Малайз дахь цорын ганц Монгол дизайнер, модель бүсгүйн ярилцлага
Малайзад ажилладаг монгол дизайнер загваруудаа онлайнаар худалддаг гэж сонсоод түүнтэй уулзаж, ярилцахсан гэж бодсон. Түүнийг нэлээд эрж сурсаар түр хугацаагаар Монголд ирээд байхад нь уулзаж, ярилцлаа. Түүнийг Золоо гэдэг. Харин ойр дотнынхон, найз нөхөд, хамтран ажиллагсад нь Катя гэж дууддаг. Тэр одоо 23 настай, Малайзад загвар зохион бүтээгч болохоор суралцахын зэрэгцээ загвар өмсөгчөөр ажилладаг. Энэ бол түүний Монголын хэвлэлд өгч буй анхны ярилцлага.- Чамтай уулзах амаргүй байлаа?
- Харин тийм ээ. Ирэх сард болох нэг шоунд өөрийнхөө загваруудаар оролцох гээд бэлтгэж байгаа, хажуугаар нь шоу, зураг авалт, хичээлдээ гүйх гээд ажил ихтэй байлаа.
- Дизайнер, загвар өмсөгчийн ажлыг хослуулдаг хүн цөөхөн байх?
- Дизайнер болохоор суралцаж байна. Харин загвар өмсөгчийн хувьд оюутан хүнд мөнгө хэрэгтэй, бас надад боломж байгаа гэж бодоод эндэхийн загварын агентлагуудаар очиж Монголын сэтгүүл дээр гарсан зургуудаа үзүүлсэн юм.Тэгээд л загвар өмсөгчөөр ажиллах болсон.
- Монголын загварын тайз, Малайзын загварын тайз ялгаа анзаарагдаж байна уу?
- Би “Gobi factory store”-ийн нээлтийн шоунд оролцож, 2007 онд “Гялбаа” сэтгүүлийн хавтсанд зургаа гаргах зэргээр ганц нэг шоунд оролцож, хэд хэдэн сэтгүүлд зургаа гаргаж байснаас биш загвар өмсөгчөөр ажиллаж байгаагүй ээ. Малайзад очоод л ажилласан юм. Тийм болохоор ялгаа нь ийм, тийм гэж хэлж чадахгүй нь. Ямар ч байсан манай загвар өмсөгчид чадварлаг, дизайнерууд нь мэдрэмжтэй, хаа ч очсон гологдохгүй. Агентлагуудын захиалгаар Азийн хэд хэдэн улсад очсон, нэлээд олон шоунд оролцлоо. Тэнд бол загвар өмсөгчдийн ажиллах орчин таатай, цалин өндөр, хамгийн гол нь нэр хүндтэй. Хүний хөдөлмөрийг үнэлж чаддаг.
- Сурч байгаа хэрнээ хэдийнэ ажлынхаа гарааг эхэлчихэж. Хийсэн хувцсуудаа интернетээр зарах санаа яаж төрсөн бэ?
- Санаандгүй олсон, сайхан санаа байсан шүү. Багадаа хүүхэлдэйндээ хувцас оёдог, дараа нь ойр зуурын хувцсаа хийгээд өмсчихдөг болсон. Арван жилд байхдаа “Үнсгэлжин”-д орох гэж хэдэн загвар хийсэн ч хоцорчихсон юм. Тэгээд сургууль дээрээ үзэсгэлэн гаргасан. Багаасаа л загварт дуртай, сонирхдог байсан. Харин ээж маань энэ сонирхолыг дэмждэггүй байсан. Малайзад өөрийнхөө хийсэн хувцсыг өмсөөд явж байхад хамт шоунд орсон загвар өмсөгч охид “Хаанаас авсан юм бэ, ямар гоё юм бэ” гээд л сонирхоод байхаар нь болох юм шиг санагдаад долоон сарын өмнө онлайнаар худалдаж үзсэн. Интернетэд 30-аад загвар тавьчихаад “Сайн дизайнеруудын гоё загварууд хямд үнэтэй байсаар байхад хүн яагаад миний хувцсыг авах гэж” хэмээн битүүхэн түгшиж байсан. Гэтэл бодож байснаас хурдан зарагдчихсан. Сард 60-70 хувцас борлуулж байсан гэхээр багагүй амжилт байгаа биз дээ. Гэхдээ одоо интернет худалдаагаа түр завсарлаад байгаа.
- Яагаад?
- Агентлагуудын ажил их байна, бас үнэт эдлэлийн компанийн захиалгаар бүтэн коллекц хийж байна. Өнгөрсөн сард нэг шоунд оролцоод, үнэт эдлэлийн нэг компани тэр коллекцийг бүтнээр нь аваад, хамтран ажиллах гэрээ хийсэн юм. Тэгээд л бүх хүч, анхаарлаа энэ ажилдаа хандуулчихаад байна. Гэхдээ брэнд хийх санаагаа бол орхиогүй л дээ. Том төлөвлөгөөтэй байгаа, дараагийн төвшинд гарах гээд түр завсарласан гэж хэлж болно. Загвар өмсөгчийн хувьд Малайзын нэр хүндтэй хүмүүстэй танилцсан, бас Хонконг, Макаод очиж загвар өмсч байна, бас Австрали, Малайзид дэлгүүртэй бизнесмэнтэй хамтарч байгаа. Ер нь ирээдүй гэрэлтэй харагдаад байгаа шүү. Ачаалал их байгаа болохоор тусалж, хамтрах хүн хэрэгтэй байгаа. Тэгээд долдугаар сарын сүүлээр дахиж ирэхдээ тодорхой хэмжээний туршлагатай, хийсэн бүтээсэн зүйлтэй, өөрийгөө хөгжүүлэх сонирхолтой 18-28 насны эмэгтэй загвар зохион бүтээгчидтэй уулзаж, хамтран ажиллах санал тавья гэж бодоод байгаа.
- Эмэгтэй гэдэг нь ямар учиртай юм бэ, манайд эрэгтэй чадварлаг дизайнерууд бий шүү дээ ?
- Гар, сэтгэл нийлэх хүн байвал энд ирээд хамт амьдраад, сураад, цуг ажиллая гэж бодож байгаа. Би оюутан болохоор тусад нь байр гаргаж өгч чадахгүй шүү дээ.
- Тэгэхээр ажил хэргийн төдийгүй өрөөний хамтрагч болно гэсэн үг үү?
- Харин тийм ээ, тэгэхгүй бол ганцаараа хаанаа ч хүрэхгүй байна. Загвар гэдэг хэн бүхний хийгээд байх ажил биш. Би хоол, амьдрах байр, оёдлын машин, материал гээд ажилд хэрэгтэй бүх зүйлсээр хангана. Мэдээж тодорхой хэмжээгээр цалинжуулна. Тэр хүн хүсвэл хэл сурч болно, мэргэжлээ дээшлүүлэхээр сурсан ч болно. Хамгийн гол нь нэлээд өндөр шалгуур тавьж байгаа.
- Загварын чиглэлээр хамт сурч байгаа оюутнуудтайгаа хамтарч болохгүй юм уу?
- Мэдээж болно. Гэхдээ монгол дизайнерууд арай мэдрэмжтэй юм шиг санагдаад байдаг юм. Тэгээд ч өсөж, дэвших хүсэлтэй залуу дизайнер Монголд олон бий. Би өөрийнхөө хэрээр монголчуудаа дэмжье гэж бодсон юм. Бид хамт ажиллана, хамт амьдарна, хамтдаа Монгол гэдэг нэрийг дэлхийн загварын ертөнцөд гаргахаар ажиллана. Тэгэхээр монгол хүн байсан нь дээр байгаа биз дээ.
- Чиний загваруудыг малайз хүмүүс хэр сонирхож байна, худалдан авагчид чинь ямар хүмүүс байна вэ?
- Интернэт худалдаа болохоор хил хязгааргүй. Би нэг загварыг ганцхан хийдэг болохоор цор ганц, өвөрмөц, давтагдашгүй байх хүсэлтэй хүмүүс сонирхдог байх. Гадаадад байгаа найзууд, малайзад загвар өмсдөг бүсгүйчүүд гээд янз бүрийн хүмүүс авдаг. Ер нь тэндэхийн хүмүүс их энгийн. Тодорхой төвшний хүмүүс л загвар хөөдөг юм шиг санагдсан.Монголд жирийн үед өмсдөг хувцас маань тэнд гоёлынх болох гээд байна.
- Чиний хийсэн хувцас хэр үнэтэй вэ?
- Хамгийн үнэтэй нь монгол төгрөгөөр 120 000 болсон. Бизнес учраас ашиг орлогоо бодох ч гэлээ худалдан авагчийн сэтгэл ханамж юу юунаас илүү сайхан. Ер нь тэнд очоод хүн дуртай зүйлдээ хүч, авьяасаа зориулбал амжилт олох юм байна гэдгийг сайн ойлгосон. Бас монгол хүн ямар ч салбарт дэлхийн хэмжээний амжилт гаргах боломж бий. Би ч гэсэн Азийн төдийгүй дэлхийн загварын ертөнцөд нэрээ гаргамаар л байна шүү дээ. Ирэх жилээс өөрийнхөө загварын шоуг хийхээр төлөвлөж байгаа.
- Хаана?
-Малайзад хийнэ, сургуулиа төгсөөд Монголдоо ирнэ. Гэхдээ тэндэх ажлаа орхихгүй, ер нь хаана хэрэгтэй байна тэр газраа хүрч ажиллана гэж бодоод байгаа.
- Малайзад очоод хэр удаж байна?
- Жил гаруй болж байна. Англи хэлний курст суух гэж очсон. Эхэндээ гэр бүл, найз нөхдөөсөө хол, таних хүнгүй газар ажиллаж, сурахад хэцүү байсан. Шантарч, ганцаардана. Саяхан гэрээ цэвэрлэж байгаад тэр үед бичсэн тэмдэглэлээ олсон юм. Тэнд “Хэлээ сайжруулна, загвар зохион бүтээгчээр ажиллана, загваруудаа гаргана” гэх мэтээр төлөвлөгөө гаргасан байсан. Харин өнөөдөр тэр бичсэн зүйлсийнхээ бараг 90 хувийг биелүүлсэн байна. Их баярласан шүү. Тэгээд тэр төлөвлөгөөг үргэлжлүүлж бичсэн.
- Юу гэж?
- Авьяас байгаад түүнийгээ чадвараараа тордоод, бага зэрэг сэргэлэн байвал амжилтад хүрэх юм байна, боломж их байна гэдгийг мэдсэн учраас мөрөөдлийнхөө цар хүрээг ч томруулсан.
- Хүн ганцаардах тусмаа ухааждаг гэдэг дээ?
- Харин тийм. Сурч, мэдсэн, ухаарсан зүйл байсан ч тухайн үедээ уйлна, дотор давчидна ер нь хэцүү байсан. Гэхдээ ганцаардалтайгаа тэмцэх зөв арга олсон. Монголд байхдаа номыг дуустал уншиж үзээгүй хүн чинь номын хорхойтойн болсон ш дээ. Бас өөрийгөө таньж, зорилгоо олж, хүрэх замаа тодорхойллоо. Харин бүр ганцаардалдаа “тухлаад”, зожиг болоод байх шиг байна.
- Яаж байна?
- Найз нөхөдтэйгөө гарч, орох завгүй болчихож. Тайз, зураг авалт, даавуу, оёдлын машин, хайч, харандаа, цаас, хичээл, интернэт, ном гэсээр өдөр дуусчих юм. Надад бүр зурагт ч байхгүй. Харин одоо нэг зурагт авья гэж бодоод байгаа.
- Юу гэсэн үг вэ, XXI зуун шүү дээ. Загвар сонирхож байгаа хүн ядаж FTV үзэх хэрэгтэй биш үү?
- Зурагт үзэж байгаа нь энэ гээд цагаа дэмий үрдэг юм шиг санагдаад байсан юм. Харин одоо нэг заваараа дэлгүүр гарч зурагт авахаас. Ядаж л чимээ гарна шүү дээ.
- Дэлгүүр гэснээс хувцсаа өөрөө хийгээд өмсчихөж байна уу, эсвэл худалдаж авдаг уу?
- “Window shopping” гэдэг дээ, зүгээр л ямар шинэ загвар байна, энэ улирал ямар өнгө моодонд орж байна гэж сонжих гэж дэлгүүр хэснэ. Хувцсаа ихэнхдээ өөрөө хийнэ. Харин цүнх, гутал, аксессуар гээд хийж чадахгүй зүйлсээ дэлгүүрээс авдаг.
- Дуртай брэнд?
- Хүн болгон “Gucci”, “Burberry”, “Guess”, “LV”-д дуртай байдаг шүү дээ, би ч бас. Сүүлийн үед Малайзын нэг залуу дизайнерын загварууд их таалагдаад байгаа. Эндэхийн дизайнерууд голдуу гоёлын, загварын хувцас хийдэг. Харин тэр залуу арьсан эдлэлээр өвөрмөц загвартай өдөр тутмын хувцас хийдэг юм.
- Ер нь чиний нэг өдөр хэрхэн өнгөрч байна?
- Өглөө хичээлдээ явна, тэгээд ямар нэг шоу, зураг авалтгүй бол загварууд дээрээ л сууна даа. Үлдсэн цагаа фитнес, номын сан, компьютерийн ард өнгөрөөнө.
- Гоо сайхандаа анхаарах цаг зав бол гарч байгаа биз дээ, өөрийн гэсэн онцгой жор байгаа бол манай уншигч бүсгүйчүүдтэй хуваалцаач?
- Биеийн жиндээ анхаарна, арьс, үсээ өөрийнхөө хэрээр л арчилдаг юм. Эндэхийн гоо сайхан үнэтэй. Гоо сайхны бүтээгдэхүүний хувьд өндөр үнэтэйг сонгоод байдаггүй, өөрт тохирох сайн чанарынхыг авдаг.
- Чи өвөрмөц төрхтэй юм. Чамтай үг солиогүй хүн гадаад хүн гэж харах юм байна?
- Харин тийм ээ, хүмүүс андуурдаг. Монголд байхад надтай оросоор мэндлэж байсан тохиолдол ч бий. Загвар өмсөгч болоход ч гадаад төрх маань их нөлөөлсөн гэж боддог. Ер нь Азид европ төрх их эрэллтэй байдаг ш дээ, энд ажиллахад гадаад төрх маань надад олон боломж нээж өгсөн байх.
- Нэг үеэ бодоход монгол загвар өмсөгчид гаднын загварын агентлагуудад ажилладаг болсон. Сингапур, Япон, Солонгос, Австрали, Англи гээд л олон орны загварын тайзнаа монгол бүсгүйчүүд алхаж байна. Малайзад чамаас өөр монгол загвар өмсөгч бий юү?
- Энд байдаг монголчуудтай холбоо барьж байгаагүй ээ. Одоогоор энд ажилладаг монгол модельтой тааралдаагүй, надаас өөр хүн алга. Гэхдээ байдаг ч юм билүү, сайн мэдэхгүй байна. Харин би энд танилцсан хүмүүстэйгээ ярилцаад Монголын загварынханыг холбож болох юм байна гэж бодоод байгаа. Миний бодлоор манай загварынхан өндөр төвшинд мэргэшсэн. Монголд байгаа найз нартайгаа энэ талаар ярьсан юм бий.
- Зав гаргаж ярилцсанд баярлалаа. Ярилцлагын төгсгөлд юу хэлмээр байна?
- Сайхан сэтгэл, зөв үйлсийн хариуд аз, баяр баясгалан байдаг гэдэгт би итгэдэг. Тэгэхээр аливаа зүйлд чин сэтгэлээсээ хандаж, зорилготой, утга учиртай амьдралыг бүтээцгээе залуусаа.
No comments:
Post a Comment