Загварын ертөнцийн өндөр босгыг зөвхөн шаргал, хүрэн үстэй европ, америк, итали, испани бүсгүйчүүд л давах эрхтэй байсан. Харин ази, африк бүсгүйчүүд шилэн хаалганы цаана үлддэг. Хямд сурталчилгаа, сонирхогчын тайз л тэдний тоглолт хийх боломж. Харин энэ уламжлалыг Дониал Луна, Беверли Жонс эвдэж, хар тивийн гоо үзэсгэлэнг дээд зэрэглэлийн загварын ертөнцөд мэдрүүлж, мянга мянган африк гаралтай бүсгүйг өндөр зэрэглэлийн модель болгосон гавьяатай. Харин ази бүсгүйчүүд ... Тэд шилэн хаалганы цаана байсаар. Брэнд бүтээхийг хүссэн бол, нэр хүндээ хэвээр хадгалахын тулд бүгд (гоо сайхан, хувцас загвар төдийгүй бүх салбар) ази төрхөөс татгалзаж ирсэн. Хэн ч ази модельтой гэрээ хийж, дүр төрхөөрөө сонгохыг хүсдэггүй. Хэтэрхий эрсдэлтэй учраас тэр. Бүр Хятад, Япон, Солонгос, Тайвань, Малайз, Сингапурын компаниуд ази бүсгүйгээс татгалздаг байсан. Байсан, харин одоо бол хамгийн сонирхолтой, үзэсгэлэнтэй чадвартай моделиудын тоонд Япон, Солонгос, Хятадын загвар өмсөгчид орж байна. Ирээдүйн супер моделийн сунгаанд Английн Агнесс Дейн, Лили Дональдсон, Оросын Саша Пивоварова, Канадын Дарья Вербова, Америкийн Карли Клосс зэрэг шаргал, хүрэн үстнүүдээс гадна Солонгосын Хёон Канг, Хан Жин, Хью Парк, Хьюн Ю Ли, Японы Аи Томинага, Тао Окамото, Хятадын Ду Жуан, Эмма Пей, Лью Вен, Кики Канг, Данни Ли, Бонние Чен, Шү Пей, Сан Фей Фей, Мо Вандан зэрэг ази моделиудын нэр бичигдэнэ. Мэргэжилтнүүд энэ хувьсалд хоёр тайлбар зүүж байгаа. Эхнийх нь зогсонги байдалд орсон загварын ертөнц шинэ төрхөөр цус сэлбэх хэрэгтэй байсан. Европ, Америк, хар тивийг нэгжчихсэн загварын бурхад дорно зүгт анхаарлаа хандуулж, ази бүсгүйчүүдийн нууцлаг, зөөлөн төрхийг сонирхож эхэлсэн. Харин нөгөө тайлбар нь, Хятадын эдийн засгийн өсөлт. Эдийн засгийн хямрал бүх салбарт нөлөөлж, загварын ертөнцөд хүртэл сүүдрээ тусгаад байгаа энэ үед өмнөд хөршийн эдийн засаг хурдацтай өсч байгаа. Зарим нэг хэвлэл бүр “супер” хэмээн нэрлэсэн удаатай. Энэ супер хүч чадал нь загварын ертөнцөд ч гэсэн мэдрэгдэж байгааг өнгөрсөн жилийн тоон үзүүлэлтүүдээс харж болно. LV, Gucci, Hermes, Christian Dior,Cartier тэргүүтэй тансаг зэрэглэлийн загвар дорно зүг нүүдэллэллэж байна. Тодруулбал тэдгээр брэндүүд нийт ашгийнхаа 25-30 хувийг БНХАУ-аас олжээ. “LVMH” групп 2009 онд нийт 17.053 тэрбум еврогийн борлуулалт хийсний (Японыг оролцуулалгүй) 25 хувь нь Азид, 23 хувь нь АНУ, 21 хувь нь Европын орнуудад худалдаалагдсан аж. Харин эдийн засагчдынх нь мэргэн ухаан загвар өмсөгч бүсгүйчүүдэд тусалж, эдийн засгийн супер өсөлт нь ази бүсгүйчүүдийг өндөр зэрэглэлийн загвар руу хөтөлж байгаа гэнэ. Загварын ертөнцөд нэр хүндтэй, ирээдүйтэйд тооцогдож буй ази моделиудыг танилцуулж байна.
Tao Okaмoтo
Гарал: ЯпонТөрсөн он: 1987
Өндөр: 177 см
Биеийн харьцаа: 84:59:86
Танилцуулга: Хөгжимчин болох мөрөөдөлтэй байсан тэрбээр санаандгүй тохиолоор Токиогийн нэгэн загварын агентлагт зургаа шалгуулжээ. Яаж алхахыг ч мэдэхгүй 14-хөн настай охин анхны шоундаа оролцож, 19-тэй байхдаа “Еlite” агентлагтай гэрээ хийж, тэр жилээ Парисын загварын долоо хоногт Эмануэль Унгаро, Мартин Грантын загварыг өмссөн. Үүнээс хэдхэн сарын дараа Нью-Йоркын загварын тайзнаа хөл тавьсан. Мөн Ralph Lauren загварын ордон урьж сурталчилгааныхаа нүүр царай болгосон юм. Анх удаа “Miu Miu” брэндийн загварын шоунд орсон Ази модель. Энэ мэтээр олон зүйлд Таогийн нэрийн өмнө “анхны” гэдэг тодотгол олонтаа хэлэгдэх болно.
Лью Вэн
Гарал: ХятадТөрсөн он: 1988
Өндөр: 179 см
Жин: 50 кг
Биеийн харьцаа: 80-59-87
Танилцуулга: Жуулчны хөтөч хийдэг байсан охин “New Silk Road World Model” тэмцээнд орж, ялалт байгуулснаар урт аянд гарсан. Түүний ажлын туршлага тун атаархмаар. 2005 онд ялалтынхаа дараахан Хятадын “Marie Claire”, “Vogue Beauty”, “Elle” сэтгүүлийн хавтсанд зургаа гаргаж, “Teen Vogue”, “Flair” сэтгүүлийн сурталчилгаанд оролцож, Английн “Harper's Bazaar” болон “i-D” сэтгүүлд зургаа гаргажээ. Үүгээр зогсохгүй загварын ертөнцийн загалмайлсан эцэг Карл Лагерфельдийн нүдийг хужирлаж, Жан-Поль Готьегийн загварыг өмсч, “Rag&Bone”, “Marc Jacobs”, “GAP”, “Benetton”, “Alexander Wang”, “Calvin Klein”-тэй гэрээ байгуулж, Жейсон Ву, Макс Азриа, Дерек Лам, Наркисо Родригез тэргүүтэй өнөө цагийн гялалзаж буй дизайнеруудын дуртай модель болсон. Нэртэй дизайнеруудын шоунд алхаж, алдартай фирмүүдийн сурталчилгаанд зургаа гаргаснаас гадна 2009 онд “Victoria's Secret”-ийн шоунд алхсан анхны ази загвар өмсөгч. Энэ бол түүх. Тэр олон улсад загвар өмсөхөөс гадна эх орондоо ч эрэлттэй загвар өмсөгчийн нэг хэвээр байгаа юм. Өнгөрсөн онд тэрбээр “Estee Lauder”-тай гэрээ байгуулсан. Энэ бол бас л түүх. Хувцас загварын сурталчилгаанд ази бүсгүйчүүд оролцдог ч гоо сайхны барааны сурталчилгааны гэрээ хийж чадаагүй байсан. Лью Вэн дээд зэрэглэлийн гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Estee Lauder”-ийг дэлхий даяар сурталчилж байгаа хамгийн анхны ази модель болсон юм.
Ду Жуан
Гарал: ХятадТөрсөн он: 1982
Өндөр: 179 см
Биеийн харьцаа: 84-61-86
Жин: 51
Танилцуулга: Тэр бол анхдагч. Загварын ертөнцөд хятад бүсгүйчүүдийн гоо сайхныг мэдрүүлж чадсан хүн. Мэргэжлийн балетчин тэрбээр өндөр нуруунаасаа болж өөр салбарт хальтарсан гэнэ. Нуруу тэнцэх бүжигчин олдохгүй байснаас тэрбээр загвар сонирхож эхэлжээ. 2006 онд “Ford Supermodel of the World” тэмцээнд оролцож, “Valentino”, “Jean Paul Gaultier”, “Roberto Cavalli” болон “Chanel”, “Louis Vuitton”, “Gap”, “Swarovski”, “Benetton”, “Yves St. Laurent” зэрэг акулуулдын нүдэнд өртжээ. Түүний түүхэн амжилт бо Францын “Vogue” сэтгүүлийн нүүр хуудсанд гарсан анхны ази загвар өмсөгч.
Сенг-Юн Канг
Гарал: Солонгос
Төрсөн он: 1987
Өндөр: 178 см
Биеийн харьцаа: 81-61-89
Жин: 51 кг
Танилцуулга: Тэр мөн л түүхэнд бичигдэх хүн. 1980 оноос хойш зохиогдож буй “Ford Models Supermodel of the World” тэмцээнд ялсан анхны ази модель. Тэмцээний шагнал болох 250 000 доллароос гадна дэлхийн шилдэг агентлаг болох “Ford Models”-той гурван жилийн гэрээ байгуулсан юм. Америкийн хэвлэлийнхэн түүний гоо үзэсгэлэнг шагшиж, “Дорнын сувд” хэмээн өргөмжилсөн. Сенг-Юн Канг тэр жилээ Нью-Йорк, Парисын загварын долоо хоногт оролцож, Солонгосын “Vogue” сэтгүүлийн хавтсанд зургаа гаргаж, “Benetton” болон “Victoria's Secret”-ийн катлогид орсон.
Гайхалтай бичлэг болж. МИний уншсан хамгийн товч бөгөөд тодорхой, ойлгомж сайтай загварын бичлэг болжээ
ReplyDelete