаа дуусаад буйдан дээрээ тухлаж байгаад телевизээр баярын хөтөлбөрүүдээ үзнэ.
-Номингийн засдаг баярын ширээний цэсийг сонирхвол ...
-Хоол хийх дуртай ч зав бага. Хөгжим бүжгийн коллежийн оюутнууд ер нь хичээл ихтэй, дээр нь багш нар “гараа эвдэв” гэж онцгойлон захидаг, манайхан ч мэддэг болохоор гэрийн ажилд ойртуулаад байдаггүй. Сургуулиа дүүргэсний дараа уран бүтээл гээд гэр орны ажлаас хөндий байсан. Мундаг тогоочийн тоонд орохгүй ч нөхөртөө гологдохгүй ээ. Охиноо төрүүлсний дараа хэсэг гэртээ байхдаа гэрийнхээ тохижилтыг өөрчлөх, янз бүрийн хоолны жор цуглуулж, турших гээд жинхэнэ айлын эзэгтэй, хүний эхнэр шиг байлаа шүү дээ. Одоо охин цэцэрлэгт явж байгаа болохоор би эргээд хуучин амьдралдаа орж байх шиг байна (инээв). Шинэ жилээр хийдэг уламжлалт цэс, онцгой жор надад байхгүй ээ. Тухайн үед бодож байгаад л зууш, салат хийчихдэг юм.
-2011 оныг хэрхэн угтахаар төлөвлөсөн бэ?
-Боломж гарвал аль болох гэртээ байхыг боддог. Энэ жил паркт арга хэмжээ болох юм билээ, гэхдээ ширээгээ засчихаад, буйдан дээрээ суугаад баярын хөтөлбөрөө үзэнгээ шинэ оноо угтах байх. Эсвэл агаарт гарч магад. Тухайн үед ажил төрөл амжиж, зав гарвал шинэ оныг угтах аятайхан газар хайна даа. Амралтын газрууд тусгай хөтөлбөртэй байдаг юм билээ. Хэрвээ хотоос гадагшаа явах бол манай гэр бүлийн хувьд анх удаа өөр орчинд шинэ оноо угтах юм. Их сонирхолтой санагдаад байгаа.
- Та дуучин,бас хийлч. Одоо ер нь хийл тоглож байна уу?
-Өө хийлээ хадгалчихсан байгаа. Өмнө нь амралтынхаа үед хийлээ тоглодог байсан бол одоо гэр бүл, хүүхэд, бизнес гээд амьдралд минь шинэ хуудас нээгдсэн. Зав цаг бүр бага болсон, дээр нь охин маань булаацалдаад байдаг юм.
-Ирэх жилээс уран бүтээлдээ ханцуй шамлах сурагтай байсан, үнэн үү?
-Найз нөхөд, ойр дотнын хүмүүс уран бүтээлээ хийгээч гэж шавдуулж байгаа. Уржигдар Хаянаатай энэ талаар ярьж суулаа. Ерөнхийдөө бэлтгэлээ базаасан, шинэ дуунуудаа авчихсан. Заримынх нь найруулгыг хийчихсэн байгаа. Одоо дуугаа бичүүлэх, клип хийх ажил үлдсэн. Болдогсон бол өнөө маргаашгүй бичлэгт ормоор л байна. Яруу найрагчдад онгод байдаг гэж ярьдаг даа, түүн шиг дуучид ч гэсэн байнгын бэлтгэлээс гадна дууныхаа хөг хэмнэл бүрийг сэтгэлээрээ мэдэрч, дуулдаг үе бий. Тэгээд л онгодоо хүлээгээд сууж байна (инээв).
-Эмэгтэй дуучид ээж болохоороо арай өөр сэдвээр дуулдаг. Номингийн хувийн амьдрал, дотоод ертөнцийн өөрчлөлт, мэдрэмж уран бүтээлд тусгагдах уу?
-Уран бүтээлч хүний цар хүрээ өргөн. Хайрын дуунаас гадна охиндоо зориулан дуулж магад. Эх хүний сэтгэлээс гарах дуу байж болно. Гол нь хүмүүсийн сэтгэлд хүрсэн сайхан бүтээл хийх нь чухал.
-Шинэ дуунууд авсан гэж ярилаа, хөг хэмнэл нь өмнөхөөсөө хэр өөрчлөгдсөн бэ?
-Д.Болдоос хоёр дуу авсан. Нэлээд техник шаардсан, намайг эвдсэн шинэлэг бүтээл. Мөн Ган-Эрдэнээс авсан уянгалаг дуу ч бий. Тодорхой хугацаагаар завсарласан болохоор шинийг туршиж, өөрчлөлт хиймээр санагдаад, нэлээд эрэл хайгуул хийж байна, бодсон төлөвлөсөн зүйл их бий, одоогоор нууцалъя.
-Сүүлийн үед танаас эхлээд Сэрчмаа, Отгоо, хөвгүүдийн хамтлаг гээд нэг үеийн уран бүтээлчид бүгд гэр бүлтэй болж, хувийн амьдралдаа өөрчлөлт хийсэн. Ер нь рок попынхон томоотой, нам гүм байгаа?
-Хааяа уулзахаараа энэ тухай ярьцгаадаг юм. Тоглолт, шинэ клип, шинэ санаагаа уралдуулдаг байсныг үзэгчид мэднэ. Рок попынхон удахгүй уран бүтээлдээ шаргуухан орно оо гэж байна лээ.
- Дэлгүүрээс гадна зочид буудлын бизнест хөл тавьсан гэж сонссон?
- Тийм яриа гарсан байна лээ. Миний хувийн бизнес биш, ах нар маань үйл ажиллагаа явуулдаг юм. Бизнесийн ажилд нь оролцдоггүй, урлагийн хүний хувьд шоу арга хэмжээнүүдийг зохион байгуулахад л тусалдаг. Энэ нь зөвхөн буудал биш, кофе шоп, зоогийн газар, lounge зэрэг амралтын цогцолбор газар юм л даа. Нэг ёсондоо гэр бүлийн бизнес гэх үү дээ. Дэлгүүр бол минийх. Нээгээд жил гаруй болж байна. Ажил, бизнес гэхээсээ илүү миний сонирхол байсан гэх үү дээ. Найзууд маань надад ийм санаа өгсөн л дөө, зарим нь бүр “Дэлгүүр нээвэл байнгын үйлчлүүлэгч чинь болно шүү” гэх зэргээр ятгасан. Уран бүтээлээ түр завсарласан байх зуураа арай өөр ажил эрхлээд үзье гэж шийдээд “N fashion” дэлгүүр нээсэн юм. Миний хувьд одтой байсан уу, тохироо нь бүрдсэн үү тун богино хугацаанд амжилт олсон шүү. Найз нөхөд, уран бүтээлчдээс гадна хотын дэгжин бүсгүйчүүдийн орж гардаг дэлгүүр болж чадсан. Оны босгон дээр шинэ салбараа нээлээ. Хойшдоо жил бүр шинэ салбар нээдэг уламжлалтай, нэг мэдэхнээ сүлжээ дэлгүүр, бүр их дэлгүүртэй ч болчих юм бил үү (инээв). Ийм мөрөөдөл байгаа. Гэхдээ уран бүтээлдээ илүү анхаарна.
-Хообийгоо ажил болгож чадсан хүмүүс амжилтад хүрдэг гэдэг дээ?
-Тийм ээ. Би энэ ажилдаа тусгайлан цаг гаргаад байдаггүй. Үе үе ажил, амины хэргээр гадагшаа явах үедээ таалагдсан загваруудаа аваад ирнэ. Охид, бүсгүйчүүд дэлгүүр хэсэхдээ нэг их түүртээд байдаггүй шүү дээ. Заримдаа гадаадад ажиллаж амьдардаг найзууддаа загвараа сонгоод захиалга өгчихнө. Энэ нь ч цаг хэмнээд амар юм билээ.
-Та хүүхдэдээ хувцас, гэртээ тавилга, хэрэгсэл гээд дэлгүүрээр явах маршрут чинь нэлээд өөрчлөгдсөн байлгүй?
-Тэгэлгүй яахав. Эмэгтэй хүний иймэрхүү ажил хэзээ ч дуусахгүй. Өмнө нь ганцхан хүнд санаа тавьдаг байсан бол гурван хүнийг халамжлах үүрэгтэй боллоо. Гэрийнхээ тохижилтыг өөрөө хийсэн. Хар, цагаан өнгөний хослолд би дуртай. Эрч хүч, асч дүрэлзсэн байдлыг илэрхийлдэг болохоор улаан өнгөнд дуртай. Тавилгуудаа Солонгосоос захиалж авчирсан ч бүрэн тохижуулж амжаагүй л байна.
-Хананы саатай цаас, мөнгөн эдлэл гээд гял цал зүйлд дурладаг урлагийн хүний сонголт аргагүй харагдаж байна шүү?
-Эмэгтэй хүн бүрт байдаг зан шүү дээ. Донжийг нь олсон чимэглэл хаана ч өнгө нэмж чаддаг. Таалагдсан бүхнээ цуглуулаад байх утгагүй. Юуг, хэзээ, хаана, яаж гэдгийг л мэдрэх хэрэгтэй. Гял цал гэхээсээ илүү цэмцгэр, цэвэрхэн зүйлд дуртай.
-Та төрийн бус байгууллагатай болсон гэлүү?
-Энэ талаар тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байсан. Хэдэн найзтайгаа хамтран хүнд өвчтэй хоёр ойтой охинд туслах ажил эхлүүлсэн. Рок попынхон маань ч сайхан дэмжиж, арваад хоногийн дотор 20 сая төгрөг цугларсан. Мөнгөө охины гэр бүлд хүлээлгэж өгсөн. Одоо Солонгост эмчилгээ хийлгэж байгаа.
- Шоу бизнесийнхэн сүүлийн үед хандивын ажлаар дамжуулан өөрсдийгөө сурталчлах боллоо гэсэн хардлага гараад байгаа шүү?
-Зарим хүн тэгэж бодож болох л юм. Гэхдээ надад тийм шаардлага байхгүй ээ. Би охинтой, эх хүний хувьд Удвалд тусалсан. Дашрамд дуулгахад, энэ хандивын ажлыг эхлүүлсэн бүсгүйчүүд бүгд ээж, эрчүүд нь аавууд байсан. Нэр төр хөөцөлдөх, өөрсдийгөө сурталчлах бодол хэний маань ч толгойд байгаагүй. Бяцхан охины амийг аваръя, нэг гэр бүлд элэг бүтэн амьдрал бэлэглэе гэж бодсон юм. “Өгөх өдөр” ТББ байгуулсны дараа олон зүйлийг ойлгосон, туршлага ч суусан гэх үү дээ. Ийм ажил хийхээр нийгмийн зүгээс ямар дайралт, хардлага сэрдлэг ирдгийг, мөн хүмүүс хэчнээн сайхан сэтгэлтэй, нэгнийгээ дэмжиж чаддаг, өгөөмөр байдгийг мэдсэн. Хэцүү үед нэгнийхээ амьдралд тусалж, ядарсан нэгэндээ гар сунгаж чаддаг юм байна гэдгийг ч харлаа. Энэ туршлагаас гадна хандивын ажил маань бүтэмжтэй болж, Удвалыгаа явуулсны дараа сайхан мэдрэмж, баяр хөөр төрсөн. Тусламж хэрэгтэй байгаа хүмүүст бид өөрсдийнхөө чаддаг зүйлээр тусалсан, амьдралаасаа хэдхэн хоногийг зориулсан. Үр дүнд нь өгсөн, авсан, дэмжсэн гээд бүх хүн сэтгэл дүүрэн байдаг болохоор энэ ажлаа яагаад үргэлжлүүлж болохгүй гэж. Бид ярилцаад жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нийг “Өгөх өдөр” болгож, хандивын ажил хийж байя гэж шийдсэн.
-Уран бүтээл хийгээгүй болохоор Номинг завтай гэж бодсон. Гэтэл бизнес, уран бүтээл, гэр бүл, ТББ гээд бүр ч завгүй болж. Үргэлж завгүй байдаг энэ хэмнэлээсээ хааяа нэг “зугтмаар” санагддаг уу?
-Надад тийм эрх байхгүй. Нэг, хоёр өдөр зугтааж болох ч эргээд ирнэ шүү дээ. Нэг өдөр бүх зүйлээ хойш тавилаа гэхэд бусад хүн ажиллаж л байдаг. Жишээ нь, би өнөөдөр ядарснаа мэдээд бүх ажлаа хойш тавибал чиний ажил хойшилно. Чиний ажил хойшлогдохоор танай сэтгүүлд хүндрэлтэй. Өнгөцхөн харахад энэ ноцтой биш юм шиг атлаа нэлээд нарийн чимхлүүр байгаа биз. Эргээд ажил төрөлдөө орохоор хэд дахин ачаалалтай болчихно. Тиймээс шаардлагатай үедээ тусгайлан амрах цаг гаргах нь хамгийн зөв шийдэл. Энэ нь өөрийгөө ч, өрөөлийг ч хүндэтгэж байгаа хэрэг.
-Гэр бүлтэй болох үед хэвлэлээр янз бүрийн яриа гарч байсан, хэрхэн хүлээж авсан бэ?
-Тийм шүү, гомдолтой л байсан. “Би жирийн эмэгтэй хүн шүү дээ” гэмээр санагддаг байлаа. Хүнтэй үерхэнэ, хайрлана, шохоорхоно. Тэр бүрт янз бүрийн хачир, давстай мэдээлэл хэвлэлээр гарч, сайн муу ярианы бай болдог. Жирийн найзтайгаа явж байхыг харчихаад суух гэж байна гээд сенсаац болгочихно. Хаана ч явсан биеэ цэнэнэ. Үүнээс болоод олны танил ганц бие бүсгүйчүүд эрх чөлөөгөө хасуулдаг юм шиг ээ. Би бусдын адил нөхөр, хүүхэдтэй болохыг хүссэн. Харин гэр бүлтэй болчихоор янз бүрийн яриа тэр бүр гараад байхгүй. Хааяа нэг салсан уу, маргалдсан уу гэж шалгахаас биш харьцангуй тайван болдог юм байна шүү (инээв).
-Гэр бүлийнхээ хүнийг танилцуулаач?
-Манай нөхрийг Д.Бадрах гэдэг. Барилгын бизнес эрхэлдэг жирийн залуу. Ажилтай яваа бололтой, орой л гэрийн бараа харна даа.
-Сайхан бүсгүйд сэтгэл алдарч, хөл алдан гүйж байсан олон эр байсан нь лавтай. Нөхрийнхөө юунд нь татагдсан юм бэ?
-Юунд нь татагдсан бэ гэж үү ... даруухан, нууцлагдмал байдал нь анхаарал татсан юм уу даа. Ер нь бусдаас өөр байсан.
-Таны хувьд олны анхаарлын төвд байж дасчихсан. Харин гэр бүлийн хүнд чинь энэ байдал амаргүй байсан байх аа. Сониуч хүмүүсийн анхаарлын төвд амьдрах ямар санагдсан бол?
-Мэдээж амаргүй л дээ. Өөрийгөө, намайг ч хэвлэлээр гаргах дургүй. Гэхдээ одоо дасчээ. Бид нэг нэгнээ байгаагаар нь хүлээж авах хэрэгтэйг ойлгосон. Нэгнийгээ өөртөө тохируулж өөрчлөх гэхийн оронд байгаагаар нь хүлээн зөвшөөрч, эрх чөлөөг нь хүндэтгэх хэрэгтэй. Эхэндээ би ямар нэг арга хэмжээ, үдэшлэгт хамт явъя гэдэг байлаа. Одоо бол больсон шүү. Би урлагийн хүн, харин нөхөр маань жирийн нэг бизнесмэн.
- Сүүлийн асуулт. Хуримын талаар ямар төлөвлөгөөтэй байгаа вэ, туулай жилийг хүлээсэн хосууд олон байх шиг?
-Бүсгүйчүүд ийм даашинзтай, тийм бялуутай гээд өөр өөрийн гэсэн хуримын төлөвлөгөөтэй байдаг. Гэхдээ бид хөөрхөн охинтой, эрхэлсэн ажилтай, зорьсон зорилготой залуу гэр бүл. Үнэнийг хэлэхэд, хуримын талаар төлөвлөсөн зүйл одоогоор алга.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment