Thursday, December 20, 2012

Баярын ширээ 2012-2013

 Мөөгөн зууш

ОРЦ:
• 20 ш жижиг улаан лооль
• 20 ш бөднө шувууны өндөг
• 2 х/х майонез
• 2/3 шилэн аяга йогурт (чихэргүй)
• Давс, нунтаг карри

ХИЙХ АРГА:
Хайруулын тавгаа зөөлөн гал дээр халаагаад бага зэргийн нунтаг карригаа хийж нэг минут хэртэй хутгаж халаана. Дараа нь йогурт, давс, майонез зэргээ хийж сайтар хольж хутгана. Бэлэн болсон сүмсээ хөргөгчинд хийж хоёр цаг байлгана.
Бөднө шувууны өндгөө буцалсан усанд хийж таван минут чанана. Чанасан өндөг нэг бүрийг халбагаар зөөлөн цохиж, хальсыг нь хагалаад, хүйтэн усанд сойгоорой. Ингэвэл өндөгний хальсыг цэвэрлэхэд илүү хялбар болно.
Дараа нь өндөг нэг бүрийг маш нямбай хальслаарай. Зуушаа илүү үзэмжтэй болгоё гэвэл өндөгнүүдийн зөв хэлбэрийг хадгалах нь хамгийн чухал.
Жижиг улаан лоолийг голоор хувааж, зөөлөн эдийг нь салгаж авна. Ийнхүү цэвэрлэсэн улаан лоолио өндөг бүр малгай шиг өмсүүлээд, урьдчилан бэлтгэсэн сүмснээсээ дусааж, бяцхан цагаан толбонууд хийж өгнө. Үүнийгээ яншуйны нэг ширхэг навчаар чимэглэн зуушны хатгуураар хатган, тавганд үзэмжтэйгээр өрж зоогийн ширээнд тавиарай.

Чинжүүтэй үхрийн махан ороомог

ОРЦ:

• 200 гр үхрийн мах
• 2 ц/х хүрэн элсэн чихэр
• 2 х/х бальзамтай уксус
• 1 ш шар өнгөтэй амтат чинжүү
• 1 ш улаан өнгөтэй амтат чинжүү
• 1 ш сонгино
• 2 х/х ургамлын тос
• Давс, укроп

ХИЙХ АРГА:
Үхрийн махаа бүхлээр нь давстай усанд хийж 40 минут чанана. Бүрэн болсных нь дараа бага зэрэг хөргөж байгаад нимгэн, хавтгай болгож хэрчээд хөргөгчинд хийгээрэй.  Амтат чинжүүгээ цэвэрлэж, нарийхан савхан хэлбэртэй, сонгиноо хагас цагариг хэлбэртэй хэрчинэ. Укропоо угаагаад, сэврээсний дараа 4-5 см урттай болгож хэрчинэ.
Шарах шүүгээндээ тос хийж халаагаад хэрчсэн сонгиноо хийж дөрвөн минут хэртэй зөөлөн гал дээр хуурна. Дараа нь чинжүүгээ нэмж хутгасаар дахин дөрвөн минут хуурна.
Шарсан ногоогоо өөр саванд хийж, тасалгааны хэмд хөргөөд хүрэн элсэн чихэр, уксус, давс, нунтаг хар перец хийж амталаарай.
Ийнхүү амталсан чинжүүгээ 30 минут хэртэй таглаж тавина. 
Эцэст нь цаг хэртэй хөргөгчинд байлгасан үхрийн махаа гаргаж ирээд, хэрчим бүр дээр нэг халбага амталсан чинжүү, жижигхэн багц укроп тавьж хуйлаад шүдний чигчлүүрээр ирмэгийг нь тогтоогоорой. Дээрх хэмжээгээр бэлтгэсэн үхрийн махан ороомог дөрвөн хүний оройн зоог болох болно.

Шарсан хан боргоцой

 ОРЦ:
• 800 гр хан боргоцой
• 2 х/х элсэн чихэр
• 1.5 х/х цөцгийн тос
• 4 х/х ром дарс
• Кремний орц:
• 200 мл цөцгий
• 4 х/х сүү
• 2 ш өндөг
• 2 х/х элсэн чихэр
• 1 ц/х ванилин

ХИЙХ АРГА:
Хан боргоцойгоо хальслаад, зөөлөн эдийг нь хэрчинэ. 1-1.5 см зузаантай дугираг хэлбэртэй хэрчим болгоод, хэрчим бүрийг найман хэсэг хуваагаарай.
Өндгөө шар, цагаанаар нь ялгаад ванилинаа хоёр хувааж хийнэ. Өндөгний шарыг сайтар хутгаж өтгөн зуурмаг болгоод, үүн дээрээ 60 хэм хүртэл халаасан сүү нэмж үргэлжлүүлэн хутгана. Зуурмагтай саваа устай тогоон дээр хийж, усыг нь буцалгах зуураа зуурмагаа хутгасаар байгаарай. Ийнхүү крем бэлэн болно.
Хайруулын тавганд цөцгийн тос хийж зөөлөн гал дээр хайлуулна. Дараа нь элсэн чихрээ хийж нэг минут хэртэй хутгаарай.
Ийнхүү бэлтгэсэн зуурмаг дээрээ ром дарсаа нэмж таван секундын дараа галыг нь нэмээд хэрчсэн хан боргоцойгоо хийнэ. Нэг минут хэртэй шарсн дараа гал дээрээс аваарай.
Өндөгний цагааныг хөөсөртөл нь хутгаад, өндөгний шараар бэлтгэсэн зуурмагаа нэмж хутгахад хөөсөрсөн өтгөн зуурмаг болно. Шарсан хан боргоцойн хэрчмээ таваглаад, бэлтгэсэн кремээрээ чимэглээрэй. Таны бэлтгэсэн хан боргоцойн амттан дөрвөн зочныг дайлахад элбэг хүрэлцэнэ.

Гахайн маханд ороосон үхрийн мах

ОРЦ:
• 1 кг үхрийн цул мах
• 250 гр бор мөөг
• 50 гр цөцгийн тос
• 100 мл цагаан дарс
• 12 хэрчим бекон
• 500 гр зуурсан гурил
• 2-3 х/х хуурай гурил
• Давс, перец

ХИЙХ АРГА:
Давс хутгасан ургамлын тосоор үхрийн махаа амталаад, 220 хэмд халаасан шарах шүүгээнд 20 минут жигнэнэ. Үүнийгээ тасалгааны хэмд 20 минут хөргөсний дараа хөргөгчинд хийгээрэй.
Мөөгөө хүйтэн усаар угааж, сэврээсний дараа нимгэн хэрчинэ. Хайруулын тавганд хоёр хоолны халбага ургамлын тос, мөн хэмжээний цөцгийн тос хийж халаагаад мөөгөө хийж шарна. 10 минут шарахдаа байнга хутгах ёстойг санаарай. Дараа нь давс, дарсаа нэмж хутгаад үргэлжлүүлэн хуурсаар 10 минутын дараа гал дээрээс аваарай.
Зуурсан гурилаа зузаавтар элдэж, дээр нь 12 хэрчим беконоо эгнүүлэн өрөөд, дээр нь хуурсан мөөгөө хийж, жигд тараана. Үүнийхээ голд жигнэсэн үхрийн махаа тавьж мөөгний шанзтай гахайн махаар ороож, дараа нь элдсэн гурилаар бооно. Гурилын илүү гарсан хэсгийг хутгаар зүсэж аваад, үүнийгээ хөргөгчинд хийж хоёр цаг байлгана. Дараа нь 200 хэмд халаасан шарах шүүгээнд хийж хагас цаг жигнээд, 10 минут хэртэй хөргөсний дараа ширээнд тавьснаар 10 хүний оройн хоол бэлэн болно.




Friday, November 16, 2012

Төрдөггүй ээ

Төрдөггүй ээ, хүлээгээд л хүлээгээд л. Сав жаахан базлахаар нь баясаад л хүлээгээд байхаар удалгүй зүгээр болчих юм.

Өчигдөр төрөх эмнэлэг дээрээ очиж бичиг баримтаа бүрдүүллээ. Харьяаллынхаа дагуу төрье гэж бодож байсан ч таньдаг хүнгүй бол хэцүү гээд байхаар нь охиноо төрүүлсэн эмнэлэг рүүгээ, таньдаг эмч бүсгүйгээ бараадлаа. Нөгөөх маань бас хөөрхий 36 долоо хоногтой жирэмсэн ч гэлээ намайгаа дагуулаад эмнэлэг дээрээ ирээд, үзүүлж харуулаад дагуулаад гүйх юм аа. Найздаа их баярлаж байгаа шүү.

Тэгээд дотуур үзлэг хийлгээд, савны амсар хоёр хуруу хагастай нээгдсэн байна өвдөхөөрөө ирээрэй гэхийн. Жин нь 4.1 кг, ус ихтэй, хүй нь хоёр ороосон сурагтай. За тэгээд хоёр яс салж л байвал яахав гээд л бодлоо. Нэгэнт том хүүхэд болохоор би наана нь айж ширвээд яахав дээ. Айхтар хүндрэлгүйхэн төрөхсөн гэж бодохоос өөрийг хийж чадах биш. Тэгэхээс тэгэх гэсэн шиг өдөржин сав базлаад за ашгүй гээд баясаад байсан чинь орой нь зүв зүгээр болчихдог юм даа.

Дотуур үзлэгээс болоод цочирдог тал бий гэнэ ээ. Тэр нь болсон бололтой. Хоног хугацаа нь болчихоод, хэтрээд байхад гэдэс хавиар маань тааг дүлий. Яасан ч юмгүй байгаад л байна.

Салиа гараад байснаа өглөө бага зэргийн цустай үзэгдэж эхлэв, би харангуутаа нээх цочив. Гэхдээ базлаж барьсан юмгүй болохоор чинь яахав дээ. Тэгээд л өнгөрсөн. Өдөржин биеэ чагнаад яасан ч юмгүй сууж л байна.

Одоо бас оройжин, шөнөжин биеэ чагнах гэж нэг ажил. Худлаа дуншаад нуруу ууц чилээд байх юм. Би л ер нь нэг их яараад байгаа хүн бололтой гэтэл бас үгүй юм аа. Хавь ойрын хүмүүс утасдаад шалгалт хийгээд л, сүүлдээ утас дуугархаар уцаар хөдлөх ч шиг.

Хажуугаар нь цээж хорсох гэж нэг зовиур байна. Юу ч идэж уусан цээжин дотор гал л асаад байх нь тэр.

Гараад ирээч ээ үр минь. Ээж нь хүлээсээр бүүр залхаад ядраад уур хүрч байна шүү.

Sunday, November 11, 2012

Би сайн охин мөн үү?

Ингэж өөрөөсөө асуух хэрэг гарсан юм. Дүү маань утасдаж ээжтэй хамт байхад хэцүү байгаа учраас чи хурдхан аваач ээ гэсэн юм л даа. Асуудал тариад, хэрүүл маргаан дэгдээгээд, амар тайван гэртээ хэвтэж болохгүй байгаа гэнэ. Ер нь бол багагүй "асуудлын эзэн" л дээ. Эхлээд үүнийг нь сонсоод ээждээ баахан уцаар хөдөлвөө. "Үр хүүхдээ боддоггүй, дандаа зовоож байдаг. Амьтан хүн чинь үр хүүхдээ гээд явдаг байхад өөрийгөө баясгаад, бас болоогүй дээр нь бүр зовоогоод явж байдаг ..." гэж ирээд л. Ээждээ ийн гомддог болоод арав гаруй жил өнгөрч байна аа.

Тэгснээ бас бодож үзлээ. "Би хэрвээ ээжийн оронд байсан бол?"... Үр хүүхэдтэйгээ муудалцаж, орон байраа булаацалдаж, чи цаашаа, би цаашаа гэж насны эцэст муугаа үзэх байсан уу гэж. Төрүүлсэн үр нь эргээд надтай арслан бар шиг арцалдаж, муухай сайхнаар дуудалцаж хэрэлдээд, эхнэр нэртэй нэг хүүхэн дагуулж ирчихээд мууг минь үзээд байвал яах билээ?

Бас олон хүүхэд төрүүлсэн байхад тэд маань намайг анхаардаггүй, тоодоггүй бол яана аа гэж.

Олон хүүхэд нь тоодоггүй байх шалтгааныг ээж өөрөө гаргадаг л даа, гэхдээ л анх биднийг тээж   төрүүлж өсгөх гэж нойр хоолгүй гүйдэг байхдаа хожмын өдөр ийм болох юм гэж бодоогүй байлгүй. Насны бөгсөнд үр хүүхдийнхээ ач буянаар хөлөө жийгээд сайхан сууна гэж бодож л байсан байж таараа. Гэтэл бидний байж байгааг...

Тус тусдаа амьдралтай, амьдралаасаа илүү гарахгүй гэхдээ бас дутаж гуцаад сүйд болсон юмгүй. Ээжийн 18-тын дэггүйтлээс нь болоод бүгд гомдсон нэрийдлээр шилээ харуулаад сууцгаачихсан хүмүүс.

Тэгээд би өнөөдөр хүүхдүүдээ аз жаргалтай, эрүүл саруул, энх тунх өсгөх гэж байдгаараа хичээж байдаг, харин хожмын өдөр хөлийг минь хучаад өгөх хүн олдохгүй байвал ... гэсэн сонин бодол толгойд орж ирсэн юм.

Би сайн охин биш юм байна, би үр хүүхдээсээ хүсч байгаа зүйлээ өөрөө ээждээ өгч чадаагүй, чаддаггүй юм байна. Харин ч бүр муухай аашилж, ээждээ л загнах болохоороо том дуугарч, ээжийгээ л болохоор үгийнхээ аясаар байлгаж байх санаатай муу хүүхэд юм байна гэдгээ мэдэж авлаа.

Тиймээс хэчнээн бүтэлгүй, буруутай байлаа ч ээжийгээ хайрлана аа. Хэдий урт наслаа аж, миний муу ээж. Залуу халуун насаа үр хүүхдийнхээ төлөө зориулж, дөнгөж дөч гараад сайхан ханиа алдаж сэтгэл нь гундаад, тэгээд угийн тэвчээргүй зангаасаа болж хөл алдаа л биз. Бид тэрийг нь ойлгохгүй юм бол хэн өөр ойлгож, халамжлах билээ. Тэр муу бэр, ухаангүй дүүгээсээ "хамгаална аа".

Thursday, November 8, 2012

Гэрийн бялууны жорууд


Хан боргоцойтой бялуу

ОРЦ: 
• ¼ шилэн аяга цөцгийн тос
• 2/3 шилэн аяга бор элсэн чихэр
• 1 ш лаазалсан ханборгоцой
• 2 ш өндөг 
• 9 ш ясгүй интоор  
• ¾ шилэн аяга элсэн чихэр 
• ¾ шилэн аяга гурил 
• 1/8 ц/х давс 
• ½ ц/х хөөлгөгч нунтаг 
• Цөцгийтэй зайрмаг 

ХИЙХ АРГА: 
Зуурмагны саванд гурил, хөөлгөгч нунтаг, элсэн чихэр, сүү, өндөг болон 100 мл хан боргоцойн шүүс нэмж сайтар хутгана.
Шарах шүүгээний тавиурыг халааж цөцгийн тосоо тавиад, дээр нь бор элсэн чихрээ бүгдийг нь асгана. Хэсэг хугацааны дараа цөцгийн тос бүрэн хайлсны дараа бор элсэн чихэртэйгээ хольж сайтар хутгаад, шарах шүүгээний тавцангийн (эсвэл бялууны хэв) ёроолыг жигд бүрхэнэ.
Одоо ханборгоцойн зүсмэлүүдээ шарах шүүгээний тавцан дээр өрнө. Хүсвэл голдоо дугуй нүхтэй жимсний зүсмэлийг таллан хувааж болох юм. Жимсээ өрөхдөө өөрт таалагдах хэлбэрийг сонгоорой. Зүсмэлийн голын дугуй нүхэнд нэг ширхэг интоор жимс хийнэ.
Ханборгоцойн зүсмэлээ өрж дууссан бол 5-8 минут амраасан зуурмагаа дээр нь хийж, 175 хэмд халаасан шарах шүүгээнд 45-50 минут жигнээрэй.
Дараа нь бялуугаа гаргаж 4-5 минут хөргөөд хэвнээс нь эвтэйхэн салгаж таваглаад, халуунаар нь хувааж таваглахдаа цөцгийтэй зайрмаг хамт тавиарай.

Энэ нөхрийг бол хийж үзнэ ээ, гэхдээ нялуун, нойтон кекстэй бялуу байх болов уу гэж бодоод байгаа. Тийм болохоор их нялуун амтанд дургүй бол туршиж үзэх гэсний хэрэггүй л болов уу. Зайрмагтай л өгдөг юм билээ ихэнхдээ, тэр нь ч бас учиртай байх. 

Ванилинтай бялуу


ОРЦ: 
500 гр элсэн чихэр
4 ш өндөг
625 гр гурил
250 мл сүү
175 мл ургамлын тос
10 гр хөөлгөгч нунтаг
5 гр ванилин

ХИЙХ АРГА: 

Шарах шүүгээний хэвэнд тостой цаас дэвсэж бэлтгэнэ.
Нэг саванд өндөг, элсэн чихрээ хийгээд хөөсөрч, өтгөртөл нь хутгана. Дээр нь шигшсэн гурил, сүү, тос болон хөөлгөгч нунтаг, ванилин зэргээ нэмж үргэлжлүүлэн хутгаарай. Зөөлөн, өтгөн зуурмаг болсон бол урьдчилан цаас дэвсэж бэлтгэсэн хэвэндээ хийнэ.
180 хэмд халаасан шарах шүүгээнд 30-40 минут жигнэхэд бялуу бэлэн болоход шарах шүүгээнээс гаргаж хөргөөд крем, зөгийн бал, жимс гээд хүссэн амттанаараа чимэглэж болно.

Би энэ бялууг хийж үзээгүй, гэхдээ болох юм шиг санагдсан. илүү дутуу амтгүй аятайхан санагдсан жор нь. 

Шоколадтай бялуу

ОРЦ: 
• 1.5 шилэн аяга шигшсэн гурил
• 1/3 шилэн аяга нунтаг какао
• 1 ц/х хөөлгөгч нунтаг
• 1 шилэн аяга элсэн чихэр
• 1 ц/х давс
• 1 аяга экпрессо кофе (бүлээн)
• 15 гр ванилин
• 1 ц/х дарсны охь

ХИЙХ АРГА: 

Шарах шүүгээгээ 200 хэмд халаана. 20 см-ийн диаметртэй бялууны хэвээ халааж цөцгийн тосоор тослоод бага зэргийн хуурай гурил цацаж бэлтгэнэ.
Зуурмаг зуурах савандаа шигшсэн гурил, какао, хөөлгөгч нунтаг, элсэн чихэр болон давсаа хийж холино. Дараа нь кофе, тос, ванилин болон дарсны охио нэмж өтгөн, зөөлөн зуурмаг болтол сайтар хутгана.
Бэлэн болсон зуурмагаа хэвэндээ хийж, бялууны хутгаар хэвэндээ жигд тарааж өгөөрэй. Тэгээд шарах шүүгээндээ хийж 25-30 минут жигнээд төмөр сараалжин тавиур дээр гаргаж хөргөөрэй.
Амтат бялуугаа таваглахдаа шоколданы сироп эсвэл кофетой шоколадны зайрмагаар хачирлах болох юм.

Хийж үзсэн, ёстой гоё болдог. Би өөрөө шоколадтай бялуунд дуртай учраас надад их таалагддаг юм. Харин кофе хийж үзээгүй болохоор тэр нэмэлт орц нь ямар өөрчлөлт оруулдаг талаар ёстой хэлж мэдэхгүй юм. Гэхдээ л тааламжтай амттай байх аа. 

Хүлээлт үргэлжилсээр л

Уг нь эхоны хэлсэн хугацаа болоогүй л дээ, гэхдээ л төрхийсөөн гэж яарсан хүний хувьд бол цаг хугацаа гэдэг удаан хөшүүн санагдаж байна шүү.

Хүүхэд шинэ жилээр бэлгээ хүлээдэг шиг, би нэг хөөрхөн хүүхэлдэйтэй болох гэж байгаа юм шиг сэтгэл догдлоод байхын. Гараад ирэхээр нь нусаа хацартаа наахаа мэдэхгүй. Охин дээрээ бол эхний хоёр сар юугаа ч мэдээгүй өнгөрүүлж билээ. Энэ нөхөр дээр арай туршлагатай үзэх байлгүй дээ.

Өдөржин гэртээ ганцаараа байгаад байгаа болохоор ажил хичээлдээ явсан хүмүүсийг хараад атаархаад байгаа юм биш үү. Орой ирэхийг нь хүлээж догдлоод л, ирэхгүй байхаар нь утасдаж дарамтлаад л. Би гардаг болохоороо ... гэж бодоод байгаан биш үү. Хүн ер нь гэртээ яг сууна гэдэг амаргүй байдаг юм байна. Хар нялхаасаа цэцэрлэг, сургууль гээд явцан хүмүүсийг бодвол би бас ч гэж гэртээ сууж сурсан хүн атлаа л бачуураад, бачимдаад байхын.

Эртээр нэг салхинд гарав аа. Тэгээд гадаа сандал дээр сууж байсан чинь тэтгэвэрт гарсан хөгшчүүл нэг хийх юмаа олж ядцан сууж байдаг шиг санагдаж уу. Хэ хэ. Тэтгэвэртээ гарахаар хөдөө гарна аа, үнээ сааж, ногоо тарьж үзнэ. Готод тэгэж хөлөө жийж гиюүрч суухгүй шүү.

Төрөхийнсаан, төрөхийнсан ...

Monday, October 22, 2012

Хүлээгээд л ...

Гэдсээ бас нэг шинэ хүнд түрээслүүлсэн. Анагаахын үүднээс бол 40 долоо хоног байх ёстой. Тэгээд л сүүлийн 10 орчим долоо хоногт нь товлосон өдрийг нь хүлээгээд л, хүлээгээд л. Ядаж байхад би аймаар сүртэй жирэмсэлнэ. Өмнөхөөсөө 60-80 орчим хувиар илүү жин нэмнэ, их иднэ, жингийн илүүдлээсээ бол хаван, хөдөлгөөний хязгаарлалт, хувцас багтахгүй энэ тэр гээд бөөн асуудал. Ямар сайндаа манай нөхрийн хамаатан нэг таарчаад, "Энэ чинь одоо эхнэрээ сольцон юм уу" гэж байхав дээ. Тэгээд ер нь хэвийн байх мэдрэмжийг их үгүйлж, тарган хүмүүсийн зовлонг сайн мэдэрч, жингийн илүүдэлтэй болж ерөөсөө болохгүй юм шүү гэдгийг их сайн ойлгож, яс махаараа мэдэрч байна.

Бас жирэмсний амралтаа авсан болохоор өдрийг гэртээ ганцаараа өнгөрүүлж байна. Эхний өдрүүдэд ч сайхан унтаад л, зурагт үзээд, дуртай сайтаараа хэсээд сайхан байснаа хоёр долоо хоногийн дараагаас утгаа алдаж эхэлж байна аа. Унтаж унтаж нойр ханасан бололтой, солигдчих юм. Хүн амьтангүй өдөр ганцаараа нохой унталтаар унтаж, үе үе сэрээд, шөнө нь бол шар шувуу шиг яг сууж байгаа юм даа. Шөнө тэгээд юу эсийг хийх вэ, компьютер дээр багагүй цагийг өнгөрүүлнэ, идэх юм эргүүлнэ, ай под дээр тоглоно, байгаад бүр усанд орж үзнэ. Тэгээд өглөө охиноо сэрээж цэцэрлэгт нь явуулаад, нөхөртэйгөө өглөөний цай уучаад, гараад явангуут нь нохой унталтаараа үд өнгөртөл унтаж байна ш дээ. Ёстой утга алга. Бушуухан төрөхсөн гэж яарч буй нэг шалтгаан энэ.

Өдөржин гэртээ байх уйтгартай байна аа, Дэлгүүр хэсч, найз нартайгаа уулзаж, сайхан хоолонд ормоор байна. Нөхөртөө энэ тухайгаа хэлсэн чинь ойрхон аятайхан хоолны газар юу билээ гэж дуугарч байна лээ. Гэхдээ цаг зав нь болохгүй гэдгийг би мэдэхийн дээдээр мэднэ л дээ. Өөрөө гарна гэхээр халгаад байх юм. Явна гэж ёстой янагладаг болцон, дээрээс нь хүний нүүр харахаас ичээд, хувцас хунар таарахгүй бөөн асуудал. Гэхдээ төрөхөөсөө өмнө нэг гарна аа.

Иймэрхүү ялихгүй гэж харагддаг том том асуудалтай хүн 37 дахь долоо хоног дээрээ үлдсэн хоног хугацааг тоолж, хүлээсээр л ...

Нарханы ээлжит хөгжилтэй яриа

Аав нь албан газрынхаа зугаалгаар гурав хоног явлаа. Сүртэй олон хоног амардаг юм гээд би ч хувьдаа атаархан, уцаартайхан байсан юм. Хоёр дахь өдрийнх нь орой охин (гурван ой, хагастай)
- Ээжээ аав хэзээ ирэх юм бол гэж байна. Би
- Яасан миний охин аавыгаа санаад байгаа юм уу? гэсэн харин хариуд нь
- Гү ээ, хүүхдийн өлгий аваад явцан. Хэзээ авчрах юм бол доо гэдгийн.  Савж унатлаа инээсэн. Хүүхэлдэйгээ өлгийдөөд яваад байсан гар нүүрний алчуурыг нь аваад явцан байсан юм билээ л дээ.

Saturday, July 14, 2012

Жирэмсэн ч гэсэн сайхан харагдах боломжтой

Эмэгтэй хүн жирэмсэн болно гэдэг аз жаргалтай сайн сайхан тохиолдол хэдий ч зарим үед маш их зүйлийг золиослож байж хорвоо дээр нэг амь, амьдралыг авч ирдэг. Гоо сайхан, амар амгалан, цаг хугацаа ...
Жирэмсэн эмэгтэйд дутагддаг мэдрэмжүүдийн нэг нь сайхан харагдах гэсэн. Үүнтэй санал нэг байна аа, яагаад гэвэл надад маш их үгүйлэгдэж байна. Урьд нь жинсэн өмд, футболка, пүүз өмсөөд, үсээ сэгсрээд л гарахад өөртөө FULL байдаг байсан бол одоо гоёод гоёод, будаад будаад нэмэр алга. Гэхдээ энэ боломжгүй зүйл бас биш юм шиг байна аа, ихээ хичээвэл болгож болох юм шиг байна. Мөнгө, цаг зарцуулж чадвал ийм үр дүн гарах юм байна.




Улаан лооль өндөг толигор арьс

 Бас мартахгүйн тулд авсан юм шүү, бичлэгийн эзнээс хүлцэл өчье.  
 Улаан лооль биенд маш сайн, цусыг төлжүүлэхээс гадна арьсанд сайн нөлөөтэй гэдгийг та мэдэхүү?

Энэхүү маск нь:
*Арьсыг намирсан зөөлөн болгож, цагааруулж өгнө.

*Батганаас сэргийлнэ

*Толбо, нөсөө, сэвх, үрчлээнээс хамгаална.


Хэрэглэх арга:

①Энэхүү маскны шүүсийг хөвөнд шингээж арьсандаа 1,2 минут байлгана.

②Тэгсний дараа бүлээн усаар угаана.

АНХААРАХ ЗҮЙЛ:

①Энэхүү маск , шүлтлэг ихтэй тул арьсанд удаан байлгахгүйг анхаарна уу
②Арьс мэдэрч, хорсох юм бол шууд угаах хэрэгтэй.
③Энэхүү маскыг 10хоногт нэг удаа тавихыг зөвлөж байна.

ОРОХ МАТЕРИАЛ:
Улаан лооль-1/2 эсвэл 1/3
Зөгийн бал-цайны халбагаар 1/2

Хийх арга


①Улаан лоолийг үрнэ.

②Үрж бэлдсэн лоолийг шүүгч эсвэл гал тогооны цаасаар шүүж, дараа нь зөгийн балаа нэмж хутгана
.
③Хөвөндөө шингээнэ.

Нарханы хит яриа

Хоёулаа Tangled үзээд, ээж охин хоёр шиг халуухан сууж байв аа. Тэгсэн охин
- Чи намайг загнаад байх юм бол ийм муухай ээж болно шүү за юу гэж сургааль айлддаг юм байна.
Add caption

Тараг+улаан дарс=жин хасагдана

Хэрэгтэй учраас мартахгүй гэж бодоод нэг блогоос авсын. http://www.eejuud.info/?view=classic
Төрснөөс хойш нэг л арьсны проблемтэй болоод салж өгөхгүй байгаа юм.Аллерги ч юмуу янз бүрийн юм гараад эмч нэг эм өгөөд л алга болчихдог хэрнээ хэсэг хугацааны дараа дахиад л байх юмааа.Монголд очиж салхинд гарч амралтанд амрах юмсан.

Удахгүй зун болох гэж байгаа юм чинь хүүхнүүддээ зориулаад гар доорх материалаар турж болох диетийг танилцуулмаар байна. Энэ бол ТАРАГ・ВИНО ДИЕТ!!!


Тэгвэл тараг, вино турахад яагаад нөлөөлдөг вэ?
Тарагны сүүний хүчлийн бактери, виноний антиоксидант нь баас хаталт, хөгшрөлтийн эсрэг, бие даарах зэрэгт сайнаар нөлөөлдөг байна.Мөн:

★Баас хаталт
★Арьсны элдэв проблем
★Өндөр цусны даралт
★Бие хөрөх
★Өндөр xлостерол
★Сахар
★Яс сийрэлжилт
★Хавдраас сэргийлдэг

Олон эмэгтэйчүүд өтгөн хаталтын зовлонг мэдэх байх гэж бодож байна.Өтгөн хатахад гэдсэнд байдаг хэрэгтэй бактериуд багасаж, өтгөн гарахгүй удсанаар өмхийрч муу бактериуд өсөн үрждэг байна.Муу бактериуд нь хортой элдэв биет, хавдар үүсгэх биет гаргадаг.Тэдгээр нь гэдэсний ханаар гарч цусанд орж бүх биеэр тархаж, биеийн үйл ажиллагааг муутгадаг байна.
Тиймээс өтгөн хатах үед арьсны элдэв проблем бий болж, толгой өвдөж, хуянтаж, нервтнэ.Мөн өтгөн болж гарах ёстой байсан xлостерол хүртэл биенд үлдэж цусан дах xлостерол ихсэнэ.Тэгснээр элдэв өвчин болон таргалалтын үндэс болдог гэж хэлж болно.

Тиймээс эдгээрээс хамгаалахын тулд бифидо бактери болон сүүний хүчлийн бактери зэрэг хэрэгтэй сайн бактериудыг агуулсан тараг хамгийн тохиромжтой .Мөн тараг нь ясны сийрэгжилтээс хамгаалах кальци болон тослогын хэт исэлдэлтийг задлаж өгөх витамин ихээр агуулсан байдаг.

Мөн энэ диетний хамгийн гайхамшигтай нь улаан винонд агуулагдах антиоксидант юм.Антиоксидант нь улаан виноны улаан өнгө гаргадаг профенол гэдэг биет бөгөөд  үл исэлдүүлэх үйлчилгээнд нь байгаа юм.
Бид амьсгалсанаар агаарыг авч байдаг боловч, үүний нэг хэсэг нь биед хортой биет болон хувирдаг .Энэ биет нь биед байгаа өөхтэй нийлснээр бүр хортой бодис болж биеийг исэлдүүлж нэг үгээр хэлбэл зэврүүлж хөгшрүүлдэг.Эдгээрээс салгаж өгөх нь виноны антиоксидант юм.


Хийх ЖОР:

Тараг-100гр
Улаан вино -Том халбагаар 2

1.Тарагаа аяганд хийж, улаан виногоо хийнэ.


2.Бэлэн болсон тараг виногоо холиод  өдөрT 1удаа, хоолны өмнө.

Өдөр НЭГ УДАА ХООЛНЫ ӨМНӨ БАЙХАД хангалттай шүү.

Friday, May 4, 2012

Мэри-Кейт Олсен
Шоу ертөнц төдийгүй дуулиан шуугианы эзэн Мэри-Кейт Олсен “оддын үйлдвэр”-ээс төрсөн бусад залуу жүжигчний адил олны нүдэнд ил амьдарч ирсэн. Өмссөн, зүүсэн, явсан, суусан нь үргэлжилд бусдын нүдэнд өртөж, анхаарлыг татаж байдаг. Сонирхолтой нь Мэри-Кейт яг ижил нөхцөлд мөр зэрэгцэн өссөн Эшли Олсеноос илүүтэй шар хэвлэлийн бай болж, папарацциудын анхаарлыг татдаг. Эшли яаж олны анхаарлыг татахгүй, нам гүмхэн байхыг сайн мэддэг бол Мэри-Кейт эсрэгээрээ нийгмийн амьдралд идвэхтэй оролцож, үдэшлэг алгасалгүй зугаацаж, хамгийн адтай, алдартай бүсгүйчүүдтэй хэрэлдэж, хэлэлцэж шуугиантайхан нөхөрлөдөг.
Тэрбээр 2004 онд дөнгөж 18 хүрээд байхдаа хар тамхинд донтсоны улмаас нөхөн сэргээх эмчилгээ хийлгэсэн. Энэ үеэс л зөвхөн түүнд хаягласан зэмлэл, буруушаал олон нийтийн зүгээс ирж, энэ нь эргээд залуу бүсгүйд хүнд дарамт болж байсан юм.
Олсены ихрүүд өдгөө загварын ертөнцөд ирээдүйтэйд тооцогддог, цаг үеийнхээ илэрхийлэл болдог ч гэлээ Мэри-Кейт нөгөө ихрээсээ илүүтэй анхаарал татсан хэвээр.

Оддын амьдрал
Хайр дурлалын цохилт
Б.МАНДУХАЙ
Плохие девочки Голливуда
Холливудад данстай ч тэд “муу охин” гэгддэг. Хар тамхи, архидалт, хагас галзуурал, санаанд оромгүй дэггүйтэл нь хэрийн хүнээс хэтэрдэг болохоор тэр. Харин энэ бүхний жинхэнэ шалтгаан нь бүтэлгүй хайр байдаг.
Миша Бартон
Амжилттай явсан загвар өмсөгч, ирээдүйтэй залуу жүжигчин бүсгүйн карьерийг хайр дурлал үгүй хийсэн. Халуухан учралын дараах хүндхэн салалтыг тэсэлгүй хар тамхи татаж эхэлжээ. Энэ байдал нь даамжирч, мансуурсан хэрнээ жолоо барьж яваад баригдсан учир түүнийг албадан эмчилгээнд хамруулсан юм. Мэдээж эмчилгээ үр дүнтэй болж дөнгөж 20 гаруйхан настай бүсгүй карьераа сэргээж, алдар хүндийн оргил өөд мацахад бэлэн болсон хэмээн дүгнэжээ. Гэхдээ эхний үдэшлэг дээрх хэдхэн хундага дарс энэ зорилгыг нь үгүй хийсэн байна. 2009 онд албадан эмчилгээнээс гарч ирснийхээ дараагаас л асуудал үүсгэж, папарацциудыг баярлуулж, хүмүүсийг гайхшруулсан жүжиг тоглож эхэлжээ. Олны өмнө найз бүсгүйтэйгээ үнсэлдэж, нүцгэн зураг нь интернэтээр хэсүүчилж байв. Гурван жил хэртэй үргэлжилсэн гутрал нь өдгөө 25 настай залуу бүсгүйн нэрийг Холливудын хар дансанд бичүүлэх хангалттай шалтгаан болсон.
Одоо ч гэсэн тэр Англи дахь сууцныхаа үйлчлэгчтэй заргалдан, шүүх танхим хавиар эргэлдэж байгаа.
Деми Ловато
Үлгэр шиг урт удаан аз жаргалтай төгсгөл харамсалтай нь амьдрал дээр үгүй. Деми Ловато бол чамгүй амжилтад хүрсэн дуучин, ирээдүйтэй жүжигчин. Гэхдээ хорь шүргэж байгаа тэрбээр хайр дурлалын хүндхэн цохилтын улмаас хар дансанд бичигдээд байгаа. “Jonas Brothers” хамтлагийн Жо Жонасаас салсныхаа дараа холдон одсон хайрынхаа араас харуусаж элдэв авир гаргах болжээ. Сав л хийвэл бусадтай нудрага зөрүүлж, ам зөрнө. Хар тамхины асуудалд орооцолдоно. Үүнээс нь болж ойр дотнынхон нь сэтгэлзүйчдэд хандаж, түүнийг гурван сар эмчийн хяналтад байлгасан юм.

Үнэгүй эмнэлэгийн хүнд суртал

Жирэмсэн болов оо. Хоёр дахь удаагийн төрөлт юм чинь туршлага бас байна аа, байна. Өнгөрсөн хугацааны амьдралын урсгалаас үүдэн өөр дүүрэгт шилжсэн байв аа. Ялгаа юу байхав, эмнэлэгээр нь явахаас. Юуны өмнө өрхийн эмнэлэгт очих ёстой. Манайхаас чамгүй зайтай, тэр ч өнгөрч. Хордлого өгөөд бие тун тааруу байгаагаа хэлээд үзүүлж харуулья гэтэл өрхийн эмч болох шавилхан охин, тэр надаас дүү үү. Бичиг цаастай зууралдаж, баахан юм асууж, хагас цаг хэртэй бичиг цаас эргүүлсээр, хоёр мянган төгрөг аваад хоёр ширхэг дэвтэр өгөөд За боллоо, одоо дүүргийн эмнэлэг рүү алхаад марш гэдэг юм байна. Юу яасан, би хордлого... - Очоод эмчдээ үзүүлчих, бүр болохгүй бол Грин барьж ирээд залгуулчихгүй юу. -За за.

Дүүргийн эмнэлэг рүү явлаа. Хөл ихтэй, чин үнэнийг хэлэхэд жирэмсэн хүүхнүүд, хөгшид холхилдсон л газар байлаа. Хаалган дээр нь хадсан бичиг сачгийг уншаар яваад харьяа хорооны хүмүүсийг үзнэ гэсэн эмчийн хаалган дээр хоёр цаг хэртэй дугаарлан зогслоо. Тэрүүхэн тэндээ бас чи урдаа, би хойноо гээд оочер дугаарын маргаан болчихно. Гэсэн ч хоёр гурван хүүхэн -Гялс юм өгчихөөд гарна гэж сэргэлэнтээд урдуур оруулаад үзүүлээдэхлээ шүү. Ажлынхаа цагийг хумслаад, бас бөгчим хонгилд зогсож байгаа болохоор уцаар хүрээд өмнөх хүүхнүүддээ үг хаялаа. Завтай байгаа юм бол би урдуур чинь орьё, ажлаа хойш тавиад энд зогсож байхад урдуураа хүн оруулаад байх юм гэж ирээд л.
Хоёр цаг зогссоны эцэст ортол сувилагч авгай - 20 дугаар хороог үзэхгүй, хоёр зуун хэд ч билээ нэг хаалган дээр оч гэнэ шүү. Би ч уур хүрээд тийм бол тэрийгээ эртхэн хэлэхгүй, өчнөөн удаан гадаа чинь зогслоо -Орж ирээд асуухгүй яасын -Асуулгахгүй гэж хаалган дээрээ бичиг наасан юм байгаа биз дээ.
Хэчнээн уцаар хүрч байсан ч яалтай билээ. Хэлсэн хаалга руу нь явлаа, очтол цайны цаг гээд хаалтгаа түгжээд сууцан байна. Би бас хүн юм чинь өлсөнө, тэр хойгуур цай хоол эргүүллээ.

Дараа үргэлжлүүлнэ ээ

Tuesday, January 10, 2012

Т.МАНДУХАЙ: Мөрийтэй тоглоом мэтийн буруу зүйлд чадвараа ашиглаж болдоггүй


Авьяас чадалтай мэргэч, төлгөчийг тодруулах зорилготой “Зөн билгийн тулаан-2” нэвтрүүлгийн шилдэг оролцогч удахгүй тодорно. Сүүлийн шатанд үлдсэн зургаан хүнээс хамгийн залуу зөн билэгтэн Т.Мандухайгийн ярилцлагыг толилуулж байна.

-Үзэгчид өөрийг тань эчнээ танина. Тиймээс өөрийнхөө тухай тодорхой таницуулаач?
-Т.Мандухай гэдэг. Эрдэнэтээс ирээд гурван жил болж байна. Нөхөр, охины хамт амьдардаг. Зөн билэгтэй болоод хагас жил хэртэй болж байна. Нөхөр маань зөн билгийн тулаанд оролцооч гэж ятгасаар байгаад оруулсан. Тэмцээнд түрүүлье гэж бодоогүй, харин шилдэг оролцогчдынх нь нэг болох юмсан гэж бодсон.
-Өөрөө бөө юм уу, лам юм уу?
-Аль нь ч биш, үзмэрч ч биш. Индиго хүмүүс гэж байдаг даа, тийм л мэдрэмж гэж бодож байгаа.
-Энэ чадвараа судалж үзсэн хэрэг үү?
-Сонирхож, судалж үзэлгүй яахав. Хоёр жил хэртэй болж байгаа ч нэг их үр дүнд хүрэхгүй байна. Хүмүүсээс асууж, сураглахаар бага залуу хүн учраас ойшоохгүй, хүлээж авахгүй гээд бэрхшээл их тохиолддог юм байна лээ. Миний чадвар бол байгалиас заяасан, нэг өглөө босоод ирэхэд л байхгүй болчих магадлалтай юм шиг байна лээ. Хэрвээ би зөв ашиглаж, сайн хөгжүүлж чадвал өдөр өдрөөр өсөх ч, ингэж чадахгүй буруугаар ашиглах гэвэл алга болчих юм байна лээ. Хүмүүс танай удам сударт эрдэм чадалтай, зөн билэгтэй хүмүүс байсан уу гэж асуудаг. Байсан гэж сонсож байсан ч би сайн мэдэхгүй байна. Харин нэг нууц задлахад нөхөр маань бөө. Онгон шүтээн нь хүмүүсийн сайн сайхныг харж хамгаалж яваарай гэж надад ийм чадварыг өгсөн байх гэж боддог.
-Тийм үү, нэг гэрт онцгой чадвартай хүмүүс байхад ямар нэг асуудал гардаг уу?
-Бид чинь энгийн нэгэн залуу гэр бүл. Бусдаас ялгаа байхгүй. Харин ч нөхөр маань намайг улам хөгжүүлэхийг хичээж, дэмжиж байдаг юм.
-Залуу хүний хувьд зөн билэгтэй байх ямар байдаг вэ, энэ чадвараасаа айх, төвөгшөөх тохиолдол гарч байсан уу?
-Тантай л адилхан энгийн хүн шүү дээ би. Харин намайг зөн билэгтэй болсныг сонссон найз нөхөд маань хөндийрөөд, дөлөөд байдаг болсон. Тэмцээнээс өмнө хүмүүсээс нууцалж байсан ч, зурагтаар гарахаар хүмүүс мэдсэн байх. Би тэр бүр гэр бүлдээ туслаад байж чаддаггүй. Хүүхдээ өвдсөн үед би чадвараараа эмчилчихэж чаддаггүй юм. Ийм үед л хэцүү байдаг юм.
-Охиноо ийм чадвартай болохыг дэмжих үү?
-Охиноо ухаан орох үеэс нь энэ чадварыг нь хөгжүүлнэ гэж боддог.
-Чи ойр тойрныхондоо тусалж чаддаггүй гэхээр өөрийнхөө ирээдүйг ч гэсэн харж чаддаггүй гэсэн үг үү, хэзээ нэгэн цагт өөр үзмэрч дээр очиж байсан уу?
-Хааяа тэгэж боддог юм. Очиж байсан. Харин тэр хүмүүс маань намайг буруугаар ойлгоод “Мэдэж байж юу асуух гээд байгаа юм” гээд байдаг юм.
-Зөн билэгтнүүд юмыг гэрлээр, энергиэр мэдэрдэг гэдэг. Харин та хэрхэн мэдэрдэг вэ?
-Анх ийм чадвартай болчихоод хүмүүсийг их сонирхдог байлаа. Чадах хэмжээгээрээ хүмүүсийн мэдээллийг уншина, сонирхолтой байвал илүү зүйл мэдрэхийг хичээдэг байлаа. Одоо бол хүмүүсийн хувийн зүйлрүү орохоо больсон. Мэдрэмжийн тухайд, кино шиг харагддаг юм. Зүүдэнд зөн ирнэ. Бас энд тантай ярилцаад сууж байгаа хэрнээ танай гэрт очиж чадна. Хичээвэл танайхаас ямар нэгэн зүйлийг аваад ирж чадна. Гэхдээ энэ чадвар маань сайн хөгжөөгүй байгаа. Зөн билэгтэй хүмүүс нэг зүйлийг илүү сайн чаддаг, харин би болж өгвөл бүх чадвараа хөгжүүлэхийг хичээж байна.
-Тэмцээнд орсноор зөн билэгт чинь ямар нэг нөлөө үзүүлсэн үү?
-Байлгүй яахав. Чадвар маань анх оролцож байснаасаа хавьгүй илүү болсон. Тамирчин хүн байнгын дасгал сургууль хийхээр, хөгжимчин хүн тогтмол хичээллэхээр өсдөг шиг би тэмцээний олон шалгуурт оролцсоноор тодорхой хэмжээгээр дасгал хийж байлаа. Энергиэр мэдрэх, зарим зүйлийг өөр дээрээ мэдрэх гээд л чадваруудаа хөгжүүлсэн.
-Ялагч нь хэн байх бол, үүнийг мэдэх гэж оролдож үзсэн үү?
-Мэдээж үзсэн, зүүдэнд зөн ирсэн. Гэхдээ хэлэх хэрэггүй байх аа.
-Тэмцээний үеэр зөн билэгтэй хүмүүс нэг дор хамт байхаар харшлах, нэг нэгнийхээ чадварт нөлөөлөх гэсэн оролдлого байсан уу?
-Тиймэрхүү тохиолдол байсан. Гэхдээ би үүнийг нь анхаарахгүй байхыг хичээдэг. Алтангэрэл ах, Мягмаржав ах, Гэрэлээ эгч бид нар их дотно байсан. Бүгд л нэг зүйлийн төлөө зүтгэж байгаа хүмүүс юм чинь. Нөгөөтэйгүүр би өөрөө чадвартай учраас надад муу юм наалддаггүй байх гэж боддог.
-Үзэгчид өөрийг тань их дэмжиж байгаа юм билээ. Тэмцээнд оролцсоноос хойш чамайг зорих хүний тоо нэмэгдсэн үү?
-Тэгэлгүй яахав, Их дэлгүүрийн баруун талд “Зөв амьдрал” гээд хаягтай газар бий. Гэхдээ би өдөрт 7-8 хүн үздэг. Нэг өдөр олон хүн үзвэл мэдээлэл төөрөлдөнө, холилдоно. Үүнээсээ болоод буруу зөрүү ярих учраас эмээдэг. Тиймээс би нэг хүн үзчихээд цагийн дараа нөгөө хүнийг нь хүлээж авдаг. Ингэж ажиллах нь хэцүү байдаг юм. Ядрана, заримдаа хүүхдээ хүртэл төвөгшөөдөг юм. Тиймээс үе үе өөртөө чөлөө өгөөд, утсаа салгаад амарна даа. Нөгөөтэйгүүр, энэ бүхнээс өөрийгөө чөлөөлөх нэг арга бол мартах. Би багаасаа мартамхай хүүхэд байсан юм. Нэг хүн орж ирээд үзүүлнэ, олон зүйлийн тухай ярилцана, маш их мэдээлэл цуглуулна. Тэр хүнийг гараад явахад л бүх зүйлийг нь мартчихдаг юм. Энэ миний давуу тал.
-Чи оюутан, чадвараа хичээлдээ ашиглах тохиолдол байсан уу?
-Яг иймэрхүү зүйл дээр ашиглаж болдоггүй юм. Мөрийтэй тоглоом, хичээл гээд л буруу зүйлд ашиглах болохоор болдоггүй юм шиг байна лээ. Бас хүмүүс бусдад хэлж болохгүй нууцыг нь мэдчих вий, санаандгүй муудалцаад хараал хийх вий гэж болгоомжлоод байх шиг санагддаг. Хараал хийхийг би хувьдаа буруу гэж боддог. Хийж байгаагүй.
-Мөрийтэй тоглоомонд ашиглах гэж оролдож байсан хэрэг үү?
-Үгүй ээ, таны бодож байгаа шиг том мөрий биш. Гэртээ дүү нартайгаа тоглож байхдаа туршиж үзсэн. Нэг удаа хожсон ч “Ингэж болохгүй юм байна” гэж бодогдсон. Тэрнээс хойш дахиж оролдоогүй ээ.
-Онцгой чадвартай хүмүүст бидний мэддэггүй бүхэн нээлттэй байдаг байх. Та нарыг айлгадаг зүйл байдаг уу?
-Харж болохгүй зүйлийг харах гэж хичээвэл сохрох аюултай. Нэг удаа оролдож үзээд хэдэн өдөр нүд маань өвдсөн. Надад хэрэгтэй мэдээллүүд дуу хоолойгоор сонсогдох юм уу зүүдэнд ирдэг юм.
-Ирэх жилийн өнгийг хэрхэн тодорхойлох вэ?
-Үхэр жилээс бар жилд орох нь угаасаа их хатуу байдаг гэж эртнээсээ ярьдаг юм билээ. Хулгана хөеөгөө хураадаг шиг хүн бүр бар жилийг давахын тулд хоол хүнсээ нөөцлөх хэрэгтэй. Энэ жилээ даваад гарчихвал цаашдаа бүх зүйл тэгшрээд, сайхан болоод ирнэ. Монголчууд бусад үндэстнийг бодоход байгаль дэлхийтэй ойр байдаг учраас хурдан дэгжиж, дээшлэх болно.