Thursday, June 9, 2011

ЭЛСНИЙ ЭМЭГТЭЙ

Абэ Кобо
үлгэр-роман 1963

Наймдугаар сарын дулаахан өдөр нэгэн хүн элсэн дунд байдаг ховор төрлийн хорхой шавьжаар цуглуулгаа баяжуулахаар гурван өдрийн чөлөө аваад аян замд гарчээ. Тэрээр галт тэргээр 8 хэмээх өртөөнд хүрч, дараа нь автобусанд суугаад эцсийн буудал дээр буув. Цаашаа явган алхаж тосгоны хажуугаар өнгөрөөд элсэрхэг зам даган тэнгисийн зүг явав. Зам улам л бүдгэрч баларсаар, яваандаа эргэн тойронд нь элснээс өөр юу ч үзэгдэхээ болилоо.Тэрээр элсний тухай олон талаас нь эргэцүүлэн бодож, тэнд байдаг хорхой шавьжнуудын талаар баримт цуглуулж, ном зохиол уншсаар элс гэдэг нь маш сонирхолтой үзэгдэл болохыг олж мэдсэн хүн ажээ. Манай баатар замаа хөөсөөр яваад гэнэт нэгэн нүхний аман дээр ирж, доош шагайгаад ёроолд нь овоохой байхыг олж үзэв. Овоохойгоос нэг өвгөн гарч ирэхэд тэрээр энэ хавьд хоноглочих газар бий эсэхийг асуулаа. Өвгөн түүнийг газрын албаны байцаагч биш, гадны хүн гэдгийг нь сайтар тодруулсны эцэст өөр нэг нүх рүү дагуулж очсонд манай баатар ч олсон шатаар доош буув.Түүнийг нүхний эзэгтэй, залуухан эмэгтэй найрсгаар угтан авлаа. Эмэгтэй зочиндоо хоол хийж өгч, дайлж цайлаад гар нүүрээ угааж болох эсэхийг сонирхоход нь «Нөгөөдөр л ус ирнэ» гэж хариуллаа. Манай баатар ч нөгөөдөр хүртэл энд байхгүй гэдэгтээ итгэлтэй байсан тул үүнийгээ хэлтэл «Тийм гэж үү?» хэмээн бүсгүй маш их гайхав.Нүхэн доторхи овоохой элсэнд булагдсан агаад элсний ширхэг адраас нь дусаал мэт гоожих аж. Зочноо хооллож байх зуур эмэгтэй таваг руу нь элс оруулчихгүйн тулд түүний толгой дээр маажиндсан шүхэр дэлгэж барьсан ч, шүдний нь завсар элс шажигнаж, сүүлдээ ходоодонд нь ч шороо бэржигнэж байлаа.
Өнгөрсөн жил болсон хар шуурганы үеэр нөхөр, охин хоёр нь элсэнд дарагдан сураггүй болсон тул гав ганцаар амьдардаг тухайгаа эмэгтэй ярьжээ. Шөнө нь элсэнд дарагдчихгүн тулд нуран орж ирэх элсийг савладаг аж. Тэднийд эр хүн ирснийг мэдэж байгаа тул дээрээс хүрз, сав хоёр буулгаж өгчээ. Харин манай баатар үүний учрыг ойлгосонгүй...
Эмэгтэй элсийг савлаж хажуу тийш тавихад үүнийг нь дээрээс уяагаар татан авна. Элсийг шөнийн цагт гадагш гаргах илүү амархан байдаг гэнэ. Учир нь чийгтэй байх тул өдрийнх шигээ хийсч төвөг уддаггүй ажээ. Мань эр ч эмэгтэйн ажилд туслалцлаа. Эмэгтэй түүнд: «Элс өөрөө амсхийдэггүй, тиймээс бидэнд ч амсхийх чөлөө гардаггүй юм» гэж тайлбарлана. Энэ хавийн оршин суугчид ердөө элсийг зөөж асгахын тулд л амьдардаг гээд бодохоор манай баатарт аймшигтай санагдана. Түүнийхээр бол ингэж амьдарна гэдэг ямар ч утга учиргүй мэт. Тэрээр элсний тухай бодон, эмэгтэй хэрхэн элс хамахыг сонссоор удтал унтаж чадсангүй. Сэртэл мөнөөх эмэгтэй зуухныхаа хажууд, элснээс халхлан нүүрэн дээрээ алчуур тавьчихаад чармай нүцгэн унтаж байлаа.
Манай баатар сэмээрхэн гараад явчихъя гэтэл олсон шат алга байв. Шөнө ирж элс авсан хүмүүс хураачихсан бололтой. Тэр өөрийгөө занганд орсон мэтээр төсөөлжээ.
Тэгээд элс малтаж гарав. Малтах тусам элс дээрээс нь нуран бууж ирэх аж. Сүүлдээ тэр нурангинд дарагдан ухаан алдлаа. Элсэнд дарагдсандаа ч биш, хурц наран дор удаан ажиллаад наранд цохиулсан бололтой. Эмэгтэйгээр асруулж сувилуулан, нүхний ёроолд лавтайяа долоо хоногийг өнгөрөөв. Одоо түүнийг мэдээж эрж сураглаж байгаа. Ажлынхан нь хаачсан гэж бодож байгаа бол? Түүнээс гадна энэ элснийхэн өөрөөс нь залхаж гадагш нь гаргаж хаях болов уу гэж найдна. Тэрээр өвчтэй хэвтэх зуураа эмэгтэйтэй ойр зуур үг сольжээ. Ярилцаад ярилцаад эмэгтэйн амьдралын утга учрыг ер ойлгосонгүй. «Зугаалах мөн ч сайхан даа» гэж тэрээр нүхний ёроолд хэвтэж залхсандаа санаа алдвал, эмэгтэй: «Ямар ч хийх юмгүй сэлгүүцнэ гэдэг дэмий хоосон ядрахаас өөр юун тус байх билээ» гэжээ.
Мань эр нүхнээс гарах оролдлого ч бас хийж үзэв. Нэг удаа хувинтай элс авах үеэр тэр олсноос зуурч, «Хэрэв та нар энэ эмэгтэйд л туслая гэж байгаа бол, намайг эндээс гарга. Би энд ердөө л дарамт болж байна>> гэж хашгирчээ. Түүний үгийг сонссон бололтой, нүхний дунд хэрд хүртэл татсанаа гэнэтхэн тавьчихлаа. Ингээд тэр нүхний ёроолд айхтар чанга унаж, дээр байсан хүмүүс олсыг татаж аваад яваад өгчээ.
Маргааш нь нүх рүү гурван хайрцаг янжуур, нэг лонх архи буулгав. Энэ бол суллагдахын өмнөх барьцаа биз гэж манай баатар найдна. Харин эмэгтэй: «Бүх эрчүүдэд долоо хоногт нэг удаа тамхи, архи өгдөг юм» гэж тайлбарлалаа. «Над шиг төөрч будилаад танай энд ирчихсэн хүн байдаг уу?» гэвэл, эмэгтэй: «Тийм хүмүүс бий. Нэг нь удалгүй нас барсан, нөгөө нь одоо болтол нүхэнд амьдарч байгаа. Оргож зугтсан хүн ерөөсөө гараагүй» гэжээ. «Тэгвэл би анхны оргодол болох юм байна л даа» гэж манай баатар шазруун өгүүлэв Савыг үзвэл ус дуусчээ. Эсэргүүцээд байгаа болохоор нь хашраах гэсэндээ ус өгсөнгүй ээ гэдгийг тэр ойлголоо. Эмэгтэй хүний цангаж тарчлах бол яахав, хэнд ч хамаагүй шүү дээ.
Тэрээр эмэгтэйг хүлж байгаад өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр гартаа хүрз барихгүй гэсэн ам өчиг авч байж сая суллав. Тэгээд өөрөө хүрз барьж ханыг нураан түүгээр дамжин гарах гарц бий болгох гэж оролдлоо. Эмэгтэй «Ингээд нэмэргүй ээ. Элс модыг илжрүүлчихдэг юм» гэж хэлсэн нь үнэн аж. Ялзарсан модон хана салмаран унав. Орон гэрээ булш болохоос айсан эмэгтэй гараас нь дүүжлэгдэж, хүрзийг булаацалджээ. Хүрзний төлөөх тэмцэл яваандаа эр эмийп ажил болон хувирлаа. Эмэгтэйн нүцгэн биеийг тэврэн хэвтэж байх зуураа тэр түүнтэй тэмцэлдээд нэмэргүйг, зөвхөн эвийг пь олж байж л ямар нэгэн арга сүвэгчилж болохыг сайн ойлгов.
Тэрээр эмэгтэйгээс ус авчирдаг хүмүүст хандан уух юм гуйхыг хүслээ. Хариуд нь эмэгтэй: «Хэрэв бид ажиллаад эхлэх л юм бол, дээр энэ тухай мэдээд ус авчирч өгнө. Харуулын цамхагаас нүх бүхнийг дурангаар ажиглаж байдаг юм» гэжээ. Манай баатар ч хүрз шүүрээд ажилдаа оров.Нүхний амсар дээр танил өвгөн үзэгдэж хувинтай ус
буулгахад, «Надтай цуг ажилладаг хүмүүс эрэл сурал болж, энд хүчээр хоригдож байгааг минь мэдэх юм бол, та нарт л муу юм болно доо» гэж сүрдүүллээ. Хариуд нь өвгөн: «Арав хоноход олоогүй юм чинь, одоо энд олоод хүрээд ирнэ гэдэг юу л бол?»
гэжээ. Тэгэхээр нь манай баатар арай зөөлөрч, «Би нөлөө бүхий хүмүүсийг танина. Эндхийн оршин суугчдын ахуй амьдралыг сайжруулах талаар хөөцөлдөн тусалж чадна шүү. Тэр ч байтугай, сонин хэвлэлд ч дуулиантай нийтлэлүүд бичүүлж болно» гэж
ярихад, энэ үг гаднах хүмүүс ямар ч сэтгэгдэл төрүүлсэнгүй бололтой, өвгөн гүйцэд ч сонсолгүй явж одов.
Элс малтахын завсар чөлөөнд манай баатар нууцаар дээс томж гарлаа. Бэлэн болмогц нэг үзүүрт нь дэгээний оронд хайч бэхлээд, хувинтай ус буулгахад худгийн хүрдпий оронд ашигладаг нүхний амсар дахь шуудайтай элс рүү дээсээ шидэв. Энэ үед эмэгтэй шөнийн ажлынхаа өмнө түр зуур дугхийж байсан юм. Хайч шуудайнд тээглэж, манай баатар дээшээ авиран гарч чаджээ. Нүхэнд хоригдсоноос хойш дөчин зургаан хоног өнгөрсөн байлаа. Харуулын цамхагийнханд үзэгдэхгүйн тулд тэндээ нам хэвтээд, үдэш болохыг хүлээв. Элс авахаар хүмүүс ирэхээс өмнө амжиж тосгоны хажуугаар өнгөрөх л чухал байлаа. Нар шингэснээс хойш нэлээд хол явж амжсан ч, төөрчихжээ. Явж явж хартал өмнө нь нөгөө л тосгон байх нь тэр.
Тэр айсандаа тосгон дундуур хар хурдаараа гүйв. Араас нь ноход боргон хуцалдсанд тэднийг үргээхийн тулд үзүүрт нь хайч уясан дээсээ толгой дээгүүрээ эргүүлэн гүйж байлаа. Энэ нь замд санаандгүй таарсан хүүхдүүдийг нэгэнд хүргэчихжээ.
Тосгоны оршин суугчид араас нь хөөв. Гэнэтхэн түүний хөл хүндэрч, тавхай нь элсэн хунгарт шигдэж эхэллээ. Сүүлдээ элсэн намаг гуяыг нь хүртэл сорон авсан тул, тэрээр мөрдөн хөөгчдөөсөө тусламж гуйн орилжээ. Гутлынхаа уланд нимгэн банз бэхэлсэн гурван эрэгтэй хүн хүрч ирээд, эргэн тойрны нь элсийг малтан түүнийг гаргаж авав. Дараа нь эмэгтэйн нүхэн оромжинд буцаан аваачжээ. Урьд өмнө нь түүнд тохиолдсон бүхэн одоо эрт дээр үеийн явдал мэт бүдэг бадагхан санагдана.
Аравдугаар сар гарлаа. Эмэгтэй сондор хэлхэж, радио хүлээн авагч захин авчруулах мөнгө хуримтлуулна. Манай баатар харин унтаж байх үед дээрээс элс гоожихоос сэргийлэхийн тулд гялгар уутан хөшиг хийж, халуун элсэнд загас чанахад зориулсан багаж зохион бүтээжээ. Нүх рүү авчирч шиддэг сонинуудыг тэр гарчиглахаа больж, төдөлгүй ерөөсөө хэвлэл гэж байдгийг ч мартав. Тосгоны оршин суугчид тэднээс авсан элсээ барилгачдад хямд үнээр зардаг тухай эмэгтэй ярьжээ. Манай баатар элсний наймаачдаас «Гадагш гаргаж жаахан салхилуулаач» гэж гуйхад, хариуд нь «Бидний нүдэн дээр наад эмэгтэйтэйгээ энгэр зөрүүл. Тэгвэл нүхнээс чинь гаргаж зугаалуулъя» гэжээ. Эмэгтэй хөндлөнгиин хүмүүсийн нүдэн дээр эр эмийн ажил хийхээс эрс татгалзсан тул манай баатар түүнийг хүчиндэхээр дайрав. Гадагш гарах хүсэл хичнээн их байсан ч, эмэгтэйг ер хүчирсэнгүй. Нүхний мухар руу тийрүүлэн унажээ.
Хүний дотоод сэтгэлд ч нэвчин орж чаддаг элсний аймшигт чанарын тухай эргэцүүлсээр л тэр бүтэн өвлийг барав.
Хатуу ширүүн өвөл дуусч, хавар боллоо. Тэдний гэрт хүлээн авагч бий болжээ. Гуравдугаар сарын эцсээр эмэгтэй жирэмсэн болсноо мэднэ. Гэвч ахин хоёр сар өнгөрөхөд зулбачихжээ. Эмэгтэйг татаж гаргаад эмнэлэгг аваачлаа. Түүнийг татан авсан олс нүхний амнаас дүүжлээстэй үлдсэн байна. Манай баатар түүнээс зулгаан дээш гарч, эмэгтэйг авч одсон машины араас удтал ажиглалаа. Дараа нь доош хартал түүний хийсэн ус нөөцлех торхны нэг банз уначихсан харагджээ. Тэрээр эвдрэлийг засахаар бушуухан доошоо буув. Нэгэнт тэр оргож зугтах гэж яарахгүй болсон тул, олсон шатыг түүний бүрэн мэдэлд үлдээсэн хэрэг.
Манай баатрыг алга болсноос хойш долоон жилийп дараа түүнийг эрэн сурвалжилж байгаа тухай зарлал энэ нутагт хүрч ирэв. Зарлалын дагуу хэн ч сураг чимээ дуулгаагүй тул, ахин хагас жил өнгөрөхөд шүүхийн тоггоол гарч, түүнийг нас барсанд тооцжээ.

Г.Аюурзана "Шинэ үеийн номын сан" цувралын
"Дэлхийн 85 сод туурвил" номноос

No comments:

Post a Comment