Чуба... Энэ нэр урлаг соёлынхон тэр тусмаа тайзны урлагтай ойр байдаг хэн бүхэнд танил. Учир нь ямар нэг тоглолт болохоороо жүжигчид, дуучид, уран бүтээлчид бүгд Чубаг зорьж, тасалбар, урилга, танилцуулга, постер, сурталчилгааны самбар, тайз, чимэглэл ... бүхий л зүйлийнхээ дизайныг даатгадаг. Найзууд нь түүнийг “Тэр аяараа мэдрэмж” хэмээн тодорхойлдог. Олноо Чуба хэмээн танигдсан зураач С.Чулуунбаатарынд зочиллоо.
- “Тэр өнгөөр тоглож, дүрсээр наадаж, үсгээр жонглёрддог” гэж таныг их өвөрмөц тодорхойлсон байна лээ шүү?
- Хүмүүст тэгэж санагддаг юм байлгүй, харин өөрөө бол ёстой тэгэж бодож байгаагүй.
- Бийр, багс тэргүүтэй зураачийн “зэвсгээ” хэдийнээс компьютерийн хулганаар сольсон юм бэ?
- Бүр солиогүй ээ. Усан будгаар зурах дуртай, гэхдээ сэтгэлдээ хүрсэн бүтээл гаргаж чадаагүй л байна. Манай залуучууд дунд усан будгийн техникээр ажилладаг хүн ховор болохоор энэ талаар жаахан юм хийхсэн гэж боддог юм.
Дизайны хувьд өргөн форматын хэвлэл гэж байхгүй, рекламны самбарын оронд цуу ямбуу хэрэглэдэг байхад хийж эхэлсэн. Одоо зарим найз маань “Тэр үед чи компьютер-скайнер-өнгөт хэвлэлийн машин байсан шүү” гэж хошигнодог юм. Тухайн үеийн зураачдын ажлын арга барил тийм л байсан. Техник, технологийн дэвшлээр олон зүйл өөрчлөгдсөн. Тэр хэрээр миний ажлын арга барил, багаж зэвсэг ч өөрчлөгдсөн. Цуу ямбууны оронд дэлгэцэн дээр дизайн хийж, бийр, будагны оронд хулганаар ажиллаж байх шив. 1990-ээд оны үед кино театрт ажилладаг байлаа. Шинэ кино гарах бүрт театрын гадаа өлгөдөг цуу ямбуун “самбар”-ыг шинэчилнэ. Үндсэн ажлаасаа гадна урлаг, соёлыхны гуйлтаар тоглолтын анонс хийнэ. Нэг мэдэхэд 20 гаруй жил өнгөрч, одоо бол хэвлэлийн дизайнтай холбоотой бүхнийг хийдэг болсон. Манай нөхцөлд ингэхгүй л бол нэг зүйлээр дагнана гэдэг боломжгүй.
- Одоо бол хаяг, шошго, лого, тоглолтын тасалбар, тайз, постер, урилга гээд энэ зах зээлийг “эзэгнэчихээд” байгаа юм биш үү. CHUBA-гүй юм ч ховор шүү дээ?
- Бүгдийг нь ч гэж болохгүй ээ. Олон жил ажиллаж байгаа болохоор урлагийнхантай ойрхон. Удаан хамтарсан учраас илүү ойлголцоод байдаг биз.
- Уг нь та зураач мэргэжилтэй биз дээ?
- ДУДэС-ийг чимэглэх зураачаар төгссөн. Ерөнхийдөө дизайн мэргэжил юм даа. Тэгээд ч манайд зөвхөн мэргэжлээрээ дагнан ажиллах боломжгүй шүү дээ. Тийм болохоор дизайны талын бүхий л ажлыг оролдож байна. Хэвлэлийн дизайнаас гадна сүүлийн үед интерьер хийж байна.
- Интерьер, экстерьер, хэвлэл, хувцас гэлтгүй бүх л дизайн хийхийн тулд мэдрэмжтэй байх нь хамгийн чухал биз дээ?
- Өмссөн хувцас, эдлэж байгаа эд хэрэглэж, эргэн тойрон дахь бүх зүйл дизайн байхад яагаад хүн бүхэн дизайнер болдоггүй вэ? Тун энгийн, дадлага туршлага мэдлэг гээд олон чадвар нэгдэж байж мэдрэмж болно. Тэгэхээр мэдрэмжтэй болохын тулд хөдөлмөрлөж, суралцан, шинийг эрж хайж байх хэрэгтэй.
- Та 20 гаруй жил амрах завгүй ажилласан болохоор загварын бүхий л салбарт нэлээд туршлагатай болсон биз дээ, үүнийгээ амьдралдаа хэр их ашиглаж байна?
- Загасчны морь усгүй гэдэг шиг. Ихэнхдээ завгүй, өглөө гараад үдэш ордог болохоор гэртээ, гэрийнхэндээ сайн анхаарал тавьж чаддаггүй юм даа.
- Хүмүүс бүгд л ингэж ярьдаг. Та энэ хэмнэлээ хэзээ өөрчлөх юм бэ?
- Өөрчлөгдөх байх гэж боддог ч болоогүй бололтой. Ажиллах хэрэгтэй, хийх ёстой болохоор ухарч болдоггүй, хаяж болдоггүй энэ хэмнэлээр амьдарч байна. Өөрөөр байх ч аргагүй юм даа. Ажлын маань онцлогоос болоод тэр үү, байнга цаг хугацаатай уралдана. Энэ ажил дууссан бол тэрийг, тэр дуусмагц энийг ... Зогсох аргагүй.
- Та “CHUBA DESIGN” ХХК-ийн захирал биз дээ, захиралууд арай өөр байдаг даа?
- Хүсвэл өөрчилж болох л байлгүй. Гэхдээ уран бүтээл гэдэг үйлдвэр юм уу худалдааны ажил биш. Гаргаж байгаа бүтээгдэхүүн бүр өөр, тус тусын онцлогтой, давтагдашгүй. Тийм болохоор хүнд найдаад орхиж болдоггүй юм. Дээр нь захиалж байгаа хүмүүс намайг зорьж ирдэг болохоор би өөрөө ажиллахаас өөр аргагүй болдог юм.
- Танай гэр бүлийн хүн чинь ямар мэргэжилтэй вэ?
- Засал чимэглэлийн мэргэжилтэй болохоор надтай цуг ажилладаг.
- Үргэлжийн завгүй, ажилтай байдагт эхнэр чинь дургүйцэхгүй юу?
- Сурчихсан байхгүй юү (инээв). Эхнэр маань миний ажлыг ойлгодог, яагаад цаг завгүй ажиллаад байдгийг мэднэ. Товчхондоо ойлголцдог болохоор тиймэрхүү асуудал гардаггүй юм.
- 2001 онд хошин урлагийнхан танд зориулж нэгдсэн тоглолт хийж байсан. Онцгой үйл явдал болсон юм уу, яагаад тэр тоглолтын хийсэн юм бэ?
- Онцгой үйл явдал болоогүй ээ, зүгээр л ажлаа хийгээд л явсан энгийн өдрүүд. Нэг ярьж сууж байгаад л Бооёо санаачлаад, бүгд дэмжсэн юм. Бүр дуучид оролцох хүсэлт тавьсан ч нэг удаагийн тоглолтонд багтахгүй байсан болохоор дан хошин урлагийнхан оролцон, “Азтай бадарчин” шиг л сайхан тоглолт тавьсан. Үзэгчид дахин тоглооч гэж хүсэлт тавьж байсан шүү. Одоо бодоод байхад яруу найрагч, хөгжмийн зохиолчдод зориулсан тоглолт гэж байснаас биш зураачид зориулсан тоглолт гэж тэрнээс өөр байдаггүй юм билээ. Арав гаруй жил хамтран ажилласан болохоор миний хөдөлмөр, сэтгэлийг үнэлсэн нь тэр юм болов уу.
- Мэдээж өөрөөрөө бахархаж байсан биз дээ, хообийгоо ажил болгож чадсан хүн амжилтад хүрдэг гэдэг дээ?
- Хүн болгон л зурагт дуртай. Харин надад аз тохиосон хэрэг. Долдугаар ангид байхдаа ганц удаа пионерын зусланд амарсан юм. Бүлгийнхээ ханын сонинг зураад сууж байтал хотоос ирсэн хүмүүс хүүхдийн зуслантай танилцаж байна гээд л хэдэн хүн яваад байсан. Тэр дунд явсан Урчуудын эвлэлийн хорооны дарга Сандагдорж багш миний хажууд ирээд, зурж байгааг минь хараад ойр зуурын юм асууж байна. Явахдаа “Улаанбаатарт Дүрслэх урлагийн дунд сургууль байдаг юм. Хоёр жил тутам хөдөө аймгуудаас элсэлт авдаг. Орох хүсэлтэй бол шалгалт өгөөрэй. Би хотод очоод энэ жил танай аймагт ирэх эсэхийг мэдээд өгье” гээд хаягаа өгөөд явсан юм. Тэгэж л Дүрслэх урлагийн дунд сургууль байдаг юм байна гэж мэдэж авсан. Урамшаад, Сандагдорж багшид захиа бичнэ ээ. Дөрвөлжин шугамтай дэвтрийн цаасан дээр цэцэг, машин, байгаль, морь гээд санаанд орсноо зураад л захиатайгаа явуулдаг. Аминдаа авьяасаа харуулах гээд байхгүй юу. Тухайн үед багшийн инээд нь хүрдэг байсан биз, надад хариу бичдэг л байсан. Харин нэг захиандаа “Дөрөвдүгээр сарын 20-нд танай аймагт шалгалтын комисс очих юм байна” гэж бичсэн байв. Харин захиа шалгалтаас нэг хоногийн өмнө надад ирсэн нь тэр. Манайх аймгийн төвөөс 100 гаруй км-ийн зайтай, би ямар ч бэлтгэл байхгүй. Гэсэн ч аав, ээждээ үзүүллээ. Аав дургүйцэж, одоо өнгөрсөн гэх утгатай юм хэлж байсан. Харин ээж дэмжсэн болохоор аавтай замд гарлаа. Азаар манайх төв замын ойролцоо байсан болохоор унаа олох амархан байсан. Хүчтэй салхитай, цасан шуурсан их хүйтэн өдөр байсныг нь ер мартдаггүй юм. Хамгийн сонирхолтой нь жил бүрийн дөрөвдүгээр сарын 20 хавьцаа шуургатай байдаг юм билээ (инээв). Замдаа нүүр нүдгүй шамраганд төөрөөд, шөнөдөө аймгийн төв орлоо. Хотоос ирсэн багш хаана байна гэж сураглаж байгаад буудлын өрөөнд нь очсон. “Яагаад ийм орой ирж байгаа юм, бүртгэл дууссан” гээд л зэмлэж байна. Тэгсэн ч холоос зорьж ирсэн болохоор гээд бүртгэж авсан даа. Тэндээс гараад арваннэгэн хуруутай уран Бэгз гэдэг аавын найз дээр очлоо. Намайг шалтгалтад бэлтгэх юм болов. Бэгз гуайгаас шрифт, хар зураг, зохиомж, уран зураг, ерөнхий эрмдийн шалгалт авдгийг нь мэдэж авлаа. Гэтэл би шрифт гэж юу байдгийг ч мэдэхгүй, тэгсэн мөртлөө шалгалт өгөх гээд явж байдаг. Бэгз гуай шрифтийн үзэг өгөөд намайг суулгалаа. Тэр үед манай суманд зурагт байгаагүй. Харин тэднийд зурагт байхаар нь үзмээр санагдаад болдоггүй. Анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байгааг минь анзаарсан аав, Бэгз гуай хоёр намайг буруу харуулж суулгав аа. Шөнөжин шрифт зураад хоноод өглөө нь шалгалтанд орсон. Дүн танилцуулахад 70 гаруй хүүхдээс би хамгийн өндөр оноо авсан байна. Ердөө хоёрхон хүн тэнцүүлэх байсан учраас бусад хүүхдийн эцэг, эх хэл ам гаргасан юм. Тэгсэн нөгөө багш “Зурагт арын хаалга гэж байдаггүй юм” гээд бүх хүүхдүүдийн материалыг дэлгэж үзэсгэлэн гаргаж байж, хүмүүсийг тайвшруулж байсан юм. ДУДуС-иа төгсөөд, ДУДэС болохоор нь дэвшин суралцаад төгссөн.
- Хийсэн ажлаа хараад өөрийгөө голж байсан удаа бий юу?
- Эргээд харахаар бага сага засвар хийх хэрэгтэй байж дээ гэж бодогддог л юм. Гэхдээ өөрийгөө чамлаад, сүйд болж байгаагүй ээ. Тэгээд ч тухайн үеийн техникийн нөхцөл боломжийг өнөөдрийн төвшнөөс шүүмжлэх утгагүй л дээ.
- Хамгийн бахархал төрүүлсэн бүтээл чинь аль вэ?
- Хийсэн бүхнээ хараад сэтгэл ханамжтай байдаг. Гэхдээ дараагийнхаа бүтээлийг үүнээс илүү хийнэ дээ гэж боддог. Дизайны чиглэлээр ажиллахад тал бүрийн өргөн мэдлэг, мэдээлэл хэрэгтэй. Зөвхөн өөрийгөө “ухаж”, нэг толгойгоороо ажиллах ямар ч аргагүй л даа. Сүүлийн үед интернэттэй их “найзлаж” байна.
- Танд жижиг сувинер их олон байх юм, цуглуулдаг уу?
- Ажилд маань хэрэг болдог болохоор хаа газар явж байхдаа нүдэнд туссан зүйлээ авчихдаг. Жижигхэн модон хүүхэлдэй байсан ч хэзээ нэг өдөр хэрэг болдог юм. Харин унших гэж биш үзэх гэж ном, сэтгүүл цуглуулна аа. Гол төлөв дизайны холбогдолтой, зураг чимэглэлтэй, шинэ санаа төрүүлчихмээр, мэдээ, мэдээлэлтэй ном олон бий. Мэргэжлийн өвчин гэх үү, нэг ном бариад авахад дотор ньь юуны тухай бичиж вэ гэхээсээ илүү дизайн, эх бэлтгэл, зураг чимэглэлийг нь сонждог.
- Өөнтөгч болчихсон байна уу?
- Өөлж биш харин юу нь гоё байна вэ гэдгийг хардаг юм. Сэтгүүл юм уу ном сонгохдоо хуудсыг нь гүйлгээд харна, ганцхан хуудас нүдэнд тусах юм бол авдаг. Үгүй бол дараа нь “Авдаг байж, хайран юм” гэж бодогдоод байдаг юм.
- Өөртөө зориулж хийсэн бүтээл бий юү?
- Усан будгийн ажлуудаа бүгдийг нь өөртөө зориулсан юм. Би зургаа зардаггүй. Бас тэр Ленины хөргийг хийсэн. Book-art бүтээл. Янз бүрийн юм цуглуулж явдаг болохоор хаанаас ч билээ book-art гэж байдгийг хараад, сонирхсон. Урлагийн сонирхолтой шинэ төрөл.
- Үүдэнд номоор хийсэн дурсгалын сувинер байхыг харсан, их сонин юм билээ?
- Надад ийм бүтээл хэд хэд бий. Хоёр жилийн өмнө book-art шоу хийхээр төлөвлөөд бэлтгэж байтал H1N1 дэгдээд, бүх үзвэр, үйлчилгээг хаачихсан юм. Хорио тавигдах үеэр би урдаас интерьерийн ажлын захиалга аваад, тэндээ дөрвөн сар болсон. Эргэж ирээд энэ ажлаа хийсээр явтал шоуны төлөвлөгөө замхарсан даа. Book-art гэдэг бол номоор бүтээл хийдэг. Хэлбэр, хэмжээ, хийц, загварт хязгаар байхгүй, юуг яаж ч хийж болно. Энэ Ленины хөргийг гэхэд л Ленины ботиудаар хийсэн.
- Гэхдээ номыг хайрладаг, хүндэтгэдэг хүмүүс үүнийг нэг их таашаахгүй байх аа?
- Урлагийн бүтээл болохоос илүү “золгүй тавилан” угтаж байсан номнууд шүү дээ. Би үзэсгэлэн хийх гээд бэлтгэж байхдаа номын сангуудаар явж ном цуглуулсан юм. Номыг хамгийн их хайрладаг хүмүүс номын санчид байдаг байлгүй, гэтэл хуучны актласан, хэрэггүйг нь 00 цаасны үйлдвэрт тушаадаг юм байна лээ. Тэгэхээр book-art хийх нь хавьгүй дээр байгаа биз дээ. Би лав нэг машин ном авсан. Хэрвээ би аваагүй бол 00 цаас болно шүү дээ. Анх book-art хийж байхад хүмүүс ном урлаа, сүйтгэлээ гэдэг байсан. Тэртээ, тэргүй хог болох байсныг би урлагийн бүтээл болгож байгаа гэж бодож байсан болохоор тоогоогүй юм. Шоундаа номоор хийсэн жижиг свувинерээс эхлээд том хөшөө,бүр үзэсгэлэнгийн үеэр танхимд жижигхэн буфет үйлчилгээ явуулах номон баар хийхээр төлөвлөсөн байсан.
- Ганцаараа хийх гэж байсан юм уу?
- Үгүй ээ, ганц хүний хийх ажил биш. Мөнгө хөрөнгөнөөс гадна багагүй хүч шаарддаг юм. Тэр үед баг бүрдүүлсэн байсан. Гэхдээ хэзээ нэг өдөр book-art шоугаа хийнэ ээ.
- Ингэхэд та хэр баян бэ, хаа сайгүй “CHUBA DESIGN”-ы бүтээл байдаг болохоор та багагүй мөнгө олдог байлгүй?
- Баян байлгүй яахав (инээв). Үнэнийг хэлэхэд амрах завгүй ажиллаад байхад л баяжих нөхцөл бүрдсэнгүй. Хэрвээ бүх юмыг зоосны нүхээр харж байсан бол их хөлжих байсан байх аа. Гэхдээ би тийм биш учраас баяжаагүй юм байлгүй. Нөгөө талаас хүмүүсийг ойлгож, хэрэгцээ, асуудлаа мэдэрдэг байснаар өдий зэрэгтэй байгаа ч юм билүү. Би ажлаа үнэлж чаддаггүй, дээр нь манайхан урлагийг, оюуны бүтээлийг үнэлж мэдэггүй. Нөгөө талаар, 20 гаруй жил энэ салбарт ажилласны үр дүнд Монголд дизайны хөгжлийн талаар ярих аргагүй гэдгийг мэдэж авсан. Үйлдвэрлэл хөгжөөгүй болохоор дизайн хөгжиж чадахгүй, үр дүн байхгүй байна. Баяжиж чадаагүйн гол бас нэг шалтгаан энэ байх. Наймаа арилжаа хийж байгаа эсвэл уул уурхайн бизнес эрхлэж байгаа хүмүүстэй харьцуулбал бага мөнгө олдог юм. Үнэлж чаддаг орчинд бол өндөр үнэтэй бүтээл хийж байгаа л даа. Би одоо эхнэр, хоёр хүүхдийнхээ хамт жирийн орон сууцанд амьдарч, Nissan Xtrell маркын машинаар хөл залгах хэмжээнд л байна.
- Цаг гарган ярилцсанд баярлалаа.
CHUBA гэдэг нэрийн цаана ийм л энгийн, хөдөлмөрч нэгэн байдаг аж. С.Чулуунбаатар хэвлэлийн дизайнаас гадна дүрслэх урлагийн олон төрлөөр ажиллаж “Домог жаргасан цаг”, “Учиртай гурван толгой”, “Хойд эх”, “Бүтэлгүй новш”, “Зугтаарай”, “Ядуугийн зовлон”, “Алмастай нөхцсөн нь”, “Зүрхэнд шивнэсэн үг” мэргэжлийн ур чадвар шаардсан, түүхэн цаг үеийг харуулсан кинонуудад зураачаар ажиллан дэлгэцийн урлагт ч бүтээн туурвиж явна.
No comments:
Post a Comment