Thursday, June 30, 2011
Аяга кофе доторх амьдрал
Би кофенд дуртай. Хүмүүс шүдэнд муу, зүрхэнд муу гэж л байдаг юм. Гэхдээ эрүүл байх гэж амьдардаг уу, амьдрах гэж эрүүл байдаг уу мэтийн асуудлаас болоод аз жаргалтай амтаасаа татгалзаж чадашгүй нь ээ. (Жаахан хувиа бодсон хэрэг, гэхдээ хувиа боддоггүй хүн гэж үгүй) Аягахан кофеноос өдөр эхэлж, сэтгэл тайвшрал, жаргалтай инээмсэглэл, сайхан амт, үнэр гээд л сайхан, гоё гэх тодотголтой олон зүйлийг мэдэрдэг юм аа. Кола уугаад хайф авдаг хүмүүс үүнийг мэднэ дээ.
Анхандаа Хаан, Мак, Үе Үе мэтийн жижиг гарын кофе уугаад л, кофечин болчихсон гэж бодоод явсаан. Гэтэл ажлын дор кофе шоп нээгдээд, жинхэнэ кофены амтыг мэдрүүлсэн дээ. Миний орлоготой харьцуулахад тэр кофе үнэтэй л дээ. Гэхдээ татгалзаж чаддаггүй л юм даа. Гоё үнэр, сайхан амт, дотор ороод сүлэлдэж байгаа тэр мэдрэмж. Харьцуулашгүй, давтагдашгүй. Ер нь бол тайвшрал маягаар л их хэрэглэж байна дөө. Би кофены сүүний хөөсөнд дургүй, сүүн крем шиг заваан санагдаад байдаг юм. Хоёр ширхэг ёотон, аяганы тал кофе, тэгээд төмөр савтай халуун сүү. Энэ хэчнээн сайхан бэ.
Sunday, June 26, 2011
Золоо: Ганцаардалд “тухлаад” авсан шүү
Малайз дахь цорын ганц Монгол дизайнер, модель бүсгүйн ярилцлага
Малайзад ажилладаг монгол дизайнер загваруудаа онлайнаар худалддаг гэж сонсоод түүнтэй уулзаж, ярилцахсан гэж бодсон. Түүнийг нэлээд эрж сурсаар түр хугацаагаар Монголд ирээд байхад нь уулзаж, ярилцлаа. Түүнийг Золоо гэдэг. Харин ойр дотнынхон, найз нөхөд, хамтран ажиллагсад нь Катя гэж дууддаг. Тэр одоо 23 настай, Малайзад загвар зохион бүтээгч болохоор суралцахын зэрэгцээ загвар өмсөгчөөр ажилладаг. Энэ бол түүний Монголын хэвлэлд өгч буй анхны ярилцлага.- Чамтай уулзах амаргүй байлаа?
- Харин тийм ээ. Ирэх сард болох нэг шоунд өөрийнхөө загваруудаар оролцох гээд бэлтгэж байгаа, хажуугаар нь шоу, зураг авалт, хичээлдээ гүйх гээд ажил ихтэй байлаа.
- Дизайнер, загвар өмсөгчийн ажлыг хослуулдаг хүн цөөхөн байх?
- Дизайнер болохоор суралцаж байна. Харин загвар өмсөгчийн хувьд оюутан хүнд мөнгө хэрэгтэй, бас надад боломж байгаа гэж бодоод эндэхийн загварын агентлагуудаар очиж Монголын сэтгүүл дээр гарсан зургуудаа үзүүлсэн юм.Тэгээд л загвар өмсөгчөөр ажиллах болсон.
- Монголын загварын тайз, Малайзын загварын тайз ялгаа анзаарагдаж байна уу?
- Би “Gobi factory store”-ийн нээлтийн шоунд оролцож, 2007 онд “Гялбаа” сэтгүүлийн хавтсанд зургаа гаргах зэргээр ганц нэг шоунд оролцож, хэд хэдэн сэтгүүлд зургаа гаргаж байснаас биш загвар өмсөгчөөр ажиллаж байгаагүй ээ. Малайзад очоод л ажилласан юм. Тийм болохоор ялгаа нь ийм, тийм гэж хэлж чадахгүй нь. Ямар ч байсан манай загвар өмсөгчид чадварлаг, дизайнерууд нь мэдрэмжтэй, хаа ч очсон гологдохгүй. Агентлагуудын захиалгаар Азийн хэд хэдэн улсад очсон, нэлээд олон шоунд оролцлоо. Тэнд бол загвар өмсөгчдийн ажиллах орчин таатай, цалин өндөр, хамгийн гол нь нэр хүндтэй. Хүний хөдөлмөрийг үнэлж чаддаг.
- Сурч байгаа хэрнээ хэдийнэ ажлынхаа гарааг эхэлчихэж. Хийсэн хувцсуудаа интернетээр зарах санаа яаж төрсөн бэ?
- Санаандгүй олсон, сайхан санаа байсан шүү. Багадаа хүүхэлдэйндээ хувцас оёдог, дараа нь ойр зуурын хувцсаа хийгээд өмсчихдөг болсон. Арван жилд байхдаа “Үнсгэлжин”-д орох гэж хэдэн загвар хийсэн ч хоцорчихсон юм. Тэгээд сургууль дээрээ үзэсгэлэн гаргасан. Багаасаа л загварт дуртай, сонирхдог байсан. Харин ээж маань энэ сонирхолыг дэмждэггүй байсан. Малайзад өөрийнхөө хийсэн хувцсыг өмсөөд явж байхад хамт шоунд орсон загвар өмсөгч охид “Хаанаас авсан юм бэ, ямар гоё юм бэ” гээд л сонирхоод байхаар нь болох юм шиг санагдаад долоон сарын өмнө онлайнаар худалдаж үзсэн. Интернетэд 30-аад загвар тавьчихаад “Сайн дизайнеруудын гоё загварууд хямд үнэтэй байсаар байхад хүн яагаад миний хувцсыг авах гэж” хэмээн битүүхэн түгшиж байсан. Гэтэл бодож байснаас хурдан зарагдчихсан. Сард 60-70 хувцас борлуулж байсан гэхээр багагүй амжилт байгаа биз дээ. Гэхдээ одоо интернет худалдаагаа түр завсарлаад байгаа.
- Яагаад?
- Агентлагуудын ажил их байна, бас үнэт эдлэлийн компанийн захиалгаар бүтэн коллекц хийж байна. Өнгөрсөн сард нэг шоунд оролцоод, үнэт эдлэлийн нэг компани тэр коллекцийг бүтнээр нь аваад, хамтран ажиллах гэрээ хийсэн юм. Тэгээд л бүх хүч, анхаарлаа энэ ажилдаа хандуулчихаад байна. Гэхдээ брэнд хийх санаагаа бол орхиогүй л дээ. Том төлөвлөгөөтэй байгаа, дараагийн төвшинд гарах гээд түр завсарласан гэж хэлж болно. Загвар өмсөгчийн хувьд Малайзын нэр хүндтэй хүмүүстэй танилцсан, бас Хонконг, Макаод очиж загвар өмсч байна, бас Австрали, Малайзид дэлгүүртэй бизнесмэнтэй хамтарч байгаа. Ер нь ирээдүй гэрэлтэй харагдаад байгаа шүү. Ачаалал их байгаа болохоор тусалж, хамтрах хүн хэрэгтэй байгаа. Тэгээд долдугаар сарын сүүлээр дахиж ирэхдээ тодорхой хэмжээний туршлагатай, хийсэн бүтээсэн зүйлтэй, өөрийгөө хөгжүүлэх сонирхолтой 18-28 насны эмэгтэй загвар зохион бүтээгчидтэй уулзаж, хамтран ажиллах санал тавья гэж бодоод байгаа.
- Эмэгтэй гэдэг нь ямар учиртай юм бэ, манайд эрэгтэй чадварлаг дизайнерууд бий шүү дээ ?
- Гар, сэтгэл нийлэх хүн байвал энд ирээд хамт амьдраад, сураад, цуг ажиллая гэж бодож байгаа. Би оюутан болохоор тусад нь байр гаргаж өгч чадахгүй шүү дээ.
- Тэгэхээр ажил хэргийн төдийгүй өрөөний хамтрагч болно гэсэн үг үү?
- Харин тийм ээ, тэгэхгүй бол ганцаараа хаанаа ч хүрэхгүй байна. Загвар гэдэг хэн бүхний хийгээд байх ажил биш. Би хоол, амьдрах байр, оёдлын машин, материал гээд ажилд хэрэгтэй бүх зүйлсээр хангана. Мэдээж тодорхой хэмжээгээр цалинжуулна. Тэр хүн хүсвэл хэл сурч болно, мэргэжлээ дээшлүүлэхээр сурсан ч болно. Хамгийн гол нь нэлээд өндөр шалгуур тавьж байгаа.
- Загварын чиглэлээр хамт сурч байгаа оюутнуудтайгаа хамтарч болохгүй юм уу?
- Мэдээж болно. Гэхдээ монгол дизайнерууд арай мэдрэмжтэй юм шиг санагдаад байдаг юм. Тэгээд ч өсөж, дэвших хүсэлтэй залуу дизайнер Монголд олон бий. Би өөрийнхөө хэрээр монголчуудаа дэмжье гэж бодсон юм. Бид хамт ажиллана, хамт амьдарна, хамтдаа Монгол гэдэг нэрийг дэлхийн загварын ертөнцөд гаргахаар ажиллана. Тэгэхээр монгол хүн байсан нь дээр байгаа биз дээ.
- Чиний загваруудыг малайз хүмүүс хэр сонирхож байна, худалдан авагчид чинь ямар хүмүүс байна вэ?
- Интернэт худалдаа болохоор хил хязгааргүй. Би нэг загварыг ганцхан хийдэг болохоор цор ганц, өвөрмөц, давтагдашгүй байх хүсэлтэй хүмүүс сонирхдог байх. Гадаадад байгаа найзууд, малайзад загвар өмсдөг бүсгүйчүүд гээд янз бүрийн хүмүүс авдаг. Ер нь тэндэхийн хүмүүс их энгийн. Тодорхой төвшний хүмүүс л загвар хөөдөг юм шиг санагдсан.Монголд жирийн үед өмсдөг хувцас маань тэнд гоёлынх болох гээд байна.
- Чиний хийсэн хувцас хэр үнэтэй вэ?
- Хамгийн үнэтэй нь монгол төгрөгөөр 120 000 болсон. Бизнес учраас ашиг орлогоо бодох ч гэлээ худалдан авагчийн сэтгэл ханамж юу юунаас илүү сайхан. Ер нь тэнд очоод хүн дуртай зүйлдээ хүч, авьяасаа зориулбал амжилт олох юм байна гэдгийг сайн ойлгосон. Бас монгол хүн ямар ч салбарт дэлхийн хэмжээний амжилт гаргах боломж бий. Би ч гэсэн Азийн төдийгүй дэлхийн загварын ертөнцөд нэрээ гаргамаар л байна шүү дээ. Ирэх жилээс өөрийнхөө загварын шоуг хийхээр төлөвлөж байгаа.
- Хаана?
-Малайзад хийнэ, сургуулиа төгсөөд Монголдоо ирнэ. Гэхдээ тэндэх ажлаа орхихгүй, ер нь хаана хэрэгтэй байна тэр газраа хүрч ажиллана гэж бодоод байгаа.
- Малайзад очоод хэр удаж байна?
- Жил гаруй болж байна. Англи хэлний курст суух гэж очсон. Эхэндээ гэр бүл, найз нөхдөөсөө хол, таних хүнгүй газар ажиллаж, сурахад хэцүү байсан. Шантарч, ганцаардана. Саяхан гэрээ цэвэрлэж байгаад тэр үед бичсэн тэмдэглэлээ олсон юм. Тэнд “Хэлээ сайжруулна, загвар зохион бүтээгчээр ажиллана, загваруудаа гаргана” гэх мэтээр төлөвлөгөө гаргасан байсан. Харин өнөөдөр тэр бичсэн зүйлсийнхээ бараг 90 хувийг биелүүлсэн байна. Их баярласан шүү. Тэгээд тэр төлөвлөгөөг үргэлжлүүлж бичсэн.
- Юу гэж?
- Авьяас байгаад түүнийгээ чадвараараа тордоод, бага зэрэг сэргэлэн байвал амжилтад хүрэх юм байна, боломж их байна гэдгийг мэдсэн учраас мөрөөдлийнхөө цар хүрээг ч томруулсан.
- Хүн ганцаардах тусмаа ухааждаг гэдэг дээ?
- Харин тийм. Сурч, мэдсэн, ухаарсан зүйл байсан ч тухайн үедээ уйлна, дотор давчидна ер нь хэцүү байсан. Гэхдээ ганцаардалтайгаа тэмцэх зөв арга олсон. Монголд байхдаа номыг дуустал уншиж үзээгүй хүн чинь номын хорхойтойн болсон ш дээ. Бас өөрийгөө таньж, зорилгоо олж, хүрэх замаа тодорхойллоо. Харин бүр ганцаардалдаа “тухлаад”, зожиг болоод байх шиг байна.
- Яаж байна?
- Найз нөхөдтэйгөө гарч, орох завгүй болчихож. Тайз, зураг авалт, даавуу, оёдлын машин, хайч, харандаа, цаас, хичээл, интернэт, ном гэсээр өдөр дуусчих юм. Надад бүр зурагт ч байхгүй. Харин одоо нэг зурагт авья гэж бодоод байгаа.
- Юу гэсэн үг вэ, XXI зуун шүү дээ. Загвар сонирхож байгаа хүн ядаж FTV үзэх хэрэгтэй биш үү?
- Зурагт үзэж байгаа нь энэ гээд цагаа дэмий үрдэг юм шиг санагдаад байсан юм. Харин одоо нэг заваараа дэлгүүр гарч зурагт авахаас. Ядаж л чимээ гарна шүү дээ.
- Дэлгүүр гэснээс хувцсаа өөрөө хийгээд өмсчихөж байна уу, эсвэл худалдаж авдаг уу?
- “Window shopping” гэдэг дээ, зүгээр л ямар шинэ загвар байна, энэ улирал ямар өнгө моодонд орж байна гэж сонжих гэж дэлгүүр хэснэ. Хувцсаа ихэнхдээ өөрөө хийнэ. Харин цүнх, гутал, аксессуар гээд хийж чадахгүй зүйлсээ дэлгүүрээс авдаг.
- Дуртай брэнд?
- Хүн болгон “Gucci”, “Burberry”, “Guess”, “LV”-д дуртай байдаг шүү дээ, би ч бас. Сүүлийн үед Малайзын нэг залуу дизайнерын загварууд их таалагдаад байгаа. Эндэхийн дизайнерууд голдуу гоёлын, загварын хувцас хийдэг. Харин тэр залуу арьсан эдлэлээр өвөрмөц загвартай өдөр тутмын хувцас хийдэг юм.
- Ер нь чиний нэг өдөр хэрхэн өнгөрч байна?
- Өглөө хичээлдээ явна, тэгээд ямар нэг шоу, зураг авалтгүй бол загварууд дээрээ л сууна даа. Үлдсэн цагаа фитнес, номын сан, компьютерийн ард өнгөрөөнө.
- Гоо сайхандаа анхаарах цаг зав бол гарч байгаа биз дээ, өөрийн гэсэн онцгой жор байгаа бол манай уншигч бүсгүйчүүдтэй хуваалцаач?
- Биеийн жиндээ анхаарна, арьс, үсээ өөрийнхөө хэрээр л арчилдаг юм. Эндэхийн гоо сайхан үнэтэй. Гоо сайхны бүтээгдэхүүний хувьд өндөр үнэтэйг сонгоод байдаггүй, өөрт тохирох сайн чанарынхыг авдаг.
- Чи өвөрмөц төрхтэй юм. Чамтай үг солиогүй хүн гадаад хүн гэж харах юм байна?
- Харин тийм ээ, хүмүүс андуурдаг. Монголд байхад надтай оросоор мэндлэж байсан тохиолдол ч бий. Загвар өмсөгч болоход ч гадаад төрх маань их нөлөөлсөн гэж боддог. Ер нь Азид европ төрх их эрэллтэй байдаг ш дээ, энд ажиллахад гадаад төрх маань надад олон боломж нээж өгсөн байх.
- Нэг үеэ бодоход монгол загвар өмсөгчид гаднын загварын агентлагуудад ажилладаг болсон. Сингапур, Япон, Солонгос, Австрали, Англи гээд л олон орны загварын тайзнаа монгол бүсгүйчүүд алхаж байна. Малайзад чамаас өөр монгол загвар өмсөгч бий юү?
- Энд байдаг монголчуудтай холбоо барьж байгаагүй ээ. Одоогоор энд ажилладаг монгол модельтой тааралдаагүй, надаас өөр хүн алга. Гэхдээ байдаг ч юм билүү, сайн мэдэхгүй байна. Харин би энд танилцсан хүмүүстэйгээ ярилцаад Монголын загварынханыг холбож болох юм байна гэж бодоод байгаа. Миний бодлоор манай загварынхан өндөр төвшинд мэргэшсэн. Монголд байгаа найз нартайгаа энэ талаар ярьсан юм бий.
- Зав гаргаж ярилцсанд баярлалаа. Ярилцлагын төгсгөлд юу хэлмээр байна?
- Сайхан сэтгэл, зөв үйлсийн хариуд аз, баяр баясгалан байдаг гэдэгт би итгэдэг. Тэгэхээр аливаа зүйлд чин сэтгэлээсээ хандаж, зорилготой, утга учиртай амьдралыг бүтээцгээе залуусаа.
Thursday, June 23, 2011
Өөрийгөө хайж байна
Хорвоод өдий наслахдаа өөрийгөө олоогүй л явж. Хайж байгаагүй юм чинь яаж олох вэ дээ. Гэхдээ их тухгүй, дарамттай байдаг юм. Хүмүүс мэдэх биз дээ. Өөрийнхөө гялалзах, жаргах тэр газрыг олно доо. Хэзээ? Мэдэхгүй, тэгээд яахын, ингээд байгаад байж болохгүй биз дээ, үхлээ ш дээ би, уг нь ч мэдэж л байна, гэхдээ ... Гэхдээ гэхээс өөрийг хийхгүй байсаар байтал чинь хорвоо бид хоёр урсаад явлаа. Ёооё намайг тайван байлга. Ийм яриа хааяагүй л болдог. Одоо залхаж байна. Миний дотор суучихсан хоёр нөхөр ингээд л талцаад л, маргалдаад л. Дунд нь би зовчихож байгаа юм шүү.
Thursday, June 16, 2011
Хаанаас юу авах вэ?
Адал явдал, хөгжил цэнгэлээр дүүрэн аяллын төгсгөлд хүмүүс хэдэн арван гэрэл зураг, сайхан дурсамжтай болдог. Зөвхөн эд ч биш. Хаа газрын жуулчдын аяллын маршрутад бэлэг дурсгалын зүйл авах төлөвлөгөө байдаг. Зарим нэг нь цаг нөгцөөх тиймэрхүү газраар ордог бол нөгөө хэсэг нь сайхан мэдрэмжийг нь эргэн сануулах дурсгалын зүйл авахаар очдог. Аль ч тохиолдолд ямар нэгэн зүйл авах нь гарцаагүй. Овжин худалдагч нар аль нэг зүйлд нүд унагаж буй хүнийг андахгүй олзолж, таны мэдрэмжтэйг гайхан, тухайн зүйлийг ховор зэвэрийг ам мэдэн ярих болно. Тэгээд л жинхэнэ үнэ цэнэтэй зүйлийн талаар сэнхэртэл ярьсны эцэст худалдахпаа хуурамч, дуураймал эдийг шургуулж орхино. Тиймээс гадаад улс орноор аялж байхдаа дуураймал эд зүйл худалдаж авахаас сэргийлж, дараах зүйлсийг мэдэхэд илүүдэхгүй.
Зорьж очсон хүмүүсийн заавал сонирхдог зүйлсийн нэг бол кальян буюу “шиша” хэмээх тамхи. Усан гаанстай энэ тамхийг ард түмэн нь нэлээд түгээмэл хэрэглэдэг ба тэдний соёлын нэг хэсэг. Гүзээлзгэнэ, усан үзэм, алимны үнэртэй тамхийг усан шүүлтүүрээр шүүн гаансаар татдаг. Зарим нэг нь үүнийг хамгийн хор багатай тамхидалт хэмээн үздэг ч ДЭМБ-аас бусад төрлийн тамхитай адил хүний бие мах бодид сөрөг нөлөө үзүүлдэг хэмээн баталдаг. Хамгийн амархан арга бол хийц маягийг нь анхааралтай ажиглах. Жинхэнэ эд гэдэг хэзээд хийц, хэлбэрээрээ дуураймлаасаа ялгарч байдаг. Дээр нь хамгийн хямд нь 25 доллароос буудаггүй. Үүнээс бага үнээр санал болгож байгаа худалдагчаас холдсон нь дээр.
Египет
Цох
Пирамидын эх орноор аялсан хүн бүрт цохтой буцдаг. Цох нь нэлээд түгээмэл тархсан дурсгалын зүйл бөгөөд Эртний Египетийн нарны бурхан Амон Рагийн бэлгэдэл. Цохны хэлбэртэй зүүлт, чимэглэлтэй нэг нь Нарны бурханы ивээлд орж, аз жаргалтай болдог гэсэн домогтой. Цохны дүрсийг ихэвчлэн алт, мөнгө, үнэт чулуугаар хийдэг. Үнэт чулуугаар хийсэн цох ихэнхдээ хуурамч байдаг. Үнэт чулуу хэмээн нэрийдсэн зарим нэг нь галт уулын хайлмал, эсвэл бүр гипсээр хийсэн эд ч байж болзошгүй. Дуураймал эдийн өнгө будаг нь арилж, ирмэг булангаасаа эмтэрчихдэг. Жинхэнэ цох бол гипсэн “ихрээсээ” хамаагүй жинтэй байдаг. Тиймээс хуурамч эдийг таних хамгийн хялбар арга бол гар дээрээ жигнэж үзэх юм. Дараа нь худалдагчаас үнийг нь асуухад л дуураймал уу эсвэл жинхэнэ цох уу гэдэг нь тодорхой болно.Папирус
Египтээс ирсэн аялагч бүрийн цүнхэнд байдаг өөр нэгэн эд бол папирус. Олон зууны тэртээ хэрэглэж байсан соёлын дурсгалт энэ эдийг одоо бол эртний жороор нь хийдэг. Яг л жинхэнэ навч шиг, дээр нь Эртний Египетийн хуулийг бичсэн, дүрс зургаар нь чимэглэсэн байдаг. Та папирус авах гэж байгаад оронд нь энгийн цаасаар хийсэн хуурамч эд авах вий. Жинхэнэ папирус хугарахгүй, нугалаасгүй, хурц үнэр байх ёсгүй. Дуураймал нь шохойтой, гялгар янз бүрийн цаасаар хийсэн байхаас гадна дал модны навч, өөр төрлийн ургамалын навчаар хийсэн байва. Ингэж хийсэн хуурамч папирусыг нугалж, үнэрлэж, имэрч үзээд мэдэж болно. Мөн үнээр нь ялгаж болно. Хамгийн жижиг хэмжээтэй буюу 8 х 12 см-ийн папирус нь гурван доллар. Харин үүнээс бага үнээр авах талаар санах ч хэрэггүй. Нэг энэрэнгүй худалдагч таныг бодоод хоёр доллароор өгье гэж байгаа бол хууртах хэрэггүй. Эртний тусгай жороор хийгдэж байгаа учраас үүнээс хямд байх боломжгүй гэсэн. Хуурамч папирус пирамидын эх орноор аялсан сайхан дурсамжийг сэргээж чадахгүй л болов уу. Харин жинхэнэ папируст балатгаат хугацаа бий.Зорьж очсон хүмүүсийн заавал сонирхдог зүйлсийн нэг бол кальян буюу “шиша” хэмээх тамхи. Усан гаанстай энэ тамхийг ард түмэн нь нэлээд түгээмэл хэрэглэдэг ба тэдний соёлын нэг хэсэг. Гүзээлзгэнэ, усан үзэм, алимны үнэртэй тамхийг усан шүүлтүүрээр шүүн гаансаар татдаг. Зарим нэг нь үүнийг хамгийн хор багатай тамхидалт хэмээн үздэг ч ДЭМБ-аас бусад төрлийн тамхитай адил хүний бие мах бодид сөрөг нөлөө үзүүлдэг хэмээн баталдаг. Хамгийн амархан арга бол хийц маягийг нь анхааралтай ажиглах. Жинхэнэ эд гэдэг хэзээд хийц, хэлбэрээрээ дуураймлаасаа ялгарч байдаг. Дээр нь хамгийн хямд нь 25 доллароос буудаггүй. Үүнээс бага үнээр санал болгож байгаа худалдагчаас холдсон нь дээр.
Энэтхэг
Дэлхийн хамгийн үнэтэй хоол амтлагч. Нэг грамм шафран нэг грамм алттай тэнцэх үнэтэй байсан гэдэг. Тансаг үнэртэй, халуун чанарын энэ амтлагчийг эрт цагт газар газрын хаадын зоогт тооцогддог байсан. Тиймээс ч Энэтхэгийг зорьсон зочдын ихэнх нь сайн чанарын шафран авахыг боддог. Зээлийнх нь лангуу бүрт нэг уут өөр үнэтэй байхыг хараад гайхдаг.Мөнгө
Энэтхэгийн аль ч хэсэгт очсон алхам бүртээ мөнгөн эдлэлийн худалдаатай таарах болно. “Хамгийн хямд үнэтэй, жинхэнэ мөнгө” гэх мэтээр жуулчдыг даллан дуудсан зарлалын самбар хааяагүй байх болно. Харин тэр дундаас яаж жинхэнийг нь таньж авах вэ гэдэг толгой гашилгасан хэрэг. Хамгийн хялбар арга бол нэрийн дэлгүүрээс, сорьцыг нь шалгаж авах юм. Хэмнэх гээд хуурамч эдлэлд мөнгө төлж байснаас хавьгүй дээр шүү дээ. Харамч хүн хоёр дахин төлдөг гэдэг дээ.Итали
Венецийн ойролцоох Мурано аралынхан шилэн эдлэлээрээ алдартай. Тэнд очсон жуулчид өнгө өнгийн байшинг сонирхохоос гадна толь, шилэн эдлэлд нүдээ унагадаг. Ээмэг зүүлтээс эхлээд ваар сав, гэрлийн бүрхүүл, гэрийн чимэглэл гээд сонирхох зүйл мундахгүй. Очсон хүн бүр дурсгал болгон авдаг. Гэхдээ шилний гайхамшгийг үзүүлэх энэ газар ч гэсэн хууран мэхлэгчид байдгийг санаж, дурсгалын зүйл авахдаа болгоомжтой байгаарай.Хувцас
Дэлхийн загварын төвүүдийн нэг болсон Италид аялаж байхад “Dolce&Gabbana”, “Gucci”, “Armani” гээд дэлхийн тансаг зэрэглэлийн брэнд дэлгүүрүүд хааяагүй тааралдах болно. Очсон хүн ороод гарахыг бодно шүү дээ. Дэлгүүрт харсан зүйл чинь гудамжинд, эсвэл булангийн дэлгүүрт арай хямд байхыг харвал авах гэж бүү яараарай.
Нууцлаг, зөөлөн гоо үзэсгэлэн
Загварын ертөнцийн өндөр босгыг зөвхөн шаргал, хүрэн үстэй европ, америк, итали, испани бүсгүйчүүд л давах эрхтэй байсан. Харин ази, африк бүсгүйчүүд шилэн хаалганы цаана үлддэг. Хямд сурталчилгаа, сонирхогчын тайз л тэдний тоглолт хийх боломж. Харин энэ уламжлалыг Дониал Луна, Беверли Жонс эвдэж, хар тивийн гоо үзэсгэлэнг дээд зэрэглэлийн загварын ертөнцөд мэдрүүлж, мянга мянган африк гаралтай бүсгүйг өндөр зэрэглэлийн модель болгосон гавьяатай. Харин ази бүсгүйчүүд ... Тэд шилэн хаалганы цаана байсаар. Брэнд бүтээхийг хүссэн бол, нэр хүндээ хэвээр хадгалахын тулд бүгд (гоо сайхан, хувцас загвар төдийгүй бүх салбар) ази төрхөөс татгалзаж ирсэн. Хэн ч ази модельтой гэрээ хийж, дүр төрхөөрөө сонгохыг хүсдэггүй. Хэтэрхий эрсдэлтэй учраас тэр. Бүр Хятад, Япон, Солонгос, Тайвань, Малайз, Сингапурын компаниуд ази бүсгүйгээс татгалздаг байсан. Байсан, харин одоо бол хамгийн сонирхолтой, үзэсгэлэнтэй чадвартай моделиудын тоонд Япон, Солонгос, Хятадын загвар өмсөгчид орж байна. Ирээдүйн супер моделийн сунгаанд Английн Агнесс Дейн, Лили Дональдсон, Оросын Саша Пивоварова, Канадын Дарья Вербова, Америкийн Карли Клосс зэрэг шаргал, хүрэн үстнүүдээс гадна Солонгосын Хёон Канг, Хан Жин, Хью Парк, Хьюн Ю Ли, Японы Аи Томинага, Тао Окамото, Хятадын Ду Жуан, Эмма Пей, Лью Вен, Кики Канг, Данни Ли, Бонние Чен, Шү Пей, Сан Фей Фей, Мо Вандан зэрэг ази моделиудын нэр бичигдэнэ. Мэргэжилтнүүд энэ хувьсалд хоёр тайлбар зүүж байгаа. Эхнийх нь зогсонги байдалд орсон загварын ертөнц шинэ төрхөөр цус сэлбэх хэрэгтэй байсан. Европ, Америк, хар тивийг нэгжчихсэн загварын бурхад дорно зүгт анхаарлаа хандуулж, ази бүсгүйчүүдийн нууцлаг, зөөлөн төрхийг сонирхож эхэлсэн. Харин нөгөө тайлбар нь, Хятадын эдийн засгийн өсөлт. Эдийн засгийн хямрал бүх салбарт нөлөөлж, загварын ертөнцөд хүртэл сүүдрээ тусгаад байгаа энэ үед өмнөд хөршийн эдийн засаг хурдацтай өсч байгаа. Зарим нэг хэвлэл бүр “супер” хэмээн нэрлэсэн удаатай. Энэ супер хүч чадал нь загварын ертөнцөд ч гэсэн мэдрэгдэж байгааг өнгөрсөн жилийн тоон үзүүлэлтүүдээс харж болно. LV, Gucci, Hermes, Christian Dior,Cartier тэргүүтэй тансаг зэрэглэлийн загвар дорно зүг нүүдэллэллэж байна. Тодруулбал тэдгээр брэндүүд нийт ашгийнхаа 25-30 хувийг БНХАУ-аас олжээ. “LVMH” групп 2009 онд нийт 17.053 тэрбум еврогийн борлуулалт хийсний (Японыг оролцуулалгүй) 25 хувь нь Азид, 23 хувь нь АНУ, 21 хувь нь Европын орнуудад худалдаалагдсан аж. Харин эдийн засагчдынх нь мэргэн ухаан загвар өмсөгч бүсгүйчүүдэд тусалж, эдийн засгийн супер өсөлт нь ази бүсгүйчүүдийг өндөр зэрэглэлийн загвар руу хөтөлж байгаа гэнэ. Загварын ертөнцөд нэр хүндтэй, ирээдүйтэйд тооцогдож буй ази моделиудыг танилцуулж байна.
Tao Okaмoтo
Гарал: ЯпонТөрсөн он: 1987
Өндөр: 177 см
Биеийн харьцаа: 84:59:86
Танилцуулга: Хөгжимчин болох мөрөөдөлтэй байсан тэрбээр санаандгүй тохиолоор Токиогийн нэгэн загварын агентлагт зургаа шалгуулжээ. Яаж алхахыг ч мэдэхгүй 14-хөн настай охин анхны шоундаа оролцож, 19-тэй байхдаа “Еlite” агентлагтай гэрээ хийж, тэр жилээ Парисын загварын долоо хоногт Эмануэль Унгаро, Мартин Грантын загварыг өмссөн. Үүнээс хэдхэн сарын дараа Нью-Йоркын загварын тайзнаа хөл тавьсан. Мөн Ralph Lauren загварын ордон урьж сурталчилгааныхаа нүүр царай болгосон юм. Анх удаа “Miu Miu” брэндийн загварын шоунд орсон Ази модель. Энэ мэтээр олон зүйлд Таогийн нэрийн өмнө “анхны” гэдэг тодотгол олонтаа хэлэгдэх болно.
Лью Вэн
Гарал: ХятадТөрсөн он: 1988
Өндөр: 179 см
Жин: 50 кг
Биеийн харьцаа: 80-59-87
Танилцуулга: Жуулчны хөтөч хийдэг байсан охин “New Silk Road World Model” тэмцээнд орж, ялалт байгуулснаар урт аянд гарсан. Түүний ажлын туршлага тун атаархмаар. 2005 онд ялалтынхаа дараахан Хятадын “Marie Claire”, “Vogue Beauty”, “Elle” сэтгүүлийн хавтсанд зургаа гаргаж, “Teen Vogue”, “Flair” сэтгүүлийн сурталчилгаанд оролцож, Английн “Harper's Bazaar” болон “i-D” сэтгүүлд зургаа гаргажээ. Үүгээр зогсохгүй загварын ертөнцийн загалмайлсан эцэг Карл Лагерфельдийн нүдийг хужирлаж, Жан-Поль Готьегийн загварыг өмсч, “Rag&Bone”, “Marc Jacobs”, “GAP”, “Benetton”, “Alexander Wang”, “Calvin Klein”-тэй гэрээ байгуулж, Жейсон Ву, Макс Азриа, Дерек Лам, Наркисо Родригез тэргүүтэй өнөө цагийн гялалзаж буй дизайнеруудын дуртай модель болсон. Нэртэй дизайнеруудын шоунд алхаж, алдартай фирмүүдийн сурталчилгаанд зургаа гаргаснаас гадна 2009 онд “Victoria's Secret”-ийн шоунд алхсан анхны ази загвар өмсөгч. Энэ бол түүх. Тэр олон улсад загвар өмсөхөөс гадна эх орондоо ч эрэлттэй загвар өмсөгчийн нэг хэвээр байгаа юм. Өнгөрсөн онд тэрбээр “Estee Lauder”-тай гэрээ байгуулсан. Энэ бол бас л түүх. Хувцас загварын сурталчилгаанд ази бүсгүйчүүд оролцдог ч гоо сайхны барааны сурталчилгааны гэрээ хийж чадаагүй байсан. Лью Вэн дээд зэрэглэлийн гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Estee Lauder”-ийг дэлхий даяар сурталчилж байгаа хамгийн анхны ази модель болсон юм.
Ду Жуан
Гарал: ХятадТөрсөн он: 1982
Өндөр: 179 см
Биеийн харьцаа: 84-61-86
Жин: 51
Танилцуулга: Тэр бол анхдагч. Загварын ертөнцөд хятад бүсгүйчүүдийн гоо сайхныг мэдрүүлж чадсан хүн. Мэргэжлийн балетчин тэрбээр өндөр нуруунаасаа болж өөр салбарт хальтарсан гэнэ. Нуруу тэнцэх бүжигчин олдохгүй байснаас тэрбээр загвар сонирхож эхэлжээ. 2006 онд “Ford Supermodel of the World” тэмцээнд оролцож, “Valentino”, “Jean Paul Gaultier”, “Roberto Cavalli” болон “Chanel”, “Louis Vuitton”, “Gap”, “Swarovski”, “Benetton”, “Yves St. Laurent” зэрэг акулуулдын нүдэнд өртжээ. Түүний түүхэн амжилт бо Францын “Vogue” сэтгүүлийн нүүр хуудсанд гарсан анхны ази загвар өмсөгч.
Сенг-Юн Канг
Гарал: Солонгос
Төрсөн он: 1987
Өндөр: 178 см
Биеийн харьцаа: 81-61-89
Жин: 51 кг
Танилцуулга: Тэр мөн л түүхэнд бичигдэх хүн. 1980 оноос хойш зохиогдож буй “Ford Models Supermodel of the World” тэмцээнд ялсан анхны ази модель. Тэмцээний шагнал болох 250 000 доллароос гадна дэлхийн шилдэг агентлаг болох “Ford Models”-той гурван жилийн гэрээ байгуулсан юм. Америкийн хэвлэлийнхэн түүний гоо үзэсгэлэнг шагшиж, “Дорнын сувд” хэмээн өргөмжилсөн. Сенг-Юн Канг тэр жилээ Нью-Йорк, Парисын загварын долоо хоногт оролцож, Солонгосын “Vogue” сэтгүүлийн хавтсанд зургаа гаргаж, “Benetton” болон “Victoria's Secret”-ийн катлогид орсон.
Thursday, June 9, 2011
http://www.lovemaegan.com/
Надад нэг ширхэг ч байхгүй байхад Меганд хоёр гурваараа, өнгө өнгөөрөө байгаа Стив Маддены модон ултай арьсан Вондерфул гэдэг сандаал. Зэвүүн гоё сандаал.
Энэ ороолтыг цаадах чинь өөрөө хийчихсэн юм билээ. Амархан юм байна лээ
Гэнэн хонго байгаа з
Энгийн гэхдээ цаанаа л нэг гоё.
Судал, улаан аксессуар, хар цагаан өнгөний тоглолт.
зэвүүн гоё гутал. Өмнө нь би энийг гоё гэж харж байгаагүй. Гэхдээ энэ удаа түүний найруулгаар харсан чинь донжтой юм билээ.
ингээд л баллаад байгаа хүн дээ
Үгүй гэх хүн байхгүй л байх.
Энэ хаяг руу гүйдэлтэй болоод байгаа. Меган гэдэг хүүхэн бололтой юм билээ. хамгийн гол нь юун сайхан зурагчин нь бэлэн байж байдгийн. S&I энэ тэр бол үзүүлээд өгнө шүү дээ. Вкус нь их таалагдаад байгаан.
DIY: Бойтгоо өөд нь татсан нь
Нэг нөхөрт ийм элгэн хар бойтог байжээ. Ерөнхийдөө бол сонирхолтой, байж баймаар эд л байна. Гэхдээ нөгөөх чинь бойтогноосоо уйдчихажээ. Хайртай болохоороо (эсвэл эвтэйхэн, дурсамжтай, үнэтэй мэдэхгүй ээ мэдэхгүй ямар ч байсан хаячихаж болохгүй л байсан юм шиг байгаан) нааш нь цааш нь болгож чадахгүй, дүрийг нь өөрчлөх гээд үзэж л дээ. Хөөрхөн сэтгэж байгаа юм шүү.
За юуны өмнө иймэрхүү тоног олж зэхнэ. Дөрвөлжин хэлбэртэй, шар өнгийнх байна лээ. Өнгө нь хэрвээ цагаан байсан бол энэ тоног гутлыг дэгжин биш харин этгээд харагдуулах байсан.
Хөдөлмөрийн багаж зэвсэг иймэрхүү эд зүйлс байх ёстой. Тоногийг тогтоох бахь, нүх гаргах хутга, гутал дээр гарах бал, харандаа, шугам.
За тэгээд хэмжээ дамжаа, тэгш хэм гэдэг дээр сайн анхаараарай. Үгүй бол ажлын чинь үр дүн сөрөг болчихно шүү. Юуны тулд шугам, толгой хоёр чинь байгаа билээ.
За тэгээд тоногоо хэмжээснийхээ дагуу тогтооно доо. Тоногны бэхэлгээ хөлийг чинь холгож магадгүйг бодолцоод энэ талаар ямар нэг арга хэмжээ аваарай. Дотор талд нь зузаахан арьс наадаг ч юм уу, даавуу бол тэсэхгүй байх аа. хамаагүй зузаан юм наачихвал гутал чинь орохгүй ш дээ бас. за тэгээд нэг толгойноос хоёр толгой дээр гэдэг дээ. Өөрсдөө аргаа олох байлгүй дээ.
Эцсийн үр дүн. Муугүй байгаа биз. Нөгөө дэлгүүр хооронд гарахдаа өмсөөд байсан хар бойтог чинь суга дээшлээд парти, уулзалт, болзоонд гүйх болно шүү дээ. Нэмж хэлэхэд гутал өөрөө их сонирхолтой загвар байсан шүү. Тэр нь эцсийн нэмэх үр дүнд мааш их нөлөөлж байгаа гэдгийг санаарай.
DIY: Гоё санаа
Christian Louboutin Petal Sandal гэж энэ загвар хоёр билүү гурван жилийн өмнөх загвар л даа. Гэхдээ классик хэлбэртэй болохоор хэрэгтэй үедээ донжийг нь олоод өмсчихөж болно. Тухайн үедээ 1000 орчим доллар байснаа загвар нь хуучраад ирэхийн багт 500 хүртэл буугаад байгаа. Загвар нь хуучирсан хэрнээ л тэр шүү дээ. Гандан буухгүй байгаа энэ нөхрийг өөрсдөө ингэж хийж болох юм байна.
Өөрт байгаа хар сандал, хар шифон, хайч, утас зүү, шарр шарр гэдэг наалт. Мэргэжлийн хүмүүс нь яг юу гэдгийг нь мэдэхгүй. Иймэрхүү зүйлс байхад болно. Өө бас хар тууз.
Шифоноо иймэрхүү хэлбэртэй болгож хайчлаарай. Ойролцоогоор 4-6 ширхэг ийм зүйл хэрэг болох байх. Өрөөсөн сандалнд. Тэгэхээр нийтдээ 8-12-ыг хайчилах хэрэгтэй.
Үүнийгээ туузан дээрээ тус тусад нь барьж, бага зэргийн хумьж оёно. Хэр сагалагар болгохоо өөрөө шийдээрэй.
Одоо нөгөө шарр, шарр гэдэг наалтаа туузныхаа хоёр үзүүрт бэхэлж оёод, үүнийгээ сандалныхаа оломнд тогтооно. Заавал сандалтайггаа барьж оёно гэхгүйгээрээ давуу талтай. Бас хэрэг болсон үеээ хийгээд өмсчихөж болох юм. Гэхдээ үүнийг хэрэглэх гэж байгаа хүн бол сандалныхаа олмонд хөдөлгөөнгүй бэхлэх арай найдвартай арга бодож олсон нь дээр. Үгүй бол явж байхад чинь цацаг чин тавхайны чинь баруун (эсвэл зүүн) талд чинь унжчихсан явж байвал гоёх гэснээсээ эсэн юм болно.
За эцсийн үр дүн. Үүнээс харахад шифоныхоо хар өнгийг сайн харж байж сонгохгүй бол сандалныхаа өнгөнөөс өөр болонгуут "дуураймал" гэдэг нь шууд харагдаад байна. Мөн цацагаа хайчлахдаа нэлээд чамбай байж, хэлбэр дүрсийг нь аятайхан гаргаарай.
За тэгээд нэг гутлыг наян янз болгож өмсөх арга олон байна дөө. Ур авьяас, уран сэтгэмж чинь л мэдэж дээ.
Өөрт байгаа хар сандал, хар шифон, хайч, утас зүү, шарр шарр гэдэг наалт. Мэргэжлийн хүмүүс нь яг юу гэдгийг нь мэдэхгүй. Иймэрхүү зүйлс байхад болно. Өө бас хар тууз.
Шифоноо иймэрхүү хэлбэртэй болгож хайчлаарай. Ойролцоогоор 4-6 ширхэг ийм зүйл хэрэг болох байх. Өрөөсөн сандалнд. Тэгэхээр нийтдээ 8-12-ыг хайчилах хэрэгтэй.
Үүнийгээ туузан дээрээ тус тусад нь барьж, бага зэргийн хумьж оёно. Хэр сагалагар болгохоо өөрөө шийдээрэй.
Одоо нөгөө шарр, шарр гэдэг наалтаа туузныхаа хоёр үзүүрт бэхэлж оёод, үүнийгээ сандалныхаа оломнд тогтооно. Заавал сандалтайггаа барьж оёно гэхгүйгээрээ давуу талтай. Бас хэрэг болсон үеээ хийгээд өмсчихөж болох юм. Гэхдээ үүнийг хэрэглэх гэж байгаа хүн бол сандалныхаа олмонд хөдөлгөөнгүй бэхлэх арай найдвартай арга бодож олсон нь дээр. Үгүй бол явж байхад чинь цацаг чин тавхайны чинь баруун (эсвэл зүүн) талд чинь унжчихсан явж байвал гоёх гэснээсээ эсэн юм болно.
За эцсийн үр дүн. Үүнээс харахад шифоныхоо хар өнгийг сайн харж байж сонгохгүй бол сандалныхаа өнгөнөөс өөр болонгуут "дуураймал" гэдэг нь шууд харагдаад байна. Мөн цацагаа хайчлахдаа нэлээд чамбай байж, хэлбэр дүрсийг нь аятайхан гаргаарай.
За тэгээд нэг гутлыг наян янз болгож өмсөх арга олон байна дөө. Ур авьяас, уран сэтгэмж чинь л мэдэж дээ.
Загвар бол залхмаар тэнгэрлэг сэдэв
Яаг ямар хэрэгтэйг нь сайн ойлгодоггүй юм. Гэхдээ энэ сэдэв миний сонирхолыг татдаг. Дотор нь хутгалддаггүй ч гэлээ (зав цаг, мөнгөгүйгээсээ болсон ч шалтгаан бий) хараад баймаар тийм л хачин эд. Бүх юм загвартай холбоотой. Өмсөж, эдлэж, ууж, идэж, явж, барьж, хэрэглэж байгаа бүхэн. Бараг төрүүлэх хүүхдээс бусад нь ЗАГВАР-т хамаарах гээд байгаа юм биш үү. энэ үг хээнцэр, дэгжин, за манайхны жижүүрийн хэрэглэдэг ганган гэдгээс тээс өөр. Залхмаар, тэнгэрлэг сэдэв дээ. Шинэ юм байхгүй, гэхдээ хуучин зүйл ч байдаггүй. Утгагүй гэхдээ сонирхолтой. Хэрэггүй, гэвч хүн толгойтой бүхний байнгын хэрэглээ. Чөтгөр гэж...
Subscribe to:
Posts (Atom)