Thursday, June 16, 2011

Хаанаас юу авах вэ?

Адал явдал, хөгжил цэнгэлээр дүүрэн аяллын төгсгөлд хүмүүс хэдэн арван гэрэл зураг, сайхан дурсамжтай болдог. Зөвхөн эд ч биш. Хаа газрын жуулчдын аяллын маршрутад бэлэг дурсгалын зүйл авах төлөвлөгөө байдаг. Зарим нэг нь цаг нөгцөөх тиймэрхүү газраар ордог бол нөгөө хэсэг нь сайхан мэдрэмжийг нь эргэн сануулах дурсгалын зүйл авахаар очдог. Аль ч тохиолдолд ямар нэгэн зүйл авах нь гарцаагүй. Овжин худалдагч нар аль нэг зүйлд нүд унагаж буй хүнийг андахгүй олзолж, таны мэдрэмжтэйг гайхан, тухайн зүйлийг ховор зэвэрийг ам мэдэн ярих болно. Тэгээд л жинхэнэ үнэ цэнэтэй зүйлийн талаар сэнхэртэл ярьсны эцэст худалдахпаа хуурамч, дуураймал эдийг шургуулж орхино. Тиймээс гадаад улс орноор аялж байхдаа дуураймал эд зүйл худалдаж авахаас сэргийлж, дараах зүйлсийг мэдэхэд илүүдэхгүй.
Египет
Цох
Пирамидын эх орноор аялсан хүн бүрт цохтой буцдаг. Цох нь нэлээд түгээмэл тархсан дурсгалын зүйл бөгөөд Эртний Египетийн нарны бурхан Амон Рагийн бэлгэдэл. Цохны хэлбэртэй зүүлт, чимэглэлтэй нэг нь Нарны бурханы ивээлд орж, аз жаргалтай болдог гэсэн домогтой. Цохны дүрсийг ихэвчлэн алт, мөнгө, үнэт чулуугаар хийдэг. Үнэт чулуугаар хийсэн цох ихэнхдээ хуурамч байдаг. Үнэт чулуу хэмээн нэрийдсэн зарим нэг нь галт уулын хайлмал, эсвэл бүр гипсээр хийсэн эд ч байж болзошгүй. Дуураймал эдийн өнгө будаг нь арилж, ирмэг булангаасаа эмтэрчихдэг. Жинхэнэ цох бол гипсэн “ихрээсээ” хамаагүй жинтэй байдаг. Тиймээс хуурамч эдийг таних хамгийн хялбар арга бол гар дээрээ жигнэж үзэх юм. Дараа нь худалдагчаас үнийг нь асуухад л дуураймал уу эсвэл жинхэнэ цох уу гэдэг нь тодорхой болно.
Папирус
Египтээс ирсэн аялагч бүрийн цүнхэнд байдаг өөр нэгэн эд бол папирус. Олон зууны тэртээ хэрэглэж байсан соёлын дурсгалт энэ эдийг одоо бол эртний жороор нь хийдэг. Яг л жинхэнэ навч шиг, дээр нь Эртний Египетийн хуулийг бичсэн, дүрс зургаар нь чимэглэсэн байдаг. Та папирус авах гэж байгаад оронд нь энгийн цаасаар хийсэн хуурамч эд авах вий. Жинхэнэ папирус хугарахгүй, нугалаасгүй, хурц үнэр байх ёсгүй. Дуураймал нь шохойтой, гялгар янз бүрийн цаасаар хийсэн байхаас гадна дал модны навч, өөр төрлийн ургамалын навчаар хийсэн байва. Ингэж хийсэн хуурамч папирусыг нугалж, үнэрлэж, имэрч үзээд мэдэж болно. Мөн үнээр нь ялгаж болно. Хамгийн жижиг хэмжээтэй буюу 8 х 12 см-ийн папирус нь гурван доллар. Харин үүнээс бага үнээр авах талаар санах ч хэрэггүй. Нэг энэрэнгүй худалдагч таныг бодоод хоёр доллароор өгье гэж байгаа бол хууртах хэрэггүй. Эртний тусгай жороор хийгдэж байгаа учраас үүнээс хямд байх боломжгүй гэсэн. Хуурамч папирус пирамидын эх орноор аялсан сайхан дурсамжийг сэргээж чадахгүй л болов уу. Харин жинхэнэ папируст балатгаат хугацаа бий.

Усан шүүлтүүртэй тамхи
Зорьж очсон хүмүүсийн заавал сонирхдог зүйлсийн нэг бол кальян буюу “шиша” хэмээх тамхи. Усан гаанстай энэ тамхийг ард түмэн нь нэлээд түгээмэл хэрэглэдэг ба тэдний соёлын нэг хэсэг. Гүзээлзгэнэ, усан үзэм, алимны үнэртэй тамхийг усан шүүлтүүрээр шүүн гаансаар татдаг. Зарим нэг нь үүнийг хамгийн хор багатай тамхидалт хэмээн үздэг ч ДЭМБ-аас бусад төрлийн тамхитай адил хүний бие мах бодид сөрөг нөлөө үзүүлдэг хэмээн баталдаг. Хамгийн амархан арга бол хийц маягийг нь анхааралтай ажиглах. Жинхэнэ эд гэдэг хэзээд хийц, хэлбэрээрээ дуураймлаасаа ялгарч байдаг. Дээр нь хамгийн хямд нь 25 доллароос буудаггүй. Үүнээс бага үнээр санал болгож байгаа худалдагчаас холдсон нь дээр.
Энэтхэг
Шафран

Дэлхийн хамгийн үнэтэй хоол амтлагч. Нэг грамм шафран нэг грамм алттай тэнцэх үнэтэй байсан гэдэг. Тансаг үнэртэй, халуун чанарын энэ амтлагчийг эрт цагт газар газрын хаадын зоогт тооцогддог байсан. Тиймээс ч Энэтхэгийг зорьсон зочдын ихэнх нь сайн чанарын шафран авахыг боддог. Зээлийнх нь лангуу бүрт нэг уут өөр үнэтэй байхыг хараад гайхдаг.
Мөнгө
Энэтхэгийн аль ч хэсэгт очсон алхам бүртээ мөнгөн эдлэлийн худалдаатай таарах болно. “Хамгийн хямд үнэтэй, жинхэнэ мөнгө” гэх мэтээр жуулчдыг даллан дуудсан зарлалын самбар хааяагүй байх болно. Харин тэр дундаас яаж жинхэнийг нь таньж авах вэ гэдэг толгой гашилгасан хэрэг. Хамгийн хялбар арга бол нэрийн дэлгүүрээс, сорьцыг нь шалгаж авах юм. Хэмнэх гээд хуурамч эдлэлд мөнгө төлж байснаас хавьгүй дээр шүү дээ. Харамч хүн хоёр дахин төлдөг гэдэг дээ.
Итали
Мураны өнгөт шилэн эдлэл
Венецийн ойролцоох Мурано аралынхан шилэн эдлэлээрээ алдартай. Тэнд очсон жуулчид өнгө өнгийн байшинг сонирхохоос гадна толь, шилэн эдлэлд нүдээ унагадаг. Ээмэг зүүлтээс эхлээд ваар сав, гэрлийн бүрхүүл, гэрийн чимэглэл гээд сонирхох зүйл мундахгүй. Очсон хүн бүр дурсгал болгон авдаг. Гэхдээ шилний гайхамшгийг үзүүлэх энэ газар ч гэсэн хууран мэхлэгчид байдгийг санаж, дурсгалын зүйл авахдаа болгоомжтой байгаарай.
Хувцас
Дэлхийн загварын төвүүдийн нэг болсон Италид аялаж байхад “Dolce&Gabbana”, “Gucci”, “Armani” гээд дэлхийн тансаг зэрэглэлийн брэнд дэлгүүрүүд хааяагүй тааралдах болно. Очсон хүн ороод гарахыг бодно шүү дээ. Дэлгүүрт харсан зүйл чинь гудамжинд, эсвэл булангийн дэлгүүрт арай хямд байхыг харвал авах гэж бүү яараарай.

No comments:

Post a Comment